Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1825

 

Ө.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо     даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02231 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Ч-т холбогдох

Гэм хорын хохиролд 4 930 454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Дүүриймаагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Дүүриймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Ч- нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Ө.А-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 561 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Йонсей болон ЭМЖЖ эмнэлгүүдэд нүд, хамартаа хагалгаа хийлгэсэн зардал болох 3.788.947 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар эрүүгийн шүүх бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тогтоолд заасан. Хариуцагчаас өвчтэй байх хугацаанд хийлгэсэн эм, хэрэгслийн зардалд 331.200 төгрөг, “Гандент” ХХК-ийн шүдний эмнэлэгт үзүүлсэн төлбөр 15.000 төгрөг, тус эмнэлэгт 2 шүд сэргээн засахтай холбогдон гарах зардал 1.540.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 1.238.654 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ хийлгэсний төлбөрт 108.000 төгрөг, нүдний Орбита эмнэлэгт үзүүлсний төлбөрт 30.000 төгрөг, эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан н.Уранчимэгийн ажлын хөлсөнд 800.000 төгрөг, мөн өмгөөлөгч Н.Ичихорлоогийн ажлын хөлсөнд төлсөн 500.000 төгрөг, нэхэмжлэл гаргахад холбогдох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардалд 17.600 төгрөг, иргэний шүүхэд өмгөөлөгчөөр ажилласан өмгөөлөгч Н.Намжилцогтод төлсөн ажлын хөлс 350.000 төгрөг, нийт 4.930.454 төгрөгийг хариуцагч Ш.Ч-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй. “Найзын цагаан овоо” ХХК-иас ирүүлсэн албан бичигт 2019 онд эм, хэрэгсэл авсан талаар бичсэн байна. Түүнчлэн уг эмүүдийг эмчийн жорын дагуу аваагүй, НӨАТ төлсөн баримтыг давхар гаргаж өгөөгүй байна. Иймд уг зардлыг төлөх үндэслэлгүй. Гандент шүдний эмнэлэгт үзүүлсэн гэх 15.000 төгрөгийн баримт нь хууль ёсны шаардлага хангаагүй, мөн НӨАТ төлсөн баримт байхгүй байна. Гандент шүдний эмнэлэг нь хоёр шүдний циркон бүрээс хийлгэхэд 1.540.000 төгрөгийн зардал гарна гэж тодорхойлолт гаргаж өгсөн боловч уг зардлыг нэхэмжлэгч төлөөгүй байна. Гараагүй зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гаргах үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ө.А- нь эмнэлгийн хуудсаар 25 хоногийн чөлөөтэй байсан. Уг хуудсыг үндэслээд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан байна. Иймд тэтгэмжийг хасаж тооцоод, цалин хөлсний зөрүүг өгөхөд татгалзах зүйлгүй. Мөнгөн гүүр эмнэлгийн 108.000 төгрөг, Орбита эмнэлгийн 30.000 төгрөгийн зардлуудыг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн болох нь эрүүгийн хэрэгт хавсаргаж өгсөн уг баримтууд, шийтгэх тогтоолоор тогтоогдоно. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн зардалд нийт 1.650.000 төгрөг төлсөн, нотариатын зардал 17.600 төгрөг төлсөн гэж байгаа нь эрхээ хэрэгжүүлсний төлөө гарсан зардал юм. Иймд цалин хөлсний зөрүү төлбөрөөс бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг тус тус баримтлан Ш.Ч-өөс 2.355.896 төгрөгийг гаргуулан Ө.А-од олгож, нэхэмжлэлээс 2.574.558 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Ч-өөс 52.644 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Дүүриймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас Ө.А-ын ирүүлсэн цалингийн картад үндсэн цалин 1 сарын 458.761 төгрөг байх ба 2 сарын цалин 917.522 төгрөг, эмнэлэгийн листэд 337.016 төгрөг бодогдсон байхад шүүх шийдвэртээ 447.826 төгрөг авсан байна гэж тооцооллыг буруу гаргасан. Миний тооцооллоор 2 сарын цалин, хөлс нийт 917.522 төгрөг - лист 337.016 = 540.506 төгрөг гаргахаар байна. Мөн Орбита эмнэлэгт төлсөн 30.000 төгрөгийн баримт, Мөнгөн гүүр эмнэлэгт томографын зурагт төлсөн 108.000 төгрөгийн баримтыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэлэгдээгүй нотлох баримтыг ..."Эмчийн үзлэгийн 138.000 төгрөг...”  гэж буруу үнэлсэн байна. Мөн эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад ажлын хөлсөнд 1.650.000 төгрөгийг төлсөн. Ш.Ч-ийн гэм буруутай үйлдлээс үүдэн гарсан бодитоор гарсан шууд болон шууд бусаар гарсан бодит зардал нь хохиролд тооцогдохоор хуульд заасан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус заажээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бодит байдалд үндэслэн зөв үнэлээгүй байх тул хэргийг бүхэлд нь хянаж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

Нэхэмжлэгч Ө.А- нь хариуцагч Ш.Ч-т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4.580.454 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 350.000 төгрөгөөр ихэсгэж, нийт 4.930.454 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш.Ч- нь дутуу авсан цалин хөлсийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018  оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 504 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгий хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 828 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсэн ба уг шийтгэх тогтоолоор Ш.Ч-ийг Ө.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ...Ө.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 1.788.947 төгрөгийг Ш.Ч-өөс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 3-5, 49-57/

Мөн уг шийтгэх тогтоолд “...хуулиар өмгөөлөгч авахыг хохирогчид үүрэг болгосон үндэслэлгүй бөгөөд хохирогч өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй гэж үзэх баримтгүй байх тул өмгөөлөгчийн хөлсийг, гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй хоол хүнс, унаа, утасны нэгж бусад хохирлыг хангах боломжгүй” гэж дүгнээд өөрт учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасан  байна. /хх-ийн 3-5/

Анхан шатны шүүх  нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдэл шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дах хэсэгт тус тус нийцсэн ба нэхэмжлэгч Ө.А- өмгөөлөгчийн хөлс 1.650.000 гаргуулахаар нэхэмжилснийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардалд оруулан тооцох, хариуцагч Ш.Ч-өөс гаргуулах боломжгүй, хууль зүйн туслалцаа авах нь тухайн этгээдийн эрхэд хамаарах юм гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд дурдсан  эмчийн үзлэгийн 138.000 төгрөгтэй холбоотой асуудлаар хариуцагчаас дахин гаргуулах боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгчийн 2018 оны 1, 2 дугаар сарын дундаж цалинг тооцоход  917.522 төгрөг болох /хх-ийн 76/ ба 2018 оны 3 дугаар сард нийгмийн даатгалын сангаас нийт 337.016 төгрөг авсан тул зөрүү  580.506   төгрөг болж байхад 469.696 төгрөг гэж тооцсон нь буруу байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02231 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “2 355 896 төгрөг” гэснийг “2 466 706” гэж, “2 574 558” гэснийг “2 463 748” гэж, 2 дах заалтын “52 644” гэснийг “54 417 гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                               Н.БАТЗОРИГ