Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 13

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Миронович Андрей Леонидовичийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн улсын байцаагч Л.Баярсайханд холбогдох “Гаалийн улсын байцаагчийн 2016.12.23-ны өдрийн 0004715 тоот торгуулийн шийтгэврийг хүчингүй болгох, гаалийн улсын байцаагчийн 2016.12.23-ны өдрийн 0005738 тоот Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг хүчингүй болгуулах, хууль бусаар хураагдсан 2.208.200 /хоёр сая хоёр зуун найман мянга хоёр зуу/ рубль буюу 84.044.092 /наян дөрвөн сая дөчин дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг буцаан гаргуулахыг даалгах”  тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дашийн Сэржэна Гомбоевна

Дашийн Сэржэна Гомбоевнагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Хурцбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Шажинбат

Хариуцагч: Л.Баярсайхан

Гэрч: Л.Мөнхзул, Ц.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Энхцэцэг нар оролцов.

 

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч Миронович Андрей Леонидович шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн, Монгол улсад байнга оршин суугч Дашийн Сэржэна Гомбоевна би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-ын иргэн Миронович Андрей Леонодовичид 2.169.000 /хоёр сая нэг зуун жаран ес/ рубль буюу 85.900.000 /наян таван сая есөн зуу/ төгрөгийг бэлнээр өгч ОХУ-ын Улаан-Үд хотод амьдардаг үеэл эгч Шатанова Елизавета Сергийвнад хүргүүлэхээр болсон юм. Нэхэмжлэгч Миронович Андрей Леонидович нь ОХУ-руу Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргээр зорчихоор болсон бөгөөд галт тэрэгний өрөөнд ганцаараа зорчиж байсан тул гарч, орох, унтах үед хулгайд алдах эрсдэлтэй гэж үзэж мөнгийг өөрийн цүнхний доод хэсэгт хийсэн байжээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор нэвтрэх үед гаалийн байцаагч Миронович Андрей Леонидовичид нэг хуудас өгөөд бөглө гэж дохиогоор хэлээд явсан. Энэхүү хуудас нь англи хэл дээр байсан бөгөөд би англи хэл мэдэхгүй, ганцаараа явж байсан болохоор ойр орчимд асууж лавлах хүн байгаагүй тул тэр өөрийн мэдэх хэмжээнд бөглөсөн юм. Ингээд гаалийн байцаагч Миронович Андрей Леонидовичийн бөглөсөн хуудсыг үзээд эд зүйлсийг шалгасан бөгөөд цүнхнээс мөнгийг гаргаж ирээд, түүнийг галт тэрэгнээс буулгаж, Гаалийн газрын өрөөнд оруулан нэг бүрчлэн нэгжлэг хийж шалгасан байна.

Тагнуулын Ерөнхий газраас   Миронович Андрей Леонидовичийг улсын хилээр их хэмжээний валют мэдүүлэлгүй гаргахыг оролдсон гэх хэрэгт холбогдуулан гаргаад Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар тогтоолоор “...гаалийн мэдүүлгийн хуудас орос хил дээр байгаагүйн улмаас гаальд мэдүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон, тэрээр валютыг тусгай саванд нуух, бие эрхтэндээ далдлах, зэргээр нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй” хэмээн үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн юм. Гэтэл аймгийн Гаалийн улсын байцаагч Л.Баярсайхан нь Миронович Андрей Леонидовичийг улсын хилээр их хэмжээний валют мэдүүлэлгүй гаргахыг оролдсон захиргааны зөрчил гаргасан гэж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 0004715 тоот 30.000 /гуч/ төгрөгөөр торгох шийтгэвэр бичиж, нийт 2.208.200 /хоёр сая хоёр зуун найман мянга хоёр зуу/ рублийг хураасан тухай Бараа, тээврийн хэрэгсэл хураах хуудас бичиж захиргааны арга хэмжээ авсан болно.

Миронович Андрей Леонидовичийг гаалийн улсын байцаагчийн дээрх шийтгэвэрт заасан торгуулийг төлсөн тохиолдолд Монгол улсын хил нэвтрүүлнэ гэсэн болзол тавьсан бөгөөд тухайн үед Миронович Андрей Леонидовичийн ээжийн бие муудаж эмнэлэгт хэвтсэн, бага насны хүү нь харгалзах насанд хүрсэн хүнгүй тул асран хамгаалах байгууллагад шилжүүлэхээр эрх бүхий байгууллага шийдвэрлээд байсантай холбогдуулан яаралтай ирэхийг ар гэрээс нь дуудаж байсан тул Миронович Андрей Леонидович энэхүү асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх боломжгүй болж арга буюу шийтгэврээр ногдуулсан торгууль төлөөд Монгол улсын хилээр гарсан болно.

Миронович Андрей Леонидович нь Монгол улсаас гарахын  өмнө Дашийн Сэржэна Гомбоевна надад итгэмжлэл үйлдэн Гаалийн байгууллагад хураагдсан дээрх мөнгийг гаргуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд төлөөлөх эрх олгосон бөгөөд би өөрийн нэрийн өмнөөс болон Миронович Андрей Леонидовичийг төлөөлөн Гаалийн газарт гомдол гаргасан боловч Гаалийн Ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх газрын дарга Б.Ононгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01-2/458, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01-2/733 дугаар албан мэдэгдлээр гаалийн улсын байцаагчийн  хураасан арга хэмжээг өөрчлөх боломжгүй тухай хариу өгсөн тул Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар тус Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 0004715 тоот торгуулийн шийтгэвэр, 0005738 тоот Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд Миронович Андрей Леонидовичийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаад гэм буруутай үйлдэл гаргаагүй болохыг нь тогтоосон байхад шийтгэвэр ногдуулж, авч явсан мөнгийг хураасанд гомдолтой байна.

Миронович Андрей Леонидовичийн гаалийн мэдүүлэгт бэлэн авч явсан валютыг мэдүүлээгүй гэх ауудал нь:

1.Гаалийн улсын байцаагч нь захиргааны зөрчил гаргасан этгээдэд уг шийтгэврийг ногдуулж, холбогдох бараа, эд зүйлсийг хураах хуулийн зохицуулалттай байхад захиргааны зөрчил гаргаагүй, гаргасан болохыг нь тогтоогоогүй, этгээдэд прокурорын тогтоолыг биелүүлж байна гэх нэрээр шийтгэвэр ногдуулсан, мөнгийг хураасан нь үндэслэлгүй.

2.Их хэмжээний валютыг зориуд нуусан, мэдсээр байж мэдүүлээгүй, хууль бус аргаар нэвтрүүлэхийг оролдсон зөрчлийн шинж Миронович Андрей Леонидовичийн үйлдэлд хамаарахгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, Нийслэлийн Прокурорын газраас шийдвэрлэхдээ мөнгийг хураахаар тогтоолдоо заасан нь прокурорын эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан. Зүй нь прокурор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул гаалийн улсын байцаагч Гаалийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар өөрийн эрх үүргийн дагуу энэ асуудлыг бие даан шийдвэрлэх байсан гэж үзнэ.

3.Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт гаалийн улсын байцаагч захиргааны зөрчил болохыг тогтоож өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр заасан байхад Гаалийн Ерөнхий газраас Нийслэлийн прокурорын тогтоолд зааснаар мөнгийг хураасан гэх тайлбарыг өгч буй нь захиргааны зөрчил болохыг тогтоогоогүй, зөвхөн прокурорын даалгаврыг биелүүлсэн болохыг харуулж байна.    

4. Монгол улсын Гаалийн байгууллагад орос, англи, хятад, монгол хэл дээр тусгайлан хэвлүүлсэн гаалийн мэдүүлэг /деклараци/ хэрэглэж байхад Сэлэнгийн боомт дээр англи хэл мэдэх эсэхийг нь үл харгалзан ОХУ-ын иргэнд англи хэл дээрх деклараци тараасан нь англиар бичснийг ойлгохгүйн улмаас барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхисон гэх гэм буруу байхгүй юм. Иймд Миронович Андрей Леонидович гаалийн мэдүүлэг санамсаргүй буруу бөглөсөн асуудалд нь захиргааны арга хэмжээ авсан нь үндэслэлгүй.

5. Хураагдсан мөнгө нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль бусаар олсон орлого, эд зүйл биш бөгөөд энэ мөнгө нь терроризм эсхүл мөнгө угаах хууль бус үйл ажиллагаатай ямар ч холбоогүй жирийн нэг эмэгтэй Дашийн Сэржэна Гомбоевна миний олон жилийн хөлс хөдөлмөрөөр хуримтлагдсан, төрсөн нутаг орондоо насны эцэст амар жимэр амьдрах орон байртай болох хүслээр эгчдээ явуулсан мөнгө гэдгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс шалгаж тогтоосон.

6. Гаалийн улсын байцаагч нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7.3 дахь хэсэгт заасан Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны эрхийг заасан заалтыг баримталж, эд зүйлсийг хураасан нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн хууль бус захиргааны акт болсон.

Нэхэмжлэгч Дашийн Сэржэна Гомбоевна би үндэс угсаа буриад Монгол, Монгол улсад 20 жил оршин сууж  ажиллаж хөдөлмөр эрхэлж байгаа, өөрийн нутаг орондоо орон байртай болох зорилгоор цалин хөлсөө хуримтлуулж 2.000.000 /хоёр/ рубльтэй болсон бөгөөд Улаан-Үдэд амьдардаг эгчдээ байр захиж, энэ мөнгийг өөрийн танил Миронович Андрей Леонидовичид итгэмжлэн өгч явуулсан  боловч энэ мөнгийг гаалийн улсын байцаагч “хууль бусаар олсон орлого” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд мөнгийг хураан авсан нь бодит байдалд нийцээгүй төдийгүй Дашийн Сэржэна Гомбоевна миний хууль ёсны эрх ашигт хохиролтой шийдвэр болсон.

 Иймд Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргаагүй байхад гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0004715 тоот торгуулийн шийтгэвэрт, 005738 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас бичигдсэн тул хүчингүй болгож, хууль бусаар хураагдсан 2.208.200 рубль буюу 84.044.092 төгрөгийг Дашийн Сэржэна Гомбоевнад буцаан олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

ОХУ-ын иргэн Миронович Андрей Леонидович болон ОХУ-ын иргэн Дашийн Сэржэна Гомбоевна нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гаалийн улсын байцаагч Л.Баярсайхан миний бие хуваарийн дагуу Бээжин-Москва чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан ОХУ-ын иргэн Миронович Андрей Леонидовичийг шалгахад зорчигчийн декларацид юу ч мэдүүлээгүй байсан бөгөөд авч яваа ачаа тээшийг шалгахад чимадоны ёроолд их хэмжээний валют нуусан байсан нь шалгалтаар илэрсэн юм. Би Андрейгаас тухайн үед энэ юун мөнгө вэ? хэний мөнгө вэ гэж асуухад юу ч ярихгүй байсан. Ингээд зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч, тагнуулын ажилтан нар ирж шалгалтыг үргэлжлүүлэн шалгаж, юун мөнгө болох тухай асуухад Андрей гэгч нь миний мөнгө гэж хэлснийг би тодхон санаж байна.

Тухайн рублийн хэмжээ нь онц их хэмжээний буюу Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтэрсэн байсан тул Гаалийн тухай хуулиар шийдэх боломжгүй эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзэж хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагад материалыг шилжүүлсэн. энэ хүн Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 мөн валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 хэсэгт заасан зөрчлүүдийг зөрчсөн учир хуулийн байгууллагад шилжүүлсэн болно.

Миний бие энэ хүний мөнгийг шууд хураагаагүй бараа тээврийн хэрэгсэл саатуулах хуудас 0002751 тоот хуудсаар, дараа нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 362 тоот тогтоол, мөн Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэж бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас 0005738 тоот хуудас бичиж, шийтгэврийн хуудас 0004715 тоот хуудсаар 30.000 төгрөгийн торгууль бичиж,  2.208.200 рублийг улсын орлогын барааны няравт хүлээлгэн өгсөн болно.

Андрей гэгч нь Захиргааны шүүхэд 6 төрлийн нэхэмжлэл гаргасан байна.

            1.Прокурорын тогтоол хэрэгжүүлж байна гэсэн нэрийн дор мөнгийг хураасан нь үндэслэлгүй гэжээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан их хэмжээний мөнгийг хуулийн байгууллагад шилжүүлж, хянуулалгүйгээр шууд шийдвэрлэх боломжгүй байсан юм.

            2.Прокурорын байгууллага шийдвэрлэхдээ Прокурорын эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар  шийдвэр гаргасан гэжээ. Энэ асуудалд би тайлбар хийж мэдэхгүй. Хэрэв прокурорын тогтоолд гомдолтой байсан бол 7 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдлэхгүй яасан юм бэ гэж надад бодогдож байна. Миний бие Прокурорын тогтоол гарснаас 9 хоногийн дараа барааг хурааж, шийтгэвэр бичсэн болно.

            3. Зөвхөн Прокурорын даалгаврыг биелүүлсэн гэжээ. Гаалийн улсын байцаагч миний бие шийдвэр гаргахдаа Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт заасныг баримталсан. Прокурорын тогтоолд ч гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авах талаар дурдсан байсан.

            4. Англи хэл дээр бичигдсэн деклараци тарааснаас болж хэл мэдэхгүйн улмаас бараагаа мэдүүлээгүй гэжээ. Үүнийг гаалийн улсын байцаагч миний бие зөвшөөрөхгүй. Учир нь бидэнд гадаад зорчигч бүрт өөрсдийн хэлэнд тохируулсан зорчигчийн деклараци тарааж өгөх үүрэг байхгүй. Хэрвээ зорчигч мэдэхгүй байсан бол гаалийн улсын байцаагч буусад хүмүүсээс асууж тусламж авах бүрэн боломжтой байсан.

            5. Тагнуулын байгууллага Андрейгийн мөнгө биш Сэржэна Гомбоевнагийн мөнгө гэж тогтоосон гэжээ. Надад Тагнуулын байгууллагаас юу ч хэлээгүй тухайн үед Андрей гэгч нь нуусан мөнгөө миний мөнгө гэж хэлж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд хүний дамжуулсан мөнгө гэх зүйлийг надад яриагүй.

            6. Цагдаагийн байгууллагын ажилтны эрхийг заасан заалтыг баримталж эд зүйл хураасан гэжээ. энэ бол цэвэр гүтгэлэг байна. Би Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасан зөрчлийг илрүүлж шийдвэрлэсэн болохоос биш Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан эрхийг эдэлж, эд зүйлийг хураагаагүй гэдгээ дахин хэлье.

Монгол улсын 4 хуулийн заалт зөрчсөн томоохон хэмжээний зөрчлийг илрүүлж ажилласан гаалийн улсын байцаагч миний бие болон гаалийн зөрчил хариуцсан ажилтнууд, тагнуулын байгууллагын ажилтнууд, прокурорын байгууллагын ажилтнуудын шийдвэрийг үл тоож, өөрийгөө ямар ч зөрчил гаргаагүй зүгээр явж байхад нь мөнгийг нь хурааж авсан мэтээр шүүхэд хандаж байгааг зөрчил гаргасан этгээд Андрейд харамсаж байна. Энэ этгээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна  гэжээ.

 

Үндэслэх нь:

Оросын холбооны улсын иргэн Миронович Андрей Леонидовичийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашийн Сэржэна Гомбоевна нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0004715 дугаартай шийтгэврийн хуудас болон 0005738 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгуулах, хууль бусаар хураагдсан 2.208.200 /хоёр сая хоёр зуун найман мянга хоёр зуун/ рубль буюу 84.044.092 /наян дөрвөн сая дөчин дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг Дашийн Сэржэна Гомбоевна надад буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.      

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй байна. Учир нь :       

            2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-н иргэн Миронович Андрей Леонидович нь Монгол улсаас ОХУ руу олон улсын суудлын галт тэргээр зорчихдоо гаалийн мэдүүлгийн хуудсанд мэдүүлэлгүйгээр эд зүйлдээ их хэмжээний буюу 2.208.200 рублийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан бөгөөд уг үйлдэл нь гаалийн улсын байцаагчийн шалгалтын явцад илэрсэн болох нь хэрэгт цугларсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 90-р хуудас/, тухайн үед эд зүйл, валют, гаалийн мэдүүлгийн хуудас, паспорт зэргийг баримтжуулсан фото зургууд /хх-н 92-97-р хуудас/, хариуцагч гаалийн улсын байцаагч Л.Баярсайханы тагнуулын байгууллагад өгсөн тайлбар /хх-н 128-129-р хуудас/ шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Л.Мөнхзул, Ц.Наранцэцэг нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд нь холбогдуулан тагнуулын байгууллагаас шалгаад Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулаагүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

            Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт “гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй  үйлдэлд нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 209.2.1 дэх хэсэгт заасан “Барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй, ... гаалийн шалгалтаас нуун далдлах, ... зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн” үндэслэлээр  нэхэмжлэгч Миронович Андрей Леонидовичийг 30.000 /гуч/ төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хурааж улсын төсөвт төвлөрүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Учир нь :

             Нэхэмжлэгч нь бараа буюу их хэмжээний валют хуульд заасны дагуу гаалийн мэдүүлэгт бичээгүй орхисон, мэдүүлэгт бичихийг урьдчилан мэдэх боломжтой, гаальд мэдүүлэгч нь хэлний болон бусад ямар нэг бэрхшээл тулгарсан тохиолдолд гаалийн ажилтнаас тусламж дэмжлэг авах бүрэн боломжтой, гаалийн ажилтан туслах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ямар нэг бэрхшээлтэй асуудлаар дэмжлэг тусламж авах хүсэлт тухайн үед гаргаагүй байна.

            Мөн нэхэмжлэгч нь англи хэл мэдэхгүйн улмаас гаалийн мэдүүлгийн хуудсанд их хэмжээний валют болох 2.208.200 /хоёр сая хоёр зуун найман мянга хоёр зуу/ рублийг бичээгүй орхисон гэх боловч өөрийн хүсэл зоригоор гаалийн байцаагчид барааг гаргаж шалгуулаагүй, харин гаалийн байцаагч мэдүүлэх хуудасны үнэн зөв эсэхийг тогтоох зорилгоор эд зүйлд нарийвчлан шалгалт хийсний дүнд уг рублийг олж илрүүлсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч барааг нуун далдлах санаа зорилго агуулсныг харуулж байна.

            Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1 дэх хэсэгт зааснаар гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах,  57.2.6 дахь хэсэгт заасны дагуу гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Монгол улсын гаалийн тухай хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх болон их хэмжээний валют улсын хилээр нэвтрүүлэхдээ гаальд мэдүүлээгүй, мэдээллийн үнэн зөвийг хариуцах зэрэг үүргээ зөрчжээ.

            Нэхэмжлэгч нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасан барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих болон гаалийн шалгалтаас нуун далдлах ... аргаар хууль бусаар нэвтрүүлсэн гэх заалтийг зөрчснөөс гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “зорчигч 15.000.000 /арван таван сая/ дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл цахим мөнгийг Монгол улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэснийг мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Монгол улсад байнга болон түр оршин суугч гадаадын иргэн харьяалалгүй хүн валютыг дор дурдсан журмаар тус улсын хилээр гаргаж болно. Үүнд:

             1/ Гадаад төлбөр тооцооны эрх бүхий арилжааны банкнаас худалдан авсан, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг тухайн банкны нотолгоо бичгээр” гэж заасныг тус тус зөрчжээ.

            Тухайлбал нэхэмжлэгч нь 15.000.000/арван тав/ төгрөг түүнтэй тэнцэх хэмжээнээс их хэмжээний гадаад валют болох 2.208.200/хоёр сая хоёр зуун найман мянга хоёр зуу/ рубль буюу 84.044.092/наян дөрвөн сая дөчин дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг бэлнээр Монгол улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлээгүй, мөн эрх бүхий арилжааны банкнаас валют худалдаж аваагүй учраас банкны нотолгоо бичиг байхгүй хилээр нэвтрүүлэхийг завдсан зэрэг Монгол улсын хуулиудыг зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Оросын Холбооны улсын иргэн Миронович Андрей Леонидовичийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашийн Сэржэна Гомбоевнагийн гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0004715 дугаартай торгуулийн шийтгэвр, 0005738 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгуулах,  хууль бусаар хураагдсан 2.208.200 /хоёр сая хоёр зуун найман мянга хоёр зуу/  рубль буюу 84.044.092 /наян дөрвөн сая дөчин дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг Дашийн Сэржэна Гомбоевна надад буцаан олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ОДБААТАР