Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0016

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.З, С.Д,

Б.У, С.Д, Д.С

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                             Ц.Мөнхтуяа

Шүүгдэгч                                                          С.Д, С.Д, Б.З, Д.С

Шүүгдэгч нарын өмгөөлөгч             Т.Э, М.Г,

Д.Н, Б.Б

Нарийн бичгийн дарга                    Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Мы давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Б-н У,

 

Ж овогт С-н Д,

 

И овогт Б-н М,

Ж овогт Б-н З,

Ж овогт С-н Д,

   Г овогт Д-н С,

 

   Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нар нь машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө         аймгийн       сумын          тоот хашаанаас иргэн Г.Б-н 46 боодол өвсийг хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  мөн Б.М нь 2018 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд иргэн Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр      аймгийн      сумын нутаг      уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явахдаа иргэн С.Д-той харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, мөн С.Д нь тухайн үед Д.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.М, Б.У, С.Д, Б.З, С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

Б.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.С, С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудад заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-н У, шүүгдэгч Ж овогт С-н Д, шүүгдэгч Ж овогт Б-н З, шүүгдэгч Ж овогт С-н Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И овогт Б-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж,

             Шүүгдэгч И овогт Б-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

             шүүгдэгч И овогт Б-н М, шүүгдэгч Ж овогт С-н Д, шүүгдэгч Г овогт Д-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мы 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 494 хоног, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 240 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоног нийт 736 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч Д.С, шүүгдэгч С.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн,

шүүгдэгч Б.Мыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

            2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 736 хоногийг хасч эдлээгүй түүний үлдсэн 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 11 сар 25 хоногоор дүйцүүлэн сольж, Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Д, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар цагаатгагдсан этгээдүүд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Л.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Б.Уын “М” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Уд буцаан олгож,

            эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор хураан авсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийг 3 дугаар хавтаст хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,

         шүүгдэгч Б.У, С.Д нар 86 хоног, шүүгдэгч С.Д 123 хоног, шүүгдэгч Б.З нийт 263 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.М эсэргүүцэлдээ:

 

“... Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, С.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ ... улсын яллагчийн яллах талын гол нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар 40 боодол өвсийг яллагдагч Б.Уаас хураан авч, хохирогч Г.Б-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл нь тухайн цаг хугацаанд уг хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн, хэргийн газрын үзлэгээр автомашины дугуйны болон гутлын мөр гарсныг тодорхойлсон болохоос биш гэмт хэргийг үйлдсэн хүний сэдэлт, санаа зорилгыг тогтоосон асуудал биш” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл улсын яллагч дан ганц дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлоогүй хэрэгт хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн яллах талын бүхий л нотлох баримтуудыг гэрч Т.Н, Б.Б, Т.Б, Э.Э, Б.Ч, М.М, Б, Б нарын мэдүүлэг бүхэлд нь харьцуулан үнэлж дүгнэн гэм бурууг нотлох үүргийг хүлээж оролцсон. Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудыг ямар үндэслэлээр, алийг нь гол нотлох баримт гэж сонгон шийдвэрийнхээ үндэслэл болгон үнэлж, дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, санаа зорилгыг дан ганц нотлох баримтаар тогтоох бус шүүгдэгч нарын үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог харьцуулан бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөх замаар тодорхойлох нь хуульд нийцнэ.

Шүүх шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, С.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолд тусгана гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Харин гэрч М.М, М.Б нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэхдээ “шүүгдэгч Б.Мы гэрт хамт амьдарч байсан, нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд тул нотлох чадварын хувьд харьцангуй сул гэж үзнэ” хэмээн хуульд байхгүй үндэслэлээр өөрийн таамаглалд үндэслэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүх дан ганц шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг үндэслэн, тэдгээрийн мэдүүлгүүд нь байнга, тогтвортойгоор, удаа дараагийн мэдүүлэгт тусгагдсан Б.Мы мэдүүлэг нь шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, С.Д нарын удаа дараа өгсөн мэдүүлэгтэй цаг хугацаа, үйл явдал, үйлдэл оролцооны байдлаар тохирч байна хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, 9 дэх хэсэгт заасан “шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

Дан ганц шүүгдэгч нарын мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна. Мөн шүүгдэгч нарын мэдүүлгийг байнга, тогтвортойгоор үнэн зөв мэдүүлж байна гэж хэт үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон атлаа шүүгдэгч С.Дгийн ... хар машинтай хүмүүс наад хүн чинь худлаа хэлж байна даа гэсэн / хх-ийн 161-р тал/ ... машин дээр өвс ачиж байхад ирсэн залуучууд энэ чинь хулгайн өвс, Б гэдэг нэртэй хүний өвс ... 9.000 төгрөгөөр зарж байгаа өвс гэж хэлэхэд нь би хулгайн өвс юм байна гэдгийг мэдэж ойлгосон гэх /хх-ийн 165-р тал/ мэдүүлгийг анхаарч үзээгүй.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хамаарал бүхий нөхцөл байдлыг үнэлж, дүгнэх бөгөөд нотолгооны ач холбогдолтой хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Шүүгдэгч Б Мд сонсгосон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгч Б.М нь хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа буюу өвсийг хашааны гадна зөөж гаргасны дараа Б.Уын өмчлөлийн     улсын дугаартай тээврийн хэрэгслийг олж авч ирэн, өвсийг зөөж тээвэрлэсэн бус урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл Б.Уын гэрт шүүгдэгч нар цуглан, бүгдээрээ уг тээврийн хэрэгсэлд сууж, замдаа шатахуун аваад хэргийн газарт ирсэн үйл баримт тогтоогддог.

Гэтэл шүүх хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа машин механизм ашигласан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. С.Д, Б.З, С.Д нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нар гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Мы үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэргийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн тус зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 495 хоног, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 240 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл 3 хоног, нийт 738 хоног цагдан хоригдсон шүүх “736 хоног” гэж 2 хоногоор дутуу, шүүгдэгч Б.З нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 139 хоног, 2021 оны 02 дугаар сарын 23-наас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 122 хоног нийт 261 хоног цагдан хоригдсон байтал 263 хоног гэж 2 хоногоор илүү, шүүгдэгч Б.У, С.Д нар нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 85 хоног цагдан хоригдсон байтал 86 хоног цагдан хоригдсон гэж 1 хоногоор илүү, С.Д нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 122 хоног цагдан хоригдсон байтал 123 хоног гэж 1 хоногоор илүү тооцсон байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г тайлбартаа:

“... Орхон аймгийн Прокурорын газраас 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө С.Д, Б.М, С.Д, Б.У Б.З нарыг       аймгийн       сумын        тоот хашаанаас 46 боодол өвсийг хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэс хэсэгт зааснаар журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт буруутган 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5/02 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. С.Д, Б.У, С.Д нь дээрх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед нотлогддог. Тухайлбал: Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Уын шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг “...маргааш нь цагдаа ирээд чи өвс хулгайлсан гэхээр нь хулгай гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт С.Дгийн шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг .... “З залгаад “өвс 5.000 төгрөгөөр зарна гэж байна, та авах юм уу гэхэд 50 боодол өвч авъя, маргааш махаа борлуулаад мөнгийг нь өгье” гэж тохиролцсон маргааш нь цагдаа ирэхэд хулгайн өвс гэдгийг мэдсэн”....гэх мэдүүлэг,

мөн мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг ... “хулгайн өвс ачсан гэдгийг маргааш өглөө гэртээ байхад цагдаа нар орж ирэхэд мэдсэн ... Би хулгайн өвс ачиж байна гэдгийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-151-152, 154-155 хуудас/, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед С.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг ... би өвс хулгайлаагүй, Маас худалдаж авсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-161-162, 164, 165, 166 хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Мы яллагдагчаар өгсөн мэдүүлэг ... Д намайг хулгай хийсэн орой зодохоор нь би уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн. Яг үнэндээ бол би өөрөө өвс ачуулчихсан, Д, У, З, Д нарт “миний өвс байгаа юм, та нар худалдаж ав” гэж худлаа хэлээд ачуулчихсан юм. ...Д надад “Чи хулгайн өвс зараад байгаа юм уу” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гээд урдаас нь хэрэлдсэн, тэр үед Д над руу уурлаж бид хоёр машин замын хажууд талд зодолдсон, тэгээд салаад явсан. ... Анхнаасаа үнэнээ хэлээд шийдүүлэх байсан юм. Намайг хулгайн өвс ачуулж байсныг Д, З, Д, У нар мэдээгүй. Харин хар машинтай хүмүүс ирээд Д, З нарыг зугтаарай гэж хэлснээс хойш мэдсэн, яг тэр үед Д, У нар мэдээгүй хар машинтай хүмүүстэй уулзаад байсан. Д намайг хулгайн өвс зарлаа гэж зодсон ...  нөгөөдөр нь цагдаа гэрт ирээд бариад явахаар нь би “өвс хулгайлаагүй гээд худлаа яриад эхэлсэн, “энэ хэргийг хурдан шийдвэрлэж буруугүй хүмүүсийг шалгаж өгнө үү” гэж хүсэж байна. “Анхнаасаа миний буруу худлаа ярьсандаа гэмшиж байна, ямар ч буруугүй хүмүүсийг хэрэгт татаж мэдүүлэг өгсөндөө их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-175-176 хуудас/,

мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Згийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг “... Д эгч миний утас руу залгаад “хөдөөнөөс ороод ирлээ, өвсөө худалдаж авах хэрэгтэй байна, хямдхан өвстэй газар байна уу, мэдэж байгаа хүн байна уу” гэж ярьсан. Би М ахад “эгч ороод ирчихсэн өвс авах гээд явж байна гэнэ” гэж хэлэхэд М ах надад өвс байгаа, хэдэн төгрөгөөр зараад байгаа юм бол" гэхээр нь би “гадуур 7.000 төгрөг гэж байсан” гэхэд М ах “надаас 5000 төгрөгөөр өвс ав, жаахан цагаандуу өвс байгаа шүү” гэж хэлсэн М ах Д ах бид хоёрыг дагуулаад өвс ачсан гэх хашаа даваад хашаан дотор хураачихсан байсан өвсийг аваад хашаа давуулж шийдсэн, хашааны гадаа Д эгч, У эгч нар машин дээр өвс ачсан гудамжинд машины гэрэл тусаад ... М ах “зугтаарай” гэхээр нь бид гурав хашааг даваад зугтаасан М “миний өвс гээд байсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-181-182, 2-р хх-42/, мөрдөн шалгах ажиллагааны үед С.Дийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...Сүүлийн удаа зөөж байхад хашааны гадаа машины гэрэл тусаад машин ирж байхад М, З бид гурав хамт өвс гаргаж байсан хашааны хойд талын хашааг даваад зугтаасан, М “зугтаарай” гээд байсан юм. ...би Мд “хулгайн өвс ачуулсан байна” гэхэд М “би мэдэж байна” гээд байсан. Мд “чи миний дүү нарыг хэрэгт оруулах гээд байгаа юм уу” гээд хоорондоо маргалдаад бид хоёр засмал замын хажуу талын шороон дээр зодолдоод тэндээсээ салаад явсан. Овоолсон өвсний урд талаас нь хашаа давуулаад зөөгөөд байсан, хулгайн өвс гэдгийг мэдээгүй, хашаанд байхад гэрээс хүн ч гарч ирэхгүй байсан. бид нар хулгай хийгээгүй, Маас Д өвс худалдаж авч байна гэж ойлгоод өвсийг ачиж өгсөн, М өвс зарсан....” гэх мэдүүлгүүдээр С.Д, Б.У, С.Д нар тухайн гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго байгаагүйн нотолдог.

Хулгайлах гэмт хэрэг нь шунахай сэдлээр, санаатайгаар үйлддэг гэтэл С.Д, Б.У, С.Д нарын Б.Маас өвс худалдаж авахаар тохиролцсоны дагуу уг өвсийг авсан. С.Дд тухайн өвсний хэрэгцээ байсан ч худалдан авах зорилготой байсан. Тухайн өвс нь хулгайн өвс байсан талаар гэмт хэрэг үйлдэгдсэний дараа С.Д, Б.У, С.Д нар нь мэддэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг гэтэл С.Д, Б.У, С.Д нар нь тухайн өвсийг хулгайлаагүй худалдаж авч байна гэж ойлгож авсан байдаг. Тус хавтаст хэрэгт тухайн гэмт хэрэг эхлэх төгсөх хүртэл С.Д, Б.У, С.Д нар нь хулгайлах гэмт хэрэг хийж байгааг мэдээгүй Б.Маас худалдаж авч байна гэж ойлгож байсан. Тус хавтаст хэрэгт С.Д, Б.У, С.Д нарын үйлдэл нь шунахай сэдэлгүй, санаатайгаар үйлдэл тогтоогдоогүй болно.

Дүгнэвэл, уг хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийн зөв тайлбарласан хэрэглэсэн тул түүнийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцэл, Б.Мы давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

... шүүгдэгч Б.Мг 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө      аймгийн      сумын      багийн     тоот хашаанаас Г.Б-н 46 боодол өвсийг машин механизм ашиглан хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар, цагдан хоригдсон 736 хоногийг хасч эдлээгүй түүний үлдсэн 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэл болон гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М Б.З, С.Д, Б.У, С.Д нартай хамт явсан гэдгийг нотлох үүрэгтэй. Тодруулбал Б.М Б.Зтой өдөржин архи уусан. Б.Уынд архи ууж байхдаа С.Дид зодуулсан. Б.З салгаад гэрт хүргэж өгсөн. Маргааш нь өвс хулгай хийсэн гэдгийг Б.З, Б.У, С.Д нараас мэдсэн. Б.З миний утсанд байсан нэгжээр архи авч уусан. Миний нэгжийг орой буцааж хийсэн. С.Д-с мөнгө аваагүй гэдгийг тэрээр гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой тууштай зөрүүгүй мэдүүлж ирсэн.

Харин С.Д хямд өвс авах гээд нэгж, 40.000 төгрөгийг Б.Уынд, гудамжинд, Б.Згоор дамжуулан Б.Мд өгсөн тухай олон янзаар мэдүүлсэн нь хавтаст хэрэгт байдаг. Эдгээр мэдүүлгийн алийг нь үнэн зөв нотлох баримт гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Бусад шүүгдэгч нар Б.Мыг өвстэй хашаанаас өвс гаргаж шидсэн гэдэг боловч Б.Мы гутал болон гарын хээ илрээгүй. Энэ байдлыг Б.М тайлбарлахдаа би хамт яваагүй, оролцоогүй учраас гарын хээ, гутлын мөр илрэхгүй гэдэг. Б.З, С.Д, Б.У, С.Д нар өвс авахаасаа өмнө шатахуун авсан гэдэг.

Б.М хамт яваагүй гэж маргаж байгаа юм чинь шатахуун түгээх газар, зам дагуух дэлгүүр, цагдаагийн газрын камерын бичлэгийг хуулбарлан авч       улсын дугаартай бага оврын ачааны автомашинд хэдэн хүн суусан байна, Б.М машины кабин дотор сууж байна уу, хэдэн цагийн үед хаанаас хаашаа чиглэлтэй хэдэн удаа зорчиж байна, өвс ачсан байна уу, ачаагүй байна уу, өвсийг хэдэн эгнээ ачсан зэргийг шалгаж тогтоох ажиллагаа огт хийгээгүй. Уг ажиллагааг хийснээр хэн хэн ямар үүрэг оролцоотой уг хэрэгт оролцсон, оролцоогүй гэдгийг тогтоох нь чухал.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон гэж заасны дагуу Б.М, 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хаана хэнтэй байсан гэдгийг тогтоох шаардлагатай.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт ач холбогдол бүхий дээрх байдлыг шалган тогтоолгохоор Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/287 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч С.Д тайлбартаа:

... 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нөөцөлсөн махаа борлуулж өвс, тэжээл гурил будаа авах зорилготой У-д ирсэн. Тухайн үед миний нөхөр ходоодны хорт хавдар нь эцсийн шатандаа орсон оноштойгоор гэртээ хэвтэрт байсан. У-д махаа буулгаж ээжийнхээ мэндийг мэдэхээр утас руу нь залгатал З утсыг нь авсан. Би ээжийнхээ биеийг асуугаад мах зарж өвс тэжээл гурил будаа авах тухайгаа хэлж хямдхан өвс тэжээл байвал асууж байгаарай гэсэн. Хэсэг хугацааны дараа З над руу залгаж энд нэг хүн 5.000 төгрөгөөр өвс зарна гэнэ та авах уу хэдэн боодол өвс авах бэ гэхэд 50 боодол өвс хэрэгтэй. Маргааш махаа борлуулаад өвсөө авахаар тохирсон. Хэсэг хугацааны дараа З залгаад өвс зарах хүн урьдчилгаа өгөөд өнөөдөр өвсөө ав, би хөдөө явах ажилтай гэсэн. Ингээд нэг дугаар өгч энэ дугаар өвс зарах хүний дугаар 10.000 төгрөгөөр нэгж хийчих мөн бололцоогоороо мөнгө өг, үлдэгдэл мөнгөө маргааш дансаар хийчих гэж хэлсэн. Ингээд би 10.000 нэгж утсанд нь хийчихээд У-д унтаж байсан. Тэгэхэд утас дугарч З бид нар очих гэж байна гэхээр нь маргааш болъё, би унтаж байна гэж хэлсэн. Тэгэхэд З энэ хүн чинь маргааш хөдөө явна, өнөөдөр урьдчилгаагаа өгөөд өвсөө ав гэж З хэлсэн. Ингээд би 50.000 төгрөг бэлэн өгөөд үлдэгдэл мөнгийг нь маргааш дансаар өгөхөөр болсон. Ингээд М бид хоёр дотор сууж Д З хоёр дээр сууж хорооллын эцсийн колонкоос 20.000 төгрөгт бензин хийж өгсөн. Ингээд Маар зам заалгуулж очиж М тухайн үед өмсөж явсан монгол гутал тэргэлээ тайлаад хар гутал, хар савхин куртик, савхин бээлий өмсөж гарч ирээд зам зааж явсаар өвсний газарт очсон. Өвстэй хашааны гадаа очиж энд зогс гэсэн. Тэгэхэд У хашааны хаалгаа онгойлго гэж хэлэхэд М хаалга нь ардаа байдаг, цасанд дарагдсан гэж хэлсэн. Ингээд М өвс хашаа давуулаад тоолоод ач гэж хэлэхээр нь бил хоёр ачсан. Өвс ачиж байхад хар машинтай хүмүүс ирээд хажуу хашааны гадаа зогсоод хэсэг байснаа бид хоёр дээр ирсэн. Юун өвс ачаад байгаа юм бэ гэж асуусан. Би 5.000 төгрөгөөр өвс худалдан авч байгаа юм. Зарж байгаа хүн нь дотор байгаа гэж хэлсэн. Тухайн үед машин асаалттай, бид хоёр машин дотор байсан. Ингээд тэр хүмүүс машины түлхүүр аваад хашааны завсраар хэсэг дуудсан. Тэгэхэд ердөө хүн дугараагүй. Тэр хүмүүс машины түлхүүр өгөөд яваад өгсөн. Бид хоёр араас нь очоод энэ өвсийг яах бэ гэхэд худалдаж авсан юм бол ачаад явахгүй юу гэж хэлэхээр нь өвсөө ачаад явсан. Маргааш өглөө цагдаа нар ирээд өвс хулгай хийсэн гэхэд хулгайн өвс гэдгийг нь мэдсэн. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө мөрдөгчтэй Мы гэрт очиход би энэ хүнд өвс зарсан гэж хэлсэн байсан боловч одоо болохоор яваагүй гэж ярьдаг. Иймд Б М нарын худал мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн намайг ялладаг боловч миний Б, М нартай нүүрэлдэх хүсэлтийг минь хангаж өгдөггүй. Энэ хэргийг намайг хийсэн мэтээр гүтгэдэг. Энэ хийгээгүй хилс хэргийн төлөө 4 жил шахуу чирэгдэж 86 хоног хоригдсон. /2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19/ Энэхүү хугацаанд сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр хүндээр хохирсон. Намайг машин механизм ашиглаж ах дүүстэйгээ нийлж хулгай хийсэн гэж үздэг. Мөн М нэгж хийлгэж мөнгө авчихаад аваагүй, цуг явж өвс хулгай хийж зарчихаад яваагүй гэж гүтгэдэг. Иймд прокурор болон Мы гомдол эсэргүүцлийг эс зөвшөөрч тайлбар бичиж байна. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 287 дугаартай шүүхийн тогтоолыг  үнэн зөвөөр шийдсэн гэж үзэж байна гэжээ.

 

Шүүгдэгч Б.У тайлбартаа:

... Уг хэрэг гардаг өдөр хадам эгч С.Д манайд махаа ачаад өдөр ирсэн. Оройхон С.Д эгч хүнээс өвс авахаар боллоо чи очоод өгөөч гэж намайг гуйсан. Тэр үед миний өөрийн өмчлөлийн      дугаартай мазда маркийн хагас ачааны машин маань хашаанд байсан. Би зав муутай оёдол захилга ихтэй байна гэж хэлсэн. Тэр үед С.Д эгчийн нөхрийн бие маш муу байсан тул явж өгөхөөс аргагүйд хүрч өвсийг нь ачиж өгөхөөр болсон. С.Д эгч өвс авах хүнээ хүлээгээд манайд унтаж байсан. Би юм оёж цаг нэлээн орой болсон байсан. Гэтэл Д эгчийн утас дугарч өвс авах хүнтэйгээ маргааш болъё би одоо унтаж байна гэж ярьсан. Гэтэл хэсэг хугацааны дараа гаднаас М З, Д нар орж ирэхэд би хоёр өмнөөс нь гарч би оёдол ихтэй байсан учир Зд машинаа өгөөд явуулах гэхэд З архи уусан байсан. Тэгээд машинаа жолоодож өөрөө явсан. М Д хоёр машины дотор сууж, З Д хоёр дэвшин дээр сууж явсан. Хорооллын эцсийн Сод Монгол колонкоос 20.000 төгрөгөөр бензин Д эгч хийж өгсөн. Ингээд цаашаа М зам зааж 1 гэрт очсон. Тэр гэрт М.Д З нар орсон. М гарч ирэхдээ хувцсаа сольж дээл монгол гутал хоёроо тайлж, савхин куртик, хар гутал өмсөж гарч ирсэн. Тэгээд цааш явахад цас ихтэй, машин хий эргээд явахгүй байсан тул Д М З нар түрж дээр нь сууж өвс байгаа газар хашааны гадаа ирж зогссон. Гэтэл хашаан дээгүүр өвс давуулж шидсэн. Хашааны хаалгаа нээ орж ачъя гэхэд хаалга нь ардаа байдаг цаг дарсан гэж хэлсэн. Өвс ачиж байхад машины гэрэл гараад урд талын хашааны үүдэн дээр машинтай хүмүүс ирсэн. 4 залуу бид хоёр дээр ирээд нэг нь машины түлхүүрийг аваад та хоёр яагаад өвс хулгай хийгээд байгаа юм бэ гэсэн Д эгч хулгай хийгээгүй, худалдаж авч байгаа, зарж байгаа хүмүүс нь дотор хашаанд байгаа гэсэн. Гэтэл нөгөө түлхүүр авсан хүн түлхүүрийг маань өгөөд өвсөө ачаад яв гээд бид хоёр үлдэгдэл өвсөө ачаад явсан. Өглөө цагдаа нар ирээд урд шөнө чи өвс хулгай хийсэн байна гээд хэлэхэд гайхсан. Урьд нь манай хашаанд Б болон      сумаас авсан миний өөрийн өвс байсан. Цагдаа нар сумаас авсан өвсний зургийг авч битүүмжилж хурааж авна гэсэн. Би Б руу утсаар ярьж цагдаа нар өвс хураах гээд байна ирж уулз гэсэн. Б      сумаас өвс авсан бичгээ тодорхой гаргуулж авсан байсан. Намайг өөрөө       сумаас өөрийнхөө өвсөнд бичиг ав гэсний дагуу тодорхойлолтыг он сар өдөртэй нь тодорхой авсан хавтаст хэрэгт байгаа. Ийм бүх юм тодорхой байхад прокурор намайг Б-той нийлэн үгсэн хуйвалдаж хулгай хийсэн гэж яллаад байдагт би прокурорт маш гомдолтой байгаа. Энэ хэрэгт Б ямар ч хамааралгүй. Гэтэл хамаатай болгож үздэг. Хэрэг хийгээгүй хүнийг хэрэг хийсэн мэтээр гүтгэдэг. Би энэ хийгээгүй хэргээс болж бүтэн 4 жил чирэгдэж 90 хоног хоригдож ар гэр болон сэтгэл санаагаар маш их хохирч байна. Иймд прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч мөн М миний машин дотор сууж очиж өвс ачуулсан байж яваагүй гэж худал ярьдаг. Энэ гомдлыг эсэргүүцэж миний бие үл зөвшөөрч байна. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 287 дугаартай шүүхийн тогтоолыг  үнэн зөвөөр шийдсэн гэж үзэж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.З тайлбартаа: ... Б.Мы ярьсан зүйл бүгд худлаа ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Д тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Д тайлбартаа: ... Байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.С тайлбартаа: ... Ярих зүйл байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г тайлбартаа: ... Хэргийг буцаах шаардлагагүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н тайлбартаа: ... Д.Стэй холбоотой эсэргүүцэл гаргаагүй учраас тайлбар байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э тайлбартаа: ... Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Мы давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

   Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нарыг 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө машин механизм ашиглан      аймгийн     сумын      тоот хашаанаас иргэн Г.Б-н 46 боодол өвсийг хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

 

  шүүгдэгч Б.Мыг 2018 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр        аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд иргэн Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

  шүүгдэгч Д.С, С.Д нарыг 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр      аймгийн     р сумын нутаг      уулын зүүн талд харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, С.Д нарт холбогдох хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, дээрх шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлтэй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчим нь агуулгын хувьд “гэмт хэргийн шинжгүй” гэсэн ойлголтоос өөр ойлголт юм.

 

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хулгайлах гэмт хэрэг нь нууцаар үйлдэгддэг, бусдын “өмчлөх эрх”-ийг шууд санаатай хэлбэрээр зөрчсөн нийтлэг шинжтэй ба аливаа гэмт хэргийн онцлог шинжийг нийтэд нь гэмт хэргийн шинж гэх ба эдгээр шинжээс аль нэг нь үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдоно.

 

Түүнээс гадна прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотлох баримтууд болох гэрч Т.Н, Т.Б, Э.Э, Б.Ч нарын мэдүүлгүүдийг анхан шатны шүүх ямар үндэслэлээр хэрхэн үгүйсгэж байгаа хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “... улсын яллагчийн дүгнэлт ... -г няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Б-н “...намайг У-н хашаанд өвч буулгахад ямар ч өвс байхгүй байсан. У надад ... гадаа байгаа миний өвстэй нийлээд 60 гаран боодол өвс гээд хэлчих ... гээд байхаар нь би миний 60 гаран боодол өвс байгаа гээд худлаа хэлчихсэн юм...би өөрөө өвс хулгайлсан зүйл байхгүй, харин 60 боодол өвч буулгасан гэж У-н үгээр худлаа хэлсэн юм. Яг үнэндээ 30 боодол өвс буулгасан....” гэх мэдүүлгийг анхан шатны шүүх шинжлэн судалсан эсэх нь тодорхойгүй, түүний мэдүүлгийг шийтгэх тогтоолд дурдалгүй орхигдуулсан байна.

 

Дээрхээс гадна анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох М.М, М.Б нарын мэдүүлгүүд нь шүүгдэгч нарын мэдүүлгүүдтэй харилцан зөрүүтэй байхад шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэлтэй гэж дүгнэн, дээрх гэрч нарын мэдүүлгүүдийг үгүйсгэсэн тухай хууль зүйн үндэслэлийг заалгүйгээр “нотлох чадварын хувьд харьцангуй сул” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, С.Д нарын өөр хоорондоо харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг “... байнга, тогтвортой, ... цаг хугацаа, үйл явдал, үйлдэл оролцооны байдлаар тохирч байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх “... хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа машин механизм ашигласан...” гэж дүгнэж шүүгдэгч Б.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд заасан  тухайн зүйл, хэсэгт хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж байгаа мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Мы үйлдсэн гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэргийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн тус зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов” гэж прокурорын яллах дүгнэлтэд зааснаас өөр зүйл хэсгээр гэм буруутайд тооцож дүгнэснээс  /8 дугаар хх 28/ гадна шүүгдэгч Б.М, Б.З, Б.У, С.Д, С.Д нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.М нь холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн байхад уг гэмт хэргийг үйлдсэн огноог шийтгэх тогтоолд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэж өөр өөрөөр дүгнэсэн /8 дугаар хх 16, 30, 35 / зэрэг зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Мы гаргасан “...хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                З.ХОСБАЯР

            ШҮҮГЧИД                                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                 С.УРАНЧИМЭГ