| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/04711/И |
| Дугаар | 102/ШШ2024/00258 |
| Огноо | 2024-01-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/00258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.О,
Хариуцагч: М.А нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 101,983,868 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.О, хариуцагч М., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 101,983,868.50 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Барьцаа хөрөнгөд Land rover Defender саарал онгийн улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн автомашин, Howo.ZZ425-7NS47CA маркийн хар өнгийн улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол Улсад орж ирсэн автомашин, CIMC.CSQ9390TDP маркийн Улаан онгийн улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн чиргүүл зэргийг барьцаалсан байгаа. Хариуцагч Л.О, М.А нар нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалт бүхий 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх №ФГ-202205-042 дугаартай гэрээ байгуулан Land rover Defender саарал өнгийн улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол улсад орж ирсэн автомашин, Нowo ZZ425-7NS47CA маркийн хар өнгийн улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн автомашин, CIMC.CSQ9390TDP маркийн улаан өнгийн АЧ улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн чиргүүлийг барьцаа хөрөнгөд бүртгүүлсэн. Хариуцагч Л.О, М.Ариунзаяа нар нь удаа дараа зээлийн эргэн төлөлтийн график зөрчин үйлдэл нь тус зээлийн гэрээг цуцлах үндэслэл болж байгаа. Хариуцсан ажилтан сар бүр утсан харилцааны хэрэгсэлээр зээлийн эргэн төлөлт хийх талаар сануулдаг боловч төлөлтөө удаа дараа зөрчсөн. Иймд хариуцагч Л.О, М.А нараас зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг, үндсэн хүү 30,368,767.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,615,101.37 төгрөг нийт 101,983,868.50 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “О ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 70,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн үед манай барилгад технологийн алдаа гараад цаанаасаа нураах шийдвэр гараад барилгыг нураасан байдаг. Ингээд улсаас санхүүжилт авч чадаагүйн улмаас эргэн төлөлт хийж чадаагүй. Мөн дээрээс нь ковидын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа доголдсон зүйлүүд гарсан учраас хүү, алдангиас багасгаж өгнө үү. Эргэн төлөлтийг хүлээхгүй гэвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ202205-042 дугаар зээлийн гэрээ /хх 9-12/, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэх гэрээ /хх 13-15/, Нэмэлт зээлийн /хх 16/, О ХХК-д гаргасан Л.О-ын хүсэлт /хх 17/, Зээлийн өргөдөл /хх 18-19/, улсын дугаартай, Landrover Defender маркийн, SALLDHBS8AA794950 арлын дугаартай суудлын автомашин, улсын дугаартай, CIMC.CSQ9390TDP маркийн, LA99XF53791HLT657 арлын дугаартай тавцант чиргүүлийн гэрчилгээний хуулбар /хх 20/, УАХ улсын дугаартай, HOWO.ZZ4257-NS47CA маркийн, LZZ5CLSB1AW476110 арлын дугаартай зүтгүүрийн гэрчилгээний хуулбар /хх 21/, Тунгалаг дарви ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 22/, Омни капитал ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 27/, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 28/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх 29/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч О ХХК нь зээлийн гэрээний үүрэгт Л.О, М.А нараас 101,983,865.50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 3271 улсын дугаартай, Landrover Defender маркийн, SALLDHBS8AA794950 арлын дугаартай суудлын автомашин, улсын дугаартай, CIMC.CSQ9390TDP маркийн, LA99XF53791HLT657 арлын дугаартай тавцант чиргүүл, УАХ улсын дугаартай, HOWO.ZZ4257-NS47CA маркийн, LZZ5CLSB1AW476110 арлын дугаартай зүтгүүрээр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хүүг багасгаж өгнө үү гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ЗГ202205-042 дугаар зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт гэрээ, фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан байна.
Зээлийн гэрээгээр “О” ХХК нь 70,000,000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай Л.О, М.Ар нарт шилжүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлдэгч нь графикт хуваарийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2,002,191.78 төгрөгийг, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 15,483,616.44 төгрөгийг, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1,868,712.33 төгрөгийг, 2023 оны 4 дугаар сарын 17-ны өдөр 2,068,931.51 төгрөгийг тус тус хүүгийн төлбөрт, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөгийг тухайн сарын хүүгийн төлбөр 2,002,191.78 төгрөгийн хамт тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.
Фидуцийн гэрээгээр 3271 улсын дугаартай, Landrover Defender маркийн, SALLDHBS8AA794950 арлын дугаартай суудлын автомашин, улсын дугаартай, CIMC.CSQ9390TDP маркийн, LA99XF53791HLT657 арлын дугаартай тавцант чиргүүл, улсын дугаартай, HOWO.ZZ4257-NS47CA маркийн, LZZ5CLSB1AW476110 арлын дугаартай тээврийн хэрэгслүүдийг зээлдүүлэгч “О ББСБ” ХХК-ын өмчлөлд шилжүүлж дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.
7. Зээлдүүлэгч “О” ХХК нь банк бус санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос авсан байхын зэрэгцээ 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 26 дугаар ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгон шийдвэрлэсэн нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзнэ. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан банкны зээлийн гэрээний зохицуулалтад хамаарах юм.
Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 70,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх бусад, тухайлбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй, талуудын хэн аль нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардлага гаргаж маргаагүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.
8. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч нар гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.
Хариуцагч нар нь гэрээний хугацаанд 2,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн болон одоо шаардаж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 30,368,767.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,615,101.37 төгрөг, нийт 101,983,868.50 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн тооцоололд маргаагүй бөгөөд хүүг багасгаж, төлбөр төлөх боломжит хугацаа олгохыг хүсжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” тус тус зааснаар үндсэн зээл 70,000,000 төгрөг, үндсэн хүү 30,368,767.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,615,101.37 төгрөг, нийт 101,983,868.50 төгрөгийг нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй болжээ.
Зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд зээлдүүлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын зээлийн хүүгийн хэмжээг багасгах боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцооллыг буруутгах үндэслэлгүй байна.
9. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.
Зохигчид 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр фидуцийн гэрээ байгуулан тээврийн хэрэгслүүдийг үнэлэхдээ 90,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгч 101,983,868.50 төгрөгийн шаардлага гаргасан, гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд бодитой шилжүүлэн аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул фидуцийн гэрээгээр хангагдсан зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэж үзэх нь зүйтэй байна.
Иймд 101,983,868.50 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг 3271 улсын дугаартай, Landrover Defender маркийн, SALLDHBS8AA794950 арлын дугаартай суудлын автомашин, улсын дугаартай, CIMC.CSQ9390TDP маркийн, LA99XF53791HLT657 арлын дугаартай тавцант чиргүүл, УАХ улсын дугаартай, HOWO.ZZ4257-NS47CA маркийн, LZZ5CLSB1AW476110 арлын дугаартай тээврийн хэрэгслүүдээр хангах үндэслэлтэй юм.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,069.34 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 738,069.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.О, М.А нараас 101,983,868.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан 3271 улсын дугаартай, Landrover Defender маркийн, SALLDHBS8AA794950 арлын дугаартай суудлын автомашин улсын дугаартай, CIMC.CSQ9390TDP маркийн, LA99XF53791HLT657 арлын дугаартай тавцант чиргүүл, улсын дугаартай, HOWO.ZZ4257-NS47CA маркийн, LZZ5CLSB1AW476110 арлын дугаартай тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,069.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О, М.А нараас 738,069.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ом” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ