Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 117/2017/0001/з |
Дугаар | 221/MA2017/0397 |
Огноо | 2017-06-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/MA2017/0397
2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2017/0397 | Улаанбаатар хот |
Д.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Д.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2, 128 дугаар зүйлийн 128.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оюунбилэгийн Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Д.Оюунбилэгийг ажлаас чөлөөлөх тухай Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Дэлгэрхангай сум хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2 дугаар сарын цалин бүгд 2039792 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оюунбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “Би гуравдагч этгээдээр татагдсан Б.Болортуяагийн оронд ажилд ороогүй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог. Өөрөөр хэлбэл ... Б.Болортуяа нь төрийн албаны шалгалтад тэнцээгүй тул намайг уг албан тушаалд томилох талаар Төрийн албаны салбар зөвлөлөөс шийдвэрлэснийг Б.Болортуяа мэдээд өөрөө хүүхэд асрах чөлөө авсан. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт гуравдагч этгээд өөрөө ч хэлдэг. Мөн хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл нь 2016 оны 03 дугаар сарын 01-нд ажил олгогчид өгсөн байх ба тухайн үеийн байгууллагын дарга М.Энхбат 2016 оны 02 дугаар сарын 29-нд чөлөө олгох талаар цохолт хийсэн нь анхнаасаа энэ асуудлыг зохион байгуулалттай хийсэн нь тодорхой байна.
Төрийн албаны тухай хуулийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь “хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал юм” гэснийг Б.Болортуяа нь хангахгүй байгаа нь ... тогтоогддог.
Мөн маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Оюунбилэгийг ажлаас чөлөөлөх тухай” Б/52 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэсэн ба 21 дүгээр зүйл нь өөрөө 21.1-21.7 хүртэл дотроо өөр өөр ойлголтыг зохицуулан хуульчилсан. Ажил олгогч нь надтай огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж энэ хуулийн заалтыг баримтлан намайг ажлаас чөлөөлсөн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-г баримталсан нь өөрөө мөн л хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Бидний хооронд ямарч хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад уг хуулийн заалтуудыг баримталсан нь өөрөө хууль бус шийдвэр болсон. Мөн уг тушаалыг нь 2016 оны 10 дугаар сарын 26 гэхэд урьдчилан гаргасан байдаг. Яагаад гэвэл миний ажлыг хүлээлцэх сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарахдаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гарч миний ажлыг тус өдөр хүлээлцсэн. Өөрөөр хэлбэл 2016 дугаар сарын 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар би ажлаасаа чөлөөлөгдөөд байхад урьдчилаад 2016 оны 10 дугаар сарын 27-нд миний ажлыг хүлээлцсэн нь уг акт анхнаасаа хууль бус акт байсан гэдэг нь нь харагддаг.
Дээрх нотлох баримтуудаар миний нэхэмжлэлийг хангах үндэслэл бүрэн тогтоогдсон байхад шүүх нотлох баримтаар буруу үнэлж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд би туйлын гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Оюунбилэгийн “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дэлгэрхангай сум хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2 сарын цалин 2039792 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05, Б/06 дугаар тушаалуудаар Дэлгэрхангай сум хариуцсан мэргэжилтэн Б.Болортуяад 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө олгож, үүнтэй холбогдуулж түүний эрхэлж байсан албан тушаалд Д.Оюунбилэгийг мөн өдрөөс түр томилжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх тушаалуудын дагуу Б.Болортуяа болон Д.Оюунбилэгийн ажлыг хүлээлцүүлж, тухайн өдрөөс Д.Оюунбилэг үүрэгт ажлаа гүйцэтгэж ирсэн нь тогтоогдсон бөгөөд албан тушаалд түр томилсон Б/06 дугаар тушаалтай ямар нэг байдлаар Д.Оюунбилэг маргаагүй байна.
Хэдийгээр түр томилсныг нэхэмжлэгчээс мэдээгүй гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 /жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа/, 106 дугаар зүйлийн 106.2 /Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө/-д зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийн албан тушаалыг ажил олгогч буюу хариуцагч албан тушаалтан хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байсан Дэлгэрхангай сум хариуцсан мэргэжилтэн Б.Болортуяа ажилдаа орох хүсэлтээ гаргаснаар хуульд заасан дээрх үүргээ биелүүлж хариуцагч албан тушаалтан түр томилон ажиллуулж байсан албан тушаалтныг чөлөөлж, хүүхэд асрах чөлөөтэй ажилтанг ажиллуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд уг актын улмаас тухайн албан тушаалд түр томилогдсон Д.Оюунбилэгийн хөдөлмөрлөхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх боломжгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээр өөрийг нь албан тушаалд түр томилсон тушаалтай маргаагүй, тэр нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд төрийн албанд орж ажиллахаас өмнөх үйл баримттай буюу Б.Болортуяаг төрийн албанд зохих ёсоор томилоогүйтэй холбогдуулан түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч тухайн ажилд түр томилогдсон тушаалаа мэдээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР