Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0642

 

 

 

 

 

 

 

 

   2023          08           23                                     128/ШШ2023/0642

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э******* ХХК                                                             Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э*******

Хариуцагч: С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А******* 

Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С******* нарын хоорондын “Сын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон Улсын байцаагч Б.С*******гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, О.М*******, хариуцагч Б.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Сын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “Улсын байцаагч Б.С*******гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ26 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлжээ

2. Нэхэмжлэгч компаниас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасанд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр УБ/51 дугаартай албан бичгээр хариу өгч, уг хариуг эс зөвшөөрч Сад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч компани Сын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Э******* ХХК-д холбогдох хэсгийг, Улсын байцаагч Б.С*******гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У дугаар дүгнэлтийг тус тус үндэслэлгүй гэж дараах байдлаар маргажээ. Үүнд:

4.1 Боловсролын дипломыг хуурамчаар үйлдэх гэдэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг. Ингэж хуурамчаар үйлдсэнийг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоох эрх зүйн зохицуулалттай,

4.2 Улсын байцаагч үнэхээр үүнийг хуурамч гэж байгаа бол харьяалах цагдаагийн байгууллагад нь шилжүүлээд шалгуулах байсан,

4.3 Улсын байцаагч сонсох ажиллагаа хийхэд хоёр өөр төрлийн лавлагаа ирсэн байдаг. Нэг нь төгссөн бүртгэлтэй гэж, нөгөөдөх нь бүртгэлгүй гэх. Үүнийг яагаад улсын байцаагч тодруулаагүй, зөрүүтэй мэдээлэл байгаад байхад хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон байна гээд хуулийн этгээдийн эрх, ашгийг хохироосон,

4.4 Илт худал мэдээлэл, хуурамч нотлох баримт гэдгийг хариуцагч тал нэгтгэж ойлгоод байна. Энэ хоёр нь тусдаа асуудлууд гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан. Энэ хооронд манай компанийн үйл ажиллагаа маш их доголдсон. Энэ нь нийгмийн хариуцлагын хүрээнд, ашиг олох, үйл ажиллагааных нь хүрээнд маш олон хүний амьдрал явж байдаг. Үүнийг сонсох ажиллагаа хийж байх үед Улсын байцаагч Б.С*******д зөндөө хэлж байсан. М.З******* гэдэг хүн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг төгссөн байна шүү дээ. Янз бүрийн цахим систем, бүртгэлийн шатанд нь алдаа гараад байна шүү дээ. Сайн магадалж ул суурьтай дүгнэлт хийж өгөөч гэж их гуйсан. Нэг хүний нэг бичиг баримтын талаар гурван өөр үр дүн гарсан байсанд арга ядаад энэ хүн хонхны баяраа ингэж хийж байсан, энэ хүний төгсөлтийн монтаж нь энэ гээд аваачиж өгч ч байсан. Би ажил олгогчийн хувьд ажилтандаа нэгдүгээрт итгэнэ. Хоёрдугаарт нотариатын дарсан тэмдэгт итгэнэ. Гуравдугаарт Төрийн яамны тамга тэмдэг, гарын үсэгт итгэсэн. Бид ажил хийгээд амьдрах гээд л явж байгаа шүү дээ. Янз бүрийн алдаа шалтгаанаар биднийг заавал хохироогоод байж болохгүй гэдгийг нэмж хэлье” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш Э******* ХХК гомдол гаргасан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гомдлын хариугаа авсан байдаг. Үүнээс хойш тушаал гарсан цаг хугацааг тооцоод үзэхээр дүрэм, журамдаа заасан 30 хоногийн хугацааг зөрчиж байгаа тул Сын 75 дугаар тушаалын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасны дагуу үндэслэлтэй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтад заасан үндэслэлээр Улсын байцаагчийн У дугаартай дүгнэлтийг илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлтэй байна.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан дүрэм, журмыг хариуцагч байгууллага үйл ажиллагаандаа маш сайн баримтлан ажиллуулдаг, хэрэгжүүлдэг субъектүүд байна. Улсын байцаагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан зөрчил илэрлээ гээд шалгалтын ажиллагаа явуулаад дүгнэлт гаргасан. Үүнийгээ сайдад танилцуулж байгаа. Сайд хүлээж авснаасаа хойш ямар хугацаанд шийдвэр гаргах вэ гэдгийг тухайн дүрэм дээр маш тодорхой заагаад өгчихсөн байна. Иймд хариуцагч байгууллагын хувьд яагаад 4 дүгээр сарын 06-ны өдөр тушаал гаргаад байгаа вэ гэдгээ л нотлох ёстой. Асуухаар хэзээ танилцуулснаа мэдэхгүй байна, баримт байдаггүй, 2022 оны 3 сард бусад компаниудын материалтай хамт амаар ороод танилцуулсан гээд байх юм. Хамгийн гол нь энэ баримтаа л гаргаж өгөх ёстой шүү дээ” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э******* ХХК нь 2021 онд С дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцсон. Тухайн худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр С болон Улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй Сад хандаж гомдол гаргасан байдаг.  Гомдлыг шийдвэрлэхгүйгээр 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тендерт орох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд хамруулсан.

Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 53 дугаартай албан бичгийг Сангийн яамд хүргүүлсэн. Уг албан бичгийн дагуу хяналт шалгалтыг явуулахдаа хугацаагаа хэтрүүлж Улсын байцаагчийн У дугаар дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтийг үндэслэн Сангийн яамны 75 дугаар тушаал гарсан байдаг.

Э******* ХХК нь Б.З*******тай 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингэхдээ боловсролын диплом, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотариатаар гэрчлүүлсэн хувийг ирүүлсэн байдаг. Ингэснээр Э******* ХХК нь ерөнхий барилгын инженертэй болсон учраас С дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцсон юм. Иймд Э******* ХХК нь иргэн М.З*******ын диплом хуурамч болохыг мэдэх боломжгүй. Шалгаж тогтоох эрхгүй ч байхгүй этгээд юм. 

Улсын байцаагч Б.С******* дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан Иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, мөн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад заасан бодит байдалд биелүүлэх боломжгүй, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлүүдээр илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.   

Иймд Сын 75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Улсын байцаагч Б.С*******гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

8. Хариуцагч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагч Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хяналт шалгалтыг 30 хоног, амжихгүй тохиолдол үүсэхэд сунгаад 30 хоног, нийтдээ 60 хоногийн хугацаанд шалгуулж байгаа этгээд буюу Э******* ХХК-ийн захиралд мэдэгдээд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тайлбар өгөх боломжоор нь хангаж, үүний дагуу нотлох баримт цуглуулан дүгнэлтдээ хавсаргасан. Иймд Улсын байцаагчийн дүгнэлт нэхэмжлэлд заасны дагуу илт хууль бус байх ямар ч боломжгүй, үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиалагч болох С дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерт нэхэмжлэгч Э******* ХХК оролцсон байдаг. Ингэж оролцсонтой холбогдуулан Э******* ХХК нь илт худал мэдээлэл ирүүлсэн гэдэг үндэслэлээр Сангийн яаманд гомдол  гаргасан. Уг гомдолд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад энэхүү Э******* ХХК тендерт оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлсэн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Дээрх дүгнэлтийг гаргахдаа хоёр албан бичгээр хариу тайлбар авсан байдаг. Боловсрол, Шинжлэх ухааны яамны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 15/3 тоот албан бичгээр тухайн диплом нь М.З*******ын мэдээлэлтэй нийцэхгүй байна гэсэн хариу ирсэн. Дараагийнх нь Шинжлэх, ухаан технологийн их сургуулийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4 тоот албан бичгээр тухайн дипломыг төгсөлтийн мэдээллийн сангаас шалгахад мэдээлэл олдоогүй гэсэн хариуг ирүүлсэн. Энэхүү үндэслэлүүдээр М.З******* нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг тухайн дипломтойгоор төгсөөгүй юм байна гэж тогтоосны үндсэн дээр байцаагч дүгнэлтээ гаргасан.

Нэхэмжлэгч энэхүү тендерт оролцохдоо тухайн диплом хуурамч эсэхийг мэдээгүй гэж тайлбарладаг. Гэтэл Сын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу тендерт оролцож байгаа этгээд нь тендерт оролцохдоо гарган өгч байгаа материал болон түүний хавсралтаа үнэн зөв болохыг өөрөө хариуцна. Үүнийгээ өөрөө нягталж шалгана. Шалгаагүй, хариуцлагагүй хандсанаас үүссэн бүхий л хариуцлага, эрсдэлийг тендерт оролцогч өөрөө хариуцна гэсэн агуулгатай заалт байдаг. Тэгэхээр М.З*******ын диплом хуурамч гэдгийг мэдээгүй, манай компанийг хар жагсаалтад  бүртгэсэн нь хууль бус юм аа гэдэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. С дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2021 онд зарласан СБДХААА/ дугаартай “6 дугаар хороо, 1 байрны дээвэр засварын ажил” тендер шалгаруулалтад илт худал мэдээлэл ирүүлсэн гэх үндэслэлээр 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар албан бичгээр Э*******  ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.

3. Захиалагч нь тендерийн ерөнхий нөхцөлийн магадлах явцад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хандаж, уг асуудлыг шалгаж, тогтоолгохоор байна.

4. Үүнтэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төсвийн ерөнхийлөн захирагчид болон захиалагчдаас ирүүлсэн хүсэлт, мэдээллийн дагуу тендер шалгаруулалтад оролцогчид, гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх зэргийг шалгаж тогтоох зорилгоор “Хяналт шалгалт хийх тухай” УБ/04 дүгээр удирдамж, түүний хавсралтаар баталсан хяналт шалгалт хийх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад Э*******  ХХК багтжээ.

5. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 (в)-д “Гэрээг хариуцан ажиллах ажилтан болон удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх: “Ерөнхий инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан тендерт оролцогч байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай. Эдгээр ажилчид нь мэргэжлээрээ хүснэгтэд заасны дагуу ажилласан байх ба тухайн байгууллагад 1 жилээс доошгүй ажилласныг НД-7, НД-8 дугаар маягтын сүүлийн нэг жилийн баталгаажуулсан тайлан, ... лавлагаагаар нотолно. Үндсэн ажилтны сургууль төгссөн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, ... мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ ...” гэж заажээ.

6. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У дугаартай дүгнэлтээр Э******* ХХК-аас тендер шалгаруулалтад оролцохдоо ерөнхий инженерт санал болгосон М.З*******ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D20 дугаартай барилгын инженер мэргэжлийн диплом нь хуурамч болох нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2021 оны  9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4 тоот албан бичиг болон Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн D20 дугаартай дипломын мэдээлэл нь албан бичиг дээрх иргэний мэдээлэл /Машбат овогтой З*******/-тэй нийцэхгүй байна гэсэн 15/3 тоот албан бичгүүдээр нотлогдож байна гэж үзэж нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 521 дугаар зүйлийн 521.2.1-т “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”-аар заасантай нийцжээ.

7. Түүнчлэн Сын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-д Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж зааснаар тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцахаар байна.

8. Нэгэнт нэхэмжлэгч Э******* ХХК илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь тогтоогдсон энэ тохиолдолд маргаан бүхий дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актад хамааруулах үндэслэлгүй байна.

9. Мөн энэ талаар нэхэмжлэгчийн дээд боловсролын диплом хуурамч эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог гэх тайлбар үндэслэлгүй.

10. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч сонсох ажиллагаа хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан сонсох ажиллагааны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

11. Дээрх үндэслэлүүдээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У дугаартай маргаан бүхий акт нь:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна”, 521.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 521.2.1-д “энэ хуулийн ...14.1.6...-д заасан нөхцөл үүсэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах’ гэснийг,

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч......илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон.....нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай” этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

12. Сын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 75 дугаар тушаалаар Э******* ХХК-ийг Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У дугаар дүгнэлтээр “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болох”-ыг тогтоосон гэж үзэж тендер оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/2153 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.

13. Нэгэнт нэхэмжлэгч Э*******  ХХК нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд маргаан бүхий дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 5211-т заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж нийтэд мэдээлнэ”, 52 дугаар зүйлийн 52.1.14-д “энэ хуулийн 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх” гэж заасантай нийцжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

 1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дүгээр зүйлийн 521.1, 521.2.1-д заасныг тус тус баримтлан Э*******  ХХК-аас С, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Б.С******* нарт холбогдуулан гаргасан “Сын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 75 дугаар тушаал, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                                   

 

                                        ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ