Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 119/2017/0025/з |
Дугаар | 190 |
Огноо | 2018-04-25 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 190
Т.Д-ын нэхэмжлэлтэй,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар Т.Д-ыг томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах”
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0807 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Т.Д-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар Т.Д-ыг томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0807 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 807 дугаартай магадлалтай Т.Д-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Иргэдийн нийтийн хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр явагдаж уг хуралдаанаар иргэдээс Багийн Засаг даргаа сонгох санал хураах ажиллагаа явагдсан бөгөөд санал хураалтын дүнгээр багийн Иргэдийн Нийтийн хуралд оролцсон иргэдийн 55.2 хувийн саналыг Т.Д авсан. Ийнхүү Баянбулаг багийн Иргэдийн Нийтийн хурлаас 08 дугаартай “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоол гарган батлаж Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн. Энэхүү тогтоолыг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Г нь хүлээн авснаас хойш Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаас томилох, томилохоос татгалзах шийдвэр гаргах эсэх талаар хариу өгөлгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Иргэдийн Нийтийн хурлын 08 дугаартай тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш нийт хагас жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд Баянбулаг баг нь Засаг даргагүйгээр өдийг хүрээд хуучин Засаг дарга н.Д нь тэтгэвэртээ 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан билээ. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч талаас Т.Д, Ж.А нарын асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилох эсхүл томилохоос татгалзах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь эс үйлдэхүй байна гэж үзэхээр байгаа боловч энэхүү эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь буруу байна.
5. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилох эсхүл томилохоос татгалзахаар заасан байх ба түдгэлзүүлнэ, томилохгүй, орхигдуулж болно гэж заагаагүй. Гэтэл шүүх томилохгүй, татгалзахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байна гэж буюу зөвтгөж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Сумын Засаг дарга багийн Засаг даргыг хуулийн дагуу Иргэдийн Нийтийн хурлаас томилуулахаар санал болгож тогтоолоо хүргүүлэхэд томилохгүй эсхүл татгалзахгүй байгаа эс үйлдэхүйг шүүх зөв гэж дүгнэж байгаа бол Иргэдийн Нийтийн хурал хуралдаж тогтоолоо сумын Засаг даргад хүргүүлээд Багийн Засаг даргаа сонгох, багийн Засаг даргаар сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг хэн, хэрхэн хангах вэ? гэдэг асуудал үүснэ.
6. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй... гэж заасан Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг сумын Засаг дарга эс үйлдэхүйгээрээ зөрчиж хэрхэвч болохгүй. Т.Д нь багийн Засаг даргад нэр дэвшихдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан Багийн Засаг даргад тавигдах хуулийн шаардлага болох Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх шаардлагуудыг бүгдийг хангаж байсан. Энэ нь гэрч Баянбулаг багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга Б-ийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. Ийнхүү хуульд заасан багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан Иргэдийн Нийтийн Хурал явагдах журмаар явагдаж иргэдийн сонгосон багийн Засаг даргыг Сумын Засаг дарга томилохоос татгалзах эрх байхгүй шууд томилох ёстой.
7. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.23, 26.4-т зааснаар Баян-Өндөр сумын Засаг дарга нь Баянбулаг багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох, томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах талаар сонгох заалт байгаа учраас шүүхээс Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг шууд даалгах нь захиргааны байгууллагын хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэх сонгох боломжийг хязгаарласан шийдвэр болно” гэсэн нь үндэслэл муутай болжээ.
8. Учир нь багийн Засаг даргад нэр дэвшигч нь багийн Засаг даргад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй бол Сумын Засаг дарга уг шаардлагыг хангасан багийн Засаг даргыг Иргэдийн Нийтийн хурлаар дахин хэлэлцэж санал хурааж тогтоол гаргаж ирүүлэх зорилгоор томилохоос татгалзаж болно. Харин дээрх хуулийн шаардлагыг хангасан Т.Д-ыг томилохоос татгалзах эрхийг Баян-Өндөр сумын Засаг дарга эдлэх учиргүй юм. Гэтэл шүүх дээрх Т.Д багийн Засаг даргад тавигдах хуулийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд Сумын Засаг дарга Т.Д-ыг томилохоос татгалзах үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй орхиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
9. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Магадлалын хянах хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар эхний удаа санал болгосон хүнийн дээд шатны Засаг дарга томилох эсэх талаар шийдвэр гаргах хугацааны талаарх нарийвчилсан зохицуулалт байхгүй” гэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлд хуулийн зорилгын талаар дурдсан байх бөгөөд тодруулбал “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино” гэж заасан.
10. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагааны зарчмыг заасан байх ба 4.2.2-д Захиргааны үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх талаар хуульчилсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Засаг даргаас шийдвэр гаргах хугацааны талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй хэмээн үзсэн нь үндэслэл муутай болсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүйг харуулж байна. Бодит байдал дээр сумын Засаг дарга нь Т.Д-ыг томилох, татгалзах эсэх талаар шийдвэр гаргалгүй явсаар 10 сарын хугацаа өнгөрөөд байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг нь тухайн багийн иргэдээс сонгогдоогүй Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалтан багийн Засаг даргын ажлыг хийж цалин хөлс авч байна.
11. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Т.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
13. Нэхэмжлэгч Т.Д нь “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлаас тус багийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авч, түүнийг Баянбулаг багийн Засаг даргаар томилуулахаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад уг тогтоолыг хүргүүлсэн боловч томилсон захирамж гаргахгүй байна” гэж, хариуцагч “2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сумын Засаг даргын захирамжаар Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилох төсөл гарын үсэг зурагдах шатандаа байхад түүнтэй өрсөлдсөн Ж.А нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд бичгээр гомдол гаргасан тул...Т.Д-ыг томилох асуудлыг түдгэлзүүлсэн” гэж тус тус маргажээ.
14. Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Мөн өдөр Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдсан бөгөөд тус хурлаас иргэн Т.Д иргэдийн олонхийн саналыг авсан, энэ талаар талууд маргаагүй байна.
15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох...”, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
16. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг сумын Засаг дарга томилох, эсвэл томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульд заасан атал багийн Засаг даргад нэр дэвшиж нэхэмжлэгчтэй өрсөлдсөн Ж.А “Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бичгээр гомдол гаргасан” гэх үндэслэлээр хариуцагч томилгооны асуудлыг “түр түдгэлзүүлсэн” нь захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчимд нийцэхгүй, өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээр дурдсан холбогдох зүйл заалтаар томилгоог “түр түдгэлзүүлэх” эрх зүйн харилцааг зохицуулаагүй байна.
17. Хуульд зааснаар Баян-Өндөр сумын Засаг дарга багийн Засаг даргыг томилох эсхүл томилохоос татгалзах шийдвэрийг гаргалгүй орхигдуулсныг хууль бус эс үйлдэхүй гэж үзнэ.
18. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг Захиргааны байгууллагын “хуульд үндэслэх” зарчимд нийцүүлэн эрх зүйн үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна.
19. Багийн Засаг даргад нэр дэвшигч Т.Д Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйлд заасан Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх багийн Засаг даргад тавигдах хуулийн шаардлагыг хангасан болох нь нотлогдсон, хариуцагч үгүйсгэж маргаагүй, тухайн тохиолдолд түүнийг багийн Засаг даргаар томилох боломжтой байх тул хяналтын шатны шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
20. Харин давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй байх тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийлгэх шаардлага ч хангагдах боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0807 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар Т.Д-ыг томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН