Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1821

 

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01798 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.С-ийн нөхөн олговорт 40 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, прокурор С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С-ийн төрсөн эцэг Б.Б нь 1933 оны 7 дугаар сарын 7-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх Тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм байна. Тэр цагаас хойш эцэг нь буцаж ирээгүй юм билээ. Бүгд Найрамдах Монгол Ард улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгалын ажлыг эрхлэх комиссын 1962 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор эцэг Б.Б-г цагаатгасан байна. Б.С нь 1928 онд төрсөн ба аавыгаа баригдахад 5 настай байсан, Б-гийн хүүхдүүдийн отгон охин 91 настай ганц үлдсэн хүүхэд нь болно.

Иймд хэлмэгдэгч Б.Б-ийн охин Б.С-д нөхөн олговор болох 40 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

 

Прокурор С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй. Б.Б нь 1933 онд хэлмэгдэж, 1962 онд цагаатгагдсан. Түүний төрсөн охин Б.С ганцаар амьд сэрүүн байгаа нь тогтоогдсон тул нөхөн олговор олгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан үндэслэлгүй тул 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны хуулийн өөрчлөлтийн дагуу 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу эцэг Б.Б хэлмэгдэгчийн цорын ганц 91 настай охин нь тул 1933 онд улс төрийн хэрэгт баривчлагдаад ор сураггүй алга болсон эцэг Б.Б-гийн тухай 64 жилийн дараа 1997 онд эгч Т-тай мэдэж 1962 онд Бүгд найрамдах монгол ард улсын ардын их хурлын 79 дүгээр тогтоолоор цагаатгагдсан гэдгийг мэдсэнээр эцэг минь 1933 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ДХГ-ын дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар хурлаас эцэг Б.Б 5 жилээр шийтгэгдсэн боловч харьж ирээгүй ба улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн тогтоогдсон тул 40 000 000 төгрөг нэхэмжилсэн. 2018 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын хэлмэгдэгч, нас барсан бол эхнэр хүүхдэд нь цаазлуулсан бол 80 000 000 төгрөг, хорих ялаар шийтгэгдсэн бол 40 000 000 төгрөгийг нөхөн олговор олгоно гэсэн дагуу бүх материалаа, лавлагаа, сонины зар дээр гарсан сонин архивын материал нотолгоогоо бүрдүүлж 2019 оны 3 дугаар сарын 4-ний зууны мэдээ сонины хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлж 2019 оны 2 дугаар сарын нэрсийн жагсаалтад Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг Б.С, хэлмэгдэгч Б.Б-ийн хүүхэд 40 000 000 төгрөг гэж нэрсийн жагсаалтад нийтлэгдсэн. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хурал болж Б.С би нэмэлтээр ээж Ц-д гэр орноо үнээ, малаа хураалгаад арга гүйдэж хүү М-нд амьдарч байтал хүү нь 1938 онд баригдаж 10 жил хорих ял авсан тул хүү Г-нд охин С-тэйгээ зээ охин Г.Д, Д.Б-тайгаа амьдарч байгаад 1948 онд нарийнтаж ээж минь нас бараад би дүү Д дагуулж эгч До дээрээ ирсэн миний нөхөр Э.Д 1959 онд Улсын Барилгын Зургийн Инстутээс 24 м.кв 2 өрөө байр Барилгачдын 106 айл гэдэг байранд оруулсан. Энэ байр нь одоогийн хаяг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-48 тоот 1991 онд нөхөр минь нас барж байр нь миний нэр хүүхэд дээр шилжсэн. Байраа 1999 онд зараад хүүхдүүдээ хувааж өгсөн. 2000 онд охин Бо На нар минь Б.Ц гэдэг хүнээс 10 сая төгрөгөөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 2-53 тоот байр авч гурвуулангийн нэр дээр байсныг 2015 онд зарсан. Одоо Б.С миний нэр дээр байр газар байхгүй болно. Тэтгэвэр 310 000 төгрөг авдаг. 1933 онд баригдаад сураггүй болсон аав Б.Б-ийн хорих 5 жилийн ялаар шийтгэгдсэн тогтоолыг үндэслэж төрсөн ганц охин болох Б.С надад уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заалтын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн заалтаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгэсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр) эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд хэлмэгдэгчийн нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 000 000 төгрөг олгох нөхөх олговрыг олгуулж өгөхийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.С нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан этгээдийн нөхөн олговорт 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

            Дотоодыг Хамгаалах газрын дэргэдэх Тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Б.Б-г 5 жилийн хорих ялаар шийтгэснийг /хх34/ БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын хурлын 1962 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор цагаатгажээ. /хх35-36/

 

            Нэхэмжлэгч Б.С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн төрсөн охин буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй” байх, тодруулбал, “хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа” гэсэн нөхөн олговор олгох хуулиар тодорхойлсон урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж үзэхээр байна.

 

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын газрын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 05/491 дугаар албан тоотоор Б.Б-ийн хэрэгт гэр, орон байр, эд хөрөнгийг хураасан баримт байхгүй талаар дурдсан байх бөгөөд хэрэгт орон байр эд хөрөнгөөр хохирсон талаарх баримт авагдаагүй байна.

 

            Шүүх нөхөн олговор хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ