| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2022/01850/И |
| Дугаар | 102/ШШ2023/04513 |
| Огноо | 2023-12-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2023/04513
| 2023 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2023/04513 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.У
Хариуцагч: Д.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 742 758 414 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Д.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Д.У өмгөөлөгч Т.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.У, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 742,758,414 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: Д.У, Д.Б нар нь манай байгууллагатай 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 14/11 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 150,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 326 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 3456 м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай, улсын бүртгэлийн .... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг буйдан, тавилга буюу эргэлтийн хөрөнгийн хамт барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 329,141 төгрөг, хүүгийн төлбөрт 61,208,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 753,806 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна. Бид зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж зээлийн хүүгийн хуримтлагдсан төлөлтөө хийхийг удаа дараа шаардсан ч одоо болтол төлөлт хийхгүй гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсээр 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 149,670,859 төгрөг, хүүгийн төлбөр 508,058,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85,029,450 төгрөг буюу нийт 742,758,414 төгрөг болоод байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гээд мөн хуулийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан бол мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан. Иймд зээлдэгч Д.У, Д.Б нараас 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 14/11 тоот 150,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 149,670,859 төгрөг, хүүгийн төлбөр 508,058,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85,029,450 төгрөг буюу нийт 742,758,414 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 326 тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 3456 м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Зээлийн гэрээнд нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.З гарын үсгээ зурсан байгаа, хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 24 сарын хугацаатай, зээлийг эргэн төлөх хуваарь байгаа, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шаардах эрх тоологдоно, нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 5 дугаар сарын 03-нд эвлэрүүлэн зуучлалд хандаж, энэ ажиллагаа 2 сар үргэлжлээд 2019 оны 7 дугаар сарын 8-нд дууссан, нэхэмжлэлээ 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Хариуцагч нартай удаа дараа уулзаж, холбоотой байсан, үүнийг гэрч мэднэ, очиж уулзахаар өгнө гэдэг, сүүлийн 2-3 жил корона гээд шүүхэд хандаагүй, эвлэрэх саналаа хэлсэн, нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
2. Хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, зээлийн гэрээг 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан, хариуцагч хамгийн сүүлд гүйлгээг 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн ба энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно, үүнээс хойш эргэн төлөлт хийгдээгүй, өөрөөр хэлбэл 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шаардах эрх үүссэн. Хариуцагч нар 150,000,000 төгрөгийг зээлж аваад 61,000,000 төгрөгийг эргүүлж төлсөн байхад одоо 742,758,414 төгрөг нэхэмжилж байгаа нь иргэдийг хохироож байна. Зээлийн гэрээний 4.8-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэх ёсгүй. Зээлийн гэрээний батлав хэсэгт захирал гарын үсгээ зурсан, 5 дугаар сарын 3-нд эвлэрүүлэн зуучлалд хандсан байна, зээлийн гэрээний хавсралт нь хүчингүй болсон байна, эвлэрүүлэн зуучлалд хандсан нь үндэслэлгүй, барьцааны объектыг авах сонирхолтой байсан учраас явуулж байсан тактиктай байсан, тэрнээс хариуцагч нарыг ойлгоод байсан асуудал биш гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа хоёр дахь шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээр үйл баримтын хувьд М ХХК нь Д.У, Д.Б нартай 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. Д.У уг Банк бус санхүүгийн байгууллагад очиж уулзахад манайхаас 150,000,000 төгрөгийн зээл авахын тулд та хамтран зээлдэгчтэй байх шаардлагатай гэдэг. Ингээд зээл авахын тулд хамтран зээлдэгч Д.Болдбаатарын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө тавьж байгаа бол заавал зөвшөөрөл авах эсхүл итгэмжлэл авах ёстой, өмчлөгч этгээдээс эрх олгосон шийдвэр авах ёстой. Гэтэл энэ үйл явдал хавтаст хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл үндсэн зээлдэгч буюу Д.У нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихдаа Д.Б зөвшөөрөл авах ёстой гэсэн агуулга харагдаж байгаа боловч энэ зөвшөөрөл огт байхгүй байна. Дараагийн асуудал нь хууль зүйн хувьд маргаан үүссэн үе буюу 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн эвлэрүүлэн зуучлах албанд хүсэлт өгсөн байдаг. Д.Б, Д.У нар оролцож чадаагүй байхад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хугацаа дуусах гэж байна гэдэг үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эвлэрээгүйд тооцож шийдвэр гаргасан нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байдаг. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээд буюу К ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгааг харах ёстой байсан. Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт эвлэрүүлэн зуучлахад оролцоогүй гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр байгаа бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой харилцаа үүсэхэд К ХХК нь гуравдагч этгээдээр татагдана. Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөх юм байна гэдгийг анхнаасаа харж байсан учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хамааралгүй байх ёстой. Энэ асуудал бол хуульд нийцэхгүй байна. Дараагийн асуудал нь гэрээтэй холбоотой. Монгол улсын хууль тогтоомжид заасан гэрээ нь нэрлэгдсэн гэрээ, нэрлэгдээгүй гэрээ гэж 2 ангилсан байдаг. Барьцааны гэрээ бол нэрлэгдсэн гэрээ гэж Иргэний хуульд тусгагдсан. Харилцаанд оролцогч талууд нь тухайн гэрээний хэлэлцэн шийдвэрлэх асуудал, гэрээний зорилго, хэлбэр, гэрээнд тусгагдах зүйлс нь бүгд ойлгомжтой байна. Тодруулбал Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156,2 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаа хангагдах шаардлага түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, байгаа газар, үнийг бичиж тусгах гэж заасан. Гэтэл уг барьцааны гэрээнд дараах зүйлс тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ нь зээлийн гэрээний хавсралт болдог зүйл биш харин бие даасан нэрлэгдсэн гэрээ болно. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156,2 дэх хэсэгт заасан үндэслэл журмыг бүхэлд нь хангаж гэрээг байгуулах ёстой. Тийм учраас Иргэний хуулийн 156.1, 156.2, 156.3-т заасан шаардлагыг хангаагүй учир уг гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн зохицуулалттай. Дараагийн асуудал нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм. Энэ талаар хариуцагч нарын өмгөөлөгч, төлөөлөгч нар хангалттай тайлбарласан учир давтан ярих шаардлагагүй гэж үзэж байна. Иймд үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгчээс М ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх 5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 6/, зээлийн гэрээ /хх 7-8/, эргэн төлөлтийн хуваарь /хх 8 ар/, зээлийн барьцааны гэрээ /хх 9/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 10/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт /хх 12/, А.Б-н ярианы хэрэглээний лавлагаа /хх 50-52/, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан баримт /хх 66/, гуравдагч этгээдээс К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 112/, компанийн дүрэм /хх 113-114/, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, 32б тоот хаяг байрлалтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй ...талбайтай, Агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 135/ тус тус шүүхэд гаргаж өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 149,670,859 төгрөг, хүүгийн төлбөр 508,058,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85,029,450 төгрөг нийт 742,758,414 төгрөгийг гаргуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 326 тоотод байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй ... м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүүгийн хэмжээ үндэслэлгүй, гэрээ цуцлагдсан тул түүнээс хойш хугацааны хүү төлөхгүй гэж маргажээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч талууд 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын захирал баталж, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж зээлийн эдийн засагч болон зээлдэгч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 14/11 дугаар зээлийн гэрээгээр тогтоогджээ.
Энэхүү гэрээний 3 дугаар зүйлд хариуцагч Д.У, Д.Б нар нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нэхэмжлэгчээс 150,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хэмжээгээр тохиролцсон байна.
Зээлийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Д.-гт шилжүүлсэн болох нь хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдох бөгөөд зээлийн хариу төлбөрт 62,291,884 төгрөг төлсөн талаар зохигчид маргасангүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд шаардлага гаргах хугацаагаа хариуцагчийн хүсэлтээр сунгаж байснаа, хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээ цуцлагдсан учир түүнээс хойш хүү төлөхгүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Түүнчлэн Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 326 тоотод байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь К ХХК болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000298365 дугаар гэрчилгээгээр тогтоогджээ.
8. Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 14/11 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч 150,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагджээ.
Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 150,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
9. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.
Хариуцагч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээл 150,000,000 төгрөгөөс 329,141 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 61,208,937 төгрөгийг хүүгийн төлбөрт, 753,806 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн болон одоо шаардаж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 149,670,859 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 508,058,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 85,029,450 төгрөг, нийт 742,758,414 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн тооцоололд маргаагүй бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр тогтоогдсонд хариуцагч нар буруугүй гэжээ.
Хэдийгээр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. тус тус зааснаар үндсэн зээл 149,670,859 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 508,058,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 85,029,450 төгрөг, нийт 742,758,414 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй зааснаар 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахад хариуцагч нар буруугүй юм.
Зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон, зээлийг сунгах хүсэлт гаргаагүй, эвлэрүүлэн зуучлагчид очоогүй тохиолдолд зээлдүүлэгч хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн үр дагаврыг зээлдэгчид нэмж үүрүүлэх нь шударга бус үр дагавар үүсгэхээс гадна зээлдэгч нарыг хугацаа хэтрүүлсэнд буруутай гэж үзэхгүй.
Иймд хариуцагч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 149 670 859 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд гэрээгээр хүүгийн хэмжээг үндсэн зээлийн сарын 4 хувь байхаар талууд тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй ба хариуцагч нар нь үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 298,436,891 төгрөг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хүүгийн төлбөрт 298,436,891 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ба 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 1,180,965 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.
10. Зохигч талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 14/11 дугаартай зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 32б тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй 3456 метр квадрат талбайтай, агуулах үйлдвэрийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
Гэхдээ нэхэмжлэгч барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа барьцаалуулагч бус этгээд болох зээлдэгч Д.У, Д.Б нарт холбогдуулан гаргасан нь буруу байх ба энэ шаардлагын холбогдох этгээд буюу хариуцагч нь хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан барьцаалуулагч байх, хэрэв барьцааны зүйлийн өмчлөх эрх ипотек хүчин төгөлдөр байх хугацаанд өөрчлөгдсөн бол шинэ өмчлөгч байхыг шаардана. Учир нь барьцааны шаардлагыг хэрэгжүүлснээс бий болох эдийн засаг, эрх зүйн үр дагавар барьцааны зүйлийн өмчлөгчид үүсэх тул тус этгээдийг хариуцагчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэтгэлцэх боломжоор хангах, түүнчлэн материаллаг эрх зүйн үүднээс барьцаалуулагчийн хэрэгжүүлэх боломжтой эрх, үүргийг эдлэх, татгалзал, зөвшөөрлийг гаргах боломжийг олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч барьцааны шаардлагыг барьцаалуулагч, эсхүл барьцааны зүйлийн өмчлөгч бус зээлдэгч Д.У, Д.Б нарт холбогдуулан гаргасан, барьцаалуулагч буюу барьцааны зүйлийн өмчлөгч К ХХК-ийг энэ хэрэг маргаанд хариуцагчаар тодорхойлоогүй байх тул хариуцагч Д.У, Д.Б нарт холбогдуулан гаргасан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д заасантай нийцнэ.
11. Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар... заана, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна зааснаар нэхэмжлэгч барьцааны гэрээг өмчлөгч биш этгээдтэй хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 14/11 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.
12. Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 449,288,715 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 293,469,699 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 32б тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй 3456 метр квадрат талбайтай, агуулах үйлдвэрийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
13. Хариуцагч нар зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудлаар маргасан учир шүүх энэ талаар дүгнэлт хийхээр болжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ба зохигч талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлийн мөнгөн хөрөнгийг 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зээлдэгчид шилжүүлсэн, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс тооцсон баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулан тохиролцсон байгаагаас үзэхэд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр дуусахаар байна.
Улмаар нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан, уг ажиллагаа 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дууссан нь Эвлэрүүлэн Зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байхад нэхэмжлэгч байгууллагын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх боломжгүй.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт Талууд эвлэрүүлэн зуучлалыг сонгосон, уг ажиллагаанд оролцсон байдал нь шүүхээс Иргэний хуулийн 79.1, 82.4-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, эсхүл уг хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болно., 4 дүгээр зүйлийн 4.1.2-т талууд" гэж эвлэрүүлэн зуучлах журмаар энэ хуулийн 3.1-д заасан маргааныг зохицуулах хүсэлт гаргасан иргэн буюу хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, түүнчлэн шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлалд оролцох болсон зохигчийг зааснаар тогтоосон журмаар шаардлага гаргахад уригдагч талын зөвшөөрөл хамаагүй юм. Иймд хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан үеэс дахин шинээр тоолно.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан ба хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт хамгийн сүүлд төлбөр хийсэн үеэс эхлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох боломжгүй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,941,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,404,390.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.У, Д.Б нараас 449,288,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдэх 293,469,699 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 32б тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй метр квадрат талбайтай, агуулах үйлдвэрийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,941,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,404,390.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ