Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 29

 

 

Ц.Нямхүү нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдаанд прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр, /онлайнаар/, шүүгдэгч Ц.Нямхүүгийн өмгөөлөгч Н.Очирбат/онлайнаар/, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Нямхүү нарт холбогдох эрүүгийн 2037000120013 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Харчин овогт Цэдэндамбын Давааням

/ РД:ПА82090619/

            Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Шурагдаахан овогт Цахиуртын Нямхүү /РД:ПЭ69113011/

             Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Занги овогт Лхамжавын Даваасүрэн /РД:ПА77090514/

            Монгол улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнхэл суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд амьдардаг, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар засаж хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Бүргэд овогт Жалцавын Оросоо РД:ФЖ62051711

            Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн бус дунд боловролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр ач хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гэлчиг багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Тэнгэр овогт Цагаанчулууны Болд РД:ФЖ60121810

            Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын ХУД-ийн 15 дугаар хороо 104-401 тоотод амьдардаг, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Оросоогийн Батболд РД:ФЖ86063013

            Яллагдагч Ц.Давааням нь Ховд аймгийн Алтай сумын Халзан гэх газраас улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим нэг тооны хуланг зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эд болох махыг өөрийн эзэмшлийн мотоциклоор тээвэрлэж гэрийн гадна түлээний хашаанд хадгалсан,

Яллагдагч Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нар нь хулан гэх амьтны махыг тээвэрлэж, хадгалсан гэмт хэрэгт,

            Яллагдагч Ж.Оросоо нь О.Батболд, Л.Даваасүрэн, Ц.Болд нартай хамтран Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Хавтагийн Халтар-Уул гэх нэртэй газарт 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эксковатор трактор ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдан ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар сарын 1-д зааснаар шүүгдэгч Харчин овогт Цэдэндамбын Даваанямыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч Шурагдаахан овогт Цахиуртайн Нямхүү, Занги овогт Лхамжавын Даваасүрэн, Бүргэд овогт Жалцавын Оросоо нарыг агнаж ирсэн хулангийн махыг тээвэрлэж хадгалсан гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Бүргэд овогт Жалцавын Оросоо, Бүргэд овогт Оросоогийн Батболд, Занги овогт Лхамжавын Даваасүрэн, Тэнгэр овогт Цагаанчулууны Болд нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваанямыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нарыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Оросоо, О.Батболд, Л.Даваасүрэн, Ц.Болд нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд, Л.Даваасүрэн нарт тэнссэн хугацаанд хөдөлмөрлөх дадал сургалтанд хамрагдах, ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хорриглох албадлагын арга хэмжээ авч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Оросоо, О.Батболд, Л.Даваасүрэн, Ц.Болд нарт тайлбарлаж, Өршөөл үзүүлэх тухай хуулиийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 19,400,00 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Ховд аймгийн Алтай сумын төрийн сангийн дансанд оруулах, шүүгдэгч Ц.Нямхүүгээс 03-32 ХОА приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Нямхүү түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Нямхүү хулангийн мах хадгалсан, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлдэг.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8-д зааснаар 19,400,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 19,400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хулан адууны экологи эдийн засгийн үнэлгээний мөнгө 19,400,000 төгрөгийг төлүүлэхдээ тухайн гэмт хэрэгт үйлдсэн буюу гадан гүйцэтгэсэн байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг  харгалзан ялгамжтай байдлаар төлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Нямхүү миний хулан адууны экологи эдийн засгийн үнэлгээнд төлөх төлбөрийг багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.Оросоо түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь тухайн үед ховор амьтан болох хулангийн мах гэдгийг мэдээгүй бөгөөд хэрвээ мэдсэн бол түүнийг хадгалахгүй байх байсан. Гэхдээ тэр амьтны махыг хадгалсан миний үйлдлээс болж нийгэмд ямар нэгэн бодит хохирол учраагүй учраас надад холбогдох ховор амьтны махыг хадгалсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Мөн тогтоох хэсгийн 10 дугаар зүйлд заасан 18,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох тухай хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Тухайн үед Ц.Давааням гэдэг хүн уг хулан адууг агнаж Ц.Нямхүү хадгалж, Л.Даваасүрэн гэдэг хүнээр дамжуулж Ж.Оросоод уг махыг хүргэж өгсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын хувьд тухайн махыг хулан адууны мах гэдгийг мэдээгүй талаар Ж.Оросоо мэдүүлэг өгсөн. Ж.Оросоо уг махыг хөлдөөгчдөө хийсний дараа цагдаа нар ирээд шалгах үед хулан адууны мах гэдгийг мэдсэн. Иймд уг гэмт хэргийг би үйлдээгүй гэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Шүүх хуралдаанд шүүгч шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо 27-20 дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгохгүйгээр шийдвэрлэсний дараа бичгээр шийтгэх тогтоол гаргахдаа 27-20 дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 18,000,000 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас эхлээд бусад бүх заалтууд нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн хэд хэдэн зөрчилтэй байна гэж үзэж байна. Тухайлбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт бодит дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хууль буруу тайлбарлан бичсэн, зарим шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад дээрх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан тэнссэн, дээрх хоёр хуулийн зүйл заалтыг хольж хэрэглэсэн түүнчлэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон нь Өршөөлийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнөүү гэв.

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар   хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Нямхүү, Ж.Оросоо нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Өршөөлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмын ноцтой зөрчжээ.

1.Өршөөлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Тухайлбал: Шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар шүүгдэгч Ж.Оросоо, Л.Даваасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрд нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон, шүүгдэгч Ц.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Нямхүү, О.Батболд, Ц.Болд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон байх бөгөөд тэдгээр зүйлчлүүд нь Өршөөлийн тухай хуульд хэрхэн хамрагдаж байгаа эсэх, эсхүл хамрагдахгүй байгаа эсэх талаар анхаарч үзээгүй байна.

Мөн тогтоолын 5 дахь заалтаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.2. дахь заалттай нийцэхгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хуульчилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон этгээдийн ялыг өршөөлд хамруулахгүй байхаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.2-д хуульчилсан, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож, тэнсэгдсэн этгээдэд холбогдох хэргийг өршөөлд хамруулах талаар Өршөөл үзүүлэх тухай хуульд тусгагдаагүй байгааг анхаарвал зохино.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Ж.Оросоо, Л.Даваасүрэн нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 19.400.00.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Ховд аймгийн Алтай сумын төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэсэн нь Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөхцөлд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин,уур амьсгалын санд оруулна...” гэх зохицуулалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн Өршөөл үзүүлэх тухай хууль, Эрүүгийн хууль холбогдох бусад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх засаж зөвтгөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгдэгч Ц.Даваанямыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн атлаа шүүгдэгч Л.Даваасүрэн, Ж.Оросоо нарыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Мөн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Оросоод 2 жилийн хугацаагаар тэнсэж хариуцлага хүлээлгэсэн нь “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг зөрчсөн байна.

Тогтоолын 4 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Ж.Оросоо,О.Батболд,Ц.Болд, Л.Даваасүрэн нарт тэнссэн хугацаанд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох албадлагын арга хэмжээ авсан атлаа шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү нарт тэнссэн хугацаанд ямар албадлагын арга хэмжээ авсан эсэх тодорхойгүй байхаас гадна тогтоолын 6.7 дугаар заалтууд  ойлгомжгүй бичигдсэн байна.

 Мөн тогтоолын 9 дэх заалтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 303709 төгрөгийг хэн төлсөн нь тодорхойгүй байх ба шүүгдэгч Ж.Оросоод оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа түүнд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-11 дүгээр заалтууд  нь хоорондоо утга агуулгын хувьд зөрүүтэй байгаа нь “шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой түүний биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг урьд нь мөн энэ үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан, шүүгдэгч Оросоогийн нэрийг зөрүүтэй бичсэн зэрэг алдааг дахин давтан гаргаж байгааг анхаарах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд  буцааж байгаа тул шүүгдэгч Ц.Нямхүү, Ж.Оросоо нарын  давж заалдах журмаар гаргасан гомдол болон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Давааням нарт холбогдох эрүүгийн 2037000120013 дугаар хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.     

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

 

                                              ШҮҮГЧИД                                      Д.КӨБЕШ

 

                                                                                                     Н.ТУЯА