Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 206

 

“М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Х.Батсүрэн,

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                    Г.Банзрагч,

                                    Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2017/0034 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0155 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ц.Ц,

Хариуцагч Т.Ц, түүний өмгөөлөгч А.М нар.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2017/0034 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-А” ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0155 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2017/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М-А” ХХК-ийн захирал Ц.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны А/312, А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг Засаг даргын 2007 оны А/36 дугаар захирамжаар анх эзэмшүүлж, үр тарианы зориулалтаар олгосон бөгөөд 2016 онд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу газрын хэмжээг нь өөрчлөх тухай захирамж гарсан бөгөөд үүнтэй холбогдуулж гэрээг шинэчилсэн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй хугацааг тоолох ёстой байсан, газраа өөр этгээдээр ашиглуулж болно гэх дүгнэлтүүдийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хийж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг буруугаар тайлбарлаж, нэхэмжлэгч байгууллагын газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, тус хэмжээгээр нь гэрээг шинэчилж хийсэн огноогоор газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг тооцож, газар эзэмших эрх нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үүсэж үүнээс өмнөх хугацааны эзэмшиж байсан асуудал дууссан байдлаар ойлгогдохоор дүгнэсэн. Гэтэл энэ нь Газрын тухай хуулийн гол агуулга, бодит байдал, өнгөрсөн үйл баримттай нийцээгүй.

4. Нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан нь хариуцагч Засаг даргын 2016 оны газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/86 дугаар захирамжийн дагуу газрын хэмжээнд өөрчлөлт орсныг баталгаажуулсан болохоос бус шинээр анх олгож байгаа үйл баримт биш бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчих, хариуцагч Засаг даргын хувьд хяналт тавихгүй байх боломжийг хязгаарлах үндэслэл болох ёсгүй ба хариуцагчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн.

5. Хариуцагчийн зүгээс Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь 2-оос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчилсэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж заасны дагуу маргаан бүхий актыг гаргасан. Нэхэмжлэгч нь 1026 га газрынхаа маргаж буй 161 га газарт уг хуулийн дагуу тариалалт хийгээгүй байсан нь уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-д заасан эрх, үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь баримтаар тогтоогдож байхад уг хуулийг хэрэглээгүй.

6. Мөн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулж зардал гаргаж, орлого олсон бол түүнийгээ тайлагнах ёстой, гэтэл тайлагнаагүй үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлагнасан баримт хэрэгт авагдсан байхад уг үйл баримттай холбогдуулан дээрх хуулийг хэрэглээгүй нь буруу болсон гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд өөрийн газраа гэрээнд заасны дагуу бусдад ашиглуулах тохиолдолд зохих журмаар газрыг эзэмшүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан үүргээ тус компанид шилжүүлсэн гэх зүйл биш, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М-А” ХХК-ийн хувьд тариалалт хийгээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх баримтууд байхад түүнийг анхаарч үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж үндэслэл бүхий гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь буруу болсон.

7. Хариуцагчаас дахин захирамж гаргаж шинээр газар эзэмшүүлсэн мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, учир нь газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг захирамжаар шийдвэрлэж, гэрээнд өөрчлөлт оруулсныг нэхэмжлэгчид ашигтайгаар, түүний хууль зөрчсөн үйлдлийг дээрх үйл баримтаар буруу тайлбарлан хаацайлж байгаа нь бидний хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжийг алдагдуулсан буруу шийдвэр болсон. Тариалангийн зориулалттай газарт хуулийн хүрээнд ямар хяналт тавьж байнгын арчлалт хамгаалалт, үржил шимийг нь хадгалах нь хариуцагчийн хувьд хуулиар хүлээсэн маш тодорхой үүрэг юм.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

10. Нэхэмжлэгч “М-А” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

11. Маргаан бүхий, сумын Засаг даргын А/312 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг дэвсгэр, Агьтийн хөндийд үр тарианы зориулалтаар эзэмшиж байсан 147/76 га-с 76 га газрын, мөн А/313 дугаар захирамжаар 152/85 га-с 85 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, захирамжуудын 2 дахь заалтаар сумын Засаг даргын 2007 оны А/36 дугаар захирамжийн нэг дэх заалтын 147/76 га, 152/85 га газрыг тус тус хүчингүй болсонд тооцсон байна. 

12. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, маргаж буй захиргааны актуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг зөв шийдвэрлэжээ.

13. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан.

14. Нэхэмжлэгч “М-А” ХХК нь анх сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар үр тарианы зориулалтаар Агьтийн хөндийд 10 хэсэг газар буюу нийт 1254 га газрыг, газрын хэмжээ нэмэгдэж 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 79 дүгээр захирамжаар 1784 га газрыг эзэмшсэн байх ба улмаар газрын хэмжээ өөрчлөгдөн, сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/085 дугаар захирамжаар 1026 га газрыг эзэмшжээ.

15. Маргаан бүхий захирамжуудаар хүчингүй болгосон 76 га, 85 га, нийт 161 га газрыг нэхэмжлэгч 2007 оноос хойш эзэмшиж ирсэн, эдгээр газрууд нь тус компанийн эзэмшлийн 1026 га газарт хамаарах бөгөөд дээрх А/085 дугаар  захирамжийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “М-А” ХХК болон сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан нарын хооронд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.

16. Гэтэл хариуцагч сумын Засаг дарга нь хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэж, гэрээ байгуулагдсанаас хойш 1 жил 2 сарын дараа буюу гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийг зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь хууль бус, гэрээний хугацааг гэрээ байгуулагдсан 2016 оноос тооцох, энэ хугацаагаар хариуцагч захиргааны байгууллага гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ.

17. Мөн хариуцагчаас “М-А” ХХК-ийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгасан нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасан “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь 2-оос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчилсэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

18. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Г.Болормаа нь “Хонгор буудай” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 76 га талбайд 2016 онд төмс, хүнсний ногоо, 2017 онд тосны ургамал, 85 га-ийн 55 га-д 2017 онд төмс, 4 га-д овьёос тариалсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч өөрөө биш, бусдаар эзэмшил газартаа тариалалт хийлгүүлсэн нь гэрээнд заасан зориулалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй, газрыг анх олгосон зориулалтаас нь өөрөөр эзэмшиж, ашиглахыг хууль зөрчсөн гэж үзэх талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

19. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “М-А” ХХК нь 2015, 2016 онд Газрын тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулаагүй буюу газраа өөрөө ашиглаагүй нь мөн хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

20. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0155 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Х.БАТСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА