Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00313

 

 

Б.Сэмжидийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01798 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1821 дүгээр магадлалтай,

 

Хүсэлт гаргагч : Б.Сэмжид

 

Нөхөн олговорт 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан Б.Сэмжидийн гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Б.Сэмжидийн төлөөлөгч Д.Оюунханд, прокурор С.Эрдэнэтуяа, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Б.Сэмжид шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний төрсөн эцэг Б.Балдан нь 1933-07-07-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх Тусгай комиссын 1933-11-03-ны өдрийн 6-р хурлын тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм байна. Тэр цагаас хойш эцэг минь буцаж ирээгүй билээ. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгалын ажлыг эрхлэх комиссын 1962-12-13-ны өдрийн 79-р тогтоолоор эцэг Базарын Балданг цагаатгасан байна. Балдангийн Сэмжид би 1928 онд төрсөн ба аавыгаа баригдахад 5 настай байсан, Балдангийн хүүхдүүдийн отгон охин 91 настай ганц үлдсэн хүүхэд нь болно. Иймд хэлмэгдэгч Базарын Балдангийн охин Балдангийн Сэмжид миний биед олгогдох нөхөн олговор болох 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа тайлбартаа: Базарын Балдан нь 1933 онд хэлмэгдэж, 1962 онд цагаатгагдсан. Түүний төрсөн охин Б.Сэмжид ганцаар амьд сэрүүн байгаа нь тогтоогдсон тул нөхөн олговор авах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 181/ШШ2019/01798 дугаар шийдвэр гаргаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан үндэслэлгүй тул 40,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай Б.Сэмжидийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар Б.Сэмжид улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурджээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1821 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Б.Сэмжид хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би Хэнтий аймгийн Батширээт суманд 1928 онд төрсөн. Миний эцэг Базарын Балдан 1933-07-07-нд Дотоодыг Хамгаалах Газарт Улс төрийн хэрэгт баривчлагдан 1933-11 сарын 3-нд ДХГ-ын дэргэдэх тусгай комиссын 6-р хурлын тогтоолоор 5 жилээр хорих ялаар шийтгэгдсэн юм байна. 1962-02-13-ны БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх Комиссын 79-р тогтоолоор цагаатгасан байна. Миний эцэг Б.Балдан 1997 он хүртэл ор сураггүй байсан ба бид эгч хоёулаа 1997 онд аавынхаа тухай мэдэж тухайн үед олгож байсан 1 сая төгрөг авсан болно. 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдуулан 3.1.1-д заасны дагуу улс төрийн хилс хэрэг гэж тухайн үеийн эрүүгийн хуульд заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бусаар зохиомлоор бүрдүүлсэн хэргийг, 3.1.2-т улс төрийн хэлмэгдүүлэлт гэж хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан нам төр нийгэмд аюултай этгээд гэж тооцож улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн албадлагын арга хэмжээ авагдсан нь миний эцэг Базарын Балданд бүрэн тогтоогдсон үнэн тул цагаатгагдсан билээ. Баригдахдаа аав Б.Балдан 51 настай 1933 онд байсан ба 1882 онд төрсөн хүн юм. 2019-04-02-нд СБД-н ИХАШШ-д Сэмжид миний бие хүсэлт гаргаж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай 1998 оны хуульд 2018-01-12-ны өдрийн хуулиар нэмсэн 13.2-д Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурьдсанаар олгоно гэсний дагуу миний эцэг Базарын Балдан улсын төрийн хэрэгт 5 жил хорих ялаар шийтгэгдсэн нь зохих бүх баримтаар тогтоогдож, цагаатгалын үнэмлэхээ авсан. Зууны мэдээ сонинд уг хуулийн 13-р зүйлийн 13.2.2 дахь заалт, МУ-ын ЗГ-н 1998-02-18-ны өдрийн 21-р тогтоолын хавсралтын 3-р хэсгийн дагуу нөхөх олговор хүсэлтээ бүрдүүлсэн тул 21-р тогтоолын 4 дэх хэсгийн 5-ийн б, в, 9-р заалтуудыг баримтлан сонинд 2019 оны 2 сарын нэрсэнд 2019-03-04-нд нийтлэгдсэн болно. Үүнд: нэрсийн жагсаалтын 16-д УБ,СБД, Балдангийн Сэмжид, хэлмэгдэгч Балдан Базарын, Хэнтий, Хүүхэд, 40 сая, гэсэн сонингийн нийтлэлийн дагуу СБД-н анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянгад холбогдох бүх баримт материал болон гэр эд хөрөнгөө хураалгаж зовж явснаа гэрчлүүлсэн хоёр эгчийнхээ хүүхдүүд болох П.Дуламханд, Д.Бадамгарав нарын нотариатаар батлуулсан гэрчийн тодорхойлолт, миний боловсрол, гэр орны орон сууцны бүх тодорхойлолт хавсаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэлмэгдэгч Базарын Балдангийн ганц амьд үлдсэн охин Б.Сэмжид мөн боловч эцэг Базарын Балдангийн 5 жилээр шийтгэгдсэн тогтоогдсон боловч Тагнуулын Ерөнхий газрын архивын лавлагаан дээр хөрөнгийн 20% гэснийг хураасан юм уу, үлдээсэн юм уу г тогтоогоогүй мөртлөө эд хөрөнгө хураасан баримт байхгүй, шийтгэгдсэн тогтоолд энэ талаар тусгаагүй, хэлмэгдүүлэлтийн улмаас хэлмэгдэгчийн гэр орон сууц эзэмших зөрчигдсөн гэж үзэх баримт тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. 2019-09-23-нд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад СБД-н ИХАШШ-н шийдвэрийг хэвээр үлдээж Балдангийн Сэмжид надад огт хамааралгүй уг хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй байх тодруулбал хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа гэсэн нөхөн олговор олгох хуулиар тодорхойлсон урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж үзэхээр байна гэж шүүх тодорхойлсон байна. Иймд хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгахтай холбогдуулан уг хуулийн 13.2.2-т Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоно гэж 2018-01-12-ны өдрийн хуулиар нэмсэн байгааг заавал хэлмэгдэгчийн гэр орон эд хөрөнгөтэй холбож үзэх шаардлагагүй гэж үзэж энгийн үгээр уншигдаж байгаа нь хэлмэгдэгчийн улс төрийн хилс хэрэгт тухайн 3.1.1-д заасны дагуу тухайн үеийн Эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэг заалтанд хамрагдах БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Газрын дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын хурлын 79-р тогтоолын 1962-2-13-ны өдөр утга нь Хэнтийн групп хэрэг г шалгасан дүнгийн тухай материалаас харахад Тусгай Комиссын дарга ДХГ-н дарга Намсрай, Бүх цэргийн Жанжиж Дэмид, Улсын прокурор Ядамсүрэн, Шүүх яамны сайд Дэндэв, Гиваапил ДХГ-н орлогч, зөвлөхөөр Цевисов ДХГ-н ерөнхий сургагч нар 1933-11-3-нд 6-р хурлаар Японы цэргийн ерөнхий штабаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан хувьсгалын эсэргүү, тагнуул ба зэвсэгт бослого гаргах бүлгэмийн удирдагчид ба гүйцэтгэгчид болох нэр бүхий 174 ялтны хэрэг г ДХГазар ба түүний тусгай хэлтэс ба Хэнтийн ангиас хамтран илрүүлж Шүүх цаазын бичгийн 42- оос 51-р зүйлээр шийтгүүлэхээр Намсрай Цевисов нарын баталсан ялын төлөвлөгөөгөөр таслан шийтгэсний Сайд нарын Зөвлөлөөс 1933-11-4-нд нууц 4-р хурлаар баталж ёсоор гүйцэтгэсэн. Хэнтийн групп хэрэг гүтгэлгээр бий болж зохиогдсоныг Намын Төв хорооны Улс төрийн Товчооны 17-р хурлын тогтоолоор тогтоож энэ хүмүүсийг 1962 онд цагаатгасанд миний эцэг Базарын Балдан 1933-7-7-нд баригдаад 1933-11-4-нд 5 жилийн хорих ял авахдаа мөрдөн байцаалтын хатуу хүнд байдлыг 50 гарсан хөгшин хүн байсан учраас дийлэлгүй нас барсан байх даа. Миний ээж Борлойн Цэгмид аавтай чацуу хүн байсан ба 1948 онд Хэнтийд Батширээтдээ нарийнтах өвчнөөр өөд болсон ба аавын тухай огт мэдэж чадаагүй. СБД-н ИХАШШ-н шүүгч Ө.Уянга улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Базарын Балдангийн эхнэр Б.Цэгмид 1948 онд Б.Балданг цагаатгагдаагүй эсэргүү байхад нь 1948 онд нас барсан учир ямар ч орон сууц авч чадаагүй болохыг мэдмээр юм. Заавал Б.Балдан хэлмэгдэгчийн эд хөрөнгө орон сууц гэж өрөөсгөлөөр тайлбар хийж зовж зүдэрсний бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлагаар зохиомол хэрэг гүтгэлэгт үндэслэснийг 1962 онд Намын төв хорооны Улс Төрийн товчоо тогтоож 79-р тогтоолоор цагаатгасныг зүгээр эрүүгийн хэрэгтэй зүйрлэж хулгайд юм аа алдсан хүнийг шүүж байгаа юм шиг, байнга өөрөө буруутай юм шиг сэтгэл зүйн дарамттай байна ба дахин хэлмэгдэж байна гэж үзэж байна.Одоогоос 86 жилийн өмнө болсон Хэнтийн групп талаарх бүх материалыг Тагнуулын Ерөнхий газраас авахад хуучин монгол бичгээр барлаж бичсэн дармал бичиг байсан ба хүний гараар бичсэн бичиг байдаггүй юм байна лээ. 1933 онд Ардын Хувьсгал ялаад 12 жил болж дотооддоо үймээн самуунтай; эсэргүүнүүд феодалуудын хөрөнгийг бүгдийг хурааж байсныг 90-ээс дээш 100 настай хүмүүс л мэдэх байхдаа. 1990- ээд оноос нийгэм улс төрийн байдал өөрчлөгдөж улс төрийн хилс хэргүүд хэрэгсэхгүй болж улс төрийн хилс хэрэгт хэмлэгдэгчид цагаатгагдаж 1998 онд хууль нь батлагдаж сэтгэл тэнийсэн билээ. 2018-1-12-ны өдрийн хуулиар 13.2 хуулийн 23.1-д зааснаар орон сууц аваагүй хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг 13.2.2-т хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, түүний эхнэр хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгоно гэсэн заалтыг анхан болон давж заалдах шатны шүүгч нар уг хуулийн 14-р зүйлийн нөхөх олговрыг олгохгүй байх үндэслэл гэсэн зүйлийг 1999-10-14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсоныг хайхрахгүй байна. Мөн шүүгч нар уг хуулийн 9-р зүйлд 9.1-д хэлмэгдэгч болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/ -г энэ хуульд заасан үндэслэл журам хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө, 9.2-т Нөхөх олговрыг нэг удаа олгоно гэсэн энэ хэсгийг 2018-01-12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон гэсэн заалтыг авч хэлэлцэхгүй урд нь би эгчтэй хамт 1 сая төгрөг авсан нь хангалттай гэж байгаад харамсаж байна. 2018-01- 12-ны өдрийн хуулийн нэмэлтээр хэлмэгдэгсэд болон түүний эхнэр /нөхөр/ төрсөн үрчилж авсан хүүхдүүд нь цөөнхөн хүмүүс үлдсэн дандаа 80-аас дээш настай хүмүүс байгаа ба хүсэлтийг хэлэлцэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Сэмжид 2019-04-02-ны өдөр шүүхэд хандаж, 40,000,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа ...би улс төрийн хэрэгт хэлмэгдэж 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, хожим цагаатгагдсан Б.Балдангийн охин бөгөөд хуульд заасны дагуу нөхөх олговор гаргуулж өгнө үү... гэсэн үндэслэл заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор томилогдон оролцож, Б.Сэмжидийн хүсэлтийг хангах боломжтой гэж үзсэн байна.

 

Анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Б.Сэмжидийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хууль хэрэглээний талаар.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар ..13.2.. гэсэн хэсэг нэмсэн бөгөөд уг хэсэгт зааснаар ...хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид... нөхөх олговор... олгохоор заасан байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1-д ...орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол... дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл нь ...нөхөх олговор... олгох тухай Гуравдугаар бүлэгт, харин 23 дугаар зүйл нь ...үр дагаврыг арилгах... талаар зохицуулсан Дөрөвдүгээр бүлэгт багтсан байх бөгөөд нөхөх олговор олгох, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах нь хоорондоо ялгаатай, өөр өөр ойлголт байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл уг хууль ...хэлмэгдэгчдийг цагаатгах... нэр төрийг нь сэргээх... нөхөх олговор олгох.. хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах... асуудлыг зохицуулах зорилготой байна.

 

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар учирсан хохирлыг... хуульд заасан үндэслэл журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө.

Хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500,000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговрыг нэг удаа олгоно гэж заасан байжээ.

 

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан нөхөх олговрыг нэг удаа олгох гэснийг хассан байх тул нөхөх олговрыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2-т ...40 сая болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлттэй уялдаатай гэж үзэхээр байна. Иймээс хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.2 гэсэн заалтууд нь нөхөх олговор-ын талаарх зохицуулалт байхын зэрэгцээ гэр, орон сууцаа хураалгаж, түүний оронд орон сууц, эсхүл орлох мөнгө аваагүй байх нөхцөл шаардаагүй байна.

 

Түүнчлэн, хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөр 2 нөхцөлийг заасан байна. Тухайлбал, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан нөхөх олговрыг хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор хуульчилснаас үзэхэд 13.1-т заасан олговрыг авах эрхтэй этгээдээс ялгаатай, хязгаарлагдсан байна. Харин хуулийн 23.1-ийн дагуу орон сууц, эсхүл түүний оронд мөнгө авсан бол дахин нөхөх олговор олгохгүй гэсэн хориглолттой байна.

 

2. Хэргийн талаар.

 

Хэргийн баримтаас үзэхэд Б.Балдан улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Дотоодыг Хамгаалах газрын дэргэдэх Тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Базарын Балданг 5 жилийн хорих ялаар шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж, БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын хурлын 1962 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор цагаатгаж, цагаатгасан тухай 225 тоот үнэмлэхийг 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон байна.

 

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 900 дугаар шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б.Балданд олгох 1,000,000 төгрөгийн нөхөх олговрыг охин Б.Сэмжид, Б.Тамжид нарт хувь тэнцүүлэн олгосон байх ба охин Б.Тамжид нь 1999 оны 03 дугаар сарын 03-ны нас барсан, одоо Б.Сэмжид нь Б.Балдангийн хууль ёсны ганц өвлөгч охин нь гэж шүүх үзсэн нь баримттай байна.

 

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018-09-27-ны өдрийн 05/5908 тоот лавлагаанд Б.Балдангийн хөрөнгийн хувь 20 гэжээ.

 

Б.Сэмжид нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн хүрээнд орон сууц, гэр шаардах эрхтэй субъектэд хамаарахгүйгээс гадна өмнө нь орон сууц, гэр, эдгээрийг орлох мөнгөн олговор авч байсан нь тогтоогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, Б.Сэмжидэд нөхөх олговорт 40 сая төгрөг олгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 1821 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулж Балдан овогтой Сэмжидэд олгосугай... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД   П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ