Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/MA2017/0424

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0424

Улаанбаатар хот

Оросын Холбооны Улсын иргэн Миронович

Андрей Леонидовичийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, Н.Шажинбат, хариуцагч Л.Баярсайхан нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Оросын Холбооны Улсын иргэн Миронович Андрей Леонидовичийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Баярсайханд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:” Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Оросын Холбооны улсын иргэн Миронович Андрей Леонидовичийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашийн Сэржэна Гомбоевнагийн “гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0004715 дугаартай торгуулийн шийтгэвэр, 0005738 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгуулах, хууль бусаар хураагдсан 2.208.200 /хоёр сая хоёр зуун найман мянга хоёр зуу/ рубль буюу 84.044.092 /наян дөрвөн сая дөчин дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг Дашийн Сэржэна Гомбоевна надад буцаан олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашийн Сэржэна Гомбоевна, өмгөөлөгч Н.Шажинбат нар давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн Миронович Андрей Леонидович нь 2016.11.10-ны өдөр Монгол Улсаас Оросын Холбооны Улс руу олон улсын суудлын галт тэргээр зорчиж явахдаа хятад үйлчлэгч нар Англи хэл дээрх деклараци тараасны улмаас англи хэл мэдэхгүйн учир өөрт дамжуулан авч явсан их хэмжээний рублийг гаальд мэдүүлээгүй болох үйл баримт нь Тагнуулын ерөнхий газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан эрүүгийн хэргийн явцад санаатай нуусан гэх гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар Тогтоолд “...гаалийн мэдүүлгийн хуудас орос хэл дээр байгаагүйн улмаас гаальд мэдүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон, тэрээр валютыг тусгай саванд нуух, бие эрхтэндээ далдлах, зэргээр нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй” хэмээн дүгнэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийг их хэмжээний валютыг гаальд санаатай мэдүүлээгүй нуун далдалсан мэтээр дүгнэсэн байна.

Энэхүү хүчин төгөлдөр болсон Тогтоолд санаатайгаар хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруу байхгүй болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг тус үйлдэлдээ санаатай, гэм буруутай гэх дүгнэлтийг хийсэн нь нэгэнт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар тогтоогдсон үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан шийдвэрийг гаргаж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх зааснаар зорчин явж буй этгээд нь эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор гаальд мэдүүлээгүй, дутуу бичсэн, орхигдуулсан зэрэг аргыг ашигласан байх, дээрх аргууд нь хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилгыг нь гүйцэлдүүлэх нөхцөл болж байхаар хуульчилсан байхад шүүх хуулийн дээрх заалтын агуулгыг анхаарч үзэлгүйгээр мэдүүлээгүй л бол захиргааны зөрчил гэж үзсэн нь хуульд нийцэхгүй юм.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт “Зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол захиргааны хариуцлага хүлээлгэнэ”, Монгол Улсын нэгдэн орсон Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Олон Улсын конвенцийн 3.39 дэх хэсэгт “Хэрэв алдааг санамсаргүй үйлдсэн, ... луйврын зорилго байхгүй болох нь тогтоогдсон бол гаалийн байгууллага хүнд шийтгэл хүлээлгэхгүй” хэмээн тодорхой заасан байх бөгөөд санаатайгаар улсын хилийг хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор гаалийн мэдүүлэгт бичээгүй орхисон, уг аргыг хэрэглэж гаалийн хяналт шалгалтаас нууж улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйл баримт байхгүй болохыг эрүүгийн хэргийн журмаар тал бүрээс нь шалган тогтоосон, харин хариуцагч нь санаатайгаар их хэмжээний валютыг мэдүүлэлгүй орхиж улсын хилээр нэвтрүүлсэн гэдгийг шалган тогтоогоогүй, зөвхөн прокурорын тогтоолыг биелүүлэх нэрээр захиргааны зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулан, мөнгийг хураасан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь олон зорчигчтой, хөл хөдөлгөөнтэй галт тэргэнд бусдад алдахаас сэргийлэн өөрийн цүнхэндээ хийсэн байсныг санаатайгаар нуун далдалсан, улсын хилийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэж үзэхгүй, энэ талаар эрүүгийн хэрэгт хангалттай дүгнэлт хийсэн болно.

Нэхэмжлэгч Миронович Андрей Леонидовичид англи хэл дээрх мэдүүлгийг хятад проводник нар тарааж өгсөн, англи хэл мэдэхгүй түүнд гаалийн мэдүүлгийг хэрхэн бөглөхийг хариуцагч Гаалийн улсын байцаагч Л.Баярсайхан нь дохио зангаагаар зааварласан гэдгийг Тагнуулын ерөнхий газарт өгсөн тайлбартаа тодорхой дурьдсан байх бөгөөд мөн хариуцагч Тагнуулын ерөнхий газрын ажилтан, ахлах дэслэгч А.Сон-Аад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн тайлбартаа “Зорчигчийн гаалийн мэдүүлгийг шалган үзэхэд гаальд мэдүүлсэн ямар нэгэн зүйл бичигдээгүй байсан, ... Иймд цахилгааны нээж үзэхэд багцалсан мөнгөн дэвсгэртүүд гарч ирсэн, ээлжийн ахлах байцаагч тухайн үед галт тэргээр хяналт шалгалт хийж явахтай таарч болсон зүйлийн талаар мэдэгдэж ачааг нь авахуулаад галт тэрэгнээс буулгасан” хэмээн тайлбар өгсөн байтал анхан шатны шүүх хуралдаанд ирсэн гэрч Ц.Наранцэцэг нь нэхэмжлэгч Миронович Андрей Леонидовичид эрх үүргийг би тайлбарлаж өгсөн, надтай англиар ярилцсан, түүний дараа Л.Баярсайхан шалгалтаа эхлүүлсэн гэх мэтээр шүүхэд худал мэдүүлгийг өгснийг шүүх харьцуулан үзэлгүйгээр үнэлж нэхэмжлэгч нь гаалийн улсын байцаагч нараас туслалцаа авах талаар хүсэлт тавиагүй, эрх үүргийг нь хангалттай тайлбарлан өгсөн байна гэх зэргээр зөрүүтэй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Миронович Андрей Леонидович нь их хэмжээний валютыг улсын хилээр нууж гаргах ямар ч шаардлага байгаагүй, дээрх мөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй буюу Дашийн Сержэнэ Гомбоевнагийн байр авахаар олон жилийн туршид хуримтлуулсан мөнгө мөн болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай тогтоосон бөгөөд энэ нь Тагнуулын ерөнхий газрын сөрөх тагнуулын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/282 дугаар албан бичгээр хангалттай нотлогддог болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн Миронович Андрей Леонидовичээс “гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0004715 дугаар шийтгэвэр, 0005738 дугаар бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгуулах, хууль бусаар хураагдсан 2.208.200 /хоёр сая хоёр зуун найман мянга хоёр зуу/ рубль буюу 84.044.092 /наян дөрвөн сая дөчин дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг буцаан олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 /“бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг/, 55 дугаар зүйлийн 55.1 /Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ/, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ/-д заасны дагуу Монгол Улсын хилийг нэвтрэхдээ нэхэмжлэгч Миронович Андрей Леонидович нь өөрийн авч явсан онц их хэмжээний валют буюу 2.208.200 рублийг гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан дээрх үүргээ биелүүлэлгүй Монгол Улсаас Оросын Холбооны Улс руу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зорчихдоо улсын хилээр их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан нь хэрэгт авагдсан эд зүйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гаалийн мэдүүлгийн хуудас болон хураагдсан валют, Миронович Андрей Леонидовичийн паспортын гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Түүний энэхүү үйлдэлд хариуцагч гаалийн улсын байцаагч Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7 /гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх/-д заасан эрх хэмжээний хүрээнд түүнд шийтгэврийн хуудсаар 30.000 төгрөгийн торгууль ногдуулж, 2.208.200 рублийг улсын орлого болгон хураан авсан нь мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 /барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх/-д нийцсэн байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 /Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах, албадан сургалтад хамруулах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ/-т зааснаар эд зүйлийг хураах захиргааны шийтгэлийн төрөл нь нэмэгдэл шийтгэлийн хэлбэр бөгөөд ийнхүү мэдүүлэг мэдүүлээгүй зөрчилд шийтгэврээр торгох шийтгэл ногдуулж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан бараа /рубль/-г улсын орлого болгон хураан авсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Үүнээс гадна Монгол Улсын хилээр удаа дараа нэвтэрч байсан нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн англи хэл мэдэхгүй нь захиргааны шийтгэл хүлээлгэхгүй байх, мөн Прокурорын байгууллагаас Миронович Андрей Леонидовичийн дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 /Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна/-т зааснаар захиргааны шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй.

Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР