Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 772

 

 

 

 

 

 

 

Х.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

 

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

ялтан Х.З- өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

хохирогч Г.Жигжидсүрэн,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 22ы өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.З-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Х.З-д холбогдох 2016 2502 3071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн Х З, 19.. оны .. дугаар сарын .-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, ..тэй, дээд боловсролтой, ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Б дүүргийн .. дүгээр хороо, .. байрны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 569 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1  дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаа, /РД:............./;

Х.З. нь өөрийгөө “их сургуулийн багш, манай сургууль гадаад улс руу тэтгэлэгээр оюутан явуулдаг, миний эгч их сургуулийн захирал, манай найз том албан тушаал эрхэлдэг, би ажил, сургуульд оруулж өгч чадна, их сургуулийн диплом авч өгч чадна” хэмээн хуурамч мэдээллээр бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг нь урвуулан ашиглаж,

2016 оны 4 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” худалдааны төв дотор байрлах ресторан дотор хохирогч Г.Жигжидсүрэнгээс 54.000 ам.доллар буюу 108.656.640 төгрөг, 10.500.000 төгрөг нийт 119.156.640 төгрөгийг,

2016 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийсе малл” худалдааны төвийн 5 давхарт хохирогч Г.Лхагвасүрэнгээс 13.580.000 төгрөгийг,

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, “Элбэг” их дэлгүүрийн хажуу талын “ХААН” банкны салбарт хохирогч Ц.Мандахаас 750.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” зочид буудлын хажуу талын “ХААН” банкны салбарт хохирогч С.Чимгээгээс 2.500.000 төгрөг нийт 4 хүнд 135.986.640 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилан, уг гэмт хэргээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.З.н үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: з- хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 3-г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 жил 6 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З- оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.З энэ хэрэгт 158 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-с нийт 137.196.640 төгрөгийг гаргуулж, үүнээс Г.Жигжидсүрэнд 119.156.640 төгрөг, С.Чимгээд 2.500.000 төгрөг, Ц.Мандахад 750.000 төгрөг, Г.Лхагвасүрэнд 14.790.000 төгрөгийг тус тус олгуулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Ялтан Х.З- өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолд “Х.З... залилан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэжээ. Гэтэл Х.З хохирогч Г.Жигжидсүрэнд “гадаад улсад тэтгэлгээр суралцуулна, диплом гаргаж өгнө” гэж мөнгө авахдаа урьдчилж өгөхгүй, залилах гэсэн субъектив санаа зорилго байгаагүй, сургуульд суралцуулах ажлыг хөөцөлдсөн боловч бүтээгүй зэрэг үйл явдал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулахгүй юм.

Мөн хохирогч Г.Жигжидсүрэнгээс мөнгө хүлээж авсан гэж гарын үсэг зурсан баримт хавтаст хэрэгт авагдсан боловч /1хх-19/ Х.З нь дээрх мөнгийг бүрэн хүлээж аваагүй, зарим хэсгийг авсан, хохирогч Г.Жигжидсүрэн, гэрч Т.Тунгалаг нар нь өөрсдийн ногдох хувийг авсан гэдэг. Энэхүү нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлоогүй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 жил 6 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол...” гэжээ.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэдэг нь ялтан шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгүүлж, түүнийгээ бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд ял оногдуулахад хэрэглэдэг хууль зүйн ойлголт юм.

Ялтан Х.З нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлснээс хойш шинээр гэмт хэрэг үйлдээгүй. Одоо хохирогч Г.Жигжидсүрэн, С.Чимгээ, Ц.Мандах, Г.Лхагвасүрэн нарт холбогдох үйлдлүүд нь 2016 оны 4, 6 сард үйлдсэн үйлдлүүд байхад шинээр гэмт хэрэг үйлдсэнтэй адилтгаж үзэх нь шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарна. 

Мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгч миний бие энэхүү асуудлаар хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэд хүсэлт гаргасан /2хх-133/, хүсэлтийг прокурор хангаж шийдвэрлэсэн /2хх-135/ байтал прокурорын шийдвэрийн биелэлт хангагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд мөн хамаарагдах боломжтой.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг үндэслэж, ялтан Х.З-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэг бол 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч Г.Жигжидсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг хууль ёсоор гаргаж өгнө үү. Энэ хүн одоо болтол ямар ч хохирол барагдуулаагүй. Үүний ард олон хүний сэтгэл санааны хохирол байгаа. Түүнийг хэн ч үнэлж чадахгүй. Ийм учраас яаралтай хохирлыг төлж барагдуулах шаардлагатай байна гэв. 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ялтан Х.З нь дээрх гэмт хэргүүдийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. Түүний хувийн байдлыг авч үзвэл 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шийтгэгдэж тэнсэж, хянан харгалзагдсан, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн. Энэ шийтгэх тогтоолтой танилцахад үйлдэл нь адилхан. Ялтан Х.З-н хувьд нөхөртэйгөө амьдарч байгаад нөхөр нь салсан. Үүнээс хойш ээжтэйгээ амьдардаг. Ялтан Х.З-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “Х.З багш хийж байсан учраас амьдралын эх үүсвэр болгож, байнга үйлдсэн юм байхгүй, багшийн ажил хийж хөдөлмөрөөрөө цалингаа аваад явж байсан” гэж байна. Гэтэл хавтас хэрэгт авагдсан материал болон гэрч Номинзулын мэдүүлгээс үзэхэд “Х.З 2014 онд багшилж байсан. 2015 оноос хойш гэрч Номинзул туслаад явж байсан” гэсэн байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог юм. Тэгээд үйлдэл нь адилхан ба бусдыг залилаад байна гэдэг нь тогтоогддог учраас “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Мөн шийтгэх тогтоолтой холбогдуулаад хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хүсэлтийг өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ сайн ойлгоогүй байх шиг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоод ялаа эдэлж байсан. Миний яллаж байгаа зүйл анги адилхан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан учраас заавал урд нь шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулаад нэгтгэж эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэмт хэргийн үйлдлийг авч үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 16-нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ялаа эдэлж байхад нь 2016 оны 12 дугаар сарын 20-нд гомдол хохирогч нар гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүссэн учраас 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор Х.З ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Х.З-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн хохирогч Г.Жигжидсүрэнгийн тайлбарт дурдсан 54.000 ам доллар, 10.500.000 төгрөгийг яаж өгч авсан юм гэж байна, үүний талыг нь та авсан юм биш үү гэж байна. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 114 дүгээр хуудсанд ялтан Х.З- нь “би өөрөө авсан нь үнэн” гэж гарын үсэг зурсан баримт авагдсаныг хохирогч Г.Жигжидсүрэн мартсан юм шиг байна. Тэр баримтуудад Х.З мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн байдаг гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Х.З нь өөрийгөө “их сургуулийн багш, манай сургууль гадаад улс руу тэтгэлэгээр оюутан явуулдаг, миний эгч их сургуулийн захирал, манай найз том албан тушаал эрхэлдэг, би ажил, сургуульд оруулж өгч чадна, их сургуулийн диплом авч өгч чадна” хэмээн хуурамч мэдээллээр бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг нь урвуулан ашиглаж,

2016 оны 4 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” худалдааны төв дотор байрлах ресторан дотор хохирогч Г.Жигжидсүрэнгээс 54.000 ам.доллар буюу 108.656.640 төгрөг, 10.500.000 төгрөг нийт 119.156.640 төгрөгийг,

2016 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийсе малл” худалдааны төвийн 5 давхарт хохирогч Г.Лхагвасүрэнгээс 13.580.000 төгрөгийг,

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, “Элбэг” их дэлгүүрийн хажуу талын “ХААН” банкны салбарт хохирогч Ц.Мандахаас 750.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” зочид буудлын хажуу талын “ХААН” банкны салбарт хохирогч С.Чимгээгээс 2.500.000 төгрөг нийт 4 хүнд 135.986.640 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Х.З /1хх-135, 137, 141, 149-150, 2хх-234/, хохирогч Г.Жигжидсүрэн /1хх-107-110, 2хх-237-238/, Г.Лхагвасүрэн /1хх-239-243, 2хх-238/, С.Чимгээ /1хх-237-238, 2хх-239/, мөрдөн байцаалтад гэрч Т.Тунгалаг /1хх-118/, Б.Ганбаяр /1хх-119/, Б.Эрдэнэхишиг /1хх-122/, Д.Молом /1хх-125/, М.Анударь /1хх-126/, Н.Жалбуу /1хх-128/, С.Түвшинжаргал /1хх-129/, Г.Ундрам /2хх-158/, М.Намуундулам /1хх-248-249/, Э.Дашжамц /2хх-1/, Ч.Зэгиймаа /1хх-116/, Б.Бүжинлхам /1хх-250/, хохирогч Ц.Мандах /1хх-244-246/ нарын өгсөн мэдүүлгүүд, Х.З Г.Жигжидсүрэнгээс 54.000 ам.доллар хүлээн авсан тухай баримт /1хх-7, 17/, тэдгээрийн хооронд гар утасны мессежээр харилцсан тухай баримтын хуулбар /1хх-18-81, 224, 2хх-106-119/, хохирогч С.Чимгээ ялтан Х.З мөнгө шилжүүлсэн тухай “Хаан банк”-ны орлогын баримтууд /1хх-223, 2хх-34/, хохирогч Г.Лхагвасүрэн ялтан Х.З-д мөнгө шилжүүлсэн тухай “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-22-28/, мөнгө зээлдүүлсэн тухай гараар бичсэн баримт /2хх-29/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Ялтан Х.З-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн: “...1. ... Г.Жигжидсүрэнгээс мөнгө хүлээж авсан гэж гарын үсэг зурсан баримт хавтаст хэрэгт авагдсан боловч /1хх-19/ Х.З нь дээрх мөнгийг бүрэн хүлээж аваагүй, зарим хэсгийг авсан, хохирогч Г.Жигжидсүрэн, гэрч Т.Тунгалаг нар нь өөрсдийн ногдох хувийг авсан гэдэг. Энэхүү нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлоогүй.

2. ... Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэдэг нь ялтан шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгүүлж, түүнийгээ бүрэн эдлэж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд ял оногдуулахад хэрэглэдэг хууль зүйн ойлголт юм.

Ялтан Х.З нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэнээс хойш шинээр гэмт хэрэг үйлдээгүй. Хохирогч Г.Жигжидсүрэн, С.Чимгээ, Ц.Мандах, Г.Лхагвасүрэн нарт холбогдох үйлдлүүд нь 2016 оны 4, 6 сард үйлдсэн үйлдлүүд байхад шинээр гэмт хэрэг үйлдсэнтэй адилтгаж үзэх нь шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэх үндэслэлд хамаарна. 

Мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгч миний бие энэхүү асуудлаар хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэд хүсэлт гаргасан /2хх-133/, хүсэлтийг прокурор хангаж шийдвэрлэсэн /2хх-135/ байтал прокурорын шийдвэрийн биелэлт хангагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд мөн хамаарагдах боломжтой. Иймд ... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг үндэслэж, ялтан Х.З-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

мөрдөн байцаалтад хохирогч Г.Жигжидсүрэн: “...Х.З нь өөрийгөө “Эрдмийн их сургуульд англи хэлний багшийн ажил хийдэг. Манай эгч Зэгиймаа энэ сургуулийн захирлаар ажилладаг сүүлийн 5-6 жил сургуулийн шугамаар гадаад орны Засгийн газрын тэтгэлгээр хүүхдүүд гадаадад суралцуулж байна. Явуулах хүүхэд байвал та явуулж болно шүү. Энэ нууц шугам, яам, болон сургуулийн захирлуудын хоорондын уялдаа холбоотой ажил”  гэж 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр надад хэлэхээр нь өөрийн дүү Ганбаярыг Австрали улс руу суралцуулахаар явуулахаар болж 2016 оны 4 дүгээр сарын 30-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал”, “S and S” лоунжид анх 3000 ам.доллар өгсөн. Дараа нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 12000 ам.доллар, 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 19000 ам доллар, 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 8000 ам.доллар, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 6000 ам.доллар , 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 6000 ам.долларыг надаас тус тус авч нийт 54000 ам.доллар авсан. Ингээд ... 2016 оны 9 дүгээр сар болоход нөгөө суралцуулах орноос нь материал ирээгүй, эцсийн хугацаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэж хэлээд энэ цагаас хойш нь алга болсон. Мөн хамаатан садныг чинь Эрдэнэт үйлдвэрт оруулж өгнө гэж хэлээд надаас 5.000.000, мөн Мэргэжлийн хяналтын газарт оруулж өгнө гэж 5.500.000 төгрөг аваад алга болсон...” /1хх-107-108/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Жигжидсүрэн: “...З өөрийгөө Тунгаа эгчид танилцуулахдаа “би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшаар ажилладаг, манай эгч энэ сургуулийн захирал” гэж хэлсэн байсан. З-ой танилцаад уулзаж байхад “би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон жил англи хэлний багшаар ажиллаж байгаа, манай эгч энэ сургуулийн захирлаар ажилладаг, манай сургууль барууны том том их сургуулиудтай хамтран ажилладаг, манай эгч өндөр боловсролтой, олон танилтай, Боловсролын яаманд гадаадад сургах асуудлыг хариуцаж байгаа хүмүүс нь манай эгчийн шавь нар, бид нар өөрсдийн ах дүү нарын цөөхөн хэдэн хүмүүсийг энэ шугамаар явуулсан. Одоо цөөхөн хуваарь үлдсэн байгаа. Энэ бол өндөр нууцлалтай тул хамаагүй хүмүүст хэлдэггүй юм. Чи зөвхөн дотны ах дүү, найз нөхөддөө хэлээрэй” гэсэн. Би гайхаад “үнэхээр ийм зүйл байдаг юм уу, албан ёсны гэрээ байвал би итгэе, би бас гадаадад сурч байсан хүн. Энэ асуудал чинь хэцүү” гэхэд З “энэ асуудлыг хэдхэн хүн хариуцаж хийдэг юм. Манай эгч бас танихгүй хүнтэй харьцахгүй, зөвхөн надаар дамжуулж материал авдаг. Миний ард манай эгч байгаа. Тийм учраас материал үзүүлэх боломжгүй” гэж хэлэхээр нь би “би танай эгчтэй уулзмаар байна” гэхэд З “төгсөлт болох гээд эгч завгүй байгаа, тийм учраас уулзуулах боломжгүй байна, дараа уулзуулъя” гэсэн. ... Би З-д 4 дүгээр сарын 30-ны өдөр 6000 ам.доллар, 5 дугаар сарын 9-ний өдөр 34.000 ам.доллар, 5 дугаар сарын 14-ний өдөр 8000 ам.доллар, 6 дугаар сарын 6-ны өдөр 6000 ам.доллар нийт 5 хүний 54.000 ам.доллар өгсөн. Мөнгөө байнга бэлнээр өгч байсан. Дараа нь З “манай 10-н жилийн ангийн хүүхэд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн даргаар ажилладаг, энд яаралтай ажилд орох хүн байна уу” гэхээр нь “би дүүгээ гэр бүлээр нь ажилд оруулъя” гэхэд З “танай дүү юм бол 10.000.000 төгрөгөөр хоёуланг нь ажилд оруулъя” гэсэн. Тэгээд 5.000.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь сонгуулийн дараа З “Би сонгуулийн ажлаар явж байгаад ирлээ, зөндөө хүмүүсийг ажилд оруулах боломж байна, УМХГ байцаагчаар хүн оруулаач ээ, чи хүн олоод өгөөч” гэж намайг өдөр шөнөгүй шахаад байхаар нь хоёр хүнийг УМХГ ажилд оруулж өгнө гээд 5.000.000 төгрөг авсан. ... Сүүлдээ З надтай уулзахгүй, зугтаад олдохгүй байсан. ... Тунгаа эгч бид хоёр З-ийн эгчтэй уулзахаар сургууль дээр нь очиж эгч Зэгиймаатай нь уулзсан. Эгч нь “наад нөхөр чинь миний нэрийг барьж залилан хийж явдаг юм. Манай суруульд ажилладаггүй. Би нэг сургуульд ажилд оруулж өгсөн чинь сургуулийнхаа багш нарыг залилсан байсан.” гэж хэлсэн...” /2хх-237-238/,

мөрдөн байцаалтад хохирогч Г.Лхагвасүрэн: “... 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гадуур ажилтай явж байхад манай охин Намуундуламаас ... нийт 260.000 төгрөгийн зүйлс аваад аваад над руу залгаж “надад итгэсэн баярлалаа ... сая сонгуулиар манай нам ялсан, нөгөө хүмүүс маань гайгүй местенд очсон, Улаанбаатар хотод “Оюу толгой”-н төв оффист ажилд орох хүн байвал найз нь оруулж өгч чадна шүү” гэж хэлсэн. Тэгээд ... 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ажил дээрээ байхад Х.З хүрч ирээд хүргэнийг ажилд оруулж өгнө гээд бэлнээр 600.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэтэй барааг хүргэн Дашжамцын иргэний үнэмлэхний, сургуулийн дипломын хуулбаруудыг цээж зурагтай аваад 2.500.000 төгрөгөөр ажилд оруулж өгнө 1.900.000 төгрөгийн цалин авна гэх зэргээр намайг төөрөгдүүлж, хуурч эхэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Х.З “Хаан банк”-ны дансанд ажил дээрээ интернет банкаар 1.200.000, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 220.000, 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 100.000, 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 50.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 2.550.000 төгрөг өгсөн. Мөн Х.З надад “чи охиныхоо дипломыг гаргуулахгүй юм уу, найз нь гаргаж өгч чадна гэхээр нь ... хүргэнээ ажилд оруулахаа болиод оронд нь өгсөн мөнгөөрөө охиныхоо сургуулийн дипломыг гаргуулж авахаар болсон. Ингээд ... тэтгэлэгт хамруулж өгье нийлээд 8000 ам.доллар, урдчилгаа 5000 ам.долларыг авна визийг гарсаны дараа үлдсэн 3000 ам.долларыг авна гэж хэлсэн. 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ажил дээр байхад З нь өөрийн шавь Номинзул гэх жаахан хүүхдийг явуулж, 860.000 төгрөгийн бараа авсан. 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр З-н данс руу  ... 1.500.000, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 4.870.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 430.000 төгрөгийн барааг өөрөө ирж авсан. Визний мөнгө гэж Х.З-д 11.160.000 төгрөг өгсөн. ...түүнээс хойш хэсэг байж байгаад 2.770.000 төгрөгийн бараа, … 2.120.000 бараа, … 340.000 төгрөгийн барааг Номинзул гэх охин ирээд Эрдэнэт хот руу аваад явсан. Үүнээс барааны мөнгө гэж 230.000, 45.000, 40.000 төгрөг нийтдээ 415.000 төгрөгийн барааг буцаан явуулснаас 1.150.000 төгрөгийн барааны мөнгө өгөөгүй. ... Оросуудыг хооллож байна гээд 300.000 төгрөг дансандаа хийлгэсэн. Нийтдээ 15.125.000 төгрөгийг надаас залилсан...” /1хх-240-241/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Лхагвасүрэн: “...З манай дэлгүүрээр орж цүнх худалдаж аваад танилцаж надтай хэлэхдээ “би МУИС-д багшилдаг, манай найзууд ГОК-д ажилладаг болохоор чиний бараанаас авч зарж өгөх боломжтой” гэсэн. Дараа нь намайг зуслан дээр байхад З над руу залгаад “би сонгуулиар ажлаад Оюу толгой, ГОК-д хүн ажилд оруулах боломж байна. Мөн их сургуулийн диплом гаргуулж болно” гэсэн. Тэгэхээр нь би охиныхоо дипломыг гаргуулах гээд 2.500.000 төгрөг З-д өгсөн. Дараа нь “Шведэд тэтгэлэгтэй сургуульд явуулна” гээд мөнгө авсан. Мөн миний зарж байсан бараанаас З-ийн авч явсан барааны үнэ нэмэгдээд нийт 15.125.000 төгрөг авсан. Үүнээс хохиролд 580.000 төгрөгийн үнэ бүхий бараагаа буцааж авсан...”/ 2хх-238/,

мөрдөн байцаалтад хохирогч С.Чимгээ: “...Б.Бүжинлхам гэх хүний данс байхаар нь З-с асуусан чинь “энэ хүн диплом хийж байгаа хүн. Та энэ хүн рүү урьдчилгааг явуул” гэж хэлэхээр нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Нарантуул” нэртэй зочид буудлын “ХААН” банкны салбараар дамжуулж Б.Бүжинлхам гэх хүний дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь З над руу мессеж бичээд “үлдэгдэл 1.000.000 төгрөгөө хэзээ яаж өгөх юм бэ” гэж бичсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр үлдэгдэл 1.000.000 төгрөгөө Бүжинлхамын данс руу шилжүүлсэн. З өөрийгөө “хуулийн сургууль төгссөн, магистр” гэж хэлж байсан. Надад хэлэхдээ “Монгол Улсын их сургуулийн “Сиси” хяналтын албанд таньдаг хүн байдаг. Тэр хүнээр гаргуулна.” гэж хэлсэн...” /1хх-237-238,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Чимгээ: “...өөрийн дүү Лхагвасүрэнгээр дамжуулж З-оор хүүхдийнхээ МУИС-ийн дипломыг гаргуулах гээд 2.500.000 төгрөг З-ийн дансанд хийсэн. ... Тэр бүгдийг зохицуулаад диплом гаргуулаад өгнө гэхээр нь 2.500.000 төгрөг З-д өгсөн...” /2хх-239/,

мөрдөн байцаалтад гэрч Т.Тунгалаг: “...Х.З- нь өөрийгөө “Эрдмийн их сургуульд багш ажил хийдэг” гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр өөрийн хамаатан Г.Жигжидсүрэнтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн 6 давхарт уулзаж байгаад Х.З-той мөн уулзсан. “гадаад улс руу хүүхдүүд гаргаж сургуульд суралцуулдаг болсон. Миний эгч Эрдмийн их сургуулийн захирал” гэж хэлж байсан. Тэгээд Жигжидсүрэн З-той ярилцаж байгаад хамаатныхаа хүүхдүүдийг сургуульд суралцуулах болсон. 2016 оны 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл З-д Жигжидсүрэн мөнгө төгрөгөө өгч байхад нь би байнга хамт явдаг байсан. Жигжидсүрэн нь Х.З-д нийт 54.000 ам.доллар, 10.500.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бэлнээр өгч байсан...” /1хх-118/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Ганбаяр: “...Миний бие эхнэр С.Түвшинжаргалын хамаатан болох Жигжидсүрэн эгчид 2016 оны өвөл “эхнэртэйгээ хамт гадагшаа явмаар байна, гадагшаа явуулж өгөх хүн байна уу” гэж асууж байсан юм. Тухайн үед Жигжидсүрэн эгч “би хүмүүсээс асууж үзье, явуулах хүн байгаа эсэхийг асууя” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Жигжидсүрэн эгчтэй нэг уулзахад “манай их сургуулийн нөгөө ангийн хүүхэд гадагшаа хүмүүсийг явуулж байгаа сураг сонслоо. Гадагшаа явуулахад 10.000 ам.доллар болох юм байна” гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтуудаа бүрдүүлээд 6.000 ам.долларын хамт Жигжидсүрэн эгчид 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр өгсөн. Дараа нь 5 дугаар сарын сүүлээр 4.000 ам.долларыг нь өгсөн. Үүнээс хойш нөгөө Жигжидсүрэн эгчийн яриад байсан хүн нь залилан мэхлээд алга болчихсон гэдгийг мэдсэн...”  /1хх-119/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэхишиг: “...Би Жигжидсүрэн эгчид “гадагшаа сургуульд явах хүсэлтэй байгаа юм” гэж ярихад “надад гадагшаа явуулах хүн байгаа. Манай хүргэн гадагшаа явах гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Би “за тэгвэл би ч гэсэн гадагшаа явах гэсэн юм. Тиймээс уулзъя” гэж хэлээд Жигжидсүрэн эгчтэй хамт нөгөө хүн дээр нь очиж уулзахад “14.000 ам.доллар болох юм байна. Австрали улсын их сургууль руу явуулж өгөх боломж байгаа. Сургуульд зуучилж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цаад явуулах гэж байгаа хүнтэй чинь уулзаад мөнгөө өгч болохгүй юм уу” гэж асуухад “нууцлалын зэрэгтэй, өөрсдөө уулзахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за мөнгөө таньд өгөөд таниар дамжуулуулаад л өгчихье” гэж хэлээд 14.000 ам.долларын зээлийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газраар зээлийн гэрээ байгуулсан...”  /1хх-122/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Молом: “...Миний бие 2016 оны 7 дугаар сард ажил олж хийе гэж бодоод ажил хайж байтал манай эхнэр Сандулам нь өөрийн хамаатан Жигжидсүрэн эгчид хандан “манай нөхөр ажил хайгаад байна. Таньд ажилд оруулаад өгөх хүн байна уу” гэж хэлсэн байсан. Жигжидсүрэн эгч “З гэх хүн байна. Энэ хүн чамайг Эрдэнэт хотын ГОК-ын үйлдвэрт том тэрэгний жолоочоор ажилд оруулж өгч чадна. Гэр бүлээр чинь энэ байгууллагад оруулж өгч чадна 10.000.000 төгрөг өгөх юм бол болчих юм байна” гэхээр нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад 5.000.000 төгрөгийг бичиг баримтын хамт өгсөн. Би гэх хүнд гомдолтой байна...”  /1хх-125/,

мөрдөн байцаалтад гэрч М.Анударь: “...Би 2016 оны 5 дугаар сарын дундуур 10.000 ам.доллар Жигжидсүрэн эгчид бэлнээр авчирч өгсөн. Би энэ 10.000 ам.долларыг нэхэмжлэхгүй. Харин Жигжидсүрэн эгч өөрөө Х.З гэх хүнээсээ миний өгсөн 10.000 ам.долларыг нэхэмжилж авч надад өгөх байх гэж би бодож байна. Тиймээс би З гэх хүнд гомдолтой байгаа бөгөөд энэ хэрэгт хохирогчоор Жигжидсүрэн эгч миний өмнөөс оролцоно...”  /1хх-126/,

мөрдөн байцаалтад гэрч Н.Жалбуу: “...Миний бие 2016 оны 5 дугаар сард гадагшаа явж суралцах бодолтой байсан бөгөөд найзууд болох Анударь, Эрдэнэхишиг нартай уулзаад байж байтал “Жигжидсүрэн бол гадаад оронд хүмүүсийг сургуульд суралцахаар зуучилж өгч чадна. Эхний ээлжинд 14.000 ам.доллар хэрэг болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Жигжидсүрэнтэй 2016 оны 5 сарын эхээр уулзаад бэлнээр 14.000 ам.доллар өгсөн. ...Би бол Жигжидсүрэнгээс 14.000 ам.доллараа нэхэмжилж иргэний шүүхэд гомдол гаргасан. ... Тиймээс би энэ эрүүгийн хэрэгт хохирогчоор тооцогдож явахгүй...”  /1хх-128/,

мөрдөн байцаалтад гэрч С.Түвшинжаргал: “...Миний бие эх Нарансуурийн төрсөн дүү Жигжидсүрэнд хандан “би өөрийн гэр бүлээ аваад гадагшаа гадаад улс руу гарч сурч ажиллах гэсэн юм. Та гадаад улс руу явуулдаг хүн байвал сураглаж байгаарай” гэж 2015 онд хэлж байсан. Би 10.000 ам.доллараа өгсөн. Энэ мөнгийг Жигжидсүрэн эгчээс манайх нэхэмжлэхгүй. Харин Жигжидсүрэн эгч цаашаа ямар хүнд энэ мөнгийг шилжүүлсэн байдгийг тогтоолгож тэр хүнээсээ Жигжидсүрэн эгч өөрөө нэхэмжилнэ...”  /1хх-129/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Ундрам: “...Жигжидсүрэн нь 2016 оны 6 дугаар сард “Унгар улсын нийслэл Төв европын их сургуульд магистрийн сургуульд зуучилна. Төлбөр тооцоо нь 10.000 ам.доллар болно” гээд эхлээд 5.000 ам.доллар, дараа нь 5.000 ам.доллар авсан. Би 7.000 ам.доллараа буцаан авсан. Одоо Жигжидсүрэнгээс 3.000 ам.доллараа нэхэмжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан...”  /2хх-158/,

мөрдөн байцаалтад гэрч М.Намуундулам: “...2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ... би лангуун дээр нь зогссон. Намайг зогсож байхад ойролцоогоор 30 гаран насны эмэгтэй ирээд ээжийг асуугаад ээжийн утасны дугаарыг аваад яриад байсан. Тэгээд надаас 3 ширхэг гутал аваад явсан. Ээжтэй утсаар ярьчихаад гутал аваад явсан...”  /1хх-248-249/,

мөрдөн байцаалтад гэрч Э.Дашжамц: “...2016 онд яг өдрийг нь мэдэхгүй байна ээж “чамайг “Оюу толгой”-д оффисын ажилд оруулж өгөхөөр боллоо. Ажилд орохын тулд 3.000.000 төгрөг хэрэгтэй” гэсэн. Эхнэр бид хоёр мөнгө хайгаад олоогүй тул ажилд орохоо больсон. Манай эхнэр сургуулиа төгсөж чадаагүй байсан чинь нөгөө эмэгтэй ээжид “манай эхнэрийн сургуулийн диплом авч өгнө” гэж 2.500.000 төгрөг авсан байсан. З гэх эмэгтэй “гэр бүлээр нь Швед гаргаж өгнө 8.000 ам.доллар” гээд “эхний ээлжинд 5.000 ам.доллар” гэж хэлсэн байсан. Ээж надад хэлэхдээ “З гэх эмэгтэйн таньдаг хүн том албан тушаалд гарчихсан. Тэр хүн нь гадаад улс руу тэтгэлэгээр гаргадаг” гэж худлаа хэлсэн байсан...”  /2хх-1/,

мөрдөн байцаалтад гэрч Ч.Зэгиймаа: “...Миний бие өөрийн хамаатан Х.З гэх хүнийг танина. Гэхдээ энэ хүнтэй холбоотой байдаггүй. Энэ хүн миний нэрийг барьж хүмүүсээс мөнгө төгрөг авч зээлдэг юм байна. Энэ хүн Эрдмийн их сургуульд ерөөсөө багшилж байгаагүй. ... Өмнө нь миний нэрийг бариад хүмүүсээс мөнгө төгрөг авч байгаад шоронд орж байсан. Би энэ хүний овог нэр регистрийн дугаарыг мэдэхгүй....”  /1хх-116/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Бүжинлхам: “...Намайг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байхад Х.З багш Орхон аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер хийдэг байсан. ... 2016 оны 5 сард Х.З багш “ХААН банкны виза картаа өгч бай, би удахгүй өгнө” гэж хэлэхээр нь би Х.З багшид өгчихсөн юм. Тэрнээс хойш миний дансанд хэзээнээс эхэлж, хэдэн төгрөг, хэн хаанаас хийсэн, ямар учиртай мөнгө төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. Таныг дуудахад сая л мэдэж байна. 51 1004 5110 гэх данс миний өөрийн данс. Би багшаас картаа авах гэтэл “Улаанбаатар хотод байна” гэхээр нь авч чадалгүй Өвөрхангай аймаг руу буюу гэр рүүгээ явчихсан. Энэ хугацаанд хүмүүсээс миний картаар мөнгө авсан байсан. Би Х.З багшаас ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй...”  /1хх-250/,

мөрдөн байцаалтад гэрч хохирогч Ц.Мандах: “...Манай бэр Лхагвасүрэн нь 2016 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “23 дугаар сургуулийн Орос хэлний ангид хүүхдийг чинь оруулж өгөх хүн байна. Та хүүхдээ оруулах уу” гэсэн. Би “тийм хүн байгаа бол оруулъя” гэсэн чинь “за” гэсэн. Тэгээд З гэх эмэгтэй “та хүүхдээ сургуульд оруулах гэж байгаа юм уу 1.200.000 төгрөгөөр оруулна” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “мөнгөө шилжүүл” гэсэн мессеж ирэхээр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 хороололын “Элбэг” их дэлгүүрийн хажуу талын “ХААН” банкны салбараас Бат-Эрдэний Бүжинлхам гэх хүний 5120045110 тоот дансанд 600.000 төгрөг, гэрээсээ мобайл банкаар 5120045110 тоот дансанд 150.000 төгрөг, шилжүүлсэн...” /1хх-244-246/ гэсэн мэдүүлгүүд, Х.З Г.Жигжидсүрэнгээс 54.000 ам.доллар хүлээн авсан тухай баримт /1хх-7, 17/, тэдгээрийн хооронд гар утасны мессежээр харилцсан тухай баримтын хуулбар /1хх-18-81, 224, 2хх-106-119/, хохирогч С.Чимгээ ялтан Х.З-д мөнгө шилжүүлсэн тухай “Хаан банк”-ны орлогын баримтууд /1хх-223, 2хх-34/, хохирогч Г.Лхагвасүрэн ялтан Х.З-д мөнгө шилжүүлсэн тухай “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-22-28/, мөнгө зээлдүүлсэн тухай гараар бичсэн баримт /2хх-29/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар ялтан Х.З нь хуурамч мэдээллээр бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг нь урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул ялтан Х.З-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг үндэслэж, ялтан Х.З-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Х.З-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдсонгүй.

Харин анхан шатны шүүх “...Х.З- нь дээрх байдлаар бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно. Иймээс шүүгдэгч Х.З-ийн хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон...” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх дүгнэлтэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, ялтан Х.З-ийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх үндэслэл тогтоогдоогүй, түүний тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд залилан мэхлэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд дээрх шинж байгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Тодруулвал, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон...” гэх хүндрүүлэх шинж нь зөвхөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдсэн залилан мэхлэх гэмт хэрэгт хамаарна.

Иймд ялтан Х.З-ийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “...залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол бий болгож үйлдсэн...” гэмт хэргийн шинжид нийцэж байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих  өөрчлөлт оруулж, ялтан Х.З-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж тус шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд “17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх” заалт гэж бичихийг “17.3 дугаар зүйлийн 3.1 дэх” хэсэг гэж хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичиж байгааг цаашид анхаарвал зохино.