| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2019/0023/З |
| Дугаар | 125/ШШ2023/0025 |
| Огноо | 2023-08-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 125/ШШ2023/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 3.Гүлбарша даргалж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК,
Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нарын хооронд үүссэн үйлдвэрийн хурц хордлогын дүгнэлтийн талаар маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т /цахимаар/, гуравдагч этгээд Р.Н /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал болон иргэдийн төлөөлөгч Ц.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч М ХХК-нийн захирал Ж.О нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай “Үйлдвэрийн хурц хордлогын тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. Гуравдагч этгээд М ХХК-нийн бохирын машины жолооч Р.Н нь 2018 оны 12 сарын 09-ний өдөр бохир тээвэрлэж буулгах явцдаа бие нь өвдөж Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж эмчилгээ хийлгэж, улмаар Улаанбаатар хотын Улсын нэгдүгээр болон гуравдугаар төв эмнэлэг, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд тус тус хэвтэн эмчлүүлсэн.
2.2. Гуравдагч этгээдийн эхнэр /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Б.Х үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу ослын акт гаргаж өгөх талаар “М ” ХХК-д хандахад ослын акт гаргах боломжгүй талаар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хариу өгсөн тул 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан.
2.3. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ж.Д нь “...Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1, 2.1.1, 5.2.1, 7.3 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2019 оны 4 сарын 08-ны өдрийн 201 дүгээр албан бичгийн тус тус үндэслэн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай “Үйлдвэрийн хурц хордлогын тухай” дүгнэлт гаргасан.
2.4. Нэхэмжлэгч М ХХК-наас улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт гомдол гаргаж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 05/2147 дугаар албан бичгээр хариу авснаар 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.5. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаар тус хэргийг хянан хэлэлцэв.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого” гэх дүгнэлт гаргахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 201 дүгээр албан бичгийг үндэслэл болгосон тухайгаа дүгнэлтдээ тусгаж хурц хордлогод тооцох нь зүйтэй гэсэн байдаг. Дээрх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 201 дүгээр албан бичгийг 2 дахь заалтад “...тухайн хүний хийж байгаа ажил болон бохирын машины жолооч нь гадаа орчинд ажилладаг буюу байгалийн хүчил төрөгчтэй орчинд ажилладаг учраас мэргэжлээс шалтгаалах угаарын хийн өвчин үүсгэх мэргэжил биш юм. Хүнд хортой нөхцөлд ажиллах хугацаа цөөн буюу 2 жил 1 сар байгаа нь мэргэжлээс шалтгаалсан химийн бодисын архаг хордлого гэж үзэх боломжгүй...”, 3 дахь заалтад “...Карбоксигемоглобин-17,3 хувь /0-20% байвал хэвийн/ гарсан нь угаартсанаас хойш 2 сарын дараа хийгдсэн байна. Угаартсан даруйд 24 цагийн дотор угаарын хийн шинжилгээ хийгдэх нь угаарын хийн хордлогын илрүүлэх оношилгооны ач холбогдолтой юм...” гэж дурдсан атал Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нь шинжилгээгээр карбоксигемоглобин-17,3 хувь гарсан байтал хурц хордлогод тооцсон нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т "хурц хордлого" гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг хэлнэ” гэж заасан байна. Гэтэл эмнэлэг угаартсан даруйд 24 цагийн дотор шинжилгээ хийсэн тохиолдолд угаарын хийг илрүүлэх боломжтой гэсэн байна.
Гэтэл Р.Н биеийн эрүүл мэндийн байдал 2018 оны 12 сарын 09-ний өдөр муудаж Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт очсон, түүнээс хойш 120 гаруй хоногийн дараа буюу 2019 оны 04 сарын 15-ны өдөр хариуцагч Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д дүгнэлт гаргасан, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь 2019 оны 04 сарын 08-ны өдөр буюу мөн адил 120 гаруй хоногийн дараа шинжилгээ хийсэн байна.Өөрөөр хэлбэл угаартсан даруйд 24 цагийн дотор шинжилгээ хийсэн тохиолдолд угаарын хийг илрүүлэх боломжтой гэсэн байтал 120 хоногийн дараа хийгдсэн шинжилгээг үндэслэн “хурц хордлого” дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Р.Н нь 2018 оны 12 сарын 09-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн ба Р.Н-ийн биед үзлэг хийсэн Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчийн дүгнэлтэд “... өвчтөн Р.Н нь артерийн даралт ихсэх өвчний 3-р зэрэг тархины цус харвалт, тархины ком...” гэсэн онош бичсэн байна. Мөн Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 09 сарын 25-ны өдрийн 1/307 дугаар албан бичигт Р.Н-г “...аалзан хальсны доорх цус харвалт оношоор хэвтэн эмчлүүлсэн...” гэжээ. Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн оношоор i61 буюу тархины цус харвалт гэх онош тогтоосон, Улсын гуравдугаар төв эмнэлгийн онош нь артерийн даралт ихсэх өвчин 3-р зэрэг гэсэн онош тогтоосон, Р.Н нь Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд хэвтэн эмчлүүлэхдээ i61 буюу тархины цус харвалт гэх оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Үүгээр юуг хэлэх гэсэн бэ гэвэл дээрх эмнэлгүүд Р.Н-д тархины цус харвалт гэх онош тогтоосон, Р.Н гэх хүн нь хурц хордлогод ороогүй, хувийн эрүүл мэндийн өөр өвчнөөс шалтгаалсан Артерийн даралт ихсэх гэсэн оноштой байсан ба үүнээс шалтгаалаад тархины цус харвал гэх өвчнөөр өвдөж эмчлүүлсэн гэдэг нь бүрэн тогтоогдож байна.
Хариуцагчаас маргаан бүхий актын талаар тайлбарлахдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т зааснаар улсын байцаагч ослын акт хурц хордлогын талаар дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлт гаргах эрхтэй, иймээс дээрх дүгнэлт гарсан гэдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх, 33.3-т Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 33.4-т Хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж 3 өөр ойлголтын талаар хуульд заасан байна. Мөн хуулийн 29 дүгээр зүйлд хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гэсэн 2 төрлийн улсын байцаагч байхаар заасан. Ш.Д нь Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар үйлдвэрийн осол, хурц хордлогын талаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргах эрхтэй, мөн хуулийн 33.4 дэх заалтад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар бие дааж дүгнэлт гаргах бүрэн эрхийг Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид олгоогүй юм. Иймээс тус байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуульд “хурц хордлого” гэдэг нь хурц цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг ойлгоно гэж заасан байна. Гэтэл Р.Н нь тухайн хордсон гэх өдрийн 07 цагт машинаа асаасан, бохироо ачаад Ховд аймаг явсан, Ховд аймгийн төв дээр ирээд ачаагаа буулгачхаад бие нь муудаад өөрөө эмнэлэг дээр ирж эмчид үзүүлээд дараа нь эмнэлэг дээр ухаан алдаж унасан. Энэ хугацаанд арван хэдэн цаг болж байна. Ийм удаан үргэлжилдэг хурц хордлого байхгүй. Эмнэлгийн анхны үзлэгээр Р.Н артерийн даралт нь 200 хүрсэн, түүний жин 104 кг, тамхи татдаг, мөн түүний эхнэрийн мэдүүлгээр даралт нь ихдэх өвчтэй даралт бууруулдаг эм хэрэглэдэг гэсэн тайлбар хэлсэн зэргээс үзэхэд Р.Н нь даралт ихсэх өвчтэй ба эмнэлгүүдийн оношилсноор артерийн даралт харвалт гэх онош нь түүнийг хурц хордлогод ороогүй гэж үзэхээр байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон анагаах ухааны доктор хор судлаач их эмч нар карбоксигемоглобин-17,3 хувь /0-20% байвал хэвийн/ байна гэсэн дүгнэлт гаргасан байтал улсын байцаагч карбоксигемоглобин-17,3 хувь байгаа тул хурц хордлого гэж үзсэн байна. Цусан дахь карбоксигемоглобин-17,3 хувь гэдэг нь агаарын бохирдол, тамхи татах хорт зуршил гээд юунаас ч үүсэх боломжтой гэж шинжээчид дүгнэлтээ тайлбарласан байна.
Иймээс Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д-ийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв
3.2. Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч Ш.Д би тус газарт 2019 оны 02 сарын 11-ний өдөр ирүүлсэн Дарви сумын Хөшөөт багийн иргэн Р.Н өргөдөл, МХЕГ-ын 01/39 тоот удирдамжаар "М ХХК-д 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 04 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
"М " ХХК-ийн бохирын машины жолооч ажилтай Р овогтой Н нь 2018 оны 12 сарын 09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ өвдөж Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлээд улмаар Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байна. Ажилтан тус компанид үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах өргөдөл өгсөн бөгөөд өргөдөлд хариу өгөхгүй байна акт гаргуулж өгнө үү гэх гомдлын манай байгууллагад ирүүлсэн юм. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг гаргаж манай байгууллагад ирүүлэх талаар тус уурхайн даргад хандахад бид нар холбогдох материалыг Улаанбаатар хот руу явуулсан гэдэг, тов оффисын ажилтан н.Энхмандах, н.Т нартай удаа дараа утсаар холбогдсон боловч актыг гаргаж ирүүлээгүй.
Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан / "Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах бүхий орон тооны бус байнгын комисс байгуулж, ажиллана"/ заалтыг зөрчин 3 сарын дараа тус компаниас манай байгууллага болон тухайн иргэнд албан бичгээр хариу ирүүлсэн /2019 оны 03 сарын 06-ны өдрийн 01/189 тоот/, тус бичигт ослын акт нөхөн гаргах боломжгүй.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1-д хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно гэж заасан.
Үүнд: 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед.
2.1.3-д ажлын байр, нэгж, хэсэг салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгслээр явж байх үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 д Улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 29.4.1-д ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах 29.4.2-д ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах мөн Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 7.3 дах заалтын дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан.
"М " ХХК-ийн дэд захирлын 2018 оны 137/18 тоот тушаалаар баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс тухайн үед хууль, дүрмийн дагуу ажиллаагүй, ажилтан Р. Н-д "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн дагуу судлан бүртгэсэн акт гаргалгүй, манай байгууллага болон тухайн иргэнд албан бичгээр хариу хүргүүлсэн /2019 оны 03 сарын 06-ны өдрийн 01/189 тоот/ нь ажил олгогч үүргээ биелүүлээгүй гэж тогтоогдож байна.
Ажилтан Р. Н Улаанбаатар хотод эмчлүүлж байх хугацаандаа 2019 оны 02 сарын 15-ны өдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хандан үзлэг хийлгэж, цус, шээсний шинжилгээ өгч, эмч нарын хамтарсан дүгнэлт гаргуулсан талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу тодруулга авахаар 2019 оны 03 сарын 14-ны өдрийн 101 тоот албан бичгийг тус төвд явуулсан болно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн "Үзлэгийн хамтарсан шийдвэр" хүргүүлэх тухай 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 101 тоот албан бичигт химийн шинжилгээгээр ажилтан Р.Н цусанд карбоксигемоглобин -17,3 хувь илэрсэн.
Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1, 2.1.1 эх заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 101 тоот албан бичгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан.
3.3. Гуравдагч этгээд Р.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "М " ХХК-д жолоочоор ажилд олсон. Улмаар 2016 оноос эхлэн бохирын машины жолоочийн үүрэг гүйцэтгэж байгаа. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Өвөл хүйтэрсэн цагт бохирын машинаа асаахад угаарын үнэрт толгой байнга өвддөг байсан. Хөдөлмөр хамгааллын хувцас өгдөг боловч яг бохир соруулахад зориулагдсан хувцас өгдөггүй, мөн бохирын муу усны үнэрээс хамгаалах пилтертэй маск огт өгдөггүй байсан. 2014 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд 28 хоног ажиллаад, 14 хоног амрахаар заасан байдаг гэвч 2018 оны 12 сарын 13-ны өдөр ажилдаа орох байтал "амраад 7 хонож байтал бохир ус дүүрлээ" гэж дуудаад 2018 оны 12 сарын 03-ны өдөр ажил руу явсан нөхөж амралт олгоогүй.
Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа 2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө авто гражид 2 ширхэг бохирын машинаа 30 минут орчим асааж хий хураадаг. Машинаа асааж байх явцад толгой өвдөөд бие эвгүйрхэж байсан. Ингээд бохирын усаа соруулаад Цэцэг сумын Хөшөөт багаас Ховд аймгийн төв рүү /миний машинтай нийлээд/ 2 ширхэг машин явсан. Нөгөө бохирын машин барьж явсан жолоочийг н.Нямсүрэн гэдэг. Тухайн "М " ХХК-д жолоочоор ажилладаг н.Бямбацогт нь клаасаа буугаад Ховд аймаг руу хамт явчихъя гээд миний машинд хамт явсан. Ховд аймгийн төвд орж ирээд н.Бямбацогтыг буулгаад, бохирын усаа асгах газар луу явж байхад миний бие эвгүйрч, толгой өвдөж, дотор муухайрсан, нөгөө бохирын машины жолооч н.Нямсүрэндээ бохирыг усыг асгаараа гээд үлдээчхээд, өөрөө эмнэлгийн тусламж авахаар такси аваад Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Хийлгэж дуусаад ухаан алдаж унаад, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт орсон: 2018 оны 12 сарын 10-ны өдөр арай гайгүй болоод "Ач заяа" хувийн эмнэлэгт толгойны томографын зураг авхуулсан. 2018 оны 12 сарын 10-ны өдөр орой 4 цагийн үед мэдрэлийн эмч н.Эрдэнэцэцэг эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан санаа эрүүл гэсэн. 2018 оны 12 сарын 11-ний өдөр биеийн байдал нь өмнөх байдлаас муудсан, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хиймэл амьсгалын аппаратад орсон бөгөөд 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 11 хоног амьсгалын аппаратад байсан. Ингээд 2018 оны 12 сарын 25-ны өдөр онгоцоор Улаанбаатар хотын Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн тасагт очиж хэвтсэн. Маргааш нь Улсын нэгдүгээр эмнэлгийн тархины ІМР ороход даралт харвалт өгсөн байна гэсэн онош гарсан. Мөн эмч нар уушгины IMR ороод, 2018 оны 12 сарын 27-ний өдөр дотрын эмчид үзүүлэхэд anti-HIV ceper, HVS Ag- сөрөг, LFT ET. INR-2.66. Т-28.0. АРТТ-94.1. ТТ-14.7 Фибриноген, токсигеский гепато-элэг гүн хордлоготой гэсэн оноштойгоор Эрчимт эмчилгээ рүү шилжсэн.
Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн эмч хэлэхдээ "тархи нь угаараас болж хөөж хавагнаснаас болж харвалт өгсөн байна" энэ нь Монгол улсад маш ховор удаагийн харвалт бараг анх удаагийнх гэж хэлсэн. Энэ гүүрний харвалт нь анх шууд харвалт өгсөн бол үхэлд хүрэх байсан байна гэж хэлсэн. Яагаад амьд үлдсэн бэ гэхээр хиймэл амьсгалын аппараттай байх үед явагдсан харвалт учир амьд үлдсэн байна гэж бүх эмч нар хэлж байсан. Ингээд Улсын нэгдүгээр эмнэлэгт нийт 22 хоног хэвтэж, сахиураар манай ээж Ц.Цэцэгмаа, эхнэр Б.Х нар байсан. 2019 оны 01 сарын 15-нд Улсын 3 дугаар төв эмнэлгийн уушги судлалын тасагт уушгины хавдрын онош мөн IMR орж, 8 хоног сахиурын хамт байсан. Ингээд 2019 оны 01 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын мэдрэлийн "Баяр" гэх хувийн эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлсэн. 2019 оны 01 сарын 25-ны өдөр Улсын 3-р төв эмнэлгийн эмгэг мэдрэлийн тасагт 18 хоног хэвтэж эмчлүүлээд 2019 оны 02 сарын 11-ний өдөр гарсан. Гарсан өдрөө Улаанбаатар хотын "ЭПИМОН" мэдрэлийн хувийн эмнэлэгт 25 хоног хэвтэж эмчлүүлсэн. Ингээд Улаанбаатар хотод 04 сарын 01-нд Улаанбаатар хотын "Женст" хувийн мэдрэлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Ингээд гэртээ гараад байнгын асаргаа сувилгаатай байсан. 2019 оны 04 сарын 17-ны өдөр "Сэргээн засах" /тархи дутуугийн/ улсын эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Ингээд Монгол улсад хэвтэж эмчлүүлээд биеийн байдал дээрдэхгүй байхаар нь 2019 оны 04 сарын 27-нд БНХАУ руу явж, FFANY Med эмнэлэгт 3 өдөр хэвтэж эмчлүүлсэн. 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс 05 сарын 11-ний өдөр хүртэл БНХАУ-ын "Ли Жин Жи" гэх эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 2019 оны 05 сарын 13-нд Монголд ирсэн.
Одоо биеийн байдал нь өмнөхөөсөө арай дээрдсэн. Миний бие "Мо-Эн-Ко" ХХК-д ажиллаж байх явцдаа үйлдвэрийн хурц хордлогод орсноос болж миний бие эрүүл мэндээрээ хохирч хөдөлмөр чадвар алдалтын 70 хувиар группэд орсон. Эмнэлэгт хэвтэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн эмч нарт хандаж үзлэг шинжилгээнд хамрагдсан. Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн МӨСГ-ын эмч нарын хамтарсан 2019 оны 02 сарын 21-ний өдрийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд угаарын хий хэмжээ цусанд 17,3 хувьтай, мөн шээсэнд бохирын муу усны элемент болох копропорфирин-72.6% илэрсэн гэх дүгнэлт гаргасныг хавсаргав.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаар "Үйлдвэрийн хурц хордлогын тухай" дүгнэлтэд "... Ажилтан Р.Н нь Улаанбаатар хотод эмчлүүлж байх хугацаандаа 2019 оны 02 сарын 15-нд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хандан үзлэг хийлгэж, цус шээсний шинжилгээ өгч эмч нарын хамтарсан дүгнэлт гаргасан. Улмаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу тодруулга авахаар 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 101 тоот албан бичгийг тус төв рүү явуулсан. Хөдөлмөр, аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн "Үзлэгийн хамтарсан шийдвэр" хүргүүлэх тухай 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 101 тоот албан бичигт химийн шинжилгээгээр ажилтан Р.Н-н цусанд карбоксигемоглобин-17.3 хувь илэрсэн байна гэх Р.Н миний хурц хордлогыг тодорхойлж дүгнэлтдээ:
1. М ХХК-ийн бохирын машины жолооч ажилтай Р.Н-н цусад карбоксигемоглобин-17.3 хувь илэрсэн учир үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцох нь зүйтэй. 2. М ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байна гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй улсын байцаагч нь өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хянаж дүгнэлт гаргасан.
Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ” ХХК нь тухайн үед ажилчдаа 28 хоног ажиллуулаад 14 хоног амардаг байсан. 2018 оны 12 сарын эхээр манай нөхөр амарч байхад жолооч дутагдалтай байна гээд дуудаад ажилд нь оруулсан. Үүнийг би Хөдөлмөрийн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа. Манай нөхөр Р.Н нь 2018 оны 12 сарын 09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад ажлыг цагаар, ажлын байрандаа өвдөж эмнэлэгт очсон. Өнөөдрийн байдлаар Р.Н-н биеийн байдал маш хүнд байгаа. Хөдөлмөрийн чадваргүй, хугацаагүй группэд орсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аалзан хальсны хялгасан судасны цус харвалт гэх оноштойгоор хэвтсэн гэж хэлж байна. Тухайн үед 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн томографик эвдэрсэн учир “Ач заяа” эмнэлэгт томографик хийлгэсэн. Томографикийн зурган дээр харвалтгүй гэсэн онош гарсан. 2018 оны 12 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод очиж дахин оношлуулахад тархины гүүрний харвалт гэх онош гарсан. Үүнийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар тайлбарлахдаа “...манай эмнэлэгт анх удаа тархины гүүрний харвалттай хүн ирж байна. Энэ харвалт нь амьсгал, зүрх судасны дутагдалд орсон тохиолдолд ийм төрлийн харвалт явагддаг” гэж хэлсэн.
Яагаад ийм нөхцөл байдал үүссэнийг Улаанбаатар хотод оффист сууж байгаа Ж.Т үүнийг мэдэхгүй. Нэг грашт 30 тонны 3 машиныг асаагаад хөдөлгөөнд оролцохын тулд 20-30 минутад хий хураадаг. Өглөө бүр угаартдаг гэж нөхөр маань хэлж байсан. Манай нөхөр 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр над руу яриад өнөөдрийн угаар арай хэтэрчихлээ гэж хэлж байсан. Ингээд уг өдрөө аймгийн төвд бохироо буулгахаар ирээд толгой өвдөөд байна гээд 103 дээр очсон байсан. Яасан бэ гэсэн чинь би угаараас болоод машинаа хаячхаад ирлээ гэсэн. Намайг орж ирэхэд монтел, витамин С зэрэг тариа хийж байсан. Дусал хийгээд эхэлж байх үед надтай ярьж байгаад дусал дуусах үед ухаан алдаад уначихсан. Сэхээн амьдруулах тасагт оруулахад урьдчилсан байдлаар харвалт гэж хэлсэн. Хиймэл амьсгаа хийгээгүй, хүчил төрөгч өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эмч нар нугасны усны шингэн авахад хэмжээ нь 1002, өнгөгүй тунгалаг, хольцгүй, хувийн жин 1015, уураг +15, мегавити эрүүл гэж гарсан. Эмч энэ хүн харвалтгүй байна та нарын хэлээд байгаагаар угаарын хий учир угаарыг нь эмчлүүл гэсэн. 7 хоногийн дараа Улаанбаатар хотоос эмч ирээд томографын зургийг хараад харвалт биш дахин нугасны ус авъя гээд дахин нугасны ус авахад нугасны усны хариу мөн л дээрхтэй адил гарсан.2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүлээн авах дээр томографт ороход амьсгал, цус судсыг дарангуйлсан гүүрний харвалт гэж оношилсон. Энэ нь амьсгалын аппаратад орсон үеэс харвалт явагдсан гэж нарийн мэргэжлийн эмч хэлсэн.
Миний хамгийн их гомдолтой байгаа зүйл бол амралт дуусаагүй байхад ажилдаа орж бололгүй л яахав, ажлын бус цагаар өвдсөн бол надад гомдох зүйл байгүй. Гэтэл ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж яваад өвдөж ийм болсонд гомдолтой байна. Хордсоноос болоод мөн уушги нь өвчилсөн байсан тул улсын нэгдүгээр төв эмнэлгээс гараад гуравдугаар төв эмнэлэгт хэвтсэн.
Үүний дараа “М ” ХХК-аас үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгөхийг удаа дараа гуйсан боловч гаргаж өгөөгүй. Иймээс би аргаа бараад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар хандахад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэх дүгнэлт гаргасан. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д-ийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэх дүгнэлтийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст би өөрийн биеэр авч очсон. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтэс шүүх дээр маргаантай байгаа тул шүүх хэргийг эцэслэн шийдэх хүртэл энгийн өвчнөөр тогтооно, харин актаа тогтоочих юм бол Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоож өгөх боломжтой гэсэн.
“М ” ХХК-аас ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй байтал яагаад улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй шүүхээр маргаад яваад байна вэ? Би М ХХК-наас юу ч нэхэмжлээгүй. Улсад төлсөн шимтгэлээ үндэслээд тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч энэ маргааны улмаас шүүхээр 5 жил явлаа. Гэтэл нөхрийг маань ажлын бус цагаар ухаан алдсан гэж гүтгэж байгаа.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж 2 удаагийн дүгнэлт гаргуулсан. 2020 оны 05 сарын 15-ны өдрийн гэх дүгнэлтээс харахад тус дүгнэлтийг цагдаагийн хошууч, анагаах ухааны магистр хүний их эмч мэргэжилтэй н.Ариунзул, хүний их эмч н.Чимэд-Очир, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрхэмбаяр нар нь гаргасан, эдгээр хүмүүс нь эмч мэргэжилтэй хэдий ч нарийн мэргэжлийн эмч биш мөртлөө дүгнэлт гаргасан байдаг.
Эдгээр эмч нар нь Монгол улсын урдаа барьдаг анагаах ухааны доктор профессор, эмнэл зүй хор судлалын их эмч н.Юүндэн, эрүүл мэндийн химийн хор, хордлого судлаач хариуцсан мэргэжилтэн Ариунзаяа гэх эмч нартай уулзаад дүгнэлтээ гаргаж яагаад болоогүй вэ, яагаад дүгнэлтийг хэлээн зөвшөөрөхгүй байна вэ.
Би 5 жил эмнэлгээр явлаа, 2 оюутан хүүхэдтэй миний амьдрал хэцүү байна. Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэмжээ авахыг л хүссэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нь дүгнэлт гаргах эрхгүй этгээд хэрнээ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж байна. Энэ асуудлаар урьд нь маргаж байсан ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29 дүгээр зүйлийн 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” эрхтэй гэж заасан байна. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн ажлыг байрны тодорхойлолт хэрэгт авагдсан. Уг тодорхойлолтод Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ариун цэврийн тухай, Эрүүл мэндийн тухай, Химийн болон хорт аюултай бодисын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудад заасан холбогдох заалтууд, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журмын биелэлт, стандартын мөрдөлт, Монгол улсын олон улсын гэрээ конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хянуулахад хяналт тавих, ажиллагсдын хөдөлмөрийн орчныг сайжруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтан, ажил олгогчид зөвлөгөө дэмжлэг үзүүлэх мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар дүгнэлт гаргах эрхтэй гэж заасан байна.
Иймээс Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нь бие даан дүгнэлт гаргах эрхтэй юм.
Үйл явдал болсноос хойш Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Р.Н-н цусанд шинжилгээ хийсэн. Тус шинжилгээний дүнг үндэслэн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нь дүгнэлт гаргасан. Ингэхдээ бүх материалуудыг цуглуулж үнэлсний үндсэн дээр уг дүгнэлтийг гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн гаргасан дүгнэлтэд “...карбоксигемоглобин-17,3 хувь гарсан нь угаартсанаас хойш 2 сарын дараа хийгдсэн. Угаартсан даруйд 24 цагийн дотор угаарын хийн шинжилгээ хийгдэх нь угаарын хийн хурц хордлогыг илрүүлэх оношилгооны ач холбогдолтой...” буюу 2 сарын дараа шинжилгээ өгөхөд 17.3 хувь буюу их гарсан гэж үзсэн.
М ХХК болон гуравдагч этгээд Р.Н нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 28 хоног ажиллаад 14 хоног ажиллахаар заасан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 7 хоног амарч байх үед нь ажилд нь дуудсан. Нөхөн амралт олгоогүй. Ажил албан үүргээ гүйцэтгэж яваад дотор нь муухайрч эмчилгээ хийлгэх явцдаа ухаан алдаж 14 хоног ухаангүй байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэрчийн мэдүүлэг өгсөн эмч Энхцэцэгийн мэдүүлэгт “Р.Н нь биеэ авч явах чадваргүй тухайн үед Р.Н-н нүд рүү бензин орчихсон машиндаа угаартсан асуумж өгч байсан угаартсан байдал нь даралт харвахад хүчин зүйл болсон байж болно” гэсэн байна. Харвалт өгсөн гэдгийг бид үгүйсгээгүй. Ажлын цагаар бус амралттай байх үедээ ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж яваад хордлогод орсны улмаас ийм байдалд хүрсэн. Р.Н-ийн бие нь муудах шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөгдөөгүй, шүүлтүүрийн маск зүүгээгүй, тусгай хэрэгслийн хувцас өмсөөгүй зэрэг “М ” ХХК нь хуулийн дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллагаагүйн улмаас өнөөдрийн асуудал бий болсон.
“М ” ХХК нь хуулиар ямар эрх үүргийг хүлээсэн байдаг вэ? гэдэг асуудал яригдах ёстой. Р.Н-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2, 8.2.3, 8.2.4 дэх заалтуудыг хэрэгжүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Үүнээс харахад улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан “... М ” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн...” гэдэг тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Р.Н-гийн ээлжийн амралт нь дуусаагүй байхад ажилд нь дуудан оруулсан ба Р.Н нь ажлаа хийх явцдаа ажлын цагаар өвдсөн байна. Иймээс Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.До-ийн 2019 оны 4 сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг үнэлж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дүгнэлт хийснээр “М ” ХХК-нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчээс хариуцагчийг үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гаргах эрхгүй бөгөөд үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцсон нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгч компани нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй учраас мэргэжлийн байгууллагын эмч нарын үзлэгийн хамтарсан шийдвэрт үндэслэн дүгнэлт гаргасан гэж, гуравдагч этгээдээс ажлаа хийж яваад бие нь муудсан тул хордлогод орсон байх үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан маргасан.
7. Гуравдагч этгээд Р.Н нь “М ” ХХК-нийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн СД/169/14 дугаар тушаалаар уурхайд жолоочоор ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 230/16 дугаар тушаалаар жолоочийн албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс бохирын машины жолоочоор ажилласан байна.
8. Гуравдагч этгээд нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж явахдаа биеийн байдал нь муудаж Ховд аймгийн бүсийн эмчилгээ оношилгооны төвд очиж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь гэрч Ж.Нямсүрэнгийн “...2018 оны 12 дугаар сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Өглөө 7:20 гээд бид ажилдаа гарч, өглөөний хуралд орж Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаанд гарын үсэг зурчхаад ажилдаа гарсан. Тэгээд 9 цаг өнгөрөөд аймаг руу бохирын ачаагаа буулгахаар явсан. Тэр өдрийн орой 16 цагийн үед Онцгой байдлын доод талд байрлах бохирын цооногт бохироо буулгахаар бэлдэж байсан юм. Гэтэл Ч.Н нь бие сонин болоод байна, толгой өвдөөд байна эмнэлэг явмаар байна гэхээр нь би таксинд суулгаж өгөөд эмнэлэг рүү явуулсан юм...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 6-7 дахь талд/ , гэрч Т.Энхцэцэгийн “... Ч.Н нь ухаан санааны байдал алдагдсан, гэхдээ ухаан алдаагүй, команд биелүүлэх байдалтай, өөрөө биеэ авч явах, асуусан асуултад хариулах чадваргүй ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 18-20 дахь талд/ Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн “Яаралтай тусламжийн хуудас”-т үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 191-192 дахь талд/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг; 3.1.20-т "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна”, 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.” гэж тус тус заажээ.
10. Эндээс үзвэл ажил олгогч нь ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад аливаа осол, хүчин зүйлийн үйлчлэлд өртөх, эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хүргэж үзлэг шинжилгээнд хамруулах улмаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод тооцох эсэх талаар акт, дүгнэлт гаргах үүрэгтэй байна.
11. Гуравдагч этгээдийн ажлын байрны тодорхойлолтод /1-р хавтаст хэргийн 210 дахь талд/ заасан гүйцэтгэх үүргээс харвал тодорхой чиглэлд бохир тээвэрлэдэг ажил эрхэлдэг байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг ойлгоно” гэж зааснаар бохир тээвэрлэж ирээд буулгах үедээ бие муудсан нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ.
12. Гуравдагч этгээдийн эхнэр Р.Х нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу ослын акт гаргаж өгөх талаар “М ” ХХК-д хандахад 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/189 дугаар албан бичгээр “...Таны хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн эмчийн дүгнэлт нь Р.Н-г ажлын байран дээрээ осолдож, ухаан алдсан гэх ташаа мэдээлэлд үндэслэсэн байх бөгөөд энэ нь бодит байдлаас зөрүүтэй байх тул ослын акт нөхөн гаргах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгсөн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй .
13. Учир нь дээр дурдсан хуулиар байгууллага бүрд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс байх ёстой ба уг комисс нь хуралдаж үйлдвэрийн осол, хурц хордлогод тооцох эсэхэд дүгнэлт өгөх үүрэгтэй байна.
14. Гэтэл нэхэмжлэгч компанид комисс байгаа гэх боловч уг комисс нь байнгын ажиллагаатай эсэх нь тодорхойгүй, хуралдаж иргэний өргөдлийг хэлэлцээгүй байхад дэд захирлаас заавал ажлын байранд осолдож ухаан алдаж унасан байвал ослын акт тогтоох мэтээр хариуг өгсөн, мөн ямар нэгэн дүгнэлт гаргаагүй атлаа “манайх дүгнэлт гаргаж өгөөгүй байхад улсын байцаагч дүгнэлт гаргах эрхгүй” гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй.
15. Улсын байцаагчаас иргэний өргөдлийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 01/39 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд “М ” ХХК-д хяналт шалгалт хийж, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй болохыг тогтоож, Үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцох тухай 21-06/028/56 дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
16. Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах; 29.4.2.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” гэж зааснаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргахаар байгаа нь агуулгын хувьд өөрөө “бие даасан” дүгнэлт гаргах эрхтэй байна.
17. Иймд улсын байцаагчийн дүгнэлтийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 33.2.5-д үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй” гэж хуульчилсантай нийцсэн гэж үзлээ.
18.Гуравдагч этгээд нь компаниас ажлын байрны нөхцөлийг тодорхойлоогүй, тусгай хувцас хэрэгсэл, багажаар хангаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн, амралттай байх үеэр захиргааны санаачилгаар дуудаж ажиллуулсан зэрэг үндэслэлээр маргасан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайлан тайлбар гаргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн маргаан бүхий актын улмаас компанийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, ямар эрх сэргэх талаар тайлбарлаагүй.
19. Харин гуравдагч этгээдэд анх эмнэлгийн тусламж үзүүлсэн Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмчийн тавьсан “аалзан хальсан доорх цус харвалт” гэсэн онош өөрчлөгдөөгүй, уг оношоор эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш 2 сарын дараа цусанд карбоксигемоглобин -17,3 хувь илэрснийг үндэслэн хурц хордлогод орсон гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
20. Гуравдагч этгээдийн тархинд цус харвалт үүсэж, оношийн дагуу Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд эмчлүүлсэн талаар талууд маргаангүй. Түүнийг угаартсан, хордлогод орсон байж болзошгүй, тухайн үед тодорхойлох боломжгүй байсан нь гэрч Ж.Нямсүрэнгийн “...Өвөл би гражид байгаа машинаа 30 гаруй минут асаадаг. Энэ хооронд гражаас орж, гарч байдаг...” гэх мэдүүлэг /эрч Т.Энхцэцэгийн “...Манай эмнэлгийн хэмжээнд цусны хийжилтийг үздэг шинжилгээ хийгддэггүй учраас угаарын хий байна гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлгээр тогтоогдсон ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хийлгэсэн шинжилгээгээр угаарын хий хэмжээ цусанд 17,3 хувьтай, мөн шээсэнд бохирын муу усны элемент болох копропорфирин-72.6% илэрсэн.
21. Улсын байцаагчийн дүгнэлтдээ үндэслэл болгосон гэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч нарын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан үзлэгийн дүгнэлтэд” ... Тухайн хүний ажлын байр нь угаартай байснаас ажлын байранд угаартаж ухаан алдалт үүссэн нь үйлдвэрлэлийн осол гэж үзэж байна. Мөн 2 сарын дараа цусан дахь угаар хийг хэмжихэд 17.3 хувьд илэрч байгаа нь угаартсан гэж үзэж байна.” гэж гар бичмэлээр бичиж тэмдэглэсэн бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 201 дүгээр албан бичгээр албажуулж ирүүлсэн дүгнэлтэд “...Угаартсан даруйд 24 цагийн дотор угаарын хийн шинжилгээ хийгдэх нь угаарын хийн хурц хордлогыг илрүүлэх оношийг ач холбогдолтой юм.Тухайн хүний ажлын байр нь асуумжаар өвлийн улиралд угаарын хий ихтэй байсан нь ажлын байранд угаартах нөхцөл бүрдүүлсэн ба цаашид үйлдвэрийн осол буюу угаарын хийн хүрц хордлогыг судлан шийдвэрлүүлэх саналтай байна.” гэж зөрүүтэй байдлаар ирүүлжээ.
22. Иймээс дээрх зөрүүтэй байдлыг тодруулах, дүгнэлтэд дурдсан тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодорхойлохын тулд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээч томилж ажиллуулсан. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 728 дугаар дүгнэлтэд “...Карбоксигемоглобин хүний цусанд 0-20хувь байх нь хэвийн хэмжээ. Угаарын хийн хордлогын үед аль болох эрт 24 цагийн дотор карбоксигемоглобин тогтооно. Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай багажийн шинжилгээ хийгдээгүй учир онош тавихад боломж багатай.” гэж дүгнэсэн. /3-р хавтаст хэргийн 147-151 дэх талд/
23. Энэ дүгнэлтийг гуравдагч этгээд эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаснаар шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар хамтарсан шинжээчийн багийг томилсон. Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 473 дугаар дүгнэлтэд “ Р.Н-д үүссэн тархины эдийн гүн цус харвалт нь цусны даралт ихсэх өвчний улмаас үүссэн болох нь эмнэл зүйн шинж, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын шинжилгээнүүдээр нотлогдож байх тул Эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн орон тооны бус салбар зөвлөлийн шинжээч нарын угаарын хийн хордлогын шалтгаантай тархины аалзавчийн доорх цус харвалт гэсэн дүгнэлттэй санал зөрж байна. гэж, /4-р хавтаст хэргийн 28-30 дахь талд/ Эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн орон тооны бус салбар зөвлөлийн шинжээч нарын гаргасан дүгнэлтэд” Б.Н нь нүүрстөрөгчийн дан ислийн цочмог хордлого. Хордлогот энцепалеопати. Аалзан бүрхэвчний цус харвалт. Харвалтын дараах саажилт гэсэн оноштой өвчтөн байна” гэж дүгнэжээ. /4-р хавтаст хэргийн 24-25 дахь талд/
24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж зааснаар гуравдагч этгээдийн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бие муудаж эмнэлгийн тусламж авах үед цусны даралт ихэссэн байдалтай байсан ч өөрийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ажиллах орчин, өдөр тутам гүйцэтгэх үүргээс харвал ажлын нөхцөл нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэхээр байна.
25. Нэгэнт ажлын байрны нөхцөлийг тодорхойлоогүй, ажлын байранд угаарын хийн хэмжилт хийгдээгүй, тэр даруй угаарын хийн шинжилгээ хийгдээгүй хугацаа алдсан байх тул хордлогод орсон эсэхийг бүрэн тодорхойлох боломжгүй талаар шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй хэдий ч цусанд агуулагдах карбоксигемоглобины хэмжээг шинжлэн тогтоох багаж төхөөрөмж Ховд аймагт байхгүй байснаас зөвхөн тархины цус харвалт гэсэн онош тавигдсанаар хордоогүй байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.
26. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шинжилгээний хариуд гуравдагч этгээд Р.Н-н цусанд карбоксигемоглобин илэрснийг хариуцагч ажил үүрэг гүйцэтгэж байхдаа угаартсаны улмаас бие нь муудсан гэж дүгнэж, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.1-т ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед; 5.2-т Энэ дүрмийн 3.16-д заасан тохиолдлыг судлан бүртгэхэд дараах бичиг баримтыг актад хавсаргана: 5.2.1: үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас учирсан гэмтлийн зэрэг, эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээ, туршилтын дүн; 7.3-т Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч энэхүү дүрмийн 3.1, 3.2-т заасан комиссоос гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дүгнэлтээ тусад нь гаргана.” гэж тус тус зааснаар үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцсон дүгнэлт гаргасныг буруутгахааргүй байна.
27. Мөн шинжээчийн дүгнэлтэд “...Карбоксигемоглобин хүний цусанд 0-20 хувь байх нь хэвийн хэмжээ. Угаарын хийн хордлогын үед аль болох эрт 24 цагийн дотор карбоксигемоглобин тогтооно. “ гэж дурдсан ч энэ нь маргаан бүхий актаас хойш үйл баримтад хамаарах бөгөөд эмчилгээ хийлгэснээс хойш 2 сарын дараа хийгдсэн учир 2 сарын өмнөх байдлыг тогтоох үндэслэл болохгүй гэж үзлээ.
28. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгохдоо ердийн өвчний оношоор тогтоолгосон үйл баримтын талаар маргасан.
29. Энэ нь маргаан бүхий актын үндэслэлтэй шууд хамааралгүй ч гуравдагч этгээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгох үндэслэл нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод тооцох талаар нэхэмжлэгч компани үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой. Тодруулбал, үйлдвэрлэлийн осол мөн эсхүл биш талаар тогтоосон ямар ч акт гараагүй, гаргасан улсын байцаагчийн дүгнэлт баталгаажаагүй байх тул тухайн хүн ердийн өвчнөөр л хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгосныг буруутгах боломжгүй.
30. Иймд дээрх үндэслэлүүдээр Нэхэмжлэгч М ХХК-нийн “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай “Үйлдвэрийн хурц хордлогын тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
31. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.4, 33 дугаар зүйлийн 33.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ххк-нийн “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаар “Үйлдвэрлэлийн хурц хордлогын тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ