Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2019/02231

 

2019 оны 09 сарын 11 өдөр  Дугаар 184/ШШ2019/02231  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Ч/-т холбогдох,

Гэм хорын хохиролд 4.930.454 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Чнь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны .... дугаар сарын 29-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Йонсей болон ЭМЖЖ эмнэлгүүдэд нүд, хамартаа хагалгаа хийлгэсэн зардал болох 3.788.947 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар эрүүгийн шүүх бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тогтоолд заасан. Хариуцагч Ш.Чийн буруутай үйлдлийн улмаас дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: өвчтэй байх хугацаанд хийлгэсэн эм, хэрэгслийн зардалд 331.200 төгрөг, Гандент ХХК-ийн шүдний эмнэлэгт үзүүлсэн төлбөр 15.000 төгрөг, тус эмнэлэгт 2 шүд сэргээн засахтай холбогдон гарах зардал 1.540.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 1.238.654 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ хийлгэсний төлбөрт 108.000 төгрөг, нүдний Орбита эмнэлэгт үзүүлсний төлбөрт 30.000 төгрөг, эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан Уранчимэгийн ажлын хөлсөнд 800.000 төгрөг, мөн өмгөөлөгч Ичихорлоогийн ажлын хөлсөнд төлсөн 500.000 төгрөг, нэхэмжлэл гаргахад холбогдох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардалд 17.600 төгрөг, иргэний шүүхэд өмгөөлөгчөөр ажилласан өмгөөлөгч Н.Н-од төлсөн ажлын хөлс 350.000 төгрөг, нийт 4.930.454 төгрөгийг хариуцагч Ш.Чөөс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Аөөрт учирсан гэм хорын хохиролд 4.930.454 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй. Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг төлөхийг зөвшөөрч байгаа ба бусад хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Эм, хэрэгсэл авсан гэх 331.200 төгрөгийн баримтууд эргэлзээтэй байна. Учир нь Найзын цагаан овоо ХХК-иас ирүүлсэн албан бичигт 2019 онд эм, хэрэгсэл авсан талаар бичсэн байна. Түүнчлэн уг эмүүдийг эмчийн жорын дагуу аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримтыг давхар гаргаж өгөөгүй байна. Иймд уг зардлыг төлөх үндэслэлгүй. Гандент шүдний эмнэлэгт үзүүлсэн гэх 15.000 төгрөгийн баримт нь хууль ёсны шаардлага хангаагүй, мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримт байхгүй байна. Гандент шүдний эмнэлэг нь хоёр шүдний циркон бүрээс хийлгэхэд 1.540.000 төгрөгийн зардал гарна гэж тодорхойлолт гаргаж өгсөн боловч уг зардлыг нэхэмжлэгч төлөөгүй байна. Гараагүй зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гаргах үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ө.Ань эмнэлгийн хуудсаар 25 хоногийн чөлөөтэй байсан. Уг хуудсыг үндэслээд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан байна. Иймд тэтгэмжийг хасаж тооцоод, цалин хөлсний зөрүүг өгөхөд татгалзах зүйлгүй. Мөнгөн гүүр эмнэлгийн 108.000 төгрөг, Орбита эмнэлгийн 30.000 төгрөгийн зардлуудыг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн болох нь эрүүгийн хэрэгт хавсаргаж өгсөн уг баримтууд, шийтгэх тогтоолоор тогтоогдоно. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн зардалд нийт 1.650.000 төгрөг төлсөн, нотариатын зардал 17.600 төгрөг төлсөн гэж байгаа нь эрхээ хэрэгжүүлсний төлөө гарсан зардал юм. Иймд цалин хөлсний зөрүү төлбөрөөс бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Ань шүүхэд хандаж, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4.580.454 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 350.000 төгрөгөөр ихэсгэж, нийт 4.930.454 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч Ш.Чнь дутуу авсан цалин хөлсний зөрүү / ажил олгогч болон нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмжийн мөнгө/-г төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Хариуцагч Ш.Чнь, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө, нэхэмжлэгч Ө.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны .... дугаар сарын 29-ний өдрийн .... дугаартай хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогджээ. /хх 3-5 дугаар тал/

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлүүлээгүй зардал гэх эм тарианы зардал-331.200 төгрөг, Гандент шүдний эмнэлэгт үзүүлсний төлбөр 15.000 төгрөг, хоёр шүдийг сэргээн засахад гарах зардалд-1.540.000 төгрөг, өвчтэй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс-1.238.654 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт томографийн шинжилгээ хийлгэхэд гарсан зардал-108.000 төгрөг, Орбита эмнэлэгт үзүүлсний төлбөрт-30.000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч нарт төлсөн ажлын хөлс-1.300.000 төгрөг, шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний зардалд-17.600 төгрөг, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахад өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс-350.000 төгрөг, нийт 4.930.454 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг ба хариуцан арилгах зардлын төрлийг мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т: Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. гэж заасан тул хариуцагч Ш.Чнь Ө.Аын дутуу авсан цалин хөлс, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эмчилгээний зардлаас гадна ирээдүйд зайлшгүй гарч болох зардлыг урьдчилан төлөх үүрэгтэй юм.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дараах зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

1.    Найзын цагаан овоо ХХК-иас авсан эм, эмийн бүтээгдэхүүний төлбөр 331.200 төгрөг

Нэхэмжлэгч Ө.Аын нэрээр, Найзын цагаан овоо ХХК-ийн эмийн сангаас 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 94.200 төгрөгийн эм хэрэгсэл, мөн өдөр 130.000 төгрөгийн эм хэрэгсэл, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15.400 төгрөгийн эм хэрэгсэл, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 15.600 төгрөгийн эм хэрэгсэл, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 15.600 төгрөгийн эм хэрэгсэл, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 26.800 төгрөгийн эм хэрэгсэл, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 33.600 төгрөгийн эм хэрэгслийг худалдан авч, нийт 331.200 төгрөгийн зардал гаргасан болох нь Найзын цагаан овоо ХХК-ийн тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий Зарлагын баримт-уудаар тогтоогдож байна. /хх6-9 дүгээр тал/

Хариуцагч нь эдгээр баримтыг хуурамчаар үйлдсэн гэх боловч энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

Хариуцагч талаас, шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Найзын цагаан овоо ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай Албан тоотын хариу хүргүүлэх тухай баримтад 2019 оны 3, 4, 5 дугаар сард эм худалдан авсан талаар лавлагаа гаргаж өгсөн тул 2018 оны 3, 4, 5 дугаар саруудад эм худалдаж авсан талаарх Зарлагын баримт-ууд нь эргэлзээтэй гэж үзсэн.

Найзын цагаа овоо ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай Албан тоотын хариу хүргүүлэх тухай баримтад, иргэн Ө.Ань 2019 оны 3, 4, 5 дугаар сард, нийт 331.200 төгрөгийн эм хэрэгсэл худалдан авсан гэж бичигдсэн нь тус компанийн тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий 2018 оны 331.200 төгрөгийн зарлагын баримтууд /хх 6-9 дүгээр талд авагдсан/-ыг үгүйсгэх, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Мөн хариуцагч нь Найзын цагаа овоо ХХК-ийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан талаарх нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хэрэгт авагдаагүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж үздэг тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн талаарх баримтыг хавсаргаж өгөөгүй гэх үндэслэлээр хавтаст хэргийн 6-9 дүгээр талд авагдсан бичмэл баримтыг үгүйсгэх боломжгүй байна.

Дээр дурдсан эм, хэрэгсэл худалдаж авсан баримт нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой хамааралтай, ЭМЖЖ эмнэлгийн 29466/376.000081 дугаартай өвчний түүхэд бичигдсэн зөвлөмж, эмчилгээний заалттай тохирч байгаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг зардлыг шийдвэрлээгүй байх тул энэ зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. /хх 115-116 дугаар тал/

2.    Үзлэг, оношлогооны зардал 15.000 төгрөгийн талаар

Нэхэмжлэгч Ө.Ань Гандент шүдний эмнэлэгт үзүүлж, шүдний эмчийн үзлэг, зөвлөгөөний төлбөрт 15.000 төгрөг төлсөн болох нь тус эмнэлгийн санхүүгийн тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт-аар тогтоогдож байна. /хх 10 дугаар тал/

Дээрх баримт нь мөн өдрийн Гандент ХХК-ийн 22 дугаартай Тодорхойлолт баримтаар давхар баталгаажсан байна. Энэ зардал нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой хамааралтай байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй нь дээрх баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

3.    Шүд сэргээн засахад гарах зардал 1.540.000 төгрөгийн талаар

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т: Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. гэж заажээ. Иргэний хуулийн энэ зохицуулалтын дагуу хохирогчид учирсан гэм хорын хохирлыг арилгахад гарсан зардал-аас гадна гарах зардал-ыг мөн гэм буруутай этгээдээс нэхэмжилж болдог байна.

Нэхэмжлэгч Ө.Аын 11, 22 дугаар шүд эмтэрч, түүний эрүүл мэндэд хохирол учирсан, мөн эдгээр шүдийг сэргээн засахад 1.540.000 төгрөгийн зардал гарахаар байгаа нь Гандент ХХК-ийн албан бичиг, нэхэмжлэх баримтаар тогтоогдож байх ба эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нотлох баримт мөн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаж байна. /хх 11, 58 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч Ө.Аын 11, 22 дугаар шүдийг сэргээн засахад гарах зардалд 1.540.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм.

4.    Дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 1.238.654 төгрөг нэхэмжилсэн талаар

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг төлөх үүрэгтэй тул цалин хөлсний зөрүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм. Мөн энэ шаардлагын тухайд хариуцагч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Ө.Ань хариуцагч Ш.Чийн гэм буруутай

үйлдлийн улмаас 2018 оны 3 дугаар сард хөдөлмөр эрхлээгүй, 2018 оны 4 дүгээр сард 6 хоног хөдөлмөр эрхэлсэн болох нь ажил олгогчийн тодорхойлолт, эмчийн магадлагаа баримтуудаар тогтоогдсон байна. /хх 20, 23, 24, 25 дугаар тал/

Энэ хугацаанд нэхэмжлэгч нь нийт 917.522 төгрөг /1 сарын цалин хөлс 458.761 төгрөг/-ийн цалин хөлс авах ёстой байсан ба ажил олгогч болон нийгмийн даатгалын сангаас нийт 447.826 төгрөгийн төгрөгийн цалин, хөлс, тэтгэмж авсан байна. Иймд зөрүү мөнгө болох 469.696 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

5.    Орбита эмнэлэгт төлсөн 30.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт төлсөн 108.000 төгрөгийн талаар

Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орбита эмнэлэгт үзүүлж 30.000 төгрөг төлсөн, мөн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт оношлуулж 108.000 төгрөг төлсөн, эдгээр зардлуудыг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч нь эдгээр зардлын баримтуудыг үндэслэн, Ш.Чт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн болох нь Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас шүүхэд ирүүлсэн баримт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ... дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолд бичигдсэн: ...эмчийн үзлэгийн 138.000 төгрөг... гэх бичвэр, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар тус тус тогтоогдож байна. /хх 4-5, 126 дугаар тал/

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орбита эмнэлэгт үзүүлж 30.000 төгрөг төлсөн, мөн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт оношлуулж 108.000 төгрөг төлсөн гэх төлбөрийг хариуцагчаас дахин гаргуулах боломжгүй юм.

6.    Өмгөөлөгчид төлсөн хөлс төлбөрийн талаар

Нэхэмжлэгч Ө.Ань эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс төлбөрт 1.300.000 төгрөг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс төлбөрт 350.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчид учирсан зайлшгүй зардал-ыг төлөх үүрэгтэй байдаг. Хуулийн энэ хэсэгт заасан зайлшгүй зардал гэдэгт өмгөөлөгчид төлсөн хөлс төлбөр ордоггүй байна.

Учир нь, хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах үүрэггүй юм. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахыг зохигчид үүрэг болгоогүй, өөрөөр хэлбэл хууль зүйн туслалцаа авах нь тухайн этгээдийн эрхэд хамаарах юм.

Иймд нэхэмжлэгч Ө.Аын өмгөөлөгчид төлсөн хөлс гэх нийт 1.650.000 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд оруулан тооцож, хариуцагч Ш.Чөөс гаргуулах боломжгүй байна.

7.    Нотариатын зардалд төлсөн гэх 17.600 төгрөгийн талаар

Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа нотлох баримт бүрдүүлэх

зорилгоор бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн, улмаар 17.600 төгрөгийн зардал гарсан хэмээн уг зардлыг хариуцагчаас шаарджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар зохигч нь бичмэл нотлох баримтыг эхээр нь гаргаж өгөх, боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөх боломжтой байдаг. Ийнхүү бичиг баримтын эхийг өгөх боломжгүй гэж үзэж, хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн өгч байгаа нь мөн л зохигч өөрийн сонголтын улмаас сайн дураар зардал гаргаж буй хэрэг юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 38 дугаар зүйлийн 38.6-д тус тус зааснаар зохигч өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулах, эсхүл бичиг баримт хадгалагдаж байгаа газарт үзлэг хийлгэх эрхтэй байдаг байна.

Ийнхүү нотариатын зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд оруулж тооцох боломжгүй тул 17.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Ш.Чөөс 2.355.896 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгчийг сонгож, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул талуудын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг тус тус баримтлан Ш.Чөөс 2.355.896 төгрөгийг гаргуулан Ө.Аод олгож, нэхэмжлэлээс 2.574.558 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Чөөс 52.644 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН

 

Д.УРАНЗУЛ