Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
Хэргийн индекс | 182/2023/05313/И |
Дугаар | 182/ШШ2024/00336 |
Огноо | 2024-01-18 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/00336
2024 01 18 | 182/ШШ2024/00336 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Б /РД:/,
Хариуцагч: ШБ /РД:/,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 308 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ноогдох хэсгийг бүрэн гүйцэт биелүүлсэн болохыг тогтоолгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч НБ
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б, Д.М, ЦИ
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор ЦТийг ЭХТА-ын 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.17, 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, У.Э, С.Б, Д.Д нарыг ЭХТА-ын 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож ял оногдуулан хохиролд 11,630,989,549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж 1875 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба энэ нь нэг шүүгдэгчээс төлбөл зохих төлбөр нь 2,907,747,387 төгрөг болсон. Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхээс 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 308 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 11,515,304,088 төгрөгийг бодитоор төлж барагдуулсан болохыг мөн У.Э, Д.Д нарын өөрт ноогдох хэсгийг бүрэн гүйцэт биелүүлсэн болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00898 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 1430 дугаар магадлалаар тус тус тогтоосон.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор ЦТ (талийгаач)-д цаазаар авах ял оноосон бөгөөд уг ялыг гүйцэтгэж шүүхийн шийдвэр бүрэн гүйцэт биелэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь хэсэгт төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэж заасны дагуу талийгаачид оногдох хэсгийг С.Баас гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж хүний эрхэнд халдаж байгаа үйлдэл юм. Өөрт ноогдох төлбөл зохих төлбөр нь 2,907,747,387 төгрөгийг бүрэн гүйцэт биелүүлсэн тул шүүхийн шийдвэр ажиллагааг дуусгавар болгож С.Бын гадаадад зорчих эрх түдгэлзүүлснийг цуцлах хүсэлтийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид, Ш Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00898 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1430 дугаар магадлалаар 11,515,304,088 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсныг тогтоосон. С.Бад ноогдсон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон 2,907,747,387 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулсан болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн шүүхээс 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 308 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг Ш.Б даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47 тоот тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ЦТ, Д.Д, С.Б, У.Э нараас 11.630.989,549 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж 1875 хохирогчид олгох, мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн нэр бүхий эд хөрөнгийг хохирогч нарын хохиролд хувь тэнцүүлэн тооцож олгохыг шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд ялтан ЦТ, Д.Д нар нь хууль бусаар Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршоог байгуулж, С.Б, У.Э нартай хамтран 2005 оны 4 дүгээр сараас эхлэн хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах хугацаанд иргэдийн мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлж, уг мөнгөн хөрөнгөөс хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, ашигт малтмалын лиценз, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг худалдан авах, бусад худалдаа, үйлчилгээний ажиллагаанд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх зэргээр хадгаламж эзэмшигч нарын мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн нэр бүхий эд хөрөнгийг хохирогч нарын хохиролд хувь тэнцүүлэн тооцож олгохыг шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгч С.Бын болон бусад төлбөр төлөгчийн хуваарьт болон эзэмшлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй болно. Худалдан борлуулж хохиролд тооцсон хөрөнгийг Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч С.Бын хуваарьт хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрт ноогдох төлбөрийг мөнгөн болон өөрийн хөрөнгөөр барагдуулаагүй, шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 281.221.142,5 төгрөг төлөгдөөгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ЦТ нь нас барсан буюу С.Б нь өөрт ногдох төлбөрийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр дуусгавар болгох хуулийн үндэслэлгүй юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00898 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1430 дугаар магадлал, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 416 дугаар магадлал, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 308 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ноогдох хэсгийг бүрэн гүйцэт биелүүлсэн болохыг тогтоолгон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ шийтгэх тогтоолоор хохирол 11,630,989,549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгох, нэг шүүгдэгч 2,907,747,387 төгрөг төлөхөөр тогтоосон, өөрт ногдох төлбөрөө бүрэн барагдуулсан атал талийгаач ЦТийн төлбөрийг бусад шүүгдэгч нараар төлүүлж байгаа нь хуульд нийцээгүй гэж үндэслэж байна.
2. Хариуцагч Ш Бнь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй, нэхэмжлэгч С.Бын болон бусад төлбөр төлөгчийн хуваарьт болон эзэмшлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 ны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор ЦТийг бусдыг санаатай алах гэмт хэрэг, мөн ЦТ, У.Э, Д.Д, С.Б нарыг бүлэглэн бусдыг залилж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулан, хохиролд 11,630,989,549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж 1,875 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийтгэх тогтоолын дагуу 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 308 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Шүүхийн шийтгэх тогтоолд 11,630,989,549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулахаар заасан бөгөөд нэг шүүгдэгч 2,907,747,387 төгрөг төлөхөөр байна. 4 шүүгдэгчийн нэг болох ЦТд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна.
4. Хариуцагч Бнь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэн, шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн 58 хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг явуулж, шийтгэх тогтоолоор тогтоосон 11,630,989,549 төгрөгийн төлбөрөөс 11,349,768,407 төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, 281,221,142 төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй үлдсэнийг хариуцагч тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг ирүүлсэн байна. Одоо гүйцэтгэх хуудасны 17.1.15-д заасан ... .. дугаарт бүртгэлтэй газар худалдан борлуулагдаагүй байгаа тухай хариуцагч тайлбарлаж байна. Энэ хөрөнгө нь 402,484,450 төгрөгөөр үнэлэгджээ.
5. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 898 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1430 дугаар магадлалаар У.Э, Д.Д нар шийтгэх тогтоолоор тогтоосон төлбөрийн оногдох хэсгийг бүрэн төлж барагдуулсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
6.Шийтгэх тогтоолоор тогтоосон төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 281,221,142 төгрөгийн төлбөрийг барагдуулах ажиллагааг зөвхөн С.Бт холбогдуулж явуулж буй хариуцагчийн ажиллагаа үндэслэлгүй байна. Төлбөр төлөгчийн хуваарьт хөрөнгөд халдах шаардлагагүй байна. Хариуцагч шийтгэх тогтоолын дагуу 11,349,768,407 төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, одоо 281,221,142 төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй үлдсэнийг тайлбарладаг. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 898 дугаар шийдвэрт дээрх шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 11,515,304,088 төгрөгийн төлбөр барагдсан тухай тэмдэглэгдсэн байна. Одоо худалдан борлогдоогүй үлдсэн нэг объект-.. дугаарт бүртгэлтэй газар нь 402,484,450 төгрөгөөр үнэлэгдсэн нь гүйцэтгэх хуудаст тэмдэглэгдсэн байдлаар тогтоогдож байх бөгөөд төлөгдөөгүй төлбөрийг дээрх хөрөнгийг худалдан борлуулж барагдуулах боломжтой гэж үзнэ.
7.Иймд нэхэмжлэгч С.Быг 2007 оны 04 сарын 27-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан төлбөр болох 2,907,747,387 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
С.Бын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ноогдох хэсгийг бүрэн биелүүлсэн болгохыг тогтоолгох гэсэн нь хариуцагчийн ажиллагаагаар барагдуулж буй төлбөрөөс өөрт ноогдох хэсгийг барагдуулсан болохыг тогтоолгох агуулгыг илэрхийлж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 27-ний өдрийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс өөрт оногдох төлбөр 2,907,747,387 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тогтоож, түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагч Ш Бдаалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг 7 хоногт гардан авах үүрэгтэй, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД