Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1856

 

 

Д.Т-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо, даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02229 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Т-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:

“ ”Ж ББСБ” ХХК

 

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Ж ББСБ” ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Тагнуулын 50 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцаа барьцаалан 30 000 000 төгрөг зээлсэн. Гэвч зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Миний байрыг “М” ХХК-ийн үнэлгээчин зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нь надад хуульд заасан журмын дагуу мэдэгдэлгүй дуудлага худалдаагаар хөрөнгийг худалдан борлуулсан. Миний өмчлөлийн дээрх байр нь гал тогтоо тусдаа 1 өрөө байр бөгөөд хэмжилт хийж үзвэл 18.6 м.кв талбайтай биш учраас талбайг бодит байдлаар хэмжилт хийж, бодит талбайн хэмжээгээр үнэлгээг тогтоох ёстой байсан. Түүнчлэн миний хүү өвчний улмаас эмчлүүлж байсан, дараа нь миний бие өвдөж, эмнэлэгт хэвтэж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсний улмаас шийдвэр гүйцэтгэлийн талаар мэдээлэл авч чадаагүй, дуудлага худалдаа болсныг мэдээгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс хийж гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2017/02396 дугаартай захирамж болон шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ГХ2017/00478 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17271191 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Хуульд заасан журам, дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч Д.Тд үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу “М” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход 66 200 000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээ тогтоосон. Төлбөр төлөгч Д.Т нарт 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/3991 дугаартай мэдэгдлээр үнэлгээг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.Т нь мэдэгдлийг хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж, өөрөө хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэнийг хангаж шийдвэрлэсэн. Ингээд хөрөнгийг өөрөөр худалдан борлуулаагүй тул 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/8169 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан журмын дагуу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн дээд шатны албан тушаалтанд төлбөр төлөгч нь хандаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ ”Ж ББСБ” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгө үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мэдэгдэх хуудсыг холбогдох этгээдэд хуульд зааснаар хүргүүлсэн байна. Түүнчлэн дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдлоо эхлээд гаргаагүй тул шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай Д.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Т-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Т давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Т нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2017/02396 дугаартай захирамжаар Д.Т, С.Я нараас 45 376 268 төгрөгийг гаргуулж, “Ж ББСБ” ХХК -д олгохоор талуудын эвлэрлийг баталсан бөгөөд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШЗ2017/04271 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу мөн өдөр 184/ГХ2017/00478 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 17271191 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 19-25/

 

            Барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаартай 1 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17271191/04 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17271191/06 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна. /хх28-29, 32-33/

 

            Дээрх хураагдсан эд хөрөнгөд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Т, С.Я нарт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн албан тоотоор хүргүүлсэн бөгөөд төлбөр төлөгч нарын өгсөн үнийн санал зөрүүтэй байсан тул 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх 34-36, 42/

 

            Шинжээч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны 19 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 66 200 000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

            Мөн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4/3991 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Т, С.Я нарт хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4/27 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 4/8169 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 400 тоот өрөөнд зохион байгуулах талаар баталгаат шуудангаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч хаяг өөрчилсөн талаар баримт гаргаагүй байна. Иймд мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар хүргүүлсэн гэж үзнэ.

 

Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй байх тул хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ