Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2019/01510

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /  овогт С.Нын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, Н газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,682,675 төгрөг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0268 дугаар шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 469 тоот албан бичгээр намайг ажилд эгүүлэн томилохыг Н газарт үүрэг болгосон. Гэтэл намайг ажилд томилохгүй хохироосоор байна. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0268 дугаар шийдвэр гарсан өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,051,501 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсч байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0268 дугаар шийдвэрээр нэг өдрийн цалин хөлсийг 51,946 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан 100 өдрийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,194,580 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоосон тул үндсэн цалин 1,008,016 төгрөг болж Төрийн алба хаасан нэмэгдэл 25 хувь буюу 252,004 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь буюу 252,004 төгрөг  бүгд 1,512,024 төгрөг болж нэмэгдсэн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт  18,051,501 төгрөг гаргуулна гэв.

 

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Б.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрийн дагуу С.Нт олгогдвол зохих ажилгүй байсан хугацааны мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн олгосон. М.Нын Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,051,501 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2020 оны төсөвт суугдсаны дараа төлөхөөр эвлэрэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч С.Н хариуцагч Н газарт холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,682,675 төгрөг гаргуулж, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,368,826 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 18,051,501 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н газар С.Нын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,051,501 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин 2020 оны төсөвт суугдсаны дараа төлөхөөр эвлэрэх хүсэлт гаргаж байна. 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Ныг  аймгийн Эрүүл мэнд, ниймийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 5,194,580 төгрөгийг нөхөн олгож, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, Монгол улсын Их хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид олгосон 300,000 төгрөгийн мөнгөн  урамшууллыг нөхөн олгох,  аймгаас Улаанбаатар хотод ирж буцсаны унааны зардал 244,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж, үлдсэн ажилгүй байсан хугацааны хоол, унааны мөнгө, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/127 дугаар тушаалтай холбоотой шүүхээр маргаж байсан үеийн  аймгаас Улаанбаатар хотод ирж буцсан замын зардал 510,800 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 120,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0386 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 332 дугаар тогтоолоор дээрх Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч С.Н Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэр гарсан өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардаж шүүхэд ханджээ.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

 

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

 

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /285 өдөр, нэг өдөрт  51,946 төгрөгөөр/ нийт 14,804,610 төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгч С.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,246,891 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгах үндэстэй.

 

Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдаанд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268  дугаар шийдвэрээр нэг өдрийн цалин хөлсийг 51,946 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан 100 өдрийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,194,580 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоосон тул үндсэн цалин 1,008,016 төгрөг болж өөрчлөгдөж нэмэгдсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

 

Хариуцагч Н газар нь С.Нын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,051,501 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин 2020 оны төсөвт суугдсаны дараа төлөх болзолтойгоор эвлэрэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч С.Н шүүхэд болон шүүх хуралдааны үед зөвшөөрөөгүй /хх-ийн 48 тал/ гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрээр сарын дундаж цалин хөлсийг /нэг өдөрт 51,946 төгрөгөөр/ тогтоосныг баримталж шийдвэрлэх үндэстэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,206 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,804,610 /Арван дөрвөн сая найман зуун дөрвөн мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,246,891 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Н газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалтанд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 248,206 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 231,973 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

4. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ   биелүүлээгүй   нь   давж   заалдах  гомдол  гаргах  хугацааг   тоолоход   саад

болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ