Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1801

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа

баривчлах төвийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/02076 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баривчлах төвийн хариуцагч Х.Б-д холбогдуулан гаргасан баривчлах байранд байсан хугацааны шууд зардалд 65 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Б нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 351 тоот шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 4 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.4.4 дэх заалтыг зөрчиж 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж, уг шийтгэлийг Баривчлах төвд биечлэн эдэлсэн ба 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан. Х.Б нь Баривчлах байрны дотоод журмын 20 дугаар зүйлийн 1-т заасан баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй ба Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн яамны сайдын хамтарсан 2018 оны А/63,70 дугаар тушаалын 5.4 дэх хэсэгт заасны дагуу Баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг төлөх хангалттай үндэслэл бүрдсэн тул түүний биеэр эдэлсэн 30 хоногийн баривчлагдсан хугацааны шууд зардал 53 700 төгрөг, Х.Б-тай холбоотой материал шүүхэд бэлдсэн зардал 11 370 төгрөг, нийт 65 070 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баривчлах байрнаас гарахдаа уг төлбөрийг төлсөн. Манай бэр дүү болох Ш.О намайг очиж авахдаа төлбөрийг төлсөн. Үүнийг Ш.О нотолно. Нэгэнт төлбөрийг төлсөн учир 65 070 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвөөс Х.Б-д холбогдуулан гаргасан баривчлах байранд байсан хугацааны шууд зардал, шүүхийн зардалд нийт 65 070 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулах боломжгүй харилцааг тухайн хуульд эрх олгосон буюу 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсгийг үндэслэн "Баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээ"-г баталж, тус журмаар баривчлагдсан этгээдийн зардлыг илүү нарийвчлан зохицуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт баривчлах байрны дотоод журамд тусгах зүйлийг заасан бөгөөд түүнд баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг тооцох талаар заасан байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Гагцхүү хуульд заасан тохиолдолд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх бөгөөд харин захиргааны актаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх үүрэг үүсэх, өөрчлөх, дуусгавар болгосон тохиолдлыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэхгүй" гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д "Баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална" гэж эрх олгосон хуулийн хэсгийг үндэслэн батлагдсан эрх зүйн актыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

            Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Баривчлах төв нь хариуцагч Х.Б-д холбогдуулан баривчлах байранд байсан хугацааны шууд зардалд 65 070 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...төлбөрийг төлсөн” гэж маргажээ.

 

            2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 351 дүгээр шийтгэврээр Х.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаатайгаар баривчлах шийтгэл ногдуулж, /хх13-14/ 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шийтгэлийн хугацаа дууссан талаар хүлээн авах хуудсанд тэмдэглэхдээ төлбөр төлөөгүй гэжээ. Мөн төлбөр төлсөн мэдээлэл гэх хэсэг бөглөгдөөгүй байна. Гэрч Ш.О төлбөрийг төлсөн гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлэг нь баривчлах байрны албан ёсны баримтаар үгүйсгэгдэж байх тул “... төлбөрийг төлсөн” гэх хариуцагчийн тайлбар нь баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. /хх12/

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.8-д болон 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг тооцох болон баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын Ерөнхий прокурор болон Санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлахаар заажээ.

 

            Иймд Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/63,70 дугаар хамтарсан тушаалаар “Баривчлагдсан этгээдийг баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээг тооцох журам”-аар баталсан аргачлалын дагуу баривчлах төвийн дарга 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байрласан 30 хоногийн хугацааны шууд зардлыг 53 700 төгрөг байхаар тогтоосныг буруу гэж үзэхээргүй байна. /хх4/

 

            Дээрх журмын 5.4-т “Баривчлагдсан этгээд баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг төлөөгүй буюу албадан хөдөлмөрлүүлсний хөлс шууд зардалд хүрээгүй эсхүл биеийн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаас хөдөлмөр хийгээгүй бол баривчлах төвийн захиргаа төлбөрийн хэмжээг өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулан, харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан тул хариуцагч Х.Б-аас баривчлах байранд байсан хугацааны шууд зардалд 53 700 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хүлээн авах үндэслэлтэй.

 

            Мөн хорих ангид мөрдөх хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий албан тушаалтнаас баталсан дүрэм журмыг мөрдөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.1-д заасан үүрэг баривчлагдсан этгээдэд нэгэн адил хамаарахыг мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан тул журмаар тогтоосон зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 148 дугаар зүйлийн баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг хэрхэн тооцож тогтоох талаарх нарийвчилсан зохицуулалтыг шийдвэр гүйцэтгэх байгууллагын санхүүжилт, хоригдсон этгээдийн ахуй хангамж, нөхцлийг тогтоосон ерөнхий зохицуулалтаас ялгаж ойлгоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг зөвтгөх шаардлагатай.

 

            Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 11 370 төгрөгийн зардал нь дээр дурдсан шууд зардалд хамаарахгүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/02076 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баривчлах төвөөс Х.Б-д холбогдуулан гаргасан баривчлах байранд байсан хугацааны шууд зардал, шүүхийн зардалд нийт 65 070 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... Х.Б-аас 53 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 370 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ