Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0677

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г-А а З д-н

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч О.Амгаланбатар

Нэхэмжлэгч: Г а з д

Хариуцагч: Үндэсний аудитын газар, тус газрын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1072/АО150055, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаартай “Аудитын тайланг баталгаажуулах тухай” тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0650 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, Х.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, Д.Ж, Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М

Хэргийн индекс: 128/2023/0137/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г а з дас Үндэсний аудитын газар, тус газрын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э нарт холбогдуулан “эрсдэлийн аудитын хүрээнд тавьсан албан шаардлага болон аудитын тайланг баталгаажуулсан Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0650 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.3, 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 29.1.4, 29.1.9-д заасныг тус тус баримтлан Г а з дас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч О.Амгаланбаатараас дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.6-д “Энэхүү тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар баталгаажуулж шийдвэрлэсэн байна”, 2.7-д “Уг тайлангаар аймгийн удирдлагууд Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, төсвийг хэмнэлтгүй зарцуулсан, орон нутгийн төсвийн хөрөнгө зарцуулалт, ОНХС-ийн хөрөнгөөс зориулалт бусаар зарцуулсан зэрэг дүгнэлтийг хийсэн байхад уг тайланг эс зөвшөөрсөн талаар нэхэмжлэгч нь шүүхэд аливаа байдлаар маргаагүй байна, 3.28-д “... нэхэмжлэгчээс уг албан шаардлагад дурдсан зөрчил гэх үйл баримтуудыг “зөрчил биш” гэж маргаагүй нь түүнийг зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэдэг” гэж дүгнэжээ.

3.2. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Аудитын тайланг баталгаажуулах тухай” А/97 тоот тушаалын 1 дэх заалтаар Г-А а З д-н нөөц сан, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн аудитын тайланг хавсралтаар баталгаажуулсугай .... гэж шийдвэрлэсэн.

3.2.1. Нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3/1310 тоот албан бичгээр Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/6341 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувийг хариуцагчид хүргүүлжээ.

3.2.2. Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтад заасан үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг бичгээр гаргаагүй, түүнд хамаарах нотлох баримтыг гаргаж өгөөгүй байтал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор шүүх хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой зөрчил болжээ.

3.3. Шүүхээс аудитын тайланг баталгаажуулсан Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн /ихэсгэсэн/ шаардлагыг хүлээн авсан атлаа түүнд хамаарах нотлох ажиллагаа /хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулах/-г бүрэн хэрэгжүүлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн нь учир дутагдалтай байна. Учир нь Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалыг хууль /Захиргааны ерөнхий хууль, Төрийн Аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль/-д нийцүүлэн гаргасан эсэхийг хянах зорилгоор талуудын маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгч, түүнд хамаарах нотлох баримт /бодит нөхцөл байдлыг тогтоосон, шийдвэрийн хяналтын хувийн хэргийг үүсгэсэн, мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн, хууль, журмаар тогтоосон процесс үйл ажиллагааны дагуу явагдсан эсэх/-ыг бүрэн цуглуулж түүнд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх ёстой байжээ.

3.4. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн хүсэл зориг нь аудитын тайлангаар дүгнэгдсэн зөрчлийг эс зөвшөөрч, тус тайланг баталгаажуулсан Үндэсний аудитын газрын даргын тушаалтай холбогдуулан маргаж, шүүх хуралдаанд төрийн аудитын хяналт шалгалтын үйл ажиллагаа нь хууль тогтоомжоор тогтоосон процессыг зөрчсөн, илэрсэн зөрчлийг үгүйсгэх байдлаар мэтгэлцсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүй, түүнд бүрдүүлбэр хангуулаагүй атлаа "... аудитын тайлантай нэхэмжлэгч тал маргаагүй, албан шаардлагад дурдагдсан зөрчил гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн агуулгаар анхан шатны шүүх дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн “Үндэсний аудитын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаал”-тай холбогдуулан маргах болсон гол шалтгаан, үндэслэл нь тус захиргааны актаар баталгаажуулсан аудитын тайланд дурдагдсан зөрчлийг үгүйсгэх замаар маргаж байгааг шүүх анхааралгүйгээр явцуу дүгнэж, албан шаардлагад болон аудитын тайланд дурдагдсан зөрчил гэх үйл баримтыг шүүхийн шийдвэртээ дүгнээгүйд нь гомдолтой байна.

3.5. Маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” № Ю72/А0150055, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагыг Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э, Санхүү- Нийцлийн аудитын газрын аудитын менежер Ц.Х нар гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтран хариуцагч татаж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 128/Ш32023/4772 тоот захирамжаар зөвхөн Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э-г хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэжээ.

3.5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 25.2-т “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэж заасан ба хамтран хариуцагчаар зөвхөн Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э-г дангаар нь оролцуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий албан шаардлагыг гаргасан Санхүү-Нийцлийн аудитын газрын аудитын менежер Ц.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн оролцогчдын эрхийг эдэлж, үүргийг хүлээх ёстой байтал мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн нь 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.4-д “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараах үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121.3.1-д “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэж заасан үндэслэлийг бий болгожээ.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн концепци нь шүүх талуудын маргаж буй үндэслэлд хамаарах ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, тэдгээр цуглуулсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас үнэлж, дүгнэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч талын маргаж буй гол үндэслэл болох Үндэсний Аудитын газрын Тамгын газрын даргад удирдамж олгох эрх бий эсэх талаарх баримтыг цуглуулах шаардлагатай байжээ. Үүнд:

3.6.1. Үндэсний Аудитын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Албан томилолтоор ажиллуулах тухай” А/57-ТГ тоот тушаалд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/207 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Үндэсний аудитын газрын Тамгын даргад шилжүүлэх эрх, үүрэг”-ийг болон Сангийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаалыг тус тус үндэслэсэн ба уг тушаалууд нь хавтаст хэрэгт авагдаагүй нь шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэл болж байна.

3.6.2. Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн аудитын байгууллага төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд дараах төрлөөр аудит хийнэ”, 7.1.1-д “санхүүгийн тайлангийн аудит”, 7.1.2-т “гүйцэтгэлийн аудит”, 7.1.3-д “нийцлийн аудит” гэж тус тус заасан ба маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” № Ю72/А0150055, СНАГ-2022/29/ШТА- ЭА тоот албан шаардлагад дурдагдсан “эрсдэлийн аудит” гэх зүйл нь аудитын аль төрөлд хамаарах талаар нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байжээ.

3.6.3. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай" № Ю72/А0150055, СНАГ-2022/29/ШТА-ЭА тоот албан шаардлагыг гаргасан эрх бүхий албан тушаалтнууд болох Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э, Санхүү-Нийцлийн аудитын газрын аудитын менежер Ц.Х нар нь аудит хийх бүрэн эрхтэй эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байгаа ба энэ талаарх нотлох зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй байна.

3.6.4. Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн аудитын байгууллага чиг үүргээ гүйцэтгэхдээ Аудитын Дээд Байгууллагуудын Олон Улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн төрийн аудитын олон улсын стандартад нийцүүлэн эрх бүхий этгээдээс баталсан стандартыг баримтална” гэж заасан. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн С/02 тоот тушаалаар МЫЗ 6817-5:2020 дугаартай Төрийн аудитын Монгол Улсын стандартыг Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад нийцүүлэн гаргасан ба энэ стандартыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авч хэрэглээгүй байна.

3.6.5. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 тоот тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/106 тоот тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам” хавтаст хэрэгт авагдаж, түүнд үндэслэн талууд шүүх хуралдаанд мэтгэлцсэн хэдий ч уг журмууд нь Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу хэм хэмжээний актад нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх баримтыг шүүх нотлох баримтаар цуглуулаагүй байна.

3.6.6. Тус захиргааны хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудитороос удирдамж гаргасан талаарх үзлэг хийлгүүлэх, Улсын Их Хурлын байнгын хорооноос ирсэн албан бичгийн бүртгэлийг үнэн зөв эсэхэд үзлэг хийлгүүлэх” хүсэлтийг тус тус гаргасан ч зөвхөн Улсын Их Хурлын байнгын хорооноос ирсэн албан бичгийн бүртгэлд үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн гэж шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудитороос удирдамж гаргасан талаарх үзлэг хийлгүүлэх хүсэлтийг өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй байна.

3.7. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж заасан.

3.7.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0775 тоот зөвлөгөөний тогтоолоор шүүгч Б.М нь захиргааны чөлөө авсантай холбогдуулж тус захиргааны хэргийг шүүгч Н.Д-д түр хугацаанд шилжүүлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0800 тоот зөвлөгөөний тогтоолоор шүүгч Н.Дамдинсүрэнгээс шүүгч Б.Мөнх- Эрдэнэд буцаан шилжүүлсэн байна. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э гэнэтийн байдлаар даргалах болсон нь нэхэмжлэгч талд гайхширал төрүүлсэн ба хавтаст хэрэгт хэргийг шийдвэрлэхээс өмнө шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, даргалагч албажуулсан захирамж авагдаагүй байсан болно.

3.7.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хуваарийн дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоол гаргаж, энэ талаарх үндэслэлийг зааж, түүний үндсэн дээр Ерөнхий шүүгчээс даргалагчийг албажуулах ёстой байжээ.

3.7.3. Гэтэл шүүгч Б.М нь тухайн шүүх хуралдааныг хэлэлцэж байх үед захиргааны чөлөөтэй байсан эсэх, ажиллаж байсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ба энэ тохиолдолд хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл бүрдэнэ.

3.8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0650 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1, 121.3.2, 121.3.3, 121.3.4, 121.3.5-д заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.   

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Г а з дас “Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1072/АО150055, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаартай “Аудитын тайланг баталгаажуулах тухай” тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Үндэсний аудитын газрын газар, тус газрын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э нарт холбогдуулан гаргасан.

3. Ингэхдээ нэхэмжлэгчээс “... аймгийн Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар хууль тогтоомжид заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байхад тодорхой үйл ажиллагааг зөрчил гэж үзэж албан шаардлага өгч байгаа нь эрхэд халдсан үйлдэл болсон тул Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1072/АО150055, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр, аудитын тайланг баталгаажуулсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаал нь тус хуулийн 47.1.6-д заасан үндэслэлээр тус тус илт хууль бус захиргааны акт” гэж маргажээ.

4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны актуудад холбогдох шаардлагын үндэслэл тус бүрд зохих эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв  байна.

5. Тухайлбал, Г а з дас илт хууль бус захиргааны акт гэж тогтоолгохоор маргаж буй албан шаардлага нь Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан холбогдох журмын дагуу хийсэн аудитын хяналт шалгалтын хүрээнд гаргасан шийдвэр байх тул нэхэмжлэлд тодорхойлсон үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус захиргааны гэж үзэхгүй.

5.1. Учир нь захиргааны актын утга агуулгын илэрхий алдаа гэдэгт а/ хуульч биш дундаж боловсролтой бүх хүний хувьд уншихад агуулга ойлгомжтой, тодорхой байх шалгуурыг үл хангах, б/ захиргааны актаар зохицуулах гол харилцаа дутагдаж, хуулийн зохицуулалтыг давтсан алдаа /П.О, Захиргааны эрх зүйн ерөнхий анги, 3.хэвлэл, х.214, (2016)/-г ойлгох бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаарх Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэжээ.

6. Захиргааны актын зохицуулалт нь хандаж буй этгээдээс хууль тогтоомж зөрчихийг, тухайлбал хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчил гэж тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардах нь “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан  илт хууль бус захиргааны актын шинж болдог.

6.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “албан шаардлагад дурдсан зөрчлүүд нь нэгэнт болоод өнгөрсөн асуудал, Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэж хөрөнгө зарцуулсан. Хуулийн хүрээнд зарцуулсан хөрөнгийг яагаад хууль бус гэж үзээд албан шаардлага өгөөд байгаа нь өөрөө хууль бус үйлдэл хийхийг шаардаад байна” гэх тайлбар нь хуулийн дээрх илт хууль бус захиргааны актын шинжийг тодорхойлох урьдчилсан нөхцөлтэй нийцэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлд холбогдуулж анхан шатны шүүхээс “аймгийн Засаг даргын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар, хэмнэлтгүй зарцуулсан гэж зөрчлөө арилгахыг шаардах, зөрчлийг таслан зогсоох нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шаардсан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болох нь тогтоогдвол уг захиргааны актыг илт хууль бусад тооцохоор заасан, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1072/АО150055, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг энэ тохиолдолд бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

7.1. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.

7.2. Харин албан шаардлага нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4-д заасны дагуу Г а з д-д хандаж, зөрчил арилгахыг шаардсан байх тул илт хууль захиргааны актыг дээрх шинжийг агуулахгүй. 

8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлэх ба энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгох ба маргааны үйл баримттай уялдуулан тайлбарлавал, Үндэсний аудитын газраас аудитын хяналт хийх үндэслэл, түүний төрөл, хэлбэрийг хуулиар тогтоосон байхад түүнээс өөр буюу хуульд байхгүй үндэслэл зааж хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан; Монгол Улсын Ерөнхий аудитор тушаал гаргаж аудитын тайланг баталгаажуулах зохицуулалт байхгүй, эсхүл Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарахгүй байхад энэ асуудлыг шийдвэрлэсэн бол илэрхий алдаатай захиргааны акт гэж тооцох зарчимтай. Нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.12-3.21-д үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.    

9. Г-А а З д-н нэхэмжлэлтэй Үндэсний аудитын газар, тус газрын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э нарт холбогдох, 128/2023/0137/3 индекс дугаартай захиргааны хэрэг шүүгч Б.Мөнх-Эрдэнэд хуваарилагдан, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1056 дугаар тогтоолоор шүүгч Д.Э-т шилжүүлжээ.

9.1. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ЕШ2023/0817 дугаар захирамжаар, шүүгч Д.Э-г даргалагч шүүгчээр томилсон шийдвэрийг албажуулсан ба эдгээр баримтууд хэрэгт авагдсан байна.

9.2. Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрээр хэргийн хугацаа сунгах, хэргийг өөр шүүгчид шилжүүлэх, Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг албажуулах гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан шүүхээс гаргах аливаа шийдвэр бичгээр гарч албажаагүй нь тухайн шийдвэр огт гараагүй буюу хэрэг авагдаагүй байхтай адил үр дагавар үүсгэхгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй тул магадлалын Тодорхойлох хэсгийн 3.7-д заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэгдсэн” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэхэд Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол авагдаагүй байсан, гэнэт гараад ирсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.  

10. Г-А а З д-н нэхэмжлэлээр Үндэсний аудитын газарт холбогдуулан үүсгэсэн уг хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 128/ШЗ2023/4772 дугаар шүүгчийн захирамжаар, маргаан бүхий албан шаардлагыг үйлдэхэд оролцсон Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гэх үндэслэлээр түүнийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн байдаг.

10.1. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн тэргүүлэх аудитор Ц.Э нь өөрийн хүсэлтээр 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс төрийн албанаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт цугларсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/114 дүгээр тушаалаар тогтоогдож байна.

11. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар төрийн аудитын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчмаар тодорхойлогдох тул энэ тохиолдолд нэхэмжлэгч Г-А а З д нэхэмжлэлд заасны дагуу Үндэсний аудитын газарт холбогдуулж хэрэг үүсгэснийг буруутгахгүй, Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “төрийн аудитын байгууллагыг нэгтгэн зохион байгуулж, удирдах”, 29.1.2-т “төрийн аудитын байгууллагыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 749 дүгээр албан бичгээр олгосон итгэмжлэлээр тус газрын Санхүү-нийцлийн аудитын газрын менежер Ц.Х, ахлах аудитор Д.Ж, аудитор Ц.Мөнхтуяа, Захиргаа, хууль эрх зүйн газрын менежер Б.Э нарыг оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохгүй тул “менежер Ц.Х-ыг хариуцагчаар оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон” гэх агуулга бүхий Тодорхойлох хэсгийн 3.5-д заасан гомдлыг хүлээн авсангүй.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-с “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/97 дугаартай “Аудитын тайланг баталгаажуулах тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахаар 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1/6341 дүгээр албан бичгийг хүргүүлж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоосон ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах ...” гэж заасныг зөрчөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            12.1. Учир нь нэхэмжлэгчээс анх гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр тайлбар гаргах хугацааг 14 хоног байхаар хуульчлан тогтоосон гэж тайлбарлах ба энэ нь хэргийн оролцогчдод тэгш хандах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалт юм.

            12.2. Харин маргааны үйл баримт хийгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч өөрчлөгдөөгүй, аудитын тайланг баталгаажуулах зэргээр  маргаан бүхий захиргааны актад хамаарах асуудлаар үргэлжүүлэн шийдвэр гаргаж буй энэ нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий хугацаанд нийцүүлэн хариу тайлбар өгөх хугацааг шүүхээс тогтоосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй.

            12.3. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариуцагч бичгээр тайлбар ирүүлээгүй боловч хэргийн оролцогчдын хэн аль нь анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад энэ талаар маргаагүй, шүүх хуралдаанд санал хүсэлт гаргаагүйг тэмдэглэв. 

12.4. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан захиргааны акт, үйл баримтын талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд амаар тайлбар гаргаж, хэргийн оролцогчид мэтгэлцсэн болох нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох тул мөн Тодорхойлох хэсгийн 3.2-т заасан гомдол үндэслэлгүй байна.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-с 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Ерөнхий аудиторын 2022 оны 10-12 дугаар сард гарсан тушаал, тушаалын бүртгэлд үзлэг хийж, эрсдэлийн аудит хийх талаар тушаал гарсан эсэх талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргуулах” тухай хүсэлт гаргасныг, анхан шатны шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд, хэлэлцүүлэг эхлэхээс өмнөх үе шатанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байх бөгөөд тус хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй тул “үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үгүйсгэгдэнэ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд (a) маргаж буй хоёр захиргааны акт нь /шаардлагын үндэслэлд тодорхойлсончлон/ Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ (б) нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох учиртай.

15. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн үндэслэлд байдлыг шалгахын тулд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан алдааг агуулж байгаа эсэхийг л шалгана, хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэлд байдлыг шалгадаг шиг захиргааны акт нь формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь шалгах шаардлагагүй. /Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, х.205, (2019)/

16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын төрлийг “маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон байхад шүүх нотлох зарчмыг эдгээр шаардлагын үндэслэлийн хүрээнд хэрэгжүүлж, эрх зүйн дүгнэлт хийх нь шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ойлголтыг илэрхийлэх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн non ultra petita зарчмын шаардлагад нийцнэ.

17. Нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

18. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г а з д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ