Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1829

 

С.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01510 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Н-ын хариуцагч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18 051 501 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0268 дугаар шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 469 тоот албан бичгээр намайг ажилд эгүүлэн томилохыг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт үүрэг болгосон. Гэтэл намайг ажилд томилохгүй хохироосоор байна. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0268 дугаар шийдвэр гарсан өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18 051 501 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсч байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0268 дугаар шийдвэрээр нэг өдрийн цалин хөлсийг 51 946 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан 100 өдрийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 194 580 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоосон тул үндсэн цалин 1 008 016 төгрөг болж Төрийн алба хаасан нэмэгдэл 25 хувь буюу 252 004 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь буюу 252 004 төгрөг бүгд 1 512 024 төгрөг болж нэмэгдсэн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18 051 501 төгрөг гаргуулна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрийн дагуу С.Н-т олгогдвол зохих ажилгүй байсан хугацааны мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн олгосон. С.Н-ын Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18 051 501 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2020 оны төсөвт суугдсаны дараа төлөхөөр эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 804 610 /Арван дөрвөн сая найман зуун дөрвөн мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 246 891 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 206 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 231 973 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Н  давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч Нийгмийн даатгалын Ерөнхий газраас нэхэмжилсэн 18 051 501 төгрөгийг нягтлан үзээд хуулийн дагуу үнэн зөв байна гэж дүгнээд бүтнээр нь олгохоор хүлээн зөвшөөрсөн атал шүүх зарим хэсгийг буюу 3 246 891 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй хууль бус гэж үзэж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрээр сарын дундаж цалин болон нэг өдрийн цалинг 51 946 төгрөг гэж тогтоогоогүй. Миний албан тушаал нь ТЗ-9-5 ангилал зэрэглэлд хамаардаг бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б\236 дугаар тушаалаар тогтоосон цалин сарын үндсэн цалин 864 211 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувь буюу 216 053 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь буюу 216 053 төгрөг бүгд олговол зохих цалин 1 296 317 төгрөг байсан. Нэг өдрийн цалинг тооцвол 1 296 317: 21.2 /дундаж цалин тооцдог хоног/ 61 147 төгрөг болно. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Засгийн газрын 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан цалингийн шинэчилсэн сүлжээгээр сарын үндсэн цалин 1 008 016 төгрөгөөр тогтоосон. Төрийн алба хаасны нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувь буюу 252 004 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь буюу 252 004 төгрөг, бүгд олговол зохих цалин 1 512 024 төгрөг. Гэтэл шүүгч энэхүү нэмэгдлийг тооцоогүй, 2019 оны 1 дүгээр сараас миний албан тушаалын цалинг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолын дагуу өсөн нэмэгдүүлж бодоогүй нь хуульд нийцэхгүй байна. Намайг цаг хугацаанд нь томилоод би ажлаа хийж байсан бол энэхүү тогтоолын дагуу цалинжиж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж байх байсан ба Нийгмийн даатгалын Ерөнхий газар үүргээ биелүүлээгүй улмаас би хохирох ёсгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн үндэслэн нөхөн олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл суутган авахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Энэ заалт нь ажиллаж байгаа ажилтанд хамааралтай бөгөөд хууль бусаар ажлаасаа халагдсан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол улсын Засгийн газрын 1994 оны 212 тогтоолын 2 дугаар хавсралт, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 211/А112 дугаар тушаалын хавсралтын 17-д заасны дагуу зөвхөн ажил олгогч хариуцан төлөх үүрэгтэй. Уг журмаар даатгуулагчаас нийгмийн даатгалын шимтгэл суутгахгүй. Олговол зохих цалинг бүрэн олгох ёстой. Энэ журмын дагуу албан тушаалын цалингаа хуулийн дагуу тооцож 18 051 501 төгрөгийг үнэн зөв нэхэмжилсэн болно. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн дүнгээс 3 246 891 төгрөгийн цалинг хэрэгсэхгүй болсон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч С.Н  нь хариуцагч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18 051 501 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч 2020 оны төсөвт тусгах замаар олгоно гэжээ.

 

            Нэхэмжлэгч С.Н-ын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0386 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 332 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр баталж, хуулийн хүчин төгөлдөр болсон ч ажил олгогч шүүхийн шийдвэрийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

            Ажил олгогчийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хууль зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байгаа тул уг хугацааны олговрыг хуульд зааснаар шаардах эрхтэй.

 

            Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 285 өдрөөр тооцож олговор 14 804 610 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, олговрын хэмжээг дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцүүлэн тогтоосон байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд олгох “олговор”-ын хэмжээ нь урьд авч байсан цалин хөлсний дунджаар тодорхойлогдох учир ажилгүй байх хугацаанд цалин хөлсний хэмжээ нэмэгдсэнээр буюу мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар тооцож 18 051 501 төгрөг шаардсан нь үндэслэлгүй болно.

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрээр С.Н-ын урьд авч байсан цалин хөлсний дунджийг нэг өдрийн 51 946 төгрөгөөр тогтоосныг шүүх дахин нотлохгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.  

 

            Нэхэмжлэгч нь Монгол улсын Засгийн газрын 1994 оны 212 тогтоолын 2 дугаар хавсралт, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 211/А112 дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцахаар заасан гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Дээрх тушаалын хавсралтын 17-д заасан ажлаас хууль бус зайлуулагдсан, мөрдөгдсөн хилс хэргээр хорих ялаар шийтгэгдсэн гэх агуулгатай үндэслэл нь ажлаас халагдсантай холбоотойгоор ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн маргаанд хамаарахгүй болно.  

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

      А.ОТГОНЦЭЦЭГ