Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2019/02076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БТ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б-д холбогдох

Баривчлах байранд байсан хугацааны шууд зардалд 65,070 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Х.Б, гэрч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Б нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 351 тоот шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.4.4 дэх заалтыг зөрчиж 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж, уг шийтгэлийг Баривчлах төвд биечлэн эдэлсэн ба 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан. Х. Б нь Баривчлах байрны дотоод журам-ын 20 дугаар зүйлийн 1-т заасан баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй ба Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн яамны сайдын хамтарсан 2018 оны А/63,70 дугаар тушаалын 5.4 дэх хэсэгт заасны дагуу Баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг төлөх хангалттай үндэслэл бүрдсэн тул түүний биеэр эдэлсэн 30 хоногийн баривчлагдсан хугацааны шууд зардал 53,700 төгрөг, Х.Б-тай холбоотой материал шүүхэд бэлдсэн зардал 11,370 төгрөг, нийт 65,070 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баривчлах байрнаас гарахдаа уг төлбөрийг төлсөн. Манай бэр дүү болох Ш.О намайг очиж авахдаа төлбөрийг төлсөн. Үүнийг Ш.О нотолно. Нэгэнт төлбөрийг төлсөн учир 65,070 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БТ нь Х.Б-д холбогдуулан баривчлах байранд байсан хугацааны шууд зардал, шүүхийн зардалд нийт 65,070 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч баривчлах байранд байсан хугацааны зардалд 53,700 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

Үйл баримтын талаар

Х.Б нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 351 дугаар шийтгэврээр захиргааны зөрчил гаргасан учир 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд баривчлах шийтгэлийг эдэлжээ. /хх-12-14/

Баривчлагдсан этгээдийг хүлээн авах хуудаст Х.Б-г хүлээн авч, байрнаас гаргасан тухай тэмдэглэл үйлдсэн байх ба байрласан хугацааны зардлыг барагдуулсан эсэх тухай асуулгад төлбөр төлөөгүй гэж гарын үсэг зурсан, мөн төлбөр төлсөн мэдээлэл гэх хэсэгт төлбөр төлсөн тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зураагүй байна. /хх-12/

Хариуцагч нь баривчлах шийтгэл дуусгавар болсон өдөр бэр дүү Ш.О 30 хоногийн төлбөр 53,700 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тайлбарласан бөгөөд гэрч Ш.О мөн ийнхүү мэдүүлсэн байна. /хх-32-24/ Гэрч хэдийгээр төлбөрийг төлсөн хэмээн мэдүүлсэн ч баривчлагдсан этгээдийг хүлээн авах хуудаст тэмдэглэгдсэн мэдээллийг үгүйсгэх хэмжээний нотолгоо гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч хэрэв төлбөрийг төлсөн бол төлбөр төлсөн мэдээлэл хэсэгт энэ тухай бөглөн гарын үсэг зурах байжээ. Иймээс хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг үндэслэн төлбөр төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна.

Шаардах эрхийн талаар

Нэхэмжлэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/63,70 дугаар тушаалаар батлагдсан Баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээг тооцох журам-ын 5.4-т Баривчлагдсан этгээд баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг төлөөгүй буюу албадан хөдөлмөрлүүлсний хөлс шууд зардалд хүрээгүй эсхүл биеийн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаас хөдөлмөр хийгээгүй бол баривчлах төвийн захиргаа төлбөрийн хэмжээг өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулан, харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасныг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ. БТ-н дарга баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байрласан хугацааны шууд зардлын хэмжээг баталснаар 30 хоногт 53,700 төгрөг, шүүхийн зардал 11,370 төгрөг, нийт 65,070 төгрөг гаргуулна гэжээ. /хх-4, 5-11/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд гэрээний бус үүрэг буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүрэгт хамааруулан шаарджээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд өмчийн эрх зүй, гэрээний эрх зүй, гэм хор учруулснаас үүрэг үүсээгүй, харин хариуцагчийн эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг багасгах замаар өссөн нь зөвтгөх аргагүй гэж үзэн шаардлага гаргажээ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн үүргийг шаардахад нэгдүгээрт, хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй буюу хариуцагчид тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль зүйн үндэслэлгүй, эсхүл гэрээнд зааснаар зөвтгөх боломжгүй байх, хоёрдугаарт, бусдын зардлаар хөрөнгөжсөн байх буюу бусдад байх ёстой хөрөнгө, бусад этгээдийн хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө, үр шимийг хүртсэн нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Тодруулбал, хариуцагч Х.Б баривчлах байранд 30 хоногт байрласан хугацааны зардал 53,700 төгрөгийг төлөөгүй нь Баривчлах төвийн хөрөнгийг багасган, хариуцагчийн хөрөнгийг нэмэгдүүлсэн байх, улмаар ийнхүү төлөөгүйг хууль, гэрээний дагуу зөвтгөх үндэслэлгүй байхыг шаардана.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлөх үндэслэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/63,70 дугаар тушаалаар батлагдсан Баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээг тооцох журам гэж үзжээ. Уг журам нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д Баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална гэж заасныг үндэслэл болгожээ. /хх-5-11/

Тус журмын 1.1-т Энэхүү журмын зорилго нь баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг төлөхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино, 2.3-т Баривчлах байр нь баривчлагдсан этгээдийн нэрийн дансанд тушаасан мөнгөнөөс шууд зардалд суутгах. . ., 5.4-т Баривчлагдсан этгээд баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг төлөөгүй буюу албадан хөдөлмөрлүүлсний хөлс шууд зардалд хүрээгүй эсхүл биеийн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаас хөдөлмөр хийгээгүй бол баривчлах төвийн захиргаа төлбөрийн хэмжээг өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулан, харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан нь баривчлагдсан этгээд байранд байрласан хугацааны зардлыг өөрөө хариуцах агуулгатай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.5-д Баривчлагдсан этгээд энэ хуулийн 146.3[1], 146.4[2]-т заасантай холбогдох зардлыг өөрөө хариуцна., 144 дүгээр зүйлийн 144.1-т Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр оногдуулсан баривчлах шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ., 269 дүгээр зүйлийн 269.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсвөөс санхүүжинэ., 269.3-т . . . хуульд заасан тохиолдолд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдээр нөхөн төлүүлнэ. гэж заасан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд баривчлагдсан этгээд бусадтай уулзалт хийх, илгээмж, захидал илгээх, гадаалах, биеийн тамирын дасгал хийх, утсаар ярихтай холбоотой зардлыг өөрөө хариуцаж, бусад зардал буюу дээр дурдсан журамд шууд зардалд хамааруулсан дулаан, цахилгаан хэрэглүүлэх, халуун хоол цайгаар үйлчлэх, автомашинаар хүргэх тээвэрлэх, карт бичиг баримт хөтлөх, усанд оруулах, фото зураг авах, хувцас угаалга, нэрийн дансны үйлчилгээ үзүүлэх, үс авах, засах үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэх агуулгатай байна. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээний зардлыг тухайн этгээдээр нөхөн төлүүлэх боловч Зөрчлийн тухай хуульд заасан баривчлах шийтгэл нь нөхөн төлүүлэх арга хэмжээнд хамаарахгүй байна.

Гагцхүү хуульд заасан тохиолдолд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх бөгөөд харин захиргааны актаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх үүрэг үүсэх, өөрчлөх, дуусгавар болгосон тохиолдлыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэхгүй.

Захиргааны зөрчлийн улмаас баривчлах шийтгэл хүлээсэн эдгээдийн баривчлах байранд байрласан хугацааны зардал (Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/63,70 дугаар тушаалаар батлагдсан журамд шууд зардалд хамааруулсан зардал)-ыг улсын төвсөөс санхүүжүүлэхээр хуульд заасан байх тул нэхэмжлэгч БТ нь хариуцагч Х.Б-аас уг зардлыг төлүүлэхээр шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох баривчлах байранд байрласан хугацааны зардалд 53,700 төгрөг гаргуулахыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул дагалдах шаардлагад хамаарах шүүхийн зардалд 11,370 төгрөг гаргуулах нь мөн үндэслэлгүй.

Иймээс БТ-с Х.Б-д холбогдуулан гаргасан баривчлах байранд байсан хугацааны шууд зардал, шүүхийн зардалд нийт 65,070 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан  БТ-с Х.Б-д холбогдуулан гаргасан баривчлах байранд байсан хугацааны шууд зардал, шүүхийн зардалд нийт 65,070 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН