Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/00570

 

 

 

 

   

 2024  02        02                              182/ШШ2024/00570

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, 06 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 23 дугаар байр, 24 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ямааранзын ******* /РД:УШ57052814/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Жанжин Сүхбаатарын талбай 7 хаягт байрлах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын гудамж хаягт байрлах, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох,

 

Гэм хорын хохирол 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.*******,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантөгс,

Иргэдийн төлөөлөгч Б.Ариунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

Зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 23 дугаар байрны хойд талд байрлах газрыг 1998 оноос эхлэн автомашины гараашийн зориулалтаар эзэмшиж байсан. Тус автомашины гараашийн газрыг 2002 онд Улаанбаатар хотын архитектор баталж, кадастрын зурагт тусгаснаар эзэмшиж эхэлсэн бөгөөд тухайн газрыг эзэмшихээр Чингэлтэй дүүргийн газрын албанд удаа дараа хандсан боловч миний хүсэлтийг шийдвэрлээгүй юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нь 2022 оны 03 сарын 14-ний өдөр А/388 тоот захирамж гаргаж, автомашины зориулалттай гараашийн газруудыг чөлөөлөхөөр заасан ба энэ захирамжийн хавсралтын 110 дугаарт миний гараашийн газар орсон байна.

Засаг даргын А/388 тоот захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны нөхдүүд миний гараашийг 2022 оны 03 сарын 29-ний өдөр нураасан бөгөөд газрын албанаас ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, шүүхийн шийдвэр гараагүй байхад иргэний хүний хувийн өмчид хууль бусаар халдсан гэж үзэж байна. Миний гарааш нь Байшин үйлдвэрлэх комбинатад үйлдвэрлэгдсэн газраас салгаж, зөөвөрлөх, угсрах боломжтой 2,5х5,2 хэмжээтэй 10-аад орчим ширхэг бетоноор хийсэн 18 мкв талбайтай 4 хэсэг хавтан, төмөр хаалгатай байсан юм.

Тухайн өдөр гараашийг нурааж байгаа үйл явдлыг манай орцны хүн надад хэлснээр би өөрөө очиж, энэ үйлдлийг зогсоохыг шаардсан боловч тодорхой хариуцсан хүн нь олдохгүй байсан. Ингээд миний бие хотын захиргаа руу мөн цагдаагийн байгууллага руу утсаар мэдэгдсэн, энэ талаар бичлэг хийж баримтжуулсан байгаа.

Газрын алба нь гарааш нураах талаар надад мэдэгдэл өгсөн гэж удаа дараагийн хурал дээр тайлбарлаж байгаа боловч мэдэгдээгүй, мэдэгдлийг гараашийн хаалга дээр наасан гэх боловч тухайн өдөр нураахад авсан гэрэл зурагт мэдэгдэл наасан байдал харагдахгүй байна. Хэрэв газрын албаа гараашийг нураах талаар урьдчлаад мэдэгдсэн бол би өөрөө гараашаа зөөвөрлөх боломжтой байсан юм.

Миний бие өөрийн гараашийг үнэлэхдээ ойролцоо орших орон сууцанд байрлах автомашины зогсоолын үнэлгээ болох 45,000,000 төгрөгөөр гэж үнэлсэн.

Иймд миний гараашийг нурааж, надад гэм хорын хохирол учирсан тул хариуцагч талууд Иргэний хуулийн 497.1, 511.1-т зааснаар мөнгөөр нөхөн төлж өгөх үүрэгтэй байх тул гараашийн үнэ 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах байдлаар татгалзлыг тодорхойлж байна.

Нийслэлийн Засаг дарга 2022 оны 03 сарын 14-ний өдөр А/388 дугаартай захирамжаар нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, газар ашиглалтын сайжруулах явган хүний зам талбайн хангамжийг нэмэгдүүлэх түгжрэлийн бууруулах зорилгын хүрээнд газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй автомашины гаражийг албадан буулгах, газрыг чөлөөлөхөөр заасан. Үүний хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Чингэлтэй дүүргийн газрын албанаас газрыг албадан чөлөөлсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дүгээр зүйлд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байна. Я.******* нь тухайн гараж байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан бөгөөд газар эзэмших хүсэлтээ Нийслэл болон дүүргийн газрын албанд гаргаж байгаагүй. Маргаан бүхий гараж нь блокоор барьсан байшин учраас зөөвөрлөх боломжгүй байсан тул нураасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагааг нэхэмжлэгч Я.*******д явуулсан бөгөөд уг мэдэгдлийг хүлээж авснаар зөвшөөрсөн эсхүл зөвшөөрөөгүй гэдгээ илэрхийлсэн ямар нэг хариуг Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн газрын албанд ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээгүй гэдгээ өөрөө мэдэж байсан учраас тухайн А/388 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Газрын тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэх заалтад нэхэмжлэгч хамаарч байгаа тул гэм хорын хохирол нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Харин газар эзэмших эрхийн гэрчилгээтэй түүнийгээ нотолж байгаа тохиолдолд нөхөн төлбөрийн асуудлыг ярих боломжтой байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

/шүүх хуралдааны тэмдэглэл/

3.Хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах байдлаар татгалзлыг тодорхойлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг 2022 оны 03 сарын 29-нөөс 04 сарын 08-ны өдрийн хооронд тус хорооны зөвшөөрөлгүй гараашийг буулгасан ба үүнд нэхэмжлэгч Я.*******гийн гарааш багтсан байдаг.

Газрын тухай хуулийн 43.1-д Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ, мөн хуулийн 43.6-д Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй гэж заасан тул гэм хорын төлбөр гаргаж өгөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Я.******* нь газар эзэмших эрхгүй атал гарааш барьж ашиглаж байсан тул Газрын тухай хуульд зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу хугацаатай мэдэгдэл 2 удаа хүргүүлсэн.

Энэ нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зураг болон бусад баримтаар тогтоогдоно.

2022 оны 03 сарын 29-ний өдөр тухайн газар байрлуулсан 5 ширхэг гараашийг чөлөөлөхдөө нэхэмжлэгч Д.*******гийн гараашид байсан автомашиныг асаан өгч, түүний хүсэлтээр 04 сарын 07 хүртэл хугацаа өгч, бусад 4 гараашийг буулгасан болно. Гэтэл энэ хугацаанд гараашаа өөрөө буулгаж аваагүй тул Газрын тухай хуулийн 57.4-д заасны дагуу буулгаж, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан. Манай газрын алба хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

4.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Д.*******н гараашийг буулгаж, хохирол учирсан байна. Харин гараашийг хэт өндөр үнээр нэхэмжилсэн байх тул энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: нэхэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт,6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Сан ХХК-ийн дулаан гараашийг 45,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал, Гэгээн оргил СӨХ-ийн тодорхойлолт, гараашийн буулгаагүй үеийн гэрэл зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2014-2021 оны сансрын зураг, Тохижилтын зураг хийлгэх тухай протокол, кадастрын зураг, бүртгэл хяналтын карт, Нийслэлийн газар зохион байгуулалтын тоот, Нийслэлийн засаг даргын А/388 тоот захирамж, хавсралт, чөлөөлсөн газрын одоогийн гэрэл зураг /хх1-31,42,77-78/,

Хариуцагч талуудын нотлох баримт: итгэмжлэлүүд, хариу тайлбар, Газрын албаны илтгэх хуудас, Өнгөт дээвэр ХХК-ийн тайлан гэрэл зураг /33,35,50,51/

Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: СД-д хийсэн үзлэгийн тэмдэглэл, Нийслэлийн засаг даргын А/388 тоот захирамж, хавсралт, газрын албаны илтгэх хуудас, тайлан, гэрэл зураг /хх81-86/ зэрэг баримтууд авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан гэм хорын хохирол 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. /хх45-46/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...газар чөлөөлөхдөө гарааш буулгах, зөөвөрлөх хугацаа олгохгүй шууд нурааснаар надад хохирол учирсан...хохирлыг орон сууцны автомашины зогсоолын үнэтэй дүйцүүлж үнэлсэн...хариуцагч талуудын буруутай ажиллагаатай холбоотой тул хохирол шаардах эрхтэй гэж,

Хариуцагч талууд татгалзлын үндэслэлээ...Я.******* газар эзэмших эрхгүй тул хохирол шаардах эрхгүй...газар чөлөөлөх, гарааш буулгах мэдэгдлийг гараашийн хаалга дээр наасан, нэхэмжлэгчийн хүсэлтээр гараашийг буулгах хугацаа олгосон хэдий ч эрхээ хэрэгжүүлээгүй тул гараашийг албадан буулгаж газрыг чөлөөлсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

2. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталж,

...нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа, хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж,

Захирамжийн хавсралтын 110/12 дугаарт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, орон сууцны 23 дугаар байрны хойд талд байрлах 5 ширхэг гарааш гэж баталж,

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан ба Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо орон сууцны 23 дугаар байрны хойд талд байрлах 5 гарааш, 62 дугаар байрны хойно байрлах 21 гараашны хугацааг 2022.04.04-2022.04.08 хүртэл гэж,

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орц, гарц хаасан нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан төмөр болон бетон, тоосгон гараашуудыг албадан нүүлгэж, газар чөлөөлөх, ажлын зардлын төсвийг баталсан ба 6 дугаар хороо 23 дугаар байрны хойд талын тоосгон 1 гарааш, бетон 4 гараашийн төсөв нийт 3,735,000 төгрөг гэж,

улмаар тус алба нь 2022 оны 03 сарын 29-ний өдөр Өнгөт дээвэр ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар,

Өнгөт дээвэр ХХК нь дээрх гэрээний үүргийн дагуу 2022 оны 03 сарын 29-ний өдөр болон 2023 оны 04 сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 23 дугаар байрны хойд талд байршилтай 1 ширхэг тоосгон болон 4 ширхэг бетон гараашийг буулгаж байгаа ажиллагааны талаар хийсэн бичлэг, уг бичлэгт хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэл, зохигч талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заажээ.

 

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх ба, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.

 

Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо 23 дугаар байрны хойд талд байрлах 4 эгнээ бүхий бетонон гараашийн зүүн талд нэхэмжлэгч Д.*******н эзэмшлийн гарааш байрлаж байсан ба тухайн гараашийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 сарын 14-ний өдрийн А/388 тоот захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Өнгөт дээвэр ХХК нь 2022 оны 03 сарын 29-ний өдрөөс эхэлж, 2022 оны 04 сарын 08-ны өдөр буулгасан үйл баримт тогтоогдсон.

 

2022 оны 03 сарын 29-ний өдрийн гарааш буулгах, газар чөлөөлөх ажиллагааны талаар нэхэмжлэгч Д.******* өөрийн гар утсаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1111 дугаарын утсанд гомдол гаргасан ба уг гомдлын агуулгаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын А/388 тоот захирамжид бус харин гарааш буулгах ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх талаар гаргасан болох нь бүртгэл хяналтын карт, гомдолд хариу өгсөн албан бичгээр тогтоогдож байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын А/388 тоот захирамжид гомдол гаргаагүй гэж тайлбарласан тул тухайн захирамжийн Д.*******д холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* тус гараашийг 1998 оноос эзэмшиж байгаа, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, хот байгуулалтын хэлтэс, дүүргийн архитектор нарын 2002 онд батлагдсан зургийн дагуу, 23 дугаар байрны орчны тохижилтын зураг төслөөр боловсруулагдсан, сансарын зурагт тусгагдсан гэж тайлбарлаж, энэ талаар нотлох баримт гаргасан хэдий ч Газрын тухай хуульд газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаар нэхэмжлэгч нь гарааш байрлах газрыг гэрээ болон эрхийн гэрчилгээг үндэслэн эзэмшдэг эсэх нь бичгийн баримтаар тогтоогдоогүй байх тул тухайн газрыг зохих зөвшөөрөлгүй эзэмшсэн гэж үзнэ.

 

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж, 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасан.

 

Зохигчид Газрын тухай хуульд зааснаар газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгсөн эсэх, энэ хугацаанд эзэмшигч өөрөө гараашийг буулгах, зөөвөрлөх боломжит хугацаа олгосон эсэх талаар маргаж байгаа ба энэхүү хугацаа нь гарааш буулгасан эхний өдөр болох 2022 оны 03 сарын 29, боломжит хугацаа олгож гараашийг бүхэлд нь буулгаж газар чөлөөлсөн 2022 оны 04 сарын 07-ны өдөр байна.

 

Хариуцагч тал уг гарааш байрлуулсан тухайн газрыг нэхэмжлэгч Д.******* эзэмшдэггүй тул түүний оршин байгаа хаягаар мэдэгдэх боломжгүй байсан харин тухайн газар дээр байрлуулсан гараашийн хаалганы гадна талд газар чөлөөлөх мэдэгдлийг нааж, 2022 оны 03 сарын 29-ний өдөр газар чөлөөлөх ажиллагаа эхэлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. Тухайлбал хэрэгт зохигч талуудын гаргаж өгсөн гараашийн хаалга дээр наасан мэдэгдэл нь уншигдах боломжгүй байх ба энэ нь хугацааг тодорхойлох боломжгүй бөгөөд нөгөө талаар уг мэдэгдэл нь бичгийн хэлбэрээр байгууллагын архивт хадгалагддаггүй гэсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны тодорхойлолтоос үзэхэд 2022 оны 03 сарын 29-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн гэх байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр хариуцагч тал нь 2022 оны 03 сарын 29-ний өдөр газар чөлөөлөх мэдэгдлийг өгөөгүй гэж үзэх боловч эзэмшигч Д.*******д 2022 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд гараашийг өөрөө буулгах, зөөвөрлөх хугацаа олгосон болох нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлсөн тухай 2022 оны 04 сарын 12-ны өдрийн илтгэх хуудаст ... 6 дугаар хорооны 23 байрны хойд талын нийт 5 гараашийг чөлөөлөх ажлыг 2022.03.29-ний өдөр 4 ширхэг гараашийг чөлөөлж, 1 ширхэг бетон гараашийн эзэн доторх эд зүйлээ суллаж, байршуулах газар олох 7 хоногийн хугацаа өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу түр үлдээж 2022.04.08-ны өдөр буулгасан гэх, Өнгөт дээвэр ХХК-ийн ажил гүйцэтгэсэн тайланд ...буулгалт 2022.03.29-ний өдрийн 09 цагт эхэлж 1 ширхэг тоосгон 3 ширхэг бетон гарааш буулгаж, 1 ширхэг бетон гараашийг 2022.04.08-ны өдрийн 20 цагт албадан чөлөөлсөн гэж тус тус тэмдэглэсэн байдал, гэрээний талууд гэрээ дүгнэсэн акт зэрэг бичгийн баримтаар, мөн энэ талаарх хавсаргасан гэрэл зургаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх бичгийн баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч Д.*******д өөрийн эзэмшлийн хөрөнгө болох 2,5х5,2 хэмжээтэй 10-аад орчим ширхэг бетоноор хийсэн 18 мкв талбайтай 5 хэсэг хавтан, төмөр хаалгатай бетон гараашийг буулгах, зөөвөрлөх боломжит хугацаа олгосон гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх хөрөнгийг газар албадан чөлөөлөх ажиллагааны явцад устаж үгүй болсон тул эрх бүхий байгууллагаар үнэлүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь газраас салгаж, зөөвөрлөх, угсрах боломжтой 2,5х5,2 хэмжээтэй 18 мкв талбайтай 5 хэсэг бетон хавтан, төмөр хаалга бүхий гараашийн үнийг орон сууцны автозогсоолын үнэлгээгээр үнэлж 45,000,000 төгрөг гэж тодорхойлсон байдаг.

 

Иймд нэхэмжлэгч Д.******* нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд уг гараашийг албадан буулгаж, газар чөлөөлсөн үйлдэлд хариуцагчаар тодорхойлсон А/388 тоот захирамж гаргасан Нийслэлийн Засаг дарга, уг захирамжийг биелүүлж гараашийг албадан буулгаж, зөвшөөрөлгүй эзэмшиж байсан газрыг чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажиллагааг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчид 45,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх хохирлын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй. Тиймээс нэхэмжлэгч Д.*******гийн гэм хорын хохирол гэж тодорхойлж, автозогсоолын үнээр нэхэмжилсэн 45,000,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хангах үндэслэлтэй гэсэн хэдий ч хуралдаанаар хэлэлцсэн баримтаар хариуцагчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж бүрэлдэхүүн үзэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох гэм хорын хохирол 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА

 

Т.ЭНХТУЯА