Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0665

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б*******,, РД:Й*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,

Хариуцагч: Баянгол дүүргийн татварын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.У******* нарын хоорондын татвартай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Т.Б*******ээс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр илгээсэн 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайланг Баянгол дүүргийн татварын хэлтсээс хүлээн авсан.

1.2. 2022 оны тайланг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр илгээснийг Хуульд заасан хугацаанд татварын тайлан ирүүлээгүй тул хөнгөлөлт тусгахгүйгээр тайланг засварлаж илгээнэ үү гэсэн үндэслэлээр буцаасан.

1.3. Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газарт гаргасан гомдолд тус газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06/842 тоот албан бичгээр ... Хөнгөлөлт эдэлж буй орон сууцыг 2021 оны 06 дугаар сард бусдад худалдан борлуулсан бол тухайн татварын жил болох 2021 онд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацааны хөнгөлөлтийг Хувь хүний орлогын албан татварын тайлангаар хувь тэнцүүлэн эдэлж дуусгах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн 2021 оны тайланг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу 2022 оны татварын жилд багтаан залруулах боломжтой байсан гэсэн хариуг хүргүүлсэн.

1.4. Т.Б*******ээс Баянгол дүүргийн татварын хэлтэст холбогдуулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу иргэн Т.Б******* би 2021 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн татварын байцаагч Ж.М******* хүлээн авсан боловч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул дээрх хуулийн дагуу 2020 онд хөнгөлөлт эдэлж байсан орон сууцны эзэмших эрхийг худалдан борлуулах замаар бусдад шилжүүлсэн тул тухайн жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанаас өмнө 2021 онд үл хөдлөх борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4,240,000 төгрөгийн татвар болон 2021 оны 1-6 дугаар сард цалингийн орлогоос суутган авч төлсөн 699,945.21 төгрөгийн татвар, нийт хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох 4,939,945.21 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр гаргасан байна.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч Т.Б*******ээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 онд өөрийн болон банкны зээлийн эх үүсвэрээр анх удаа худалдан авсан орон сууцанд 2020 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу 718,511.63 төгрөгийн хөнгөлөлтийг эдэлж, дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт 5,281,488.47 төгрөг байхаар тайлагнасан байна.

Улмаар 2021 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу 1,399,890.41 төгрөгийн хөнгөлөлтийг эдлэхээр, дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт 3,881,598.06 төгрөг байхаар тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12:10:25-д Баянгол дүүргийн татварын байцаагч I93344-Ж*******гийн М******* хүлээн авсан нь Татварын цахим систем дээр харагдаж байгаа боловч хөнгөлөлтийг Татварын алба эдлүүлээгүй байна.

Мөн 2020 онд өөрийн худалдан авсан орон сууцыг барьцаалж банкнаас авсан зээлээ төлөхийн тулд 2021 онд борлуулсан бөгөөд тус борлуулалтын орлогоос 4,240,000.00 төгрөгийн татварыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр суутган авч үл хөдлөх хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх өдөр хүртэлх хугацаанаас өмнө татварын байгууллагад төлсөн нь Татварын цахим систем дээр харагдаж байна.

Гэвч тус 2020 онд худалдан авсан орон сууцанд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу 2020 онд 718,511.63 төгрөгийн хөнгөлөлтийг эдэлж, 2021 онд 1,399,890.41 төгрөгийн хөнгөлөлтийг эдлэхээр тайлагнасан боловч эрхээ эдэлж чадаагүй бөгөөд дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт 5,281,488.47 төгрөгийн татварын буцаан олгох хөнгөлөлт эдлээгүй үлдсэн байгаа болно.

Иймд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр үлдсэн байгаа 5,281,488.47 төгрөгөөс 2021 онд үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4,240,000.00 төгрөгийн татвар болон 2021 оны зарим орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлэх өргөдлийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газарт гаргасан. Гэвч Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06/842 дугаартай албан бичгээр дээрх өргөдлийн хариу өгөхдөө Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно гэж заасан үндэслэлээр таны өргөдлийг хангаж шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн байна.

Мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/261 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам-ын 3.16-д Хуульд заасны дагуу хөнгөлөлт эдэлж буй орон сууц эзэмших эрхийг худалдан борлуулах буюу бусад замаар бусдад шилжүүлсэн бол тухайн жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацааны хөнгөлөлтийг хувь тэнцүүлэн эдэлж дуусгана гэж заасан гэжээ.

Миний бие Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06/842 дугаартай албан бичгээр өгсөн хариуг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. 2020 онд худалдан авсан орон сууцанд 2020 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу 718,511.63 төгрөгийн хөнгөлөлтийг эдэлж, дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт 5,281,488.47 төгрөг байхаар тайлагнасан байгааг дээрх ирүүлсэн 06/842 дугаартай албан бичигт бичсэн байна.

Гэвч Т.Б******* би 2021 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу 1,399,890.41 төгрөгийн хөнгөлөлтийг эдлэхээр, дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт 3,881,598.06 төгрөг байхаар тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12:10:25-д Баянгол дүүргийн татварын байцаагч 193344-Ж*******гийн М******* хүлээн авсан нь Татварын цахим систем дээр харагдаж байгаа боловч тус хөнгөлөлтийг Татварын алба эдлүүлээгүй байгаа талаар дээрх 06/842 дугаартай албан бичигт энэ талаар дурдаагүй байна.

Миний бие 2021 оны Хувь хүний орлогын албан татварын тайланг татварын алба хүлээн авсан учир мэдээлэл зөрүүтэй байгааг тухайн тайлант хугацаанд мэдээгүй байсан бөгөөд 2023 оны 2-3 дугаар сард л мэдсэн юм.

Учир нь 2021 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу 1,399,890.41 төгрөгийн хөнгөлөлтийг эдлэхээр, дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт 3.881,598.06 төгрөг байхаар тайлагнахдаа 2021 оны 6 дугаар сард борлуулсан ул хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогоос 4,240,000,00 төгрөгийн татварыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр суутган авч үл хөдлөх хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх өдөр хүртэлх хугацаанаас өмнө татварын байгууллагад төлж, тайлагнасан боловч татварын алба татварын нэгдсэн цахим системд байгаа мэдээллийг татварын мэдээллийн сангаас татахгүйгээр хүлээн авсан байна.

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д "Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно" гэж заасан байхад тус заалтыг зөрчиж Баянгол дүүргийн татварын алба мэдээлэл зөрүүтэй байхад тухайн зөрүүтэй тайланг залруулах талаар иргэнд буцаах үүрэг өөрт нь байхад хөнгөлөлтийн тайланг хүлээн авсан байгаа боловч хөнгөлөлт эдлүүлээгүй байгаад гомдолтой байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ гэж заасныг татварын алба хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл иргэн би 2020 онд худалдан авсан орон сууцыг зээлээ төлөхийн тулд 2021 онд борлуулсан бөгөөд тус борлуулалтын орлогоос 4,240,000.00 төгрөгийн татварыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр суутган татварын байгууллагад төлсөн нь Татварын цахим систем дээр 2021 оны мэдээлэлд харагдаж байхад татварын алба өөрийн мэдээллийн санд байгаа мэдээллийг шалган иргэн Т.Б*******ээс илгээсэн мэдээлэл зөрүүтэй тайланг хүлээн авахгүй буцаах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл татварын алба дээрх мэдээлэл зөрүүтэй тайланг Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д заасны дагуу хүлээн авахгүй буцаах ёстой байтал шалгаж хүлээн авсан бөгөөд хүлээн авсан мэдээлэл зөрүүтэй тайлангаа залруулж өгөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн дээрх ирүүлсэн 06/842 дугаартай албан бичигт иргэн миний мэдээлэл зөрүүтэй илгээсэн 2021 оны тайланг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу 2022 оны татварын жилд багтаан залруулах боломжтой байсан гэсэн байна. Гэвч мэдээлэл зөрүүтэй тайланг иргэн Т.Б******* би биш татварын алба шалгаж залруулах ёстой байсан гэж үзэж байна. Учир нь татварын алба мэдээлэл зөрүүтэй тайланг хүлээн аваагүй бол би тухайн үед мэдэж залруулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ гэж заасныг татварын алба хэрэгжүүлээгүй тул иргэн би тайлан залруулах эрхээ алдсан гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан байна.

Миний бие 2020 онд худалдан авсан орон сууцанд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу 2020 онд 718,511.63 төгрөгийн хөнгөлөлтийг эдэлж, 2021 онд 1,399,890.41 төгрөгийн хөнгөлөлтийг эдлэхээр тайлагнасан боловч эрхээ эдэлж чадаагүй байгаа болно.

Иймд иргэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу иргэн Т.Б******* би 2021 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн татварын байцаагч Ж*******гийн М******* хүлээн авчхаад хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул дээрх хуулийн дагуу 2020 онд хөнгөлөлт эдэлж байсан орон сууцын эзэмших эрхийг худалдан борлуулах замаар бусдад шилжүүлсэн тул тухайн жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанаас өмнө 2021 онд үл хөдлөх борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4,240,000.00 төгрөгийн татвар болон 2021 оны 1-6 дугаар сард цалингийн орлогоос суутган авч төлсөн 699,945.21 төгрөгийн татвар, нийт хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох 4,939,945,21 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсээс гаргуулах гэв.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Б******* нь хуульд заасны дагуу анх удаа орон сууц худалдан авсан. Орон сууц худалдан авахдаа хөнгөлөлт эдлэхээр тайлан гаргасан боловч татварын албаны зөвлөл уг хөнгөлөлтийг эдлүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр буцаасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Татварын ерөнхий газрын хууль, эрх зүйн газраас тайлангаа өгөөгүй бөгөөд тайлангаа залруулах хугацаа дууссан тул татвар буцаан олгогдох боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн байдаг. Энэ бол хууль зүйн үндэслэлгүй хариу өгсөн албан бичиг гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн зүгээс ирүүлсэн тайлбар нь уг татгалзлаа бол нотолж ирүүлээгүй гэж үзэж байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд цалингийн орлого, үл хөдлөх хөрөнгийн орлого, за хөрөнгийн орлого болон хөрөнгө оруулсны орлого гээд орлогын нэр төрлүүдийг бол заасан. Гэтэл татварын хэлтсийн зүгээс зөвхөн цалингийн орлогод ногдох албан татварыг бол одоо хөнгөлж чөлөөлөх эрхтэй гэсэн. Татварын ерөнхий хуульд заасан татварын албаны чиг үүрэг байгаа. Татвар төлөгчийн зүгээс татварын албандаа тайлангаа гаргасан байхад бол тэрийг хүлээж баталгаажуулж авсан. Хөнгөлж чөлөөлөлт ногдохтой холбоотойгоор татварын тайланг хянаж, баталгаажуулж хүлээж авахдаа бол тухайн татвар төлөгч байраа зарж борлуулах хүртэл хугацаанд төлсөн татварыг нь энэ хүн эдлэх боломжтой байтал тэр эрхийг нь эдлүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа. 

Товчхондоо нэхэмжлэгч орон сууц борлуулах хүртэл төлсөн татвараа буцааж авах хууль зүйн үндэслэлүүд байгаа гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн хөнгөлөлт эдлэхтэй холбоотой заалт, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар  баталсан албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам байна. Уг журмын журмын 3 дугаар зүйлийн 3.2 дээр бол ХХОАТ-ын тухай хуулийн 28.1.3-д заасны дагуу мөн 23.1-д заасанчлан зөвхөн цалингийн орлого гэж заагаагүй. Гэтэл Татварын алба зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогодоо л татвар төлсөн бол энэ 6 сая хүртэлх татварын хөнгөлөлтүүдийг эдлүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө борлуулж олсон уг орлого нь цалин, хөлсний орлогодоо орохгүй болохоор 4 сая 240 мянган төгрөгний хөнгөлөлт эдлүүлэхгүй гэж тайлбар хийж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах хүртэлх хугацаанд төлсөн цалингийн орлогоос суутгасан татвар, мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулж улсын төсөвт төлсөн татвараас эдлэх ёстой хөнгөлөлтөө эдлэх хэрэгтэй гэж үзэн нэхэмжилж оролцож байна.  гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Тус татварын хэлтэст холбогдуулан гаргасан иргэн Т.Б*******ийн нэхэмжлэлтэй танилцан, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, албан татварыг холбогдох төсөвт төлнө, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/261 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам-ын 3.16.Хуульд заасны дагуу хөнгөлөлт эдэлж буй орон сууц эзэмших эрхийг худалдан борлуулах буюу бусад замаар бусдад шилжүүлсэн бол тухайн татварын жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацааны хөнгөлөлтийг хувь тэнцүүлэн эдэлж дуусгана гэж заасны дагуу татвар төлөгч нь эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацааны хөнгөлөлтийг Хувь хүний орлогын албан татварын тайлангаар хувь тэнцүүлэн эдэлж дуусгах эрхээ хэрэгжүүлээгүй.

2. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.Татвар төлөгч татварын тайланг Дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасан ба татвар төлөгч нь 2021 оны татварын тайлангаа хуульд заасан хугацаанд залруулж, тайлагнаагүй.

Иймд Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно гэж заасны дагуу татвар төлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХОАТ-ын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дээр бол албан татвар төлөгч энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө гэж заасан байдаг. Мөн хуулийн 5.1-д тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна гэж заасан. Тэгээд дээрээс нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/261 дугаартай Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журмын 3.16-д хуульд заасны дагуу хөнгөлөлт эдэлж буй орон сууц эзэмших эрхийг худалдан борлуулах буюу бусад замаар бусдад шилжүүлсэн бол тухайн татварын жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацааны хөнгөлөлтийг хувь тэнцүүлэн эдэлж дуусгана гэж заасан бөгөөд журмын 1.4-т хөнгөлөлт эдлэх орлогын эх үүсвэр нь албан татвар ногдуулсан орлого байна гэж заасан. Мөн журмын 3.9-д хөнгөлөлт эдлэх гэж байгаа хүн дараах бичиг баримтыг үндэслэн эдлүүлнэ гэж заасан бөгөөд журмын 3.12-т хөнгөлөлт эдлэх хувь хүн нь өөрийн албан татвар ногдсон орлого гэдгийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан. Иймд тус заалтуудыг үндэслээд мөн Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл, 31.1-т татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасан ба татвар төлөгч 1-т залруулах үүргээ гүйцэтгээгүй, 2-т 2021 оны татварынхаа төрлийг сонгож хөнгөлөлт эдлэх төрлөө сонгоогүй, 3-д нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 4,9 сая гээд байгаагийн хөрөнгө борлуулсан орлогоо хүртэлх хугацааны хувь тэнцүүлнэ гэж заачихсан болохоор тухайн тэр одоо зарсан, борлуулсан хөрөнгийн орлого 2%-ийн татвар ерөөсөө энэ хөнгөлөлт чөлөөлөлт нь бүүр огт орохгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 29.5-д хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно гэж заасан. Нэхэмжлэгч нь тайлан тушаах тэгээд хавсралт материал хөнгөлөлт чөлөөлөлтийн төрөл сонгох үүргээ биелүүлээгүй байна. Мөн татвар төлөгчийн 2021 оны тайлангаас харахад 1 сая 399 мянган төгрөгийг 2021 оны төсөвт төлсөн татвар гэж тайлагнасан байна. Иймд 1-т нэхэмжлэгч тайлангаа буруу тодорхойлсон, 2-т төрлөө сонгоогүй, 3-т хувь тэнцүүлэн олгох гэдэгт хөрөнгийг орлого, хөрөнгө борлуулсны орлогыг үндэслэж байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б******* нь Баянгол дүүргийн татварын хэлтэст холбогдуулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу иргэн Т.Б******* би 2021 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн татварын байцаагч Ж.М******* хүлээн авсан боловч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул дээрх хуулийн дагуу 2020 онд хөнгөлөлт эдэлж байсан орон сууцны эзэмших эрхийг худалдан борлуулах замаар бусдад шилжүүлсэн тул тухайн жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанаас өмнө 2021 онд үл хөдлөх борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4,240,000 төгрөгийн татвар болон 2021 оны 1-6 дугаар сард цалингийн орлогоос суутган авч төлсөн 699,945.21 төгрөгийн татвар, нийт хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох 4,939,945.21 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... Т.Б******* миний 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайлан зөрүүтэй байгааг шалган буцаалгүйгээр хүлээн авсан, улмаар орон сууц худалдан авсны хөнгөлөлтийг шилжүүлэн эдлүүлэхгүй байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Т.Б******* нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Н******* гудамж, 6******* байр, *******отод байрлах орон сууцыг худалдан авч, 2020 оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар тайлагнасан 718,511.53 төгрөгийн татварын хөнгөлөлтийг буцаан авчээ.

3.2. Т.Б******* нь тус орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ц.Нын өмчлөлд шилжүүлэн борлуулсан байх ба 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр татварын системээр илгээснийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.М******* хүлээн авч баталгаажуулжээ.

3.3. Т.Б*******ээс 2022 оны хувь хүний орлогын албан татварын тайланг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр татварын цахим системээр илгээснийг хариуцагч захиргааны байгууллагаас Хуульд заасан хугацаанд татварын тайлан ирүүлээгүй тул хөнгөлөлт тусгахгүйгээр тайланг засварлаж илгээх гэсэн шаардлагыг тавьж, тайланг хүлээн авалгүйгээр татвар төлөгчид буцаасан байна.

4. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна гэж заасан байх ба хөнгөлөлтийг эдлүүлэх журмыг мөн зүйлийн 23.14-т Албан татварын хөнгөлөлтийг энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй бөгөөд энэ хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийг 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгох-оор, 28 дугаар зүйлийн 28.1-т Албан татвар төлөгч, суутган төлөгчийн энэ хуулийн 27.1, 27.2, 27.4, 27.5, 27.6-д заасны дагуу хүргүүлсэн тайлангаар албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяа татварын алба дараах журмаар нягталж, эцсийн тооцоог хийх-ээр, 28.4-т Энэ хуулийн 28.3-т заасан албан татвар төлөгчийн буцаан авах, илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно, 28.4.1-т буцаан олголтыг тухайн татварын албаны харьяалагдах засаг захиргааны нэгжийн төрийн сангийн дансаар дамжуулан албан татвар төлөгчид буцаан олгох-оор, 28.4.3-т энэ хуулийн 28.4.1-д заасан буцаан олголтыг дараа жилийн 2 дугаар улиралд багтаан олгох-оор тус тус журамлажээ.

5. Мөн татварын алба нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаартай тушаалаар батлагдсан Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам-ын 1.5-д зааснаар албан татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой нотлох баримтыг цаасаар эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн, 3.9-д заасан төрийн мэдээлэл, солилцооны системээс гаргасан лавлагаа, орон сууцны захиалгын, эсхүл худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт, орон сууц худалдан авсан, банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримт, шинээр баригдсан орон сууц худалдан авсан тохиолдолд борлуулагч талаас олгосон Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий цахим төлбөрийн баримт /цаашид и-баримт гэх/, хувьдаа орон сууц барьсан бол материал худалдан авсан төлбөрийн баримт, эсхүл хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагын үнэлгээний тайлан, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын албан татвар төлсөн баримт, орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлого нь албан татвар ногдсон орлого болохыг нотолсон баримтууд-ыг хавсаргасан тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4-т заасан албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр журамласан байх ба 3.16-д ... хөнгөлөлт эдэлж буй орон сууц эзэмших эрхийг худалдан борлуулах буюу бусад замаар бусдад шилжүүлсэн бол тухайн татварын жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацааны хөнгөлөлтийг хувь тэнцүүлэн эдэлж дуусгана гэж заажээ.

6. Маргааны тохиолдолд татвар төлөгч Т.Б******* нь 2021 оны татварын тайлан гаргах үед анх удаа амьдран суух зориулалтаар худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийн 5,281,488.47 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тухайд болон уг орон сууцыг 2021 онд худалдан борлуулсан тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

7. Маргааны үйл баримт болон хууль тогтоомжийн зохицуулалтыг нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч нь 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайлан гаргасан боловч тайлангийн хавсралт болох татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтээ гаргаагүй, улмаар 2022 ондоо багтаан 2021 оны тайланд залруулга хийгээгүй байх тул түүнд татварын хөнгөлөлт үзүүлээгүйд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй байна. Тодруулбал,

7.1. Хэрэв хуульд заасан татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй бол татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно, 30 дугаар зүйлийн 30.2-т Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Энэ хуулийн 22.1.2, 22.1.4, 22.1.7, 23.1-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно гэж заасан, хуулийн энэхүү зохицуулалт нь татварын хөнгөлөлтөд хамрагдах этгээдээс татварын хөнгөлөлтөд хамрагдах татварын тайлангаа гаргасан бол татварын алба тайланг үндэслэн хөнгөлөлтийг эдлүүлэх агуулгатай байна.

7.2. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/164 дүгээр тушаалаар батлагдсан хувь хүний орлогын албан татварын тайлангийн ТТ-06 маягт нь Албан татварын хөнгөлөлтийн тооцооллын мэдээ /ХМ-06(9)/-тэй байхаар батлагдсан байх ба уг тушаалын 3 дугаар хавсарлтаар батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тайлангийн маягт нөхөх зааварэнэхүү тайлангийн маягтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4-т заасны дагуу албан татвар төлөгч нь Хувь хүний орлогын албан татварын тайлан /цаашид тайлан гэх/-г дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ гэж заасан байхад нэхэмжлэгч Т.Б*******ийн хувьд 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны 02 дугаар сард илгээсэн боловч илгээсэн тайлангийн хавсралт мэдээний төрлийг сонгоогүй/чеклээгүй/, орон сууцыг худалдан борлуулах хүртэлх хугацааны татварын хөнгөлөлтийг тооцож тайлагнаагүй болох нь Т.Б*******ийн

7.2.1. 2020 оны цахим тайланд Орон сууцны хөнгөлөлт/анхан/ гэж тайлангийн хавсралт мэдээний төрөл бол бүрдүүлсэн материалууд сонгогдсон/чеклэгдсэн/ байдлаар,

7.2.2. 2021 оны цахим тайланд орон сууцны хөнгөлөлтийн тайлангийн хавсралт мэдээний төрөл бол бүрдүүлсэн материалууд сонгогдоогүй/чеклэгдээгүй/ байдлаар тус тус тогтоогдож байх тул татварын хөнгөлөлтийг шилжүүлэн тооцоогүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

8. Түүнчлэн Т.Б*******ийн 2021 оны цахим тайлангийн маягтын 28-буцаан олгох хөнгөлөлт мөрөнд 1,399,890.41 төгрөг гэж бичигдсэн нь орон сууцыг худалдан борлуулах хүртэлх хугацаанд түүнээс төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлага болох 699,945.21 төгрөгөөс зөрүүтэй байгаагаас үзвэл, Т.Б******* нь хөнгөлөлт эдлэх татвараа өөрөө, үнэн зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна.

9. Харин нэхэмжлэгчээс миний 2021 оны тайланд цахимаар илгээсэн 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайлангийн 28-буцаан олгох хөнгөлөлт мөрөнд 1,399,890.41 төгрөг гэж бичигдсэн байхад баримт бүрдүүлсэн эсэх, дүн зөрүүтэй эсэхийг татварын алба шалгаж, надад мэдэгдэх, тайланг засуулах, баримтыг шаардаж авах, татвар төлөгчид туслалцаа үүрэгтэй байсан, энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргаж байгааг үгүйсгэхээргүй боловч тайлан гаргах үйл ажиллагаа нь тайланг хянах үйл ажиллагаанаас цаг хугацааны өмнө хэрэгжихээр байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.

10. Өөрөөр хэлбэл, Т.Б*******ийн 2021 оны орлогын албан татварын тайлангийн ТТ-06 маягтын 28-буцаан олгох хөнгөлөлт мөрөнд 1,399,890.41 төгрөг гэж бичигдсэн, харин уг тайлангийн хавсралт болох Албан татварын хөнгөлөлтийн тооцооллын мэдээ /ХМ-06(9)/ сонгогдоогүй байхад тайлан нь Шалгуур хангасан байдлаар программд харагдсан, үүнийг татварын байцаагч нарийвчлан шалгаагүй, улмаар зөрүүтэй байдлыг татвар төлөгчид мэдэгдээгүй, залруулуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байх боловч татварын тайланг зааврын дагуу бөглөж илгээх татварын төлөгчийн үүрэг нь эхлээд хэрэгжихээр байх тул тухайлсан татвар төлөгчид туслалцаа үзүүлэх шаардлагатай эсэхийг нягтлаагүйд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах хангалттай үндэслэл байхгүй гэж дүгнэлээ.

11. Мөн нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 2021 онд 4,240,000 төгрөгийг ногдуулж төсөвт төлсөн байх ба энэхүү татварын үндэслэл болсон үл хөдлөх хөрөнгийг борлуулсан орлого нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн албан татвар ногдох орлогод хамаарах боловч татварын хөнгөлөлт үзүүлэх орлогод хамаарахгүй байна.

12. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлд татварын хөнгөлөлт үзүүлэх орлогыг нэрлэн жагсаасан бөгөөд уг 23.4-т заасан татварын хөнгөлөлт нь ... орон сууц худалдан авсан иргэний орлогод ногдох татварт үзүүлэх хөнгөлөлт байх тул орон сууцыг худалдан борлуулсан иргэний орлогод ногдох татварт хамаарахгүй юм.

13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Б*******ээс Баянгол дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу иргэн Т.Б******* би 2021 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн татварын байцаагч Ж.М******* хүлээн авсан боловч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул дээрх хуулийн дагуу 2020 онд хөнгөлөлт эдэлж байсан орон сууцны эзэмших эрхийг худалдан борлуулах замаар бусдад шилжүүлсэн тул тухайн жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанаас өмнө 2021 онд үл хөдлөх борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4,240,000 төгрөгийн татвар болон 2021 оны 1-6 дугаар сард цалингийн орлогоос суутган авч төлсөн 699,945.21 төгрөгийн татвар, нийт хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох 4,939,945.21 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 30 дугаар зүйлийн 30.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус баримтлан Т.Б*******ээс Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу иргэн Т.Б******* би 2021 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн татварын байцаагч Ж.М******* хүлээн авсан боловч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ... 2020 онд хөнгөлөлт эдэлж байсан орон сууцны эзэмших эрхийг худалдан борлуулах замаар бусдад шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанаас өмнө 2021 онд үл хөдлөх борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4,240,000 төгрөгийн татвар болон 2021 оны 1-6 дугаар сард цалингийн орлогоос суутган авч төлсөн 699,945.21 төгрөгийн татвар, нийт хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох 4,939,945.21 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ