Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0650

 

 

 

 

     2023         08           28                                       128/ШШ2023/0650

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг дарга;

Хариуцагч: Үндэсний аудитын газар, тус газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э*******;

Хариуцагч:Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор;

Маргааны төрөл: “Үндэсний аудитын газрын төрийн аудитын хяналт шалгалтын үйл ажиллагаа илт хууль бус байсан болохыг тогтоолгох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******, Х.Б*******, Б.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, Ц.Х*******, Д.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Говь-Алтай аймгийн Засаг даргаас Үндэсний аудитын газарт холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 1*******, С дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  “Зөрчил арилгуулах тухай” 1 дугаар  албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

3.Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

4.Үндэсний аудитын газраас Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд эрсдэлийн аудит хийжээ.

5.Дээрх хяналт шалгалтаар “...С х уулын тэнгэрийг тахих ёслолын үйл ажиллагаанд 59,464,480.00 (тавин есөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян) төгрөг, Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 оны хэрэгжилтийг тайлагнах, 2022 оны төлөвлөгөөг танилцуулах ажлыг сумдад зохион байгуулахад 18,625,700.00 (арван найман сая зургаан зуун хорин таван мянга долоон зуун) төгрөг, Аймгийн аваргаар шалгарсан малчин, тэмээчин, үхэрчин, саальчин, тариаланч, хадланч болон бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэнд шагнал урамшуулалд 102,768,500.00 (нэг зуун хоёр сая долоон зуун жаран найман мянга таван зуун) төгрөг,  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Газар тариалан алим, жимс жимсгэнэ” төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд 19,710,000.00 (арван есөн сая долоон зуун арван мянган) төгрөг, Уулзалт, баяр ёслол, сургалт зохион байгуулахад 73,975,915 (далан гурван сая есөн зуун далан таван мянга есөн зуун арван таван) төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс зарцуулсан зөрчлүүдийг илрүүлсэн гэж үзжээ.

Улмаар Үндэсний аудитын газраас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 1*******, С дугаар албан шаардлагаар  “...Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс үрэлгэн, зориулалт бус зарцуулсан зөрчлийг арилгаж, биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэх, ...цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгажээ.

6.Нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газраас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 1*******, С дугаар албан шаардлагыг эс зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7.Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын шүүхэд бичгээр  гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн мөн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд: 

1/Үндэсний аудитын газрын "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлага нь захиргааны акт ба түүнтэй холбогдох аливаа маргаан бүхий асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамааруулан шийдвэрлэх тул Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хугацааг баримтлан харьяаллын дагуу шүүхэд хандаж байна.

2/Аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн бөгөөд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Энэхүү бүрэн эрхээ хууль, тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлсэн байхад тодорхой үйл ажиллагааг зөрчил гэж үзэж аудитын байгууллага албан шаардлага өгч байгаа нь нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэгч төрийн төлөөлөгчийн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна.

3/Захиргааны актыг хуульд зааснаар амаар болон бичгээр гаргах боломжтой бөгөөд бичгээр гаргасан тохиолдолд "...захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах..." зэрэг хуулийн шаардлагууд тавигддаг. Тус захиргааны актад акт тогтоосон

үйл баримт, дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй байна.

4/“Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 1 дугаар  албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагын үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д тус тус зааснаар тодорхойлж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага утга агуулгын хувьд илэрхий алдаатай, бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй захиргааны акт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсанаас гадна, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан, тухайн маргаан бүхий асуудлаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

5/Үндэсний аудитын газар нь эрсдэлийн аудитыг хийхдээ удирдамж, шийдвэргүйгээр хууль тогтоомж зөрчин хийсэн ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна...”гэжээ.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын Байнгын хорооноос ирүүлсэн мэдээллийг үндэслээд төлөвлөгөөт бус эрсдэлийн аудитыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт аймаг нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан болон Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулсан үйл ажиллагаанууд дээр хийгдсэн. Нэхэмжлэлийн шаардлага яагаад илт хууль бус гэж тогтоолгохоор гаргасан бэ гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д тус тус зааснаар тодорхойлж байгаа. Хариуцагчаас захиргааны байгууллага утга агуулгын илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гаргасан. Нэхэмжлэгчээс хууль бус үйлдэл биелүүлэхийг шаардсанаас гадна нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан. Тухайн асуудлаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Эрсдэлийн аудит хийсэн үйл ажиллагаа болон энэхүү тайланг баталгаажуулсан Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  А/97 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Эрсдэлийн аудит хийхдээ удирдамж хийлгүйгээр хууль тогтоомж зөрчиж хийсэн. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар үндэслэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилж найруулаад захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж найруулагдсан. Тухайн эрсдэлийн аудит хийгдэх явцад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн заалтаар үүрэгжиж байсан. Мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус аудит хийгдсэн байгаа юм.

Төлөвлөгөөт бус аудит хийхдээ Төрийн аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаа. Төрийн аудитын байгууллага төлөвлөгөөт бус аудитыг Улсын Их Хурлын шийдвэр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хорооны шийдвэр болон хуульд заасан бусад үндэслэлээр хийнэ. Хуульд заасан бусад үндэслэл юу вэ гэхээр тайлбар дээр нь  Нийтийн сонсголын тухай хуулийн 9.2-т "Төсвийн хяналтын сонсгол явуулах бол төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна" гэх зэргээр хуульд тусгайлан заасан асуудлаар төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэхээр заасан тохиолдлыг ойлгоно. Үүн дээр Улсын Их Хурлаас эрсдэлийн аудит хийлгэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Хянан шалгах түр хорооны шийдвэр байхгүй. Зөвхөн Улсын Их Хурлын Байнгын Хорооны мэдээлэл хүргүүлсэн албан бичиг Үндэсний аудитын газар хүргэгдсэн байдаг. Хуульд заасан үндэслэл гэдэг нь яг тусгайлан заасан үндэслэл байхгүй. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3-т заасныг үндэслэж аудит хийсэн гэдгээ төлөвлөгөө тайлан дээрээ тусгасан байдаг. Харин энэ заалтыг төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамаарахгүй гээд 6.7-д заасан байдаг.

Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 21.1-д “Аудитын баг аудитын үе шатны ажлыг хэрэгжүүлэх явцад цаг хугацааны хувьд шалгах боломжгүй өндөр эрсдэлтэй асуудлыг тусгайлан бүртгэж, эрсдэл бүхий асуудалд чиглэсэн аудит хийх нөхцөл бүрдсэн гэж үзвэл ач холбогдлоос нь хамааруулан Үндэсний аудитын газарт Ерөнхий аудиторын, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газарт тэргүүлэх аудиторын шийдвэрээр аудитыг хэрэгжүүлнэ” гэж заасан. Ерөнхий аудиторын гаргасан шийдвэр байхгүй. Баталсан удирдамж байхгүй. Төлөвлөгөө нь шийдвэрт тооцогдохгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1."хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд аудитын үйл ажиллагаа нь хяналт шалгалтын цогц арга хэмжээ гэж үзэж байна. Тухайн үед хийгдсэн бүхий л арга хэмжээ, баримт бичгийг аудитын тайлан гэж үзэхээр байгаа юм. Аудитын тайланг Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитын тушаалаар баталгаажуулна гээд журмын 18.9-д заасан байгаа. Хуульд аудитын тайлан хийсэн арга хэмжээ нь аудитын салшгүй хэсэг байна гээд бас заасан байгаа юм. Иймд Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын тушаалыг илт хууль бус гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэж байна” гэв.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар баталсан журамтай нийцэхгүй байгаа дээр тайлбар хэлье. 2020 оны 12 дугаар сард төсвийн хуулиар өмнөх оны 12 дугаар сарын 05-ны дотор аймгийн иргэдийн Хурлаар тухайн оны төсвийг баталдаг. 1  дугаартай албан шаардлага дээр зөрчил гэж үзсэн зүйлүүд нь тухайн үед өөрөөр хэлбэл, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2021 оны орон нутгийн төсвийг баталсан. Батлах үед энэ үйл ажиллагааг төлөвлөх боломжгүй байсан.  Ковид-19 цар тахлын улмаас улсын онцгой комиссоос шийдвэр гаргаад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, баяр ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон ийм үед орон нутгийн төсвийг баталсан. Ингэж батлахад С хы төсөв батлах эсэх нь тодорхойгүй. Төсөв батлах боломжгүй байсан. Уулзалт баяр ёслол, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах нөхцөл тухайн төсөл баталж байхад боломжгүй байсан. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор. Аймгийн сайн малчин, тариаланч, хадланч салбарын аваргуудыг шагнаж урамшуулах ажиллагаанд улсын тэргүүн сайн малчин, саальчин, тариаланчийг тухай бүрд нь шийдвэрлээд шагнаж урамшуулаад явдаг. Дээрх шагнал урамшууллыг өмнөх ондоо төсвөө баталж байгаа учраас хэдэн сайн малчин, тариаланч, хадланч салбарын аваргуудыг шалгаруулах нь тодорхой байдаггүй учраас нөөц сангаас зарцуулаад явсан. Газар тариалан, жимс жимсгэнэ хөтөлбөрийг нөөц сангаас зарцуулсан байна гэж байгаа юм. Энэ мөн төлөвлөх боломжгүй байсан. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас тайлант оны дундуур шийдвэр гаргаад тарактори төхөөрөмжийг хуваарилсан. Үүнийг тухайн үед бид нар Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тухайн үед санхүүжилт гаргаад яамнаас тоног төхөөрөмжийг татаж авсан тээврийн зардал байгаа юм. 1 дээр тусгагдсан шаардлага Сангийн сайдын 61 дүгээр тушаалаар баталсан төлөвлөх боломжгүй зардал гэдэгт орж байгаа. 61 дүгээр тушаал дээр Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулахдаа Засаг даргын зөвлөл, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн зүйлүүд байж байгаа юм. С хы тахилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тов тогтоогдоод тухайн тахилгыг 8 сарын эхээр хийсэн санагдаж байна. Өмнөх ондоо төлөвлөх боломжгүй байсан. Цар тахлын улмаас өмнөх ондоо хийх боломжгүй байсан. Төсвийн тухай хуульд зааснаар зориулалтын бус, үр ашиггүй зарцуулсан байна гэдэг. Үр ашиггүй зарцуулсан бол орон нутгийн төсвийн хөгжлийн санг 3 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байдаг. 2021 оны тухайд нийтдээ 5.7 тэрбум төгрөгөөр хэмнэж ажилласан.  Хэрвээ үрэлгэн зарцуулсан бол энэ хэмнэлт хаанаас гарч ирэх вэ гэсэн асуудал гарч ирж байна. Сангийн сайдын 61 дүгээр тушаалаар нийцэж байна гэж үзэж байна. Тухайн үед төлөвлөх боломжгүй байсан 1 удаагийн шинжтэй арга хэмжээ. Энэ нь төсвийн жилдээ нэг удаа болдог, урьдчилан тооцох боломжгүй байсан. Тухайн үедээ хөтөлбөр, үйл ажиллагаа бүхэн дээрээ Засаг даргын зөвлөлийн хурлаар эцэслэн шийдвэрлэсэн учраас Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журамтай нийцэж байна гэж үзэж байна” гэв.

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрсдэлийн аудит гэдгийг Улсын Их Хурлын эсхүл түр хорооны шийдвэрээр хийх боломжтой байна. Байнгын хорооноос ирсэн албан тоот нь мэдээлэл байна. Мэдээллийн хүргүүлж байна, мэдээллийн дагуу ажиллана гэсэн байгаа юм. Эрсдэлийн аудит хийх нь үндсэн Улсын Их Хурлын шийдвэр биш, эрсдэлийн аудит хийх нөхцөл хууль эрх зүйн хүрээнд бүрдээгүй гэдгийг хэлмээр байна. Аймгийн аудитын газар Үндэсний аудитын газрыг очихыг мэдээгүй байсан. Шууд манайд ирээд ийм аудит хийх гэж байна гэж ирсэн. Төлөвлөгөөгөө танилцуулаад 7 хоног ажиллах байсан ч 5 хоног ажилласан. Ер нь байх хугацаандаа байнга хүн дарамталсан амралтын өдрөөр дуудсан, загнасан, хэрэг материал өг гээд, хүмүүсийн өвлийн хоол бэлтгэх цаг болсон байсан. Бүгд байхгүй болсон үеэр нилээд сүртэй байдал бий болсон. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр хүртэл хэлсэн. Энэ дээр гомдол гаргаад явж байгаа. Адилхан төрийн албан хаагч нар байж хот, хөдөөгийн гэж ялгаад, хөдөөгөөс ирсэн  эрх мэдэлтэй хүмүүс гэж сая Б.Э******* итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байх шиг байна. Төрийн албанд адилхан ажиллаж байж ялгаа байхгүй. Төрийн үүргийг гүйцэтгэж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагчид мөн. Төрийн хуулийг хүндэлж ажиллах ёстой. Шүүхэд төлөөлөх итгэмжлэлээ баталгаажуулж ирүүлээгүй нь хүртэл төрийн албаны хот, хөдөө ямар байдалтай байгааг хэлэх гэсэн юм.  Аудитын тайланг Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, аймаг нийслэлийн аудитын тайланг тэргүүлэх аудитор нь батлаад явна гэдгийг хэрэгжээгүй гэж үзэж байна. Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 21.1-д “Аудитын баг аудитын үе шатны ажлыг хэрэгжүүлэх явцад цаг хугацааны хувьд шалгах боломжгүй өндөр эрсдэлтэй асуудлыг тусгайлан бүртгэж, эрсдэл бүхий асуудалд чиглэсэн аудит хийх нөхцөл бүрдсэн гэж үзвэл ач холбогдлоос нь хамааруулан Үндэсний аудитын газарт Ерөнхий аудиторын, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газарт тэргүүлэх аудиторын шийдвэрээр аудитыг хэрэгжүүлнэ.” гэж заасан. Энэ нь илт хууль бусад тооцох үндэслэл гэж үзэж байна. Үүнийг шүүх анхаарна уу. Мэдээлэл гэдэгт манай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн н.Энх-Амгалан нь хяналт шалгалт явуулах хүсэлт тавьсан байсан. Манай хяналт шалгалттай холбоотой цахим орчинд тавьсан материалууд нь үндэслэлгүй, Авлигатай тэмцэх газар шалгаад энэ нь тогтоогдсон. Ийм мэдээллүүдийг хараад шалгах зорилгоор манайд хяналт шалгалт хийсэн. Одоогийн аймгийн Засаг дарга нь Ардчилсан намаас сонгогдсон удирдлага. н.Энх-Амгалан гишүүний мэдээллээр Төсвийн Байнгын Хороонд хүсэлт өгөөд төсвийн Байнгын хороо түүнийг үзэж хар гэсэн зүйл байгаа болохоос үүнийг эрсдэлийн аудит хийнэ үү гэсэн үг үсэг байхгүй, ямар нэгэн байдлаар дамжуулж шалгуулах гэсэн гэж үзэж байгаа юм.  Энэ олон дахин явж байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна” гэв.

11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилаад өнөөдрийн шүүх хуралдаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн гэж ярьж байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий байгууллагын ажилтны баталсан удирдамжийн дагуу хийдэг гээд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд байгаа. Өнөөдрийн хавтаст хэргийн материалд хяналт шалгалт хийсэн байгаа боловч удирдамж гэдэг зүйл байхгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.5–д “хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэх;” гэж байгаа. Хавтаст хэргийн материалд эрсдэлийн аудит гээд гаргаад байгааг Говь-Алтай аймаг эрсдэлийн ямар ангилалд багтсан бэ гэдгийг тогтоогоогүй байсан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл журам” байгаа. Төлөвлөгөөт бус аудит хийсэн гэж яриад байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт гэдэг нь тухайн хуулийн 5.2 дээр маш тодорхой тайлбарлаад өгсөн байгаа юм. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь ямар нэгэн удирдамж байхгүй, аль нь тодорхойгүй, хуульд заасан ямар эрхийн хүрээнд ямар шалгалт хийсэн нь тодорхойгүй байгаа гэдгийг өмгөөлөгчийн зүгээс үзээд байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлтэй. Удирдамж байхгүй байсан гэдгийг өнөөдөр нэхэмжлэгч маргаад байгааг ч энэ албан шаардлагыг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрх нь байгаа учраас анхнаасаа энэ актыг гарснаас хойш хүлээн зөвшөөрөхгүй байна гээд шат шатанд нь хандаад гомдол гаргаж байгаа. Тухайн үед нь энэ хүмүүсийг эсэргүүцэх биш, энэ акт албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан юм. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуй нэгж байгууллагын өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр түүнчлэн, хүний амь нас хүрээлэн буй орчин рүү шууд ба шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр манайх очиж хийсэн. Эрсдэлийн аудит хийхийн тулд цахим орчинд байсан мэдээллийг цуглуулаад авсан гэж яриад байна. Аудитын тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд цахим мэдээллийн сангаас бүртгэж аваад  эрсдэлийн аудит хийнэ гэх үг үсэг өгүүлбэр байхгүй байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү явуулах болсон үндэслэл гэдэг нь тодорхойгүй байгаад байгаа юм. Бичиг ирсэн гэдэг зүйл л ярьдаг. Яагаад эрсдэлтэй хийх болсон үндэслэлээр хавтаст хэрэгт авагдсан баримтаар ч байхгүй, өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй. 5.2.3 дээр удирдамжид заасан асуудлын хүрээнд л хийнэ гэж байгаа. Удирдамж өнөөдөр байхгүй байсан. Удирдамж байгаагүй гэдгээ шүүх хуралдаан дээр ярьсан байгаа юм. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэж байгаа юм. Он сар, удирдамжийн дугаар, шалгалтын үндэслэл гэж заасан байдаг. Энэ шалгалтын зорилго юу байсан бэ. Шалгалтын төрөл арга хэлбэр, шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуй нэгж байгууллага, иргэн, объектын нэр, шалгалтын бүрэлдэхүүн, хэсгийн ахлагчийн нэрийг тусгах ёстой. Шалгалт эхлэх болон дуусгах хугацаа, өмнө хийсэн шалгалтын талаар мэдээллийг тусгах ёстой. Гэтэл аймгийн хувьд эрсдэлтэй байна гэсэн ийм мэдээлэл дүгнэлт хавтаст хэргийн материалд байхгүй байсан. Ийм учраас захиргааны актыг илт хууль бус болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үүн дээр Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д заасан болон мөн 47.1.7-д заасан  түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд арилгаж гэдэг үг нь өмнө гаргасан алдаа дутагдлыг арилгах боломжгүй гэдэг байдлаар тайлбарлаад асуугаад явахаар арилгах гэдэг үг нь өөр утгатай үг юм. Арилгах гэдэг үгийг цаашид гаргахгүй, энэ алдааг гаргахгүй, таслан зогсоох гэдэг байдлаар тайлбарлаад байгаа нь өнөөдөр тухайн акт нь утга агуулгын илэрхий алдаатай гэдгийг нотлоод байна гэдгийг өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 47.1.2-д илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа л  эрх зүйн үйлчлэлгүй байна. 47.3 дээр Захиргааны актыг гаргах аль нэг хэсэг илт хууль бус байвал тэр нь захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна. Иймд захиргааны акт нь бүхэлдээ илт хууль бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан гаргасан  тайлбартаа:

1/Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 1*******, С дугаар  албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “Утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан шинжийг агуулаагүй.

Учир нь Төрийн аудитын тухай хуульд зааснаар шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгөх эрх зүйн зохицуулалттай. Мөн нийтэд дагаж мөрдөгдөж буй Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журмын хүрээнд төсвийг зориулалт бусаар зарцуулсан, хууль тогтоомж зөрчсөн аливаа зөрчлийг олж илрүүлэх, таслан зогсоох үүргийг хэрэгжүүлдэг.

Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг таслан зогсоохоор албан шаардлага хүргүүлснийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэлтэй нийцэхгүй байна.

2/Мөн “нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан” гэж тайлбарлажээ. Хэдийгээр аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг хэдий ч хуулиас давсан эрх хэмжээ,чиг үүргийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан байна.

3/Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын хууль, ёсны эрх ашгийг хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй байна. Учир нь тус албан шаардлагын шаардах хэсэгт “Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс үрэлгэн, зориулалт бус зарцуулсан зөрчлийг арилгаж, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга О.А даалгасан.

 Иймд Үндэсний аудитын газраас тогтоосон албан шаардлагын биелэлтийг хэрхэн хангах эсэх нь Аймгийн засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүрэн эрхийн асуудал юм.

4/Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд “Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүн”-д эрсдэлийн аудит хийж, зөрчлийг тогтоож арилгуулах арга хэмжээг авсан...” гэжээ.

13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн аудитын тухай хуульд зааснаар хуулийн зорилго нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж заасан. Төлөвлөгөөт бус аудитыг жил болгон Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хорооноос батлуулдаг. Төлөвлөгөөт бус нь Төрийн аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дээр заасан 3 үндэслэл байгаа. Улсын Их Хурлын шийдвэр, Монгол Улсын Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хянан шалгах түр хорооны шийдвэрээр, бусад хуульд заасан үндэслэл гээд 3 шалтгааныг үндэслэж төлөвлөгөөт бус аудитыг хийнэ гэсэн байдаг. Бидний хийсэн аудит нь Улсын Их Хурлын Байнгын хорооноос ирсэн бичгийн дагуу энэ асуудлуудыг шийдвэрлэ гэж байгаа. Манай байгууллагын үндсэн чиг үүрэг нь аудит хийх. Тухайн Байнгын Хорооноос ирсэн албан бичигт дурдсан эрсдэлийн асуудлуудыг үндэслээд Ерөнхий аудиторын баталсан аудитын төлөвлөгөөний дагуу хийж байгаа юм. Манай бүх аудитад хэзээ ч тушаал гардаггүй. Бүгд төлөвлөгөөтэй. Бүгд төлөвлөгөө гаргаж хийдэг. Төлөвлөгөөг Ерөнхий аудитор баталдаг. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “"аудитын төлөвлөгөө" гэж аудит хийх үндэслэл, аудитын зорилт, хамрах хүрээ, арга зүй, цаг хугацаа, хөтөлбөрийг багтаасан эрх бүхий этгээдийн баталсан баримт бичгийг;” гэж заасан. Баталсан баримт бичиг гэдэг нь Ерөнхий аудитор баталсан байгаа учраас баталсан шийдвэрийн дагуу аудит хийж байгаа юм. Шийдвэргүй хийсэн гэж хэлэх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Утга агуулгын илэрхий алдаатай гэдгийг тухайн албан шаардлага Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэсэн үндэслэлээр бид албан шаардлага өгсөн. Утга агуулгын илэрхий алдаатай, Засаг даргын нөөц хөрөнгийн журмыг зөрчсөн гээд Засаг даргын нөөц хөрөнгө нь адилхан л төсвийн хөрөнгийн зарцуулалт байгаа. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн хөрөнгийг төлөвлөсөн ч үр ашигтай зарцуулах, зориулалтаар зарцуулах гэдэг нь бас л Засаг даргын нөөц хөрөнгө нь төсвийн хөрөнгө учраас Төсвийн тухай хуультай зөрчилдөнө гэсэн ойлголт байхгүй. Төсвийн тухай хуулийг үндэслэсэн байна. Засаг даргын нөөц хөрөнгийн журмыг зөрчсөн гэдэг нь илт алдаатай байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Адилхан л Төсвийн тухай хуулийн төсвийн хөрөнгийн зарцуулалттай байгаа. Засаг даргын нөөц хөрөнгө нь өөрөө төлөвлөх боломжгүй, зардал гарах тохиолдол байгаа учраас бидний тавьсан албан шаардлага нь тухайн байгууллага нь өөрөө дараа жилийнхээ төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, төлөвлөх боломжтой зардлуудыг зарцуулсан байна. Орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулах боломжтой хөрөнгөө энэ сангаас зарцуулах ёстой гээд яг энэ тухайн нь зарцуулах ёстой зориулалтын дагуу зарцуулагдаад байгаа учраас давтан гаргаж болохгүй гэдэг албан шаардлага өгч байгаа болохоос Засаг даргын эрхэд халдсан асуудал биш. Илт алдаатай Засаг дарга үйл ажиллагаагаа явуулахад саад болсон шийдвэр гаргасан гэдэг нь ямар ч үндэслэлгүй байна. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Ер нь аль ч байгууллагын төсвийн захирагч нар хуулийн дагуу төсвийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Бид хууль, журамд үндэслэж гарсан зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдэг дээр Төрийн аудитын хуулийн дагуу хяналт шалгалт хийгээд үүнийг засаж залруулах албан шаардлагыг өгч байгаа юм” гэв.

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан. Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй төлөвлөх хуваарилах, арвилан зарцуулахад хяналт тавих, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангуулахад дэмжлэг үзүүлнэ. Төрийн аудитын байгууллагын хийх ёстой үндсэн зорилт нь энэ. Төрийн аудитын байгууллага нь тухайн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт очиж хяналт шалгалтаа хийсэн. Хяналт шалгалтыг хийгээд төсвийн хөрөнгийг төлөвлөгөөгүй зарцуулсан байна гэдгийг тухайн өөрсдийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд нотлоод албан шаардлага өгсөн. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг тогтоосон бол албан шаардлага өгнө. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасны дагуу албан шаардлага өгсөн. Эрх зүйн үндэслэл байгаа гэдгийг тогтоосон учраас албан шаардлага өгч байна гэж ойлгоно. Бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэгт биелүүл гээгүй, дахин ийм алдаа зөрчил гаргаж болохгүй шүү гэдэг байдлаар албан шаардлага өгсөн гэдгийг яагаад ойлгохгүй байна вэ.

...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1 албан шаардлага, үүнтэй адил 1073-1075 гэсэн нийт 4 албан шаардлага гарсан байгаа. Аймагт С хы тахилгын үйл ажиллагаанд 59 сая, сумдад 2022 оны төлөвлөгөөг танилцуулахад 18 сая, аймгийн аваргаар шалгарсан үхэрчин, саальчин, тариаланч гээд 102 сая, газар тариалан санхүүжүүлэх 19 сая, уулзалт зохион байгуулахад 73 сая гээд энэ зөвхөн 1 акт дээр гарч байгаа нийтдээ 2 сая гаруй төгрөгийг төлөвлөгөөт бусаар төсвийн мөнгийг төлөвлөгөөгүйгээр зарцуулж байна. Гэхдээ энэ үр дүнд хүрсэн үү үгүй юу гэдэг хамгийн чухал. Үндэсний аудитын газрыг хууль бусаар шалгалаа гэж гомдоод байна. Улсын Их Хурлын Байнгын хорооноос ирсэн чиглэл, үүрэг даалгаврын дагуу Ерөнхий аудитор баталгаажуулаад аудитыг хийсэн. Ийм шийдвэр гаргаад төлөвлөгөө гаргаад баталгаажуулаад аудитыг хийсэн. Албан шаардлагын ялгааг олохгүй байна уу гайхаад байна. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө.”  гэж заасан. Албан шаардлага гэдгийг ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх, дахин алдаа зөрчлийг гаргуулахгүй байдлаар сануулж байгаа юм.  Энд алдаж оноод төөрч будилаад байх асуудалтай хүмүүс байхгүй гэж харж байна. Хэрвээ алдаа зөрчил гаргавал хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэхдээ шууд хариуцлага хүлээхгүй, зарцуулалтад аудит хийгээд 2023 ондоо дахин алдаа гаргасан байвал Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу тодорхой эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно гээд бичсэн байгаа. Тухайн зүйл заалтын санкц нь тодорхой байхад яагаад ийм тодорхойгүй зүйлүүдээр маргаад байгаа вэ гэдэгт гайхаж байна. Дахин дахин шүүгч болон хариуцагч талаас тайлбарлаад байхад ойлгохгүй байгаа нь харамсалтай байна. Ямар нэгэн байдлаар Ковид гээд төлөвлөх боломжгүй байгаад энэ бүгдийг зарцуулсан гээд байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн түвшинд үзэхээр 4 албан шаардлагын хүрээнд энэ зарцуулсан мөнгө 1 тэрбум гаруй төгрөг болно. Энэ мөнгийг зарцуулаад Говь-Алтай аймгийн хэмжээнд тус аймгийн хөгжил болон бусад талаар ямар хэмжээнд явж байгаа вэ гэдгийг энэ мэдээллийн болон бусад сувгаар Монгол Улсын жирийн иргэн хүртэл мэдэж байгаа. Үнэхээр болохгүй байгаа, хөгжил хөгжихгүй байгаа учраас УИХ-ын Байнгын хорооноос чиглэл ирсэн. Энэ чиглэлийн дагуу Төрийн аудитын байгууллага аудит хийсэн. Төрийн аудитын тухай хуульд төрийн аудитын үндсэн зорилтыг шүүхийн хэлэлцүүлэг уншсан. Төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино. Бид хуульд заасны дагуу хяналтаа тавьсан. Эрх хэмжээгээ хэтрүүлж хяналт тавьсан асуудал байхгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, үйл баримтын талаар:

Энэ хэргийн маргаанд “Үндэсний аудитын газар, түүний даргын гаргасан захиргааны актуудыг илт хууль бусад тооцуулах” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хорооны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн УИХ-11/10250 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан “Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нь орон нутгийн өмчийг үнэгүйдүүлэх, төсвийн хөрөнгийг зохисгүй зарцуулж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаарх мэдээллийг хүлээн авсан талаар, энэ мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авах”-ыг уламжилж, уг албан бичигтээ Улсын Их Хурлын гишүүн Б.Э мэдээллийг хавсаргажээ. /ХХ-3-н 1-3 дахь тал/

            2.2.Үндэсний аудитын газрын Тамгын даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/57-ТГ тушаалаар “ ... Төсвийн Байнгын Хорооноос өгсөн чиглэлийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалтад эрсдэлийн аудит хийх багийн албан томилолтын Удирдамжийг 1 дүгээр хавсралтаар баталж, Удирдамжид эрсдэлийн аудитын зорилго, хийх ажил, хамрах хүрээ, хугацаа, гарах үр дүнг тогтоож өгсөн байна. /ХХ-2-н 118 дахь тал/

            2.3.Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор нь Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнг тусгасан Аудитын төлөвлөгөөг 2022 оны  11 дүгээр сарын 18-ны өдөр баталж, гарын үсгээ зурсан үйл баримт тогтоогдлоо. /ХХ-2-н 121-124 дэх тал/

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх эрсдэлийн аудитыг Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хорооны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн УИХ-11/10250 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг үндэслэн явуулсан, манай байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус аудитыг явуулах төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний дагуу аудитыг явуулдаг, Монгол Улсын Ерөнхий аудитороос аливаа аудитыг явуулахдаа тушаал гардаггүй, энэ нь манай байгууллагад хэвшсэн ажиллагаа гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

2.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны  11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан төлөвлөгөөг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн аудитын тайланг 2022 12 дугаар сарын 15-ны өдөр боловсруулж, үе шатны хяналт хийлгэж, тайланг  2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хороо, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн талаар уг тайланд тусгажээ. /ХХ-2-н 195-233 дахь тал болон хэрэгт эх хувиар хавсаргагдсан уг тайланд/

2.6.Энэхүү тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн А/ 97 дугаар тушаалаар баталгаажуулж шийдвэрлэсэн байн.  /ХХ-2-н 193 дахь тал/

2.7.Уг тайлангаар аймгийн удирдлагууд Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, төсвийг хэмнэлтгүй зарцуулсан, орон нутгийн төсвийн хөрөнгө зарцуулалт, ОНХС-ийн  хөрөнгөөс зориулалт бусаар зарцуулсан зэрэг дүгнэлтийг хийсэн байхад уг тайланг эс зөвшөөрсөн талаар нэхэмжлэгч нь  шүүхэд аливаа байдлаар маргаагүй байна.

2.8.Аудитын тайлан болон Монгол Улсын Ерөнхий аудитор нь 2022 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн А/ 97 дугаар тушаалаараа тайланг баталгаажуулсныг үндэслэн Үндэсний аудитын газраас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1/АО150055, С дугаар бүхий албан шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд маргаж байгаа үндэслэл нь уг шийдвэр илт хууль бус гэж байна.

2.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Үндэсний аудитын газраас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1/АО150055, С дугаартай Албан шаардлагын Шаардах хэсгийн “зөрчлийг арилгаж” гэсэн нь уг шаардлагад дурдсан 5 зөрчилд холбогдох нийт 2,, төгрөгийг нөхөн төлүүлэх, хариуцагчаас албадан гаруулах  хууль зүйн үр дагавар үүсгээгүй, харин дахин ийм зөрчил гаргахгүй байх, зөрчлийг таслан зогсоох зорилготой, “зөрчлөө арилгахгүй” нөхцөл нь дахин төсвийг зориулалт бусаар зарцуулсан тохиолдолд арилгаагүй гэж үзэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж тайлбарласныг шүүхэд гаргасан тайлбар тул шүүх “шууд утгаараа хууль зүйн үр дагавар үүсгэх, хуульд харшлаагүй, эргэлзээгүй тайлбар” гэж үзсэн болно.

2.10.Нэхэмжлэгчийн Үндэсний аудитын газраас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1/АО150055, С дугаар бүхий албан шаардлагыг илт хууль бус гэж үзсэн үндэслэлээ уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан, Монгол Улсын Ерөнхий аудитор нь 2022 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаал нь мөн зүйлийн 47.1.6, 47.1.7 заасан нөхцөлийг үүсгэсэн гэж маргасан тул шүүх эдгээр үндэслэл тус бүрт нь доорхи хууль зүйн дүгнэлт өгч байна.

2.11.Харин нэхэмжлэгчээс Үндэсний аудитын газрын албан шаардлагад заасан зөрчлийг гаргаагүй гэж маргаагүй, Үндэсний аудитын газраас төрийн аудитыг явуулах процесс ажиллагаандаа хууль зөрчсөн гэх үйл баримтаар маргасан тул шүүх уг Албан шаардлагад заасан зөрчил гэгчийг зөрчил мөн эсэхэд дүгнэлт өгөх эрх зүйн үндэслэл байхгүй болно. 

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Нэхэмжлэгчээс Албан шаардлагын “... Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3. “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 6 дугаар зүйлийн 6.4.1. “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасан, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журамтай тус тус нийцэхгүй байна” гэсэн хэсэг нь уг албан шаардлагын Шаардах хэсгийн “1.Засаг даргын нөөц сангаас үрэлгэн, зориулалт бус зарцуулсан зөрчлийг арилгаж, биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх” гэсэн хэсэгтэй хоорондоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын  алдаатай” буюу хоорондоо нийцээгүй гэж маргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

3.2.Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “дээрх хоёр бичвэрүүд хоорондоо утга агуулгыг ямар алдаа байгааг нотолж чадаагүй, утга агуулгын ямар алдаа байгаа гэдгийг ялгаж чадаагүй болно.

3.3.Маргаан бүхий Албан шаардлагаас үзвэл актын нэр, зорилго, зохицуулсан харилцаа нь хоорондоо зөрчилгүй, утга агуулгын хувьд ямар нэг алдаа байхгүй бөгөөд акт нь”зөрчлийг таслан зогсоохоор гарсан зорилгодоо нийцсэн, утга агуулга нь тодорхой, бичвэрүүд хоорондоо харшлаагүй, аливаа зөрчилдөөн байхгүй болох нь шүүхэд шинжлэн судлагдсанаар нотлогдож байна.

3.4.Захиргааны актыг “утга агуулгын алдаатай” болохыг тогтоох хууль зүйн үйл баримт нь актын нэр доторхи агуулгатайгаа илт зөрсөн /энэ нь акт дүгнэлт нэртэй гаргасан байхад доторх агуулга нь захиран тушаасан байх гэх мэт/, зохицуулсан харилцаа нь хоорондоо өөр байх /энэ нь хүний ажилласан жилийг тогтоох байсан атлаа хүний насыг тогтоосон гэх мэт/, зорилгодоо нийцээгүй байх, эсхүл доторхи зохицуулсан асуудлууд нь хоорондоо уялдаагүй, бие биенээ үгүйсгэсэн утга агуулгын илэрхий алдаатай байх /энэ нь хүнийг ажилд томилох зорилготой байсан атлаа ажлаас чөлөөлсөн байх, албан үүргээ сайн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн атлаа ажлаа муу явуулсан гэж халсан гэх мэт/ зэрэг үйл баримтуудад хамаарах юм.

3.5.Иймд Үндэсний аудитын газраас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1/АО150055, С дугаар бүхий Албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

3.6.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан” гэсэн нь тогтоогдохгүй байна.

3.7.Хариуцагчаас маргаан бүхий албан шаардлагаар Говь-Алтай аймгийн Засаг даргыг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар, хэмнэлтгүй зарцуулсан гэж үзэх уг зөрчлөө таслан зогсоож, зөрчлөө арилгах гэдэг нь дахин ийм зөрчил гаргахгүй байхыг шаардсан шаардлага гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд тайлбарласан.

3.8.Нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газраас явуулсан аудитын тайланд дүгнэгдсэн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар, хэмнэлтгүй зарцуулсан гэдэгтэй маргаагүй, уг тайланг эс зөвшөөрсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад ийм эрхээ эдлээгүй тул уг тайланг зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр тайлангаар тогтоогдсон үйл баримт болох зөрчлийг таслан зогсоохыг шаардах нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шаардсан гэж үзэхгүй.

3.9.Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 6.3.1-т “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх” гэж, мөн зүйлийн 6.3.3-т “төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх” нь төрийн аудитын бүрэн эрх байхаар, 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээд үйл ажиллагаандаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актыг хэрэгжүүлж байгаа эсэхэд аудит хийнэ” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж тус тус хуульчилжээ.

 3.10.Иймд төрийн байгууллага, албан тушаалтан төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан, хэмнэлтгүй зарцуулсан бол төрийн аудитын байгууллага шаардах эрхтэй, зөрчлийг таслан зогсоох эрхийг дээрх хуулиар олгосон учраас албан шаардлагаар зөрчлийг таслан зогсоох, дахин гаргахгүй байхыг шаардсан нь хууль ёсны шаардлага  мөн болно.

3.11.Иймд нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг “хууль бус эс үйлдэхүй, үйлдэл гүйцэтгэхийг шаардсан” гэх үндэслэл нь нотлогдоогүй, шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.12.Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” /энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ буюу одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж маргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэв.

3.13.Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1, 6.3.3-т  зааснаар “Төрийн аудитын байгууллага төрийн байгууллага, албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээн дэх санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”,  төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх” нь төрийн аудитын бүрэн эрх байхаар, 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар албан шаардлага үйлдэх эрх хэмжээг олгосон.

3.14.Өөрөөр хэлбэл, төрийн аудитыг хэн, хэрхэн хийх, аудит хийхэд илэрсэн зөрчлийг тогтоож, зөрчлийг арилгахыг шаардах, энэхүү шаардлагаа эрх зүйн баримт бичиг хэлбэрээр гаргах  эрх хэмжээг олгосон эрх зүйн үндэслэл нь энэхүү хуулийн заалтууд болно. 

3.15.Нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээ нотлох гэж Сангийн сайдын баталсан журамд заасныг зөрчиж Үндэсний аудитын газрын аудиторуудыг хяналт шалгалтын эрсдэлийн аудитыг удирдамжгүй явуулсан, аудитын төлөвлөгөө нь удирдамж биш, Ерөнхий аудитор тушаал гаргаж удирдамжаа батлах ёстой,  Хянан шалгах хорооны шийдвэр байхгүй” гэх үндэслэлүүд гаргасан.

3.16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Үндэсний аудитын газар нь үйл ажиллагаандаа Аудитын тухай хуулийг баримтална, хуульд зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөөний дагуу явуулдаг, хууль зөрчөөгүй гэж мэтгэлцэж байна.

3.17.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1.1.-т "хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” гэж, мөн хуулиар төрийн хяналт шалгалтын тогтолцоог Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, төрийн хяналт шалгалтын байгууллага байхаар хуульчилсан байна.

3.18.Төрийн аудитын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилго нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж, 6 дугаар зүйлийн 6.2-т “Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зөвхөн энэ хуулиар тогтоох бөгөөд бусад хуулиар төрийн аудитын байгууллагад Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиар тодорхойлсон төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд хамаарахгүй чиг үүрэг нэмэгдүүлэхийг хориглоно” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Төрийн аудитын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний харьяа аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газраас бүрдэнэ” гэж заасан байна.

3.19.Ийнхүү төрөөс явуулах хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Төрийн аудитын тухай хууль, бусад хуулийг баримталж явуулахаар тогтоосон бөгөөд Төрийн аудитын тухай хуулиар төрийн аудитын байгууллагын тогтоолцоог хуульчилж, тус байгууллагын үйл ажиллагааны журмыг зөвхөн энэ хуулиар зохицуулахаар тогтоосон байгаа тул төрийн аудитын шалгалтыг явуулах харилцаанд нарийвчилсан зохицуулалттай Төрийн аудитын тухай хуулийг баримтлах ёстой.

            Энэ учраас  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас үйл ажиллагаандаа Төрийн аудитын тухай хуулийг баримталдаг гэсэн тайлбар хуульд нийцсэн болно.

3.20.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Төрийн аудитын байгууллага төлөвлөгөөт бус аудитыг Улсын Их Хурлын шийдвэр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хорооны шийдвэр болон хуульд заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заажээ.

3.21.Дээрх хуулийн олон зохицуулалтуудаас үзвэл Үндэсний аудитын газар, Монгол Улсын Ерөнхий аудитор нь Аудитын тухай хуулийг баримталж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т “аудитын төлөвлөгөөг батлах” мөн зүйлийн 29.1.8-д “аудитын бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулах” мөн зүйлийн 29.1.9-т “аудитын тайланг баталгаажуулах” нь Монгол Улсын Ерөнхий аудитор нь Улсын Их Хурлын Байнгын хорооны мэдээлэлд үндэслэн, Аудитын төлөвлөгөөг баталж, аудитын тайланг баталгаажуулсан хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд эдгээр шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл нь эдгээр хуулийн зохицуулалтууд гэдэг нь тодорхой юм.

3.22.Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны мэдээлэл буюу Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хорооны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн УИХ-11/10250 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгалан-баатар нь орон нутгийн өмчийг үнэгүйдүүлэх, төсвийн хөрөнгийг зохисгүй зарцуулж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаарх мэдээллийг хүлээн авсан талаар, энэ мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авах”-ыг мэдэгдсэнийг нэхэмжлэгч нь Төрийн аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т  заасан төрийн аудитын байгууллага төлөвлөгөөт бус аудитыг Улсын Их Хурлын шийдвэр, ... явуулна гэсэнд хамаарахгүй, Улсын Их Хурлын шийдвэр биш гэж маргаж байгаа нь илтэд хууль бус тайлбар юм.

3.23.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд Байнгын хорооны бүрэн эрх, чиг үүргийг тогтоосны дотор мөн зүйлийн 23.2.3-т “Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах” гэж,  мөн зүйлийн 23.2.7-д “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайлан, мэдээллийг хэлэлцэх, шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд тогтоол гаргаж үүрэг, чиглэл өгөх” гэж хуульчлан тогтоосон байхад ийнхүү Улсын Их Хурлынхаа Байнгын хорооны өгсөн чиглэлийг шийдвэр биш үгүйсгэж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүй болон үйл ажиллагаанд нийцэхгүй, илтэд хууль бус болно.

3.24.Ийнхүү нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь ийнхүү дээрх хуулиудын тодорхой заалтуудыг илтэд буруу тайлбарлаж, шүүхэд маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй болно.

3.25.Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “актын бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй” гэж маргасан.

3.27.Үндэсний аудитын газрын албан шаардлагаар тодорхойлсон зөрчлийг дахин гаргахгүй байх, зөрчлөө арилгахыг шаардсан нь бодит байдалд хэрэгжих боломжтой гэдэг нь тодорхой байна.

3.28.Учир нь нэхэмжлэгчээс уг албан шаардлагад дурдсан зөрчил гэх үйл баримтуудыг “зөрчил биш” гэж маргаагүй нь түүнийг зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэдэг.

3.29.Ийнхүү зөрчил гараагүй гэж маргаагүй тул гаргасан зөрчлөө дахин гаргахгүй байх, таслан зогсоохыг шаардсан шаардлагыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.30.Маргаан бүхий албан шаардлагын Шаардах хэсгийн 1-т заасан “... зөрчлийг арилгаж, биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх” гэсний үр дагаврыг хариуцагч нараас “хойшид зөрчил гаргахгүй, давтахгүй байхыг шаардсан, ямар нэг төлбөр нөхөн төлүүлэх үр дагаваргүй” гэж шүүх хуралдаан дээр тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгч нь уг албан шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар Үндэсний аудитын газраас асууж, тодруулсны үндсэн дээр биелүүлэх боломжтой эсэх, шүүхэд хандаж маргах ёстой эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байхад ийнхүү хийвэл зохих үйлдлээ хийгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь  илтэд үндэслэлгүй болно.

3.31.Ер нь аливаа байгууллага, албан тушаалтнаас гадагшаа чиглэсэн, захиргааны акт гаргахдаа процессын алдаа гаргасан гэж үзвэл энэ нь “илт хууль бус” захиргааны актад хамаардаггүй, нөгөө талаас ийнхүү алдаа гаргавал шалгуулагч этгээдээс уг үйлдлээ таслан зогсоохыг шаардах, хууль бус хяналт шалгалтад шалгуулахаас татгалзах эрхтэй гэдгийг төрийн байгууллага, албан тушаалтан мэдвэл зохино.

3.32.Дээрх хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох Үндэсний аудитын газрын албан шаардлага нь зөрчлөө арилгахыг шаардсан, заавал биелэгдэх шинжийг агуулснаар захиргааны актын гадагшаа чиглэсэн шинжийг агуулсан,  харин Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн А/7 дугаартай Аудитын тайлан баталгаажуулах тухай” тушаал нь өөрийн үр дагавраар Аудитын тайланг баталгаажуулж, хууль зүйн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг болгож байгаагийн хувьд  эрх зүйн үр дагавар бүхий гадагш чиглэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд эдгээр захиргааны актууд нь Говь-Алтай аймгийн Засаг даргыг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болоогүй, үйл ажиллагааг нь зогсоход хүргэх үр дагавар үүсгээгүй боловч шүүх маргааныг шийдвэрээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд, уг актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хууль зүйн үр дагавраараа илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь талуудын гаргасан хүсэлт, мөрдөн шалгах ажиллагааныхаа зарчим болон хүлээсэн үүргийнхээ хүрээнд цуглуулсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Үндэсний аудитын газрын бичиг хэргийн баримтад Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооноос ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн УИХ-11/10250 дугаар албан бичгийг хүлээн авсан бичгийн дэвтэрт бүртгэхдээ огноог зассан, өөр бичгийг дарж уг бичгийг хүлээн авсан мэт баримт үйлдсэн тул уг баримт бичигт шүүхийн үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй.

4.3.Учир нь Үндэсний аудитын газрын Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар хэрэгт нотлох баримтаар ирсэн бөгөөд уг бичвэрээс харвал Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооноос ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн УИХ-11/10250 дугаар албан бичгийг хүлээн авсан бичвэрүүд засвартай байна.

Нэгэнт уг Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн уг бичвэр засвартай гэдэг нь тодорхой байхад, шүүх үзлэг хийж засвартай гэдгийг тогтоох нь ач холбогдолгүй, завсартай гэдэгтэй хариуцагч талаас маргахгүй байна.

4.4.Уг Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооноос ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн УИХ-11/10250 дугаар албан бичиг үйлдэгдэн гарсан гэдэг нь Улсын Их Хурлын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-02/830 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн уг бичгээр нотлогдож байгаа тул ийм бичиг гараагүй, Үндэсний аудитын газар ийм бичиг ирээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнээд уг баримтыг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно. /ХХ-3-1-3 дахь тал/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дугаар заалтыг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.3, 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын гаргасан “Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/АО150055, С дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлага болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаартай  “Аудитын тайланг баталгаажуулах тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасныг баримтлан, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ