Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0659

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагч Т.Ц, А.М

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 09/80 дугаар актыг хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах, тэтгэвэр зогсоосон үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн олгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Б.А

Хариуцагч Т.Ц, А.М, өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 118/2023/0019/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Т.Ц, А.М нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/80 дугаар актыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлээс “Өндөр насны тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах, тэтгэвэр зогсоосон үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөж олгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн 9 дүгээр талын 2.9-т “... Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй, шүүхээс энэ талаар тогтоосон шийдвэр байхгүйн дээр нэхэмжлэгчээс өөрт хамааралтай аль нэг баримтыг засварласан, шинээр үйлдсэн гэх зэргээр хуурамч баримт үйлдэж бүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул зөвхөн хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөөгүй, худгийн моторчин, барилгачнаар ажилласан талаараа үнэн зөв мэдээлээгүй гэх нөхцөлөөр нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэврийг үндэслэлгүйгээр тогтоолгосон гэж буруутгах нь үндэслэлгүй юм” гэсэн үндэслэлгүй дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, “1/ нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол...” гэсэн хуулийн шаардлагыг тэтгэвэр авагч Д.Б нь хангахгүй байгаа болох нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тул 2023 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэврийг зогсоож нөхөн төлбөр ногдуулсан улсын байцаагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/80 дугаар актаар Д.Б-г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасныг зөрчиж худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж, үндэслэлгүй илүү олгосон 16 160 430 төгрөгийг төлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохыг үүрэг болгожээ.

2.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохдоо худал мэдүүлэн гаргуулсан гэх Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 759 дүгээр шийдвэрээр Д.Б-г 1980 оны 06 дугаар сарын 15-аас 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 10-аас 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд малчнаар, 1991 оны 12 сарын 10-аас 1992 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл “Ш” ХК-д буюу нийт 9 жил 2 сар 16 өдөр малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон байхад нэхэмжлэгч Д.Б-г “...түүний малчнаар ажилласан хугацаагаа шүүхээр шийдвэрлүүлсэн нь сурсан болон нэгдэлд барилгачнаар ажилласан хугацаатай давхардсан” зөрчил илэрсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

2.3. Тодруулбал, нийгмийн даатгалын байгууллагаас хяналт шалгалт хийх явцдаа Д.Б-ийн ажилласан жилийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, түүнийг хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврээ буруу тогтоолгосон гэж үзэн, маргаан бүхий актаар илүү авсан 16 160 430 төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасанд нийцээгүй байна.

2.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажилласан байдал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байгаа энэ тохиолдолд хариуцагч нарын “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 1/ нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол...” гэсэн хуулийн шаардлагыг тэтгэвэр авагч Д.Б нь хангахгүй байгаа болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэврийг зогсоож нөхөн төлбөр ногдуулсан, улсын байцаагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргасан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

2.5. Хэдийгээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд хэрэглэх шаардлагагүй хуулийг хэрэглэсэн байх төдийгүй хариуцагчдын ажилладаг байгууллагын нэрийг буруу бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Т.Ц, А.М нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/80 дугаар актыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч нарт буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН