Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00593

 

Д.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02273 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1855 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.М-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.Г

          Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М-, гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Ганбилэг, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Шүүхийн 2015-05-21-ний өдрийн 3386 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015-09-16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Дээд шүүхийн 2015-12-08-ны өдрийн 1068 дугаар тогтоолоор Д.М-гээс 529,838,384 төгрөгийг гаргуулан Есөн дэлбээ ХЗХ-нд олгох шүүхийн шийдвэр гарсан.. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар үнэлгээ гарсан нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Үнэлгээнд гомдол гаргаж хүчингүй болгосон. Удалгүй Д.М-г дуудаж ажиллагаа хийгдэж байна гэсэн. Үнэлгээ гаргаж байгааг мэдэгдээгүй тул шинжээч томилсон. Дахин шинжээч томилж үнийн санал өгснөөр 5 үл хөдлөх эд хөрөнгөө ..нийт 2,272,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хадгаламж зээлийн хоршоо манай саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн үнэлсэн үнэлгээгээр тус 5 үл хөдлөх эд хөрөнгө нийт 549,753,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа хийхдээ хуульд заасан заалт бүрийг нэг бүрчлэн дагаж мөрдөх ёстой байхад хуульд заасан заалтын дагуу ажиллагаа хийгээгүй. Хураах тогтоолоор ажиллагаа хийхдээ хүртэл Д.М- буюу эд хөрөнгө эзэмшигчийг нь байлцуулахгүйгээр хураасан. Үнэлгээтэй 05-16-ны өдөр танилцсан бөгөөд зөвшөөрөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах тухайгаа хэлж 20-нд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хүлээн авахаас татгалзсан. 2019-05-31-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж 2019-06-07-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Өнөөдрийг хүртэл үнийн саналыг танилцуулаагүй байж, эд хөрөнгө хураагаад үнэлгээ гаргасан, эд хөрөнгийн зах зээлийн ханшаар үнэлээгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Дээд шүүхийн 2015-12-08-ны өдрийн 1068 дугаартай тогтоолоор Д.М-гээс холбогдох төлбөрийг гаргуулан Есөн дэлбээ ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017-05-09-ний өдөр битүүмжилж хураасан. Д.М-гээс үнийн санал авахад харилцан тохиролцоонд хүрээгүй. Шүүхийн шийдвэр биелүүлэхийг Д.М-, н.Сувдмаа нарт хүргүүлсэн ч төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд тухайн 5 үл хөдлөх эд хөрөнгийг хураасан. 2017-10-02-ны өдөр хөндлөнгийн шинжээч Баян могод ХХК-иар үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх эд хөрөнгийг нийт 587,136,103 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад мэдэгдэж анхны дуудлага худалдаанд оруулсан боловч төлбөр төлөгч М- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн. Ингээд БГД-н ИХАШШ-н шийдвэрээр Баян могод ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон. Шийдвэр хүчингүй болсон тул 2019-04-17-ны өдөр дахин шинжээч томилж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлгээ хийлгэж 713,913,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг талуудад 2019-05-14-ний өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулан баталгаажуулж, тэмдэглэл хөтөлсөн. ШШГТХ-д заасны дагуу төлбөр төлөгчид 1 сарын хугацаа өгөхөд хугацаа авахгүй дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019-05-20-ны өдөр 5 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бага байгаа тул дахин зах зээлийн ханшаар үнэлэх гомдол гаргасан. 2019-06-03-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан тухай хариуг хүргүүлсэн. Тухайн 5 үл хөдлөх эд хөрөнгө нь анхны дуудлага худалдаагаар орсон ч худалдан борлогдоогүй. 2 дахь дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэл гаргасан хэрнээ үнэлгээтэй холбоотой зүйл яриад байна. Үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж байна. Гэтэл энэ үл хөдлөхийн тухайд зах зээлийн ханш нь ийм байгаа гэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Гэр бүлийн хүн болох Сувдаад мэдэгдээгүй гэж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад энэ хэргийн хариуцагч болон төлбөр төлөгч нь Д.М- гэдэг нэг л хүн байгаа. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь мөн Д.М- гэж байгаа. 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг өгөөгүй, төлбөрийн 10 хувь ч төлөгдөөгүй, төлөх талаар санаачилга гаргаж ажиллагаа хийгээгүй. Өмнө нь үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаад шүүх хангаж шийдсэн байтал нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Төлбөр төлөгч нь төлбөрөө төлөхгүй хугацаа авах байдлаар дахин дахин үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 102/ШШ2019/02273 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Сувдаагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .. дугаар хороо ...39.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс Д.М-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .. дугаар хороо ... тоот 89.4м2 талбай бүхий 3 өрөө болон 29 тоот 79.2м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн хорооллын ... тоотод байршилтай 128м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн .. дугаар хороо .. дугаар хороолол .. дүгээр байр .. тоотод байршилтай 71м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох Д.М-гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1855 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Би шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг тухайн дүүргийн, тухайн байрны зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэлийн газарт хүсэлт саналаа гаргасан боловч хүлээн аваагүй хөндлөнгийн шинжээч томилон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн миний 4 үл хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлүүлсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлээс миний өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэр гүйцэтгэгч н.Янжинлхам шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан. Дээрх үнэлгээг гаргуулахдаа ИХШХШТХ, Шүүхийн шинжилгээний тухай хууль, ШШГТХ-г зөрчсөн ялангуяа ШШГТХ-н 55.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч тухайн байрны үнэлгээг зах зээлийн ханшийг тогтоож үнэлнэ гэсэн заалтыг зөрчин тухайн байрны байрлалд ямар үнэ ханштайг тогтоож, судалгаа хийгээгүй хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг тус тус зөрчсөн, мөн хуулийн 55.2.6-д тухайн эд хөрөнгийг үнэлэх үед зах зээлийн ханшийг тогтооход хүндрэл учирсан бол хөндлөнгийн шинжээч томилно гэж зааснаар тухайн 4 байрыг үнэлэхэд ямар нэгэн хүндрэл учирсан болохыг хариуцагч тал нотлож чадаагүй бөгөөд хуулиар олгосон эрхээ зохих ёсоор хийгээгүй мөртөө хөндлөнгийн болон байгууллагын гэрээт үнэлгээний байгууллагаар хэт доогуур үнэлүүлж хуулийг ноцтой зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч н.Янжинлхам нь миний болон Д.Сувдаагийн нэр дээрх 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлэх тухай тогтоол гаргахдаа дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр Хөрөнгийн үнэлгээний төвийг томилсон бөгөөд эд хөрөнгийн чанар зах зээлийн ханш эд хөрөнгийн орц норм гэх зэрэг эд хөрөнгийн юунд ямар үнэлгээ хийх талаар шинжээчид эрх олгоогүй байхад Хөрөнгийн үнэлгээний төв нь шинжээч томилсон тогтоолыг хүлээн аваад дээрх 5 үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлгээг гарган өөрийн санаачлагаар сайн дураараа шинжээчийн дүгнэлтийг гарган хууль зөрчсөн байсан. Иймд шийдвэрийн надад оногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, миний нэр дээрх 4 үл хөрөнгийг зах зээлийн ханшаар тогтоолгож өгөн үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.М- 2019-05-31-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ... тоот 39.6м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн байрны ... тоотод байршилтай 128м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хорооллын ... тоот 89.4м2 талбай бүхий 3 өрөө, ... тоот 79.2м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн .. дугаар хороо .. дугаар хороолол .. дүгээр байр .. тоотод байршилтай 71м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгохыг шаардсан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 39.6м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015-05-21-ний өдрийн 102/ШШ2015/03386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015-09-16-ны өдрийн 1260 дугаар магадлал, хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015-12-08-ны өдрийн 1068 дугаар тогтоолоор Д.М-, Д.Мөнгөнтуяа нараас төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна.  

        Төлбөр төлөгч хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс хариуцагч албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, төлбөр төлөгч мөн өмчлөгч нараас үнийн санал авч үнэлгээ хийлгэхээр  шинжээч томилсон нь тогтоогджээ.

        Шүүх нэхэмжлэлээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .. байр, .. тоотод байршилтай 128м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хорооллын ... байрны .. тоот 89.4м2 мөн .. тоот 79.2м2 талбай бүхий тус бүр 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн .. дугаар хороо .. дугаар хороолол .. дүгээр байр .. тоотод байршилтай 71м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

        Хэрэгт авагдсан баримтаар, дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх үйл баримт нотлогдоогүй, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэж үзэх баримтгүй байна.

        Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

       Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т нийцсэн байх бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангасанд хариуцагч мөн гуравдагч этгээд гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй гэж үзнэ.

       Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр,магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1855 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ