Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 118/ШШ2023/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Завхан аймгийн ******* хэлтсийн улсын байцаагч  нарын хоорондын өндөр насны тэтгэвэр олголт, нөхөн төлбөрийн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн ******* хэлтсийн улсын байцаагч Т.*******, А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Завхан аймгийн ******* хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 09/80 дугаар актыг хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах, тэтгэвэр зогсоосон үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөж олгуулах” хэмээн шүүх хуралдааны явцад тодруулан тодорхойлсон.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нэхэмжлэгч ******* нь ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д зааснаар тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангасан гэж үзэж хүсэлт гаргасны дагуу нийгмийн даатгалын байгууллага нь малчны өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн буюу нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 25 жил 11 сар 24 өдөр төлсөн гэсэн үндэслэлээр түүнд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоон олгосон.

2.2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 759 дүгээр шийдвэрээр *******г 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ширээ хувьцаат компанид малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэсэн.

2.3. ******* Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” 32/01 дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 46 иргэний тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Д.******* нэр, мэдээлэл багтсан.

2.4. Энэхүү актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасны дагуу нийгмийн даатгалын улсын байцаагч Т.*******, А.******* нар “хуурамч баримт бүрдүүлэн, хууль бусаар тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын сан хохироосон” үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/80 дугаартай актаар 16 160 430 төгрөгийн төлбөр тогтоож, төлбөрийг *******гаар 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дотор бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч “...малчнаар ажиллаж байснаа иргэний хэргийн шүүхээр тогтоолгосон, шүүхийн шийдвэрийг холбогдох баримтын хамт тэтгэврийн байцаагчид өгсний дагуу хянаж үзээд 2018 онд өндөр насны тэтгэврийг тогтоож олгосон, түүнээс би өөртөө тэтгэвэр тогтоогоогүй, шүүхээр малчнаар ажилласан байдлаа тогтоолгохдоо ямар нэгэн хуурамч баримт бүрдүүлж өгөөгүй, энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...” гэж,

4. Хариуцагч нар “******* нь зөвхөн өөрт ашигтай нотлох баримтуудаа иргэний хэргийн шүүхэд гаргаж өгч, харин хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг зориудаар нууж малчин байсан байдлаа тогтоолгосноор шүүхийн шийдвэр архивын баримтуудтай зөрсөн тул ******* ерөнхий газраас тэтгэвэр олголтыг зогсоосныг үндэслэн төлбөрийн акт тавьсан нь үндэслэлтэй” гэж тус тус маргасан.

5. Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн ******* хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/80 дугаар актын талаар ******* хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан байх ба гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон тухай хариуг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 32/29 дүгээр албан бичгээр авснаар 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: Би малчнаар өндөр насны тэтгэвэрт гарсан боловч  хөдөлмөрийн дэвтэр бүрдүүлж өгөөгүй байна гэдэг үндэслэлээр намайг малчин биш гэж үзсэн. Би 8-р ангиа төгсөөд ТМС-д бүртгүүлээд үнэмлэх авсан. Түүнээс өөр ажил хийж байгаагүй мал дээр байсан. Малчин биш байна гээд тэтгэвэр зогсоосонд гомдолтой байгаа учраас би  шүүхэд нэхэмжлэл гаргасан... Миний хариуцаж байсан худаг байнгын ажил биш бөгөөд зөвхөн зарим хур багатай, цас оройтсон жилд намар цас орохгүй тохиолдолд мал услах зорилготой цас ортол хэд хоног өдөрт нэг цагаар асаадаг бөгөөд цагийн байдлаасаа болж жилд ганц хоёр асаах ч тохиолдол бий. Энэ худаг болон мотор нь үйлдвэр бригадад хамааралтай байсан ба үйлдвэр бригадаас тухайн худаг болон моторыг малчинд хариуцуулж, тэр малчин нь асаадаг байсан. Тухайн худаг нь нэг сар ч бүтэн ажиллаж үзээгүй, жилдээ долоо хоног заримдаа 10 хоног ажиллаж байсан, нэг хоногт ажиллахдаа 1-2 цаг ажилладаг. Тэрнээс биш байнгын өглөөнөөс орой хүртэл ажилладаг, жил ажиллаад ээлжийн амралт авдаг байнгын ажлын байр биш юм. Одоо ч гэсэн хөдөөгийн худгийг ойрхон малчин айл нь эд хогшил моторыг нь хариуцаад усгүй газар болон ус татарсан, цасгүй үед хааяа асааж, тэр хавийн айлууд малаа услаад явж байна, яаг үүнтэй адил жилд хэдхэн хоног асаадаг байсан. Худгийн мотор хариуцсан малчин гэдгээр хааяа үйлдвэр бригадын ахлагчийн үүргээр хөдөөгийн айлын хашаа хороо янзалж байснаас барилгачин байгаагүй. Би цэргийн албанд байхдаа мужаан гэсэн мэргэжил эзэмшсэн... 1986 оноос барилгачнаар ажилласан гэж нөхөн тушаалд оруулсан юм. 1989 оны нөхөн тушаалыг үндэслэж миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн байсан. Би нэгдлийн малыг маллаж байсан тусгай мэдлэг, мэргэжилтэй малчин бөгөөд барилгачнаар ажиллаж байгаагүй, барилгачин мэргэжилгүй, барилгын чиглэлээр сурч байгаагүй. ******* байгууллагаас намайг хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхэд өгсөн гэдэг үндэслэлээр надад акт тавьсан. Гэтэл миний ажилласан жилийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт хуурамч бичиг баримт огт байхгүй.  Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гол баримт бичиг болох Завхан аймгийн архивын тасгийн 2018 оны 08 сарын 20-ны өдрийн А/1349 тоот малчны 70 дугаар данс буюу цалингийн хавтгайн архивын лавлагааг байдаг, цэргээс ирээд малчин болсноос хойш малчин өрхийн тэргүүн буюу суурийн ахлагчаар ******* миний нэр дээрх Социализмын төлөө нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байсан малчны 70 дугаар цалингийн дансаар хангалттай нотлогддог. Шүүх энэ баримтыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Надад барилгачнаар цалин авч байсан нэг ч тохиолдол байгаагүй, тийм цалингийн данс тооцооны баримт байхгүй. Хөдөлмөрийн дэвтэрт 1986 онд барилгачнаар томилсон гэсэн бичилттэй боловч тушаал нь нэгдлийн даргын 1989 оны нөхөн гаргасан тушаал байдаг юм. Тэтгэвэрт гарах хугацаа дөхөж хөдөлмөрийн дэвтрээ олохгүй байсан тул шүүхээр тогтоолго гэж шаардсаны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл саяхан нийгмийн даатгалын байгууллагаас танд акт тавигдахаар болсон барилгын ТМС-д барилгачнаар суралцаж байгаад нэгдэлд барилгачнаар олон жил ажилласан байгаа учраас тэгж байна гэхээр нь би малчин хүн барилгачин байгаагүй акт тавьсан бол тэрийг чинь авъя гэхээр олон хүнд зэрэг гарсан учир нууцлалтай танд өгч болохгүй гээд намайг явуулсан. Тэгээд гомдол гаргана гэж хэлээд актаа авах гэтэл та энэ дээр зөвшөөрсөн гэх хэсэгт гарын үсэг зурсан тохиолдолд өгнө гарын үсэг зурахгүй бол өгөхгүй гэж намайг сум руу дахин буцаасан. Зөвшөөрсөн хэсэгт заавал гарын үсэг зуруулж байж өгнө гээд байхаар нь гарын үсэг зурж байж актаа авсан. Эхлээд надад танд 19 сая төгрөгийн акт тавигдсан гэж мэдэгдсэн ба актаа хүлээн авахад 16 сая болсон байсан. Тус актад ...******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыг зөрчиж худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын сангаас 16,160,430 (арван зургаан сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун гучин) төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй илүү авсан зөрчил илэрлээ гэж хууль бусаар акт тавьсан. Учир нь би хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, бичиг баримтад засвар оруулсан гэх мэт хуурамч бичиг баримт өгөөгүй.  Хамгийн гол нь миний малчнаар ажилласныг батлах үндсэн баримт бичиг болох нэгдлийн малчны цалингийн хавтгай болох 70 дугаар данс, түүний архивын лавлагаа одоог хүртэл байгаа уг цалингийн үндсэн баримтаар шүүхийн шийдвэр гарсан... 3 жилийн дараа нөхөн гаргасан тушаалыг үндэслэж буюу миний тэтгэврийг зогсоож, нөхөн төлбөр тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан. Иргэн хүн тэтгэвэр, тэтгэмж авах өндөр наслах эрхтэй. Энэ эрхийн дагуу ******* тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэр тогтоолгохдоо аль жил нь малчны жилд орсон бэ гэдгийг огт мэдэхгүй байгаа. ******* байгууллагад тэтгэвэр тогтоолгох процесс нь эхлээд сумын байцаагчид хандаад сумын байцаагч материалыг нь бүрдүүлж авдаг. Д.******* тэтгэврийг сумын байцаагч нь тогтоогоод аймгийн тэтгэвэр хариуцсан байцаагч хянаад дутуу материал болон хууль зөрчсөн асуудал байх юм бол арга хэмжээ авдаг. ******* тэтгэвэр хариуцсан байцаагчийн дараа хяналтын шат буюу гурван хүний бүрэлдэхүүнтэй хяналтаар орж хянан баталгаажуулаад хэлтсийн дарга нь мөн хянаад гарын үсэг зурж тэтгэвэр тогтоодог гэж ойлгож байна. Тэтгэвэр тогтоох асуудал маш олон хяналтаар орж үүсдэг. Энэ нөхцөл байдлын хувьд хажуу өрөөнд нь архивын баримт байсаар байтал түүнийг олж тогтоогоогүй. Тухайн үед энэ талаар баримтжуулсан бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. Таван жил тэтгэвэр өгчхөөд дараа нь манай архивд ийм баримт байна тийм учраас акт тавилаа гэх боломжгүй. Тэтгэвэр тогтоолгож байгаа иргэд огт ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс биш, тодорхой хэмжээгээр ажил үүргээ гүйцэтгэж үнэлүүлсэн хүмүүс. Тийм учраас Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Хууль зүйн дүгнэлтийн хувьд: ******* Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, мөн өндөр наслах эрхгүй болж байна. Амьдралын эх үүсвэр буюу тэтгэврийг нь зогсоосон. Дараагийн шинэчилсэн тэтгэвэр бол энэ асуудалтай огт хамааралгүй. Тэтгэврийг шинэчилж тогтооход өөрийн хүсэлтээр өргөдөл гаргаагүй. ******* байгууллагаас барилгачнаар ажиллаж байсан гэж үзэж тэтгэвэр тогтоосон. Сумын байцаагчийн зүгээс *******г малчнаар ажилласан жил тогтоож тэтгэвэр тогтоолгож болохгүй юм байна гэж үзэж барилгачнаар тогтоолгохоор материалыг нь хэлтэс рүүгээ явуулсан байна... 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс барилгачнаар тогтоолго гээд явуулсан чинь 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* Баянбулаг бригадад малчин хийж байсан учраас тогтоох боломжгүй гэдэг асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, барилгачнаар тогтоох боломжгүй, малчнаар тогтоолго гэсэн чинь Байгалмаа гэдэг байцаагч хөдөлмөрийн дэвтрээр хангалттай нотлогдож байгаа юм чинь тогтоох шаардлагагүй шууд тогтоосон асуудал яригдсан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ хавсаргасан улсын архивын тасгийн 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цагаанхайрхан сумын нэгдлийн Баянбулаг бригадад малчин гэж гарч ирсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хавсаргаж өгсөн. Бодит байдал дээрээ юу болоод байна гэхээр ******* 1986 оны 12 сард малчин байсан, гэтэл гурван жилийн дараа буюу 1989 онд гарсан нөхөн тушаалаар гурван жилийн өмнөх байдлын талаар нөхөн тушаал гарсан. Хэрвээ нөхөн тушаал, хөдөлмөрийн дэвтрийг үндэслэлтэй гэх юм бол 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* малчин байх боломжгүй. Мөн 1986 онд худгийн мотор ажиллуулах боломж байхгүй. Улсын байцаагч акт гаргахдаа үүнийг нягтлан тогтоох ёстой байсан. Илэрсэн зөрчил нь шүүхийн шийдвэртэй зөрж болно. Гэхдээ үүнийг шалгаж хянаж тогтоогоогүй. Хариуцагч улсын байцаагч нар акт гаргаж байгаагийнхаа хувьд Захиргааны ерөнхий хуульд зааснаар нотлох баримтуудаа өөрөө цуглуулж, акт гарахаас өмнө шалгаж тогтоогоод ийм жил нь тогтоогдож байна, ийм жил нь хүрэхгүй байгаа учраас энэ актыг тавих боломжтой гээд актынхаа үндэслэлийг заагаад *******г дуудаад ажиллагаа явуулаад тэмдэглэл үйлдээд, нотлох баримт цуглуулсны үндсэн дээр акт гарах ёстой. Гэтэл хариуцагч нар нэгэнт тогтоогдсон, ерөнхий газрын байцаагчийн акт гарсан, зөрчил илэрсэн учраас шаардлагагүй гэж үзсэн гэдэг нь ойлгомжгүй. Акт гаргасан үр дагаврыг гаргасан улсын байцаагч нар өөрсдөө хариуцах учраас энэ талаарх нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх ёстой. Ийм ажиллагаанууд хийгдээгүй байгаа учраас захиргааны акт гарах болсон үндсэн шинжийг биелүүлээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Тэтгэвэр тогтоох нь онцгой ажиллагаа учраас энэ журмаар шийдвэрлэгдэж байгаа хэргийн нотлох баримтыг шүүх өөрөө тогтоодог. Гэтэл ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийн дагуу шүүх нотлох баримт цуглуулаад гаргасан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр шийдвэрийг шүүх өөрөө хүчин төгөлдөр бус болгоогүй учраас одоо хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслээд тухайн иргэний тэтгэврийг зогсоож акт тавьж байна гэдэг байдлаар маргаж байна. Шүүх нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх юм бол /манай үйлчлүүлэгчийн хувьд иргэний хэргийн шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн асуудал байхгүй байгаа/ дараа дараагийн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болчхоод байна. Шүүхийн тухай хуульд зааснаар Монгол улсын нэрийн өмнөөс уншигдсан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хатуу заалттай. Хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй яваад байх боломжгүй. Үнэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй юм бол ******* байгууллага тэтгэвэр тогтоолгох онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг хэргийг өөрсдөө авч шийдвэрлэдэг байх ёстой. Гэтэл тийм дүрэм, журам гараагүй, мөн шүүхээр тогтоолго гэж хүмүүсийг явуулдаг. Хүмүүс өөрсдөө сайн дураараа шүүхээр ажилласан жилээ тогтоолгоогүй, ******* байгууллагын шаардлагын дагуу тогтоолгодог. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нь Шүүхийн тухай хуулийг зөрчиж байгаа асуудал. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ямар нэгэн байдлаар өөрчилж хүчингүй болгоогүй байхад тэр шүүхийн шийдвэрийг хуурамч нотлох баримт бүрдүүлж гаргуулсан байна, шүүхийн шийдвэр үйлчлэл байхгүй гэж үзэх юм бол өнөөдөр ажилласан жил тогтоолгож байгаа шүүхийн шийдвэр ямар ч үйлчлэлгүй болчхоод байна. Акт тавихдаа маш их процесс зөрчсөн байна. Эхлээд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулаад цагдаагийн байгууллага хуурамч баримт бичиг бүрдүүлсэн шүүн таслах ажиллагааны гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх юм бол түүнийг үндэслээд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хэн хүчингүй болгох вэ гэхээр анхан шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох асуудал яригдана. Ингэж хүчингүй болсон тохиолдолд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийг түдгэлзүүлэн зогсооно. ******* сангаас тэтгэвэр, тэтгэмж авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тогтоогдсон тохиолдолд гэж байгаа. Шүүхийн шийдвэрийг хууль бус байна гэдгийг хэн тогтоох ёстой юм бэ, үүнийг нийгмийн даатгалын байгууллага тогтоох боломжгүй... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд анхан шатны шүүхээс шийдвэрлэж гаргасан баримт бичгийг шүүхийн шийдвэр гэнэ, мөн хуулийн 116.1-д зааснаар шийдвэрийг Монгол улсын нэрийн өмнөөс гаргана, 116.2-д шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-д шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан. Гэтэл ийм байдлаар шүүхийн шийдвэр гарсан байхад шүүхийн шийдвэр чинь үндэслэлгүй байна гээд нийгмийн даатгалын байцаагчийн актаар үзэж байгаа нь ямар ч боломжгүй. Шүүхээр тогтоосон баримтыг үгүйсгэж акт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Процессын дагуу ажиллагаа явуулж тэтгэврийг зогсоох асуудлыг хийх хэрэгтэй, гэтэл энэ их процессыг зөрчөөд шууд акт тавьсан нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.

7. Хариуцагч Т.******* нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа: 2018 оны 11 сараас ******* ******* сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ийн 1 дэх хэсэгт заасны дагуу малчнаар тэтгэвэр тогтоолгосон. Ингэж тэтгэвэр тогтоолгохдоо Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны 759 тоот шүүхийн шийдвэр гаргуулж ирсэн байсан. Уг шүүхийн шийдвэрээр 1980-1983 он, 1986-1991 он, 1991-1992 онуудад мал маллаж байснаар шүүхийн шийдвэр гаргуулж ирснийг үндэслэж, ******* байцаагч хувийн хэрэг нээж малчны өндөр насны тэтгэвэр тогтоосон. 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд ******* ерөнхий газрын төлөвлөгөөт хяналт шалгалт ирсний дагуу 2017-2022 оны нийгмийн даатгалын сангийн зарлага, тэтгэвэр тэтгэмжийн олголттой танилцаж шалгалт хийгдсэнээр Д.******* Говь-Алтай аймгийн ТМС-д суралцаж байсан хөдөлмөрийн дэвтэр байсан. Энэ хөдөлмөрийн дэвтрээ 2018 онд тэтгэвэр тогтоолгохдоо бүрүүлж ирээгүй, зөвхөн мал маллаж байсан гэх шүүхийн шийдвэр гаргуулж ирсэн. Шалгалтын явцад Д.******* 1982 онд нээгдсэн Говь-Алтай аймгийн ТМС-д суралцаж байсан болон 1982 онд нээгдсэн 9372 тоот хөдөлмөрийн дэвтэр дээр 1980-1982 онд Говь-Алтай аймгийн ТМС-д суралцаж байсан, мөн 1986-1992 онуудад нэгдлийн бригадад барилгачнаар ажиллаж байсан гэх баримт гарч ирсэн, мөн малчин жилийн хөдөлмөрийн дэвтэр өөрт нь байсан. Уг хөдөлмөрийн дэвтрийг үзэхээр малчин жилтэй нь давхардсан учраас улсын байцаагчийн түдгэлзүүлэн зогсоох акт тавигдсан. 1986 онд барилгачнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт 1989 онд нөхөн тушаал гаргасан. Энэ нөхөн тушаал нь юуг үндэслэсэн гэхээр 3 хүний тодорхойлолт болон өөрийн хүсэлтийг үндэслэж нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарж нөхөн тушаал гарсан байсан. Энэ тушаал нь архиваас гарч хуулбарлагдсан. Мөн 1987 оны тушаал дээр *******г моторчноор ажиллаж байсан гэдэг. Уг тушаал дээр зарим худгийг моторчин нь саналаараа мал аж ахуйд ажиллах болсон тул *******г худгийн моторчноор ажиллаж байсан гэх тушаал гарсан. ******* өөрөө энэ талаараа тайлбарлахдаа худгийг моторчин нь малчин байсан гэж тайлбарладаг. Гэтэл тушаал дээр нь зарим худгийн моторчид саналаараа мал аж ахуйд ажиллах болсон тул гэж бичигдсэн байгаа учраас *******г малчнаар ажиллаагүй худгийг моторчноор ажиллаж байсан гэж үзэж байгаа. 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэвэр олгоогүй гэж байна. Гэтэл Д.******* тэтгэвэр олгогдож байгаа. ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу ******* нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 60 нас хүрээд ******* сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд зааснаар 21 жил 3 сар ажилласан байх нөхцөлийг хангасан тул 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс тэтгэврийг хэвийн нөхцөлөөр тогтоогоод өнөөдрийг хүртэл тэтгэврийг нь олгож байгаа. Түүнээс өмнө 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх тэтгэвэр дээр акт тавигдсан. Энэ нь 16.160.431 төгрөгийн акт тавигдсан. ******* хэлтсээс тавигдсан актыг үзүүлээгүй гэж байна. *******тай ******* ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагч ******* уулзалт хийж уулзалтын тэмдэглэл хөтлөгдсөн нь хавтаст хэрэгт хавсаргагдсан. Тухайн үед 19 700 000 төгрөг гэж байсан нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл танилцуулагдаж, тэр үедээ 60 нас хүрсэн гэдгийг мэдээгүй, тооцооллын хугацаанд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэж хийгдээд 19 700000 төгрөг гэж танилцуулагдсан. Улсын байцаагчийн 46 иргэнтэй холбогдсон актыг *******д өгөх боломжгүй байсан. Яагаад гэвэл хувь хүний нууц байсан учраас ийм акт тавигдахаар байна гэж танилцуулж, уулзалтын талаар тэмдэглэл үйлдсэн. Нэхэмжлэгч талаас хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэдгийг тогтоогоогүй байна гэж байна. ******* сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д тэтгэвэр тэтгэмж авагч хуурамч баримт бичиг бүрдүүлснээс гэж заасан байгаа. ******* нь барилгачнаар ажилласан байж тэр талаарх хөдөлмөрийн дэвтрээ өгөхгүйгээр шүүхийн шийдвэрийг үндэслэж тэтгэвэрт гарсан учраас манай байгууллагын зүгээс хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэж байгаа. ******* сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хуурамч баримт бичиг бүрдүүлснээр тэтгэвэр тэтгэмжийн эрх үүсээгүй байхад тэтгэвэр тэтгэмж тогтоолгож авсан бол гэж байгаа. Тогтоолгож авсан нь тэтгэвэр олголтын программаас харагдаж байгаа учраас тэтгэвэр олгогдсон нь тогтоогдсон гэж үзэж байгаа...гэв.

8. Хариуцагч А.******* нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа: 1995 оноос ******* хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн хувь хүний ажилласан хугацаа нийгмийн даатгалын дэвтрээр тооцогдож ирсэн. Харин 1995 оноос өмнөх хувь хүний ажилласан жилийг хөдөлмөрийн дэвтээр тооцогдож ирсэн. Уг хөдөлмөрийн дэвтэр дээр тухайн иргэнийг хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлж байсныг тодорхой бичдэг. Д.******* хөдөлмөрийн дэвтэр дээр ажилласан болон сурсан хугацаа нь тухайн үеийн нэгдлийн тамга тэмдэгтэйгээр бичигдсэн. Үүнийг тодруулахын тулд ******* хэлтсийн зүгээс аймгийн архив руу хүсэлт гаргасны дагуу *******тай холбогдолтой бүх тушаалуудыг гаргасан. 1989 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаартай нөхөн тушаал дээр ******* барилгачнаар томилогдсон байсан, мөн 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай тушаал дээр худгийг моторчноор тус тус томилогдсон байгаа нь бодит нөхцөл байдал дээр ******* нь малчин биш өөр ажил хөдөлмөр эрхэлж байсныг нотолж байна. *******г малчнаар ажиллаж байсан болохыг тодорхойлох 70-р дансыг үндэслэж шүүхийн шийдвэрээр малчин гэж гарсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Уг 70-р дансыг ******* байгууллагын зүгээс очиж үзэхэд хөдөлмөрийн эрхлэлтийн хөлсийг бичихдээ захиргаа аж ахуй гэж бичсэн байсан. Тухайн цалингийн цэс буюу 70-р дансаар мал маллаж байсан гэж үзэх үндэслэл байхгүй, зөвхөн тухайн хүний хөдөлмөр эрхлээд авч байсан цалин гарсан байсан. Тэр цалингийн цэс дээр захиргаа аж ахуй гэсэн тодотголтойгоор бичигдсэн байсан... Д.******* амьдралын явц хөдөлмөрийн дэвтрээс нь харагддаг. ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтрийг үндэслэнэ гэж заасан байгаа. ******* байгууллага маань өөрөө хуульд заасны дагуу хөдөлмөрийн дэвтрийг үндэслэж тэтгэвэр авагчийнхаа тэтгэврийг тогтоодог. Үүний үндсэн дээр Д.******* хөдөлмөрийн дэвтэр түүний амьдралын түүх болно гэж үзэж байна. 2013 оны нөхөн даатгалын баримтад улсын хөдөлмөрийн дэвтэр байсан. Харин 2018 онд шүүхийн шийдвэр гарахад олдохгүй байсан, эргээд 2023 онд тэтгэврийн төлбөр зөрчлийн асуудал яригдахаар энэ дэвтэр гарч ирсэн. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 759 дугаартай шийдвэрийг хөдөлмөрийн дэвтрийн хамт сумын байцаагчид аваачиж өгсөн бол тухайн сумын байцаагч ******* үүнийг үгүйсгэх байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ өгөхгүйгээр зөвхөн малчнаар ажилласан жилээ тогтоолгосон шүүхийн шийдвэрийг өгсөн, малчин тэтгэвэр тогтоогдсон. Нэхэмжлэгч талаас нөхөн гарсан тушаалыг үгүйсгэж байна. Нөхөн тушаалыг тухайн үед хөдөлмөр эрхэлж байсныг нь гаргасан байх. Илтэд хууль бус буюу гурван жилийн дараа малчнаар ажиллаж байсан хүнийг барилгачнаар гэж гараагүй байх...  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2. Завхан аймгийн ******* хэлтсийн улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 09/80 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар:

2.1. ******* Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” 32/01 дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 46 иргэний тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Д.******* нэр багтсан байх ба энэхүү актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасны дагуу тус хэлтсийн улсын байцаагч Т.*******, А.******* нар нь 2023 оны 09/80 дугаар актаар “Худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэх үндэслэлээр 16 160 430 төгрөгийг нэхэмжлэгч *******гаар буцаан төлүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахыг даалгажээ. /Хавтаст хэргийн 16-17, 63-70 дугаар хуудсанд/

2.2. Маргаан бүхий захиргааны акт буюу нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 09/80 дугаар актад ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Тэтгэвэр тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно” 1/ тэтгэвэр тэтгэмж авагч хуурамч баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэх зохицуулалтыг үндэслэсэн байна.

2.3. Хариуцагч улсын байцаагч нар дээрх хуулийн зохицуулалт дахь “тэтгэвэр авагч хуурамч баримт бүрдүүлснээс үндэслэлгүй тэтгэвэр авсан” гэх үндэслэлийг нэхэмжлэгч *******д хамааруулан нөхөн төлбөр ногдуулжээ.

2.4. *******  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 1/ нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас  доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол...” гэжээ.

2.5 Завхан аймгийн ******* хэлтэс нь нэхэмжлэгч *******г дээрх хуульд заасан болзол шаардлагыг хангасан буюу нийт 25 жил 11 сар 24 өдөр шимтгэл төлснөөс  15 жил 6 сар 16 өдрийг малчнаар ажилласан гэж үзэж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс түүнд малчны өндөр насны тэтгэврийг анх 280 000 төгрөгөөр тогтоож, улмаар Засгийн газраас нэмэгдүүлэн тогтоосон хувь хэмжээгээр тухай бүр тэтгэврийг нэмэгдүүлэн олгож байгаад 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр зогсоосон үйл баримт 2018 оны 12 дугаар сарын 03, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдийн тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэврийн хувийн хэргийн материал, ******* Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32/01 дүгээр акт зэрэг баримтуудаар нотлогдож байна. /Хавтаст хэргийн 61, 62, 63, 71, 72, 93-136 дугаар хуудсанд/

2.6. Нэхэмжлэгч Д.******* малчны өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосноос хойш *******  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан “...20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй...” гэх өндөр насны тэтгэвэр тогтоолгох ерөнхий шаардлагыг хангах болсон хугацаанаас буюу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс тооцон /энгийн/ өндөр насны тэтгэврийг түүнд нөхөн тогтоож, маргаан бүхий 2023 оны 09/80 дугаар актаар тогтоосон төлбөрийг 2023 оны 05 дугаар сараас эхлэн төлүүлж, нийт 1 575 000 төгрөгийн суутгал хийсэн нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэвэр олголтын тооцоолол, тэтгэвэр олголтын массив, гүйлгээний жагсаалт гэх баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 71-73, 154-159 дүгээр хуудсанд/

2.7. Хариуцагч нар “******* нь малчнаар ажилласан байдлаа 2018 онд шүүхээр тогтоолгохдоо хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөлгүйгээр зарим хугацааны ажилласан байдлын мэдээллээ нуусан” гэж үзэж, уг нөхцөлийг “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэх үйлдэлд хамааруулж нөхөн төлбөрийн акт тогтоосон байна.

2.8. Нэхэмжлэгч *******г хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж, шүүхээр шийдвэрлүүлээгүй талаараа хариуцагч нар тайлбарлаж байгаа ба ******* ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын үеэр *******г барилгачнаар болон худгийн моторчноор ажилд томилсон тушаалууд болон тэдгээрийн талаар тусгасан хөдөлмөрийн дэвтрийг олж тогтоосныг үндэслэн *******г “хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” гэж үзжээ. /Хавтаст хэргийн 48-50 дугаар хуудсанд/

2.9. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй, шүүхээс энэ талаар тогтоосон шийдвэр байхгүйн дээр нэхэмжлэгчээс өөрт хамааралтай аль нэг баримтыг засварласан, шинээр үйлдсэн гэх зэргээр хуурамч баримт үйлдэж бүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул зөвхөн хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөөгүй, худгийн моторчин, барилгачнаар ажилласан талаараа үнэн зөв мэдээлээгүй гэх нөхцөлөөр нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэврийг үндэслэлгүйгээр тогтоолгосон гэж буруутгах үндэслэлгүй юм.

2.10. Хэрэгт авагдсан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 759 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч *******г 1980 оны 06 сарын 15-аас 1983 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл, 1986 оны 08 сарын 10-аас 1991 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд малчнаар, 1991 оны 12 сарын 10-аас 1992 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл Ширээ ХК-д буюу нийт 9 жил 2 сар 16 өдөр малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон, уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажилласан нь тогтоогдсон гэж үзнэ. /Хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудсанд/

2.11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д “хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор зааснаас харахад дээд шатны шүүхээс өөр этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.12. Хэрэгт авагдсан Д.******* нэхэмжлэлтэй иргэний материалаас харахад уг хэргийг хянан шийдвэрлээд гаргасан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 759 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхээр хэргийг ямар нэг байдлаар дахин шийдвэрлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: 120.1.1 ...давж заалдах гомдол гаргаагүй...бол” гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх”-ээр байна.

2.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг няцаах, нэхэмжлэгчийн ажилласан байдалтай холбоотой уг асуудлыг дахин нотлох ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан тухайн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хуурамч хэмээн үзэж, нэхэмжлэгчид олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр нөхөн төлбөрийн акт тогтоосныг зөвтгөх  үндэслэлгүй байна.

2.14. Түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоох ажиллагаа дан ганц нэг талын буюу зөвхөн даатгуулагчид хамааралтай ажиллагаа бус, даатгуулагчид тэтгэвэр олгох ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй нийгмийн даатгалын байгууллагын хянах, судлах, шалгах, тогтоох цогц ажиллагаа юм.

2.15. Даатгуулагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо *******  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан баримт бичгийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын байгууллага нь  ******* тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан баримт бичгийг үндэслэн тэтгэвэр олгох тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.

2.16. Энэ маргааны тухайд Завхан аймгийн ******* хэлтэс нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 759 дүгээр шийдвэр болон бусад баримтыг үндэслэн нэхэмжлэгч *******д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс малчны өндөр насны тэтгэврийг олгохоор нэгэнт шийдвэрлэсэн атлаа, хожим дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгааг зөвтгөх боломжгүй. /Хавтаст хэргийн 61, 62, 93-136 дугаар хуудсанд/

2.17. ******* ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагч П.*******гаас нэхэмжлэгч *******тай хийсэн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн уулзалтын тэмдэглэл дэх “...2013 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн дагуу та нөхөн даатгалаар 08 жил 04 сарыг даатгуулахдаа 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн 009372 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг хавсарган өгсөн байна. Үүнд таныг 1980 оноос 1983 онд Говь-Алтай аймгийн Техник мэргэжлийн сургуульд сурсан, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан бичилт байна...” гэх агуулгаас харахад нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн дэвтрийн мэдээлэл нь 2018 онд анх өндөр насны тэтгэвэр тогтоох үед нийгмийн даатгалын байгууллагад өөрт нь хадгалагдаж байжээ. /Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд/

2.18. Нэхэмжлэгч ******* 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 8 жил 4 сарын тэтгэврийн даатгалын нөхөн шимтгэлийг 2013 онд тооцуулсан болох нь түүний 000270423 дугаарын нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 12, 44 дүгээр хуудсанд/

2.19. Тийнхүү тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2013 онд нөхөн тооцуулахдаа нэхэмжлэгч *******гаас гаргаж өгсөн 009372 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /1982 онд нээлгэсэн/-ийн хуулбар нь Завхан аймгийн ******* хэлтсийн архивд хадгалагдаж байсан нь дээрх 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн уулзалтын тэмдэглэлээр давхар нотлогдож байх бөгөөд энэ баримтын талаар хариуцагч улсын байцаагч нар үгүйсгээгүй нийгмийн даатгалын байгууллагын архивд хадгалагдаж байсныг тэд хүлээн тайлбарласан болно.

 2.20. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.******* ажилласан байдлын талаарх мэдээллийг агуулсан хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын байгууллагад өөрт нь хадгалагдаж байхад 2018 онд малчны өндөр насны тэтгэвэр тогтоох тухайн үед *******тай холбоотой баримтуудыг нягтлан шалгалгүйгээр тэтгэвэр тогтоох асуудлыг шийдвэрлэсэн атлаа “өөрт холбоотой зарим мэдээллийг нууж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” хэмээн дан ганц нэхэмжлэгчийг хожим буруутгаж, нөхөн төлбөрийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2.21. Хариуцагч улсын байцаагч нар маргаан бүхий актыг гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох, даатгуулагчийг сонсох, тайлбар гаргах боломжоор хангах ажиллагаа явуулсан талаарх баримт байхгүй байх ба ******* ерөнхий газрын улсын байцаагч П.*******гийн хийсэн уулзалтын тэмдэглэлээр уг ажиллагааг хязгаарласан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох, оролцогчийг сонсох үүргээ хариуцагч нар бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй байна.

2.22. Иймд өндөр насанд хүрсэн даатгуулагчийн хуулиар хамгаалагдсан нийгмийн баталгааг алдагдуулж, нийгмийн даатгалын сангаас 45 сарын хугацаанд нэхэмжлэгчид олгосон мөнгөн хөрөнгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Завхан аймгийн ******* хэлтсийн улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/80 дугаар акт нь ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан өндөр насны тэтгэвэр авах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.

2.23. Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, ******* тухай хуулийн 23 дугаар зүйлд “...нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, даатгуулагчийн ...хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална” гэж тус тус заасантай нийцээгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Өндөр насны тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгуулах, тэтгэвэр зогсоосон үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөж олгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:

3.1. ******* ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” 32/01 дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 46 иргэний тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэсэн ба захирамжийн хавсралтын жагсаалтын 36 дугаарт нэхэмжлэгч *******тай холбоотой агуулга тусгагдсан. /Хавтаст хэргийн 63-67 дугаар хуудсанд/

3.2. Дээрх актыг *******  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасныг үндэслэн гаргаснаас харахад нэхэмжлэгч Д.******* өндөр насны тэтгэврийг зогсоох шийдвэрийг ******* ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн актаар шийдвэрлэсэн байна.

3.3. Өөрөөр хэлбэл, Д.******* өндөр насны тэтгэвэр олголтыг Завхан аймгийн ******* хэлтсийн улсын байцаагч Т.*******, А.******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/80 дугаар актаар бус, ******* ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32/01 дугаар актаар шийдвэрлэсэн ба “Өндөр насны тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгуулах, тэтгэвэр зогсоосон үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөж олгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагууд нь хариуцагч Завхан аймгийн ******* хэлтсийн улсын байцаагч нарт хамаарахгүй  тул тус захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна.

3.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасан “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д заасан “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3.5 Нэхэмжлэгч нь ******* ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” 32/01 дугаар актын талаар харьяалах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, ******* тухай хуулийн 23 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, ******* сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн ******* улсын байцаагч Т.*******, А.******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/80 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлээс “Өндөр насны тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах, тэтгэвэр зогсоосон үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөж олгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн нийгмийн даатгалын улсын байцаагч Т.*******, А.******* нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ