Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, Улсын яллагч: Ц.Сүхбат, Нарийн бичгийн дарга: Г.Ууганзаяа, Шүүгдэгч О.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б-д  холбогдох эрүүгийн 201525022251 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: 1. Монгол Улсын иргэн, ...ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ...одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ...тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ...О.Б. Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/: Яллагдагч О.Б нь “Юнител” ХХК-д байгууллагын борлуулалтын үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 07-ноос 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хуурч, харилцагч байгууллагуудын нэр дээр хуурамч дугаар үүсгэх, үүсгэсэн дугаарууд дээрээ лизингээр гар утас олгож, бүртгэлийг холбогдох програмд оруулан, шаардах хуудсыг бичиж мэргэжилтний өмнөөс нэрийг нь бичих эсхүл өөрийнхөө нэрийг бичин зөвшөөрөл авсан мэт ойлгуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ажлын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж салбарын эрхлэгч болон түүнийг орлож буй ажилтнаас Самсунг Галакси А3 2 ширхэг, Самсунг Галакси А5 4 ширхэг, Ай фоне-6 4 ширхэг, Самсунг Галакси Таб эс про 2 ширхэг, Самсунг Галакси Эс-6 5 ширхэг, Самсунг Галакси Эс-6 Эдж 11 ширхэг буюу нийт 28 ширхэг гар утсыг залилан авч бусдад 33.967.500 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ганбат /1-р хх-ийн 6/, гэрч Б.Золзаяа /1-р хх-ийн 3/, гэрч Г.Ган-Эрдэнэ /1-р хх-ийн 219/, гэрч С.Оюун-Эрдэнэ /1-р хх-ийн 220/, гэрч Б.Содгэрэл /1- р хх-ийн 235/, гэрч Б.Оюунзаяа /1-р хх-ийн 236/, гэрч Г.Батням /1-р хх-ийн 237-238/, гэрч Б.Энхбаяр /1-р хх-ийн 239-240/, гэрч Б.Ундрал /3-р хх-ийн 17/, гэрч Ж.Гантулга /3-р хх-ийн 19/, гэрч Г.Ган-Эрдэнэ /3-р хх-ийн 21/, гэрч Т.Алтангэрэл /3-р хх-ийн 22/, гэрч Б.Содгэрэл /3-р хх-ийн 24/ нарын мэдүүлэг, өр дутагдлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт, О.Б-с нэхэмжлэх өр төлбөрийн задаргаа /1-р хх-ийн 11/, О.Золбоо болон түүнийг хариуцсан мэргэжилтэн нарын хариуцан ажилладаг байгууллагын нэрсийн жагсаалт /2-р хх-ийн 31-37/, “Юнител” ХХК-ийн CBS биллинг программд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 21/, О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн /2-р хх-ийн 28/, О.Б-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн /2-р хх-ийн 30/, О.Б-н шинэ хуулиар яллагдагчаар татсаны дараа мэдүүлсэн /3-р хх-ийн 158/ мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын №165 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 134-135/, харилцагч байгууллагуудын албан бичгийн хариу /3-р хх-ийн 32, 34, 36, 38, 59, 60, 62, 63/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 48-58/, “Юнител” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1267 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 65/, 35 776 000 төгрөгийн хохирол төлсөн төлбөрийн баримт /3-р хх-ийн 99/, шүүгдэгч О.Б-н /2-р хх-ийн 46/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Прокуророос шүүгдэгч О.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Б нь бодит байдлыг нээх замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Б.Ганбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б гэх хүн манай компанид борлуулалтын үйлчилгээний ажилтнаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр томилогдож, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. О.Б нь ажиллаж байх хугацаандаа дараа төлбөрт …гэсэн 30 дугаарыг зохиомлоор үүсгэж эдгээр дугаарууд дээрээ манай компаниас хэрэглэгч нартаа лизингээр өгдөг Самсунг Галакси Эсб, Эсб эдж, А-3, А-5, I Рпопе-6, Самсунг Галакси таб маркийн гар утаснуудыг зохиомол баримт бүрдүүлэн дээрх дугаарын эзэмшигч нарт өгсөн мэт харагдуулж, өөрөө авч бусдад худалдсан байсан. ...О.Б нь уг утаснуудыг баримт бүрдүүлэн гаргуулан авах эрхгүй ажилтан ба мэргэжилтэн Ган-Эрдэнэ, Гантулга, Алтангэрэл, Содгэрэл нарын зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж Ви Ай Пи салбарын эрхлэгчийг хууран мэхэлж гар утаснуудыг авсан байна. Мөн борлуулалтын үйлчилгээний ажилтан Саруулзулын эрхээр сүлжээнд хулгайгаар нэвтэрч Самсунг Галакси А-5 маркийн гар утсыг мөн өөртөө авсан байна. ...Мөн харилцагч байгууллагуудаас төлбөр төлсөн мөнгөнөөс байгууллагын дансанд дутуу шилжүүлж үлдэгдэл мөнгөөр авсан гар утаснуудынхаа зарим урьдчилгааг төлсөн байсан. Шаардах хуудас дээр мэргэжилтэн гарын үсэг зурах ёстой байдаг. Тэр гарын үсгүүдийн оронд өөрийн нэрийг бичиж салбарын эрхлэгч Оюунцэцэгт өөрөө гар утас авах эрхтэй мэтээр ярьж итгүүлэн авсан байдаг. ...Мөн Б нь өөрийн үйлдлээ нуун дарагдуулахын тулд байгууллагын сүлжээнд дээрх дугааруудыг үүсгэсэн мэтээр харагдуулах байдлаар шивсэн байдаг ба гар утаснуудыг ч мөн тухайн байгууллагуудад олгосон гэж хуурамч мэдээлэл оруулсан байна. О.Б нь уг тухайн мэдээллүүдийг шивэхдээ зөвхөн мэргэжилтний өгсөн мэдээллийг л шивэх үүрэгтэй байдаг. Түүнээс гар утас авах, өөрийн дураар мэдээлэл оруулах эрхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 6/, Гэрч Б.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний бие ахлах мэргэжилтэн албан тушаалтай ба ажил үүргийн хуваариар байгууллагын борлуулалт хариуцаж, харилцагч байгууллагуудтай харилцдаг. О.Б-н хувьд борлуулалтын үйлчилгээний ажилтан бөгөөд байгууллагуудын төлбөрийг программ руу шивж төлбөрийн нэхэмжлэлийг бэлдэж явуулдаг ба байгууллагуудын нягтлан бодогч нартай хамтран ажилладаг. Хувь хүмүүсийг хүлээн авч үйлчилдэг ба төлбөртэй холбоотой бүх төрлийн үйлчилгээ хийдэг. Урьдчилсан болон дараа төлбөрт шинэ дугаар үүсгэх эрхтэй ба харин гар утас лизингээр бүртгэх, үйлчлүүлэгч нараас гаргаж байгаа лизингийн хүсэлтийг хүлээн авах эрхгүй байдаг. ...би 07 дугаар сарын сүүлээр 1-7 дугаар сарын эрсдэлтэй авлагаа дахин хянаж үзсэн. Тэгтэл эрсдэлтэй авлага их өндөр харагдсан. Тэгэхээр нь би лизингээр утас авсан жагсаалтыг авсан. Тэгтэл сар бүр л өндөр үнэтэй гар утаснуудыг нэг байгууллагад их олон тоогоор лизингээр олгосон байсан ба программын бүртгэл нь өөрөө О.Бн нэр дээр бүртгэгдсэн байсан. ...О.Б-н хувьд шаардах хуудас бичих эрх нь байгаагүй ба байгууллагынхаа мэргэжилтний нэрийг нь бичээд л авч байсан юм билээ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73/, Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Би “Юнител” ХХК-нд байгууллага хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа... Борлуулалтын үйлчилгээний ажилтнуудыг мэргэжилтнүүд хариуцдаг бөгөөд би О.Б-г хариуцаж ажилладаг юм. Жишээ нь харилцагч байгууллага иргэнээс гар утас лизингээр авах хүсэлт гаргасан тохиолдолд надтай харьцаж миний гарын үсгээр салбарын эрхлэгч Оюунцэцэг гар утсыг мэргэжилтэн бид нарт хүлээлгэн өгөх ёстой байдаг. О.Б-д өгөх ёсгүй байсан... О.Б ажил үүргийн хуваариар бол санхүүгийн төлбөрийн нэхэмжлэхийг нэхэмжлэх байгууллагууд руу явуулдаг. Төлбөр хийгдэхэд өөрийн байгууллагын программд шивж оруулдаг, тэгээд мэргэжилтний даалгасан ажлуудыг л хийх үүрэгтэй... Б гарын үсэг зурж өгсөн болон гар утас Оюунцэцэгээс авах ямар нэгэн зөвшөөрөл огт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 219/, Гэрч С.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд Ви Ай Пи салбарын үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Надаас өмнө нь бол Банзрагч гэдэг хүн ажилладаг байж байгаад Солонгос улс руу сурахаар яваад өгсөн юм... Ви Ай Пи салбарын эрхлэгч нь салбарын борлуулалтын үйлчилгээний ажилтан нарыг мэдээ мэдээллээр хангаж ажилд хяналт тавьж бас хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдлыг хангах ёстой байдаг бөгөөд өдөр тутмын тайланг шалгадаг ба бас агуулахын бараа материалыг хүлээж авах борлуулалт хийх зэрэг ажлуудыг хийдэг... Лизингийн гар утаснуудыг бол мэргэжилтнүүдийн зөвшөөрлөөр борлуулалтын үйлчилгээний ажилтнууд авч борлуулдаг ба тийм болохоор би О.Б гар утаснуудыг өгсөн. О.Б мэргэжилтнүүдээс зөвшөөрөл авчихлаа гээд шаардах хуудас авч ирдэг ба тэгээд би өгчихдөг байсан. Би мэргэжилтнүүдийнхээ гарын үсгийг танихгүй, мэргэжилтний зөвшөөрлөөр л гэхээр нь би өгчихдөг юм. Түүнээс би борлуулалтын үйлчилгээний ажилтны гар лизингийн гар утсыг өгч болохгүй гэдгийг би мэддэг, лизингийн буюу зээлийн гэрээг мэргэжилтнүүд өөрсдөө хийдэг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 220/, Гэрч Б.Содгэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Юнител ХХК-нд ажиллаж байгаа. Байгууллага хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалтайгаар томилогдож одоог хүртэл ажиллаж байгаа ...Нийтдээ 113 байгууллага хариуцдаг үүнээс Эрдэнэт дулаан Сүлжээ ХХК-ий нэр дээр 5 ширхэг Самсунг А5 маркийн утас 2 ширхэг, Самсунг Эс 6 эдж маркийн гар утас 3 ширхэгийг лизингдсэн байсан. “Эрдэнэт Дулааны сүлжээ” ХХК-ий нэр дээр хуурамчаар 89020174, 89030162, 89098693, 89050356 гэсэн дугааруудыг шинээр үүсгэж тэгээд энэ дугаарууд дээр лизинг гаргасан байсан... Одоогоор бол хаагдсан байгаа. Энэ дугааруудын эзэмшигч нарын мэдээллийг оруулаагүй байсан бөгөөд шууд компаний нэр дээр нь гаргасан байсан. Лизингийн хүсэлтийг хэрхэн хийснийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан надаас бол зөвшөөрөл огт аваагүй... 89020174, 89030162, 89098693, 89002973, 89050356 дугаарууд нь дараа төлбөрт дугаарууд бөгөөд дээрх дугаарууд дээр ярианы төлбөр гарсан. Хүн энэ дугаарыг ашиглаж хэрэглээгүй ч гэсэн лизингийн төлбөрүүд нь гарна төлбөрүүдээс нэг ч төлбөр хийгдээгүй... Уг нь шаардах хуудас нь дээр би гарын үсэг зурснаар салбарын эрхлэгч гар утсыг зөвхөн надад олгодог. Борлуулалтын үйлчилгээний ажилтны гарт бол ихэнх тохиолдолд өгдөггүй харин мэргэжилтэн албан тушаалтай хүмүүсийн аман зөвшөөрлөөр салбарын эрхлэгч борлуулалтын үйлчилгээний ажилтнуудад өгч болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 235/, Гэрч Б.Оюунзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл "ТЭДИ" худалдааны төвд лангуу түрээслэн гар утасны худалдаа наймаа эрхэлж байгаа. Би гар утаснуудаа Хонг Конг, Шинжин гэх газруудаас манай нөхөр оруулж ирж тэрийгээ лангуун дээрээ худалддаг. Мөн хуучин гар утас болон хүмүүстэй тохирч худалдан авч үнэ нэмж борлуулдаг... Б нь ирэхдээ 1 ширхэгийг авчирч өгдөг байсан ба нийт надад 7-8 ширхэг гар утас л авчирч өгч байсан. Авчирч өгч байсан утаснууд нь Самсунг АЗ, А5, Самсунг галакси Эс 6, Самсунг Галакси Эс 6 эдж гэх зэргийн гар утаснуудыг авчирч өгч байсан. Миний хувьд яг хэзээ, ямар утсыг авч хэдээр надад өгснийг би санахгүй байна. Ямар ч байсан дандаа шинэ утаснуудыг авчирч өгсөн. Би бэлэн мөнгөөр худалдаж аваад л лангуун дээрээ тавьж байгаад л худалдсан ба О.Б асуудалтай юм биш биздээ гэхэд асуудал гарахгүй ээ би өөрөө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэнтрал Таурт байрлах Юнител ХХК-нд ажилладаг гэж хэлсэн ба яг ямар албан тушаал эрхэлдэгээ хэлээгүй. Тэгээд л би дотор ажилладаг байсан учир итгээд асуудалгүй байх гэж бодоод л авчихсан юм... Мөн манай найз өөрийн дугаар дээрээ лизингээр авсан юм. Тэгээд мөнгөний хэрэг гараад худалдах гэж байгаа юм гэж ярьж байсан... Авсан гар утаснуудынхаа сериал дугааруудыг бол би мэдэхгүй байна. Хэзээ хэнд хэрхэн худалдсанаа мэдэхгүй байна. Би 1, 2 утсыг нь бол задалж үзэж л байсан. Тэгэхэд Юнител ХХК-ий наадаг сериал дугаар байдаг. Тэр дугаар нь бас 1 жилийн баталгаат хугацаатай байдаг юм... Тавьж заруулсан, хадгалуулсан удаа байхгүй. Харин би бэлэн мөнгөөр худалдан аваад тэгээд борлуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 236/, Гэрч Г.Батням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд ажлын байрны тодорхойлолтын дагуу байгууллагуудаас биеэр ирсэн үйлчлүүлэгч нарт шинээр гар утас худалдан авах, шинээр дугаар үүсгэх, сим карт сэргээх, төлбөр тооцоо авах, дугаарын эрх нээх, хаах, дугааруудын дэлгэрэнгүй хуулга гаргах зэрэг үйлчилгээ явуулдаг. Миний хариуцсан байгууллагаас ирсэн үйлчлүүлэгч нараас гар утас лизингээр худалдан авах хүсэлтийг албан бичгээр хүлээн авч мэргэжилтэн нарт танилцуулж зөвшөөрөл авч уг зөвшөөрлийн дагуу гар утсыг лизингээр өгдөг. Лизингээр өгөх гар утаснуудыг мэргэжилтний зөвшөөрлийн дагуу ахлах мэргэжилтнээс авдаг ба ахлах мэргэжилтэн агуулахаас өөрийн биеэр авдаг. Миний хувьд агуулахаас гар утас авах эрх байдаггүй юм. С.Оюунцэцэг чөлөөтэй байх хугацаанд 14 хоног би гар утасны лизингийг хариуцаж байсан. Тэр хугацаанд Б шаардах хуудас бичиж надаас хэд хэдэн гар утсыг авч байсан. Тэр шаардах хуудаснуудыг би С.Оюунцэцэгт ажилдаа ороход нь хүлээлгэн өгч байсан. Тэр шаардах хуудас дээрх зөвшөөрөл өгсөн ахлах мэргэжилтний гарын үсгийг би ахлах мэргэжилтний гарын үсэг мөн эсэхийг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 237, 238/, Гэрч Б.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд шууд хэрэглэгч нартай харьцдаг учир гар утас лизингээр авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг. О.Б-н хувьд мэргэжилтнээр хянуулж зөвшөөрөл авсны дагуу хариуцсан байгууллагын хэрэглэгч нарт гар утсыг лизингээр олгодог. Гар утас лизингээр өгөх гэрээг мэргэжилтнүүдийн зөвшөөрлийн дагуу гэрээ хийж гарын үсэг зурдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 239-240/, О.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “... Би шинээр зохиомол дугаар үүсгээд тэгээд тэр дугаар дээрээ гар утас лизингээр бүртгэдэг байсан... Би ямар 31 дугаар үүсгэснээ санахгүй байна. Би Самсунг Эсб эдж, Эс 6 голд, АЗ, А5, Ай Фоне-6 маркийн гар утаснуудыг авсан ба яг аль загвараас хичнээн утас авсан талаар бол мэдэх зүйл алга...” /2- р хх-ийн 28/ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Золбоогийн дээрх гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. Дээрх гэмт хэрэг гарахад Юнител ХХК-ийн дотоод хяналт сул байдал шууд нөлөөлсөн байна. Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.Ганбат нь /3-р хх-ийн 166/: “...хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө бүрэн төлүүлж авсан, ...Б-д хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй. Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс О.Б-д торгуулийн ял оногдуулахаар шийдэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэснээс үзэхэд хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрлийг тодорхойлоогүй буюу өөрөөр хэлбэл шүүхээс оногдуулах тухайн төрлийн ялын хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ...багагүй...” гэж шүүхэд ялын төрлийг сонгон хэрэглэх эрхийг олгожээ. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн зарчмыг хэрэглэх үндэслэл болсоныг дурьдах нь зүйтэй. Мөн энэ талаар гаргасан улсын яллагчийн санал үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “...арван нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасныг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй торгох ял оногдуулах боломжтой байна. Энэ нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ. Шүүгдэгч О.Б-нхөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 , 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Б-г бодит байдлыг нээх замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Шүүгдэгч Б.О-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 4. Шүүгдэгч Б.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 6. Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй. 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР