Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1855

 

Д.М-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02273 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.М-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.М  нь Есөн дэлбээ ХЗХ-ноос зээл авч уг асуудалтай холбоотойгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3386 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаартай магадлал, дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1068 дугаартай тогтоолоор Д.М гээс 529 838 384 төгрөгийг гаргуулан Есөн дэлбээ ХЗХ-нд олгох 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шилжиж шийдвэр гүйцэтгэгч Б.Я дээр хуваарилагдсан. Ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар үнэлгээ гарсан нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Үнэлгээнд гомдол гаргаж хүчингүй болгосон. Удалгүй Д.М г дуудаж ажиллагаа хийгдэж байна гэсэн. Үнэлгээ гаргаж байгааг мэдэгдээгүй тул шинжээч томилсон. Дахин шинжээч томилж үнийн санал өгснөөр 5 үл хөдлөх эд хөрөнгөө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 60 дугаар байр, 14 тоот, 2009 онд ашиглалтад орсон 120 мкв талбайтай ажил үйлчилгээний зориулалттай баригдсан байраа 901 сая төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 60 дугаар байр, 4 тоот 39.2 мкв ажил үйлчилгээний зориулалтаар тохижуулсан байраа 201 сая төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 60 дугаар байр, 29 тоот 2009 онд ашиглалтад орсон 79.2 мкв талбайтай амины орон сууцаа 380 сая төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 60 дугаар байр, 46 тоот 89.4 мкв талбайтай хаусаа 440 сая төгрөгөөр, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байр, 10 тоот 3 өрөө 71 мкв орон сууцаа 350 сая төгрөгөөр тус тус үнэлж нийт 2 272 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хадгаламж зээлийн хоршоо манай саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн үнэлсэн үнэлгээгээр тус 5 үл хөдлөх эд хөрөнгө нийт 549 753 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа хийхдээ хуульд заасан заалт бүрийг нэг бүрчлэн дагаж мөрдөх ёстой байхад хуульд заасан заалтын дагуу ажиллагаа хийгээгүй. Хураах тогтоолоор ажиллагаа хийхдээ хүртэл Д.М  буюу эд хөрөнгө эзэмшигчийг нь байлцуулахгүйгээр хураасан. Үнэлгээтэй 5 дугаар сарын 16-ны өдөр танилцсан бөгөөд зөвшөөрөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах тухайгаа хэлж 20-нд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хүлээн авахаас татгалзсан. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Өнөөдрийг хүртэл үнийн саналыг танилцуулаагүй байж, эд хөрөнгө хураагаад үнэлгээ гаргасан, эд хөрөнгийн зах зээлийн ханшаар үнэлээгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3386 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1068 дугаартай тогтоолоор Д.М гээс холбогдох төлбөрийг гаргуулан “Есөн дэлбээ” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр битүүмжилж хураасан. Д.М гээс үнийн санал авахад харилцан тохиролцоонд хүрээгүй. Шүүхийн шийдвэр биелүүлэхийг Д.М , н.С нарт хүргүүлсэн ч төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд тухайн 5 үл хөдлөх эд хөрөнгийг хураасан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хөндлөнгийн шинжээч “Б” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх эд хөрөнгийг нийт 587 136 103 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад мэдэгдэж анхны дуудлага худалдаанд оруулсан боловч төлбөр төлөгч Мягмарсүрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн. Ингээд Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Б” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон. Шийдвэр хүчингүй болсон тул 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дахин шинжээч томилж “Х” ХХК-аар үнэлгээ хийлгэж 713 913 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг талуудад 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулан баталгаажуулж, тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчид 1 сарын хугацаа өгөхөд хугацаа авахгүй дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бага байгаа тул дахин зах зээлийн ханшаар үнэлэх гомдол гаргасан. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан тухай хариуг хүргүүлсэн. Тухайн 5 үл хөдлөх эд хөрөнгө нь анхны дуудлага худалдаагаар орсон ч худалдан борлогдоогүй. 2 дахь дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэл гаргасан хэрнээ үнэлгээтэй холбоотой зүйл яриад байна. Үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж байна. Гэтэл энэ үл хөдлөхийн тухайд зах зээлийн ханш нь ийм байгаа гэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Гэр бүлийн хүн болох Д.С-д мэдэгдээгүй гэж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад энэ хэргийн хариуцагч болон төлбөр төлөгч нь Д.М  гэдэг нэг л хүн байгаа. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь мөн Д.М  гэж байгаа. 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг өгөөгүй, төлбөрийн 10 хувь ч төлөгдөөгүй, төлөх талаар санаачилга гаргаж ажиллагаа хийгээгүй. Өмнө нь үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаад шүүх хангаж шийдсэн байтал нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Төлбөр төлөгч нь төлбөрөө төлөхгүй хугацаа авах байдлаар дахин дахин үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.С-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа хороолол Морингийн зам 60/1 дүгээр байр Ү-4 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012365 дугаарт бүртгэлтэй, 39.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Д.М-ийн  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа хороолол Морингийн зам 60/1 дүгээр байр 46 тоотод байршилтай 89.4м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012346 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа хороолол Морингийн зам 60/1 дүгээр байр Ү-14 тоотод байршилтай 128м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010577 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Буянт-Ухаа хороолол Морингийн зам 60/1 дүгээр байр 29 тоотод байршилтай 79.2м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012340 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар хороолол 49 дүгээр байр 10 тоотод байршилтай 71м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023332 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох Д.М-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн Д.М  давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Барьцаа хөрөнгийг тухайн дүүргийн тухайн байрны зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хүсэл саналаа гаргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар болон шийдвэр гүйцэтгэгч хүлээн аваагүй хөндлөнгийн шинжээч томилон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн миний 4 үл хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлүүлсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн барьцаа болох 5 үл хөрөнгө Д.С-ийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа хороолол Морингийн зам 60/1 дүгээр байр 4 тоот байрны үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн болохыг тогтоож зөв дүгнэлт хийж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин миний өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэр гүйцэтгэгч н.Я шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан. Дээрх үнэлгээг гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч тухайн байрны үнэлгээг зах зээлийн ханшийг тогтоож үнэлнэ гэсэн заалтыг зөрчин тухайн байрны тухайн байрлалд ямар үнэ ханштайг тогтоож судалгаа хийгээгүй хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг зөрчсөн, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д тухайн эд хөрөнгийг үнэлэх үед зах зээлийн ханшийг тогтооход хүндрэл учирсан бол хөндлөнгийн шинжээч томилно гэж зааснаар тухайн 4 байрыг үнэлэхэд ямар нэгэн хүндрэл учирсан болохыг хариуцагч тал нотолж чадаагүй бөгөөд хуулиар олгосон эрхээ зохих ёсоор хийгээгүй мөртөө хөндлөнгийн болон байгууллагын гэрээт үнэлгээний байгууллагаар хэт доогуур үнэлүүлж хуулийг ноцтой зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч н.Я нь миний болон Д.С-ийн нэр дээрх 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлэх тухай тогтоол гаргахдаа дээрх 5 эд хөрөнгийг үнэлүүлэхээр Хөрөнгийн үнэлгээний төвийг томилсон бөгөөд эд хөрөнгийн чанар зах зээлийн ханш эд хөрөнгийн орц норм гэх зэрэг эд хөрөнгийн юунд ямар үнэлгээ хийх талаар шинжээчид эрх олгоогүй байхад Хөрөнгийн үнэлгээний төв нь шинжээч томилсон тогтоолыг хүлээн аваад дээрх 5 үл хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлгээг гарган өөрийн санаачлагаар сайн дураараа шинжээчийн дүгнэлтийг гарган хууль зөрчсөн байсан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зохих хуулийг зөрчсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн надад оногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.М  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол Морингийн зам 60/1 дүгээр байр 46 тоотод байрлах 89,4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012346 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, 60/1 дүгээр байр Ү-14 тоотод байршилтай 128 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010577 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 60/1 дүгээр байр 29 тоотод байршилтай 79,2 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012340 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, мөн байрны Ү-4 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012365 дугаарт бүртгэлтэй 39,6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байр 10 тоотод байршилтай 71 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023332 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хөрөнгийн шинж чанарыг харгалзахгүйгээр зах зээлийн ханшнаас хэт доогуур, үнэлсэн гэжээ.

 

            Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн хөрөнгийн үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу, үндэслэл бүхий хийгдсэн гэж татгалзал гаргасан байна.

 

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/03386 дугаар шийдвэрээр Д.М гээс 529 838 384 төгрөгийг гаргуулж, Есөн дэлбээ ХЗХ-нд олгож, барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс хянаж, хэвээр батлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрийг Д.М  сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж,  барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, ажиллагааг явуулан төлбөр төлөх хугацаа тогтоосон ч төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах үндэслэл бүрдсэн байх бөгөөд дуудлага худалдааны үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

            Шинжээч дээрх тогтоолд заасан 5 үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийснээ 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/0114 тоот үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ирүүлсэн, хураагдсан 5 үл хөдлөх эд хөрөнгийг 587 136 922,20 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

            Харин шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилохоос өмнө 60/1 дүгээр байр Ү-4 тоот үйлчилгээний зориулалттай 39,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.С-аас үнийн санал авсан баримтгүй байх тул үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэх боломжгүй, хөндлөнгийн шинжээч томилох хуулиар тогтоосон урьдчилсан нөхцөл бүрдээгүй байх тул шүүх уг эд хөрөнгөд үнэлгээ хийсэн хэсгийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэлд дурдсан бусад 4 үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд шинжээч үнэлгээ хийхдээ хөрөнгийн байршил, зориулалт, хийц, ашиглалтад орсон хугацаагаар ижил эд хөрөнгөтэй харьцуулан тодорхойлсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

            Мөн үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй талаар шүүх зөв дүгнэсэн бөгөөд үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй талаар дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ