Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 05

 

Ц.Д-, О.Б-, Ц.Б-, Ц.Н-,

Л.Д-, Ж.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Ц.Д-, Ц.Н- нарын өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч Ж.О- болон түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар магадлалтай, Ж.О- нарт холбогдох 2037000120013 дугаартай хэргийг шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, *** оршин суух, урьд ял шийтгэлгүй Х овогт Ц-н Д- /РД:**/,

2. Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, *** оршин суух, урьд ял шийтгэлгүй Ш овогт Ц-н Н- /РД:**/,

3. Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй. 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, *** оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овогт Л-н Д- /РД:**/,

4. Монгол Улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнхэл суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, *** оршин суух, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ж-н О- /РД:**/,

5. Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 62 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 3, ** оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ц-ы Б- /РД:**/,

6. Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, *** оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-гийн Б- /РД:**/.

Шүүгдэгч Ц.Д- нь Ховд аймгийн Алтай сумын Халзан гэх газраас улсын тусгай хамгаалалтай газар нутгаас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд ховор амьтан болох нэг тооны хуланг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл болох хулан гэх амьтны махыг өөрийн эзэмшлийн “Хурд” нэртэй мотоциклоор тээвэрлэж, гэрийн гаднах түлээний хашаандаа махыг нь хадгалсан,

шүүгдэгч Ц.Н- нь ховор амьтан болох нэг тооны хулангийн махыг тээвэрлэсэн,

шүүгдэгч Л.Д- нь ховор амьтан болох нэг тооны хулангийн махыг тээвэрлэсэн, мөн О.Б-, Ж.О-, Ц.Б- нартай хамтран хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж хайж олборлосон,

шүүгдэгч О.Б- нь Ж.О-, Л.Д-, Ц.Б- нартай хамтран хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж хайж олборлосон,

шүүгдэгч Ж.О- нь ховор амьтан болох хулангийн түүхий эдийг /махыг/ тээвэрлэсэн, хадгалсан, мөн О.Б-, Л.Д-, Ц.Б- нартай хамтран хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж хайж олборлосон,

шүүгдэгч Ц.Б- нь Ж.О-, Л.Д-. О Б- нартай хамтран хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж хайж олборлосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ц.Д-ыг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн,

шүүгдэгч Ц.Н-г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн,

шүүгдэгч Л.Д-г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

шүүгдэгч Ж.О-г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн, мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

шүүгдэгч О.Б-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

шүүгдэгч Ц.Б-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-, Ж.О- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-, Ц.Н-, Л.Д- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг, шүүгдэгч Ж.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-, Ж.О-, О.Б-, Ц.Б- нарт тус бүр оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Д-аас 19,400,000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300,000 төгрөгөөр үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн Хурд маркийн мотоцикл, 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий замаг гол төмөр ** дугаартай, 250 м тусгалтай, ТОЗ-8 маркийн галт зэвсгийг тус тус хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Ж.О-, Ц.Б-, О.Б-, Л.Д- нараас ** УБ улсын дугаартай DOOSON DX3401 маркийн эксковатор тракторын үнэ 36,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч Л.Д-гээс ** УНО улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Н-гээс ** ХОА приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, Ц.М-н эзэмшлийн ** ХОА улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот прокурорын тогтоол, Ш.О-н эзэмшлийн ** УНО улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 тоот прокурорын тогтоол, О.Б-ын эзэмшлийн ** БУЛ улсын дугаартай BEIBEN маркийн автомашин, чирж яваа воганчик, Г.Ц-н эзэмшлийн ** УНО маркийн NORTBENZ маркийн чирэгч толгой, трайллер, Б.С-н эзэмшлийн ** УБ улсын дугаартай DOOSON маркийн эксковатор зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Б.Хосбаяр бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “…миний үйлчлүүлэгч нь тухайн /хэрэг учрал/ үед хүнээс хүнсэнд хэрэглэх зорилгоор авсан махыг ховор амьтан болох хулан адууны мах гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бөгөөд тухайн хөлдүү махыг энгийн хүний нүдээр харж ховор амьтан болох /хулан адууны/ мах гэж малын туранхай, өөхгүй махнаас ялгах боломжгүй байсан ба тэдний хүнсний махны нөөц багадаж байсан учир тухайн махыг туранхай малын мах байна гэж ойлгож хүнсэнд хэрэглэх зорилгоор авч хөлдөөгчинд хийсэн байсан бөгөөд хэрэгт шинжээчийн дүгнэлт гарсны дараа дүгнэлттэй танилцаад дээрх махыг ховор амьтан болох хулан адууны мах гэдгийг ойлгож хэрэгт хураалгасан байдаг ба энэ талаараа хэргийн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлж ирсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Ж.О-д ховор амьтны махыг зориудаар хадгалах шаардлага огтхон ч байгаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн тогтоогдсон байдаг бөгөөд тэрхүү махыг хадгалсан түүний үйлдэл нь болгоомжгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан нийгмийн аюулын хэр хэмжээ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй гэж үзэж байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинж нь ховор амьтны махыг зориудаар буюу ямар нэгэн ашиг хонжоо олох, нийгэмд тодорхой хэмжээгээр хор, уршиг учруулах санаа зорилго агуулсан санаатай үйлдэл байх нь тухайн гэмт хэргийн шинжийг бий болгох ба Ж.О-гийн үйлдэлд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа тул түүнд холбогдох “ховор амьтны махыг хадгалсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д-, Ц.Н- нарын өмгөөлөгч Н.Очирбат хэлсэн саналдаа “Хэлэх саналгүй” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Д-, Ц.Н-, Л.Д-, Ж.О, О.Б-, Ц.Б- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ дараах алдааг гаргасан байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба шүүх болон прокурор хэргийг зөв зүйлчилсэн боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлыг “Байгаль хамгаалах тухай хууль”-ийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэсэн заалтыг орхигдуулж хохирлын тооцоог буруу гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд учирсан хохирол болох 303.709 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан хохирол болох 19.400.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Д-аас дангаар нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу ба Иргэний хуулийн 497.3 дахь хэсэгт заасан “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэсэн заалтын дагуу шүүгдэгч шүүгдэгч Ц.Д-аас 9.700.000 төгрөг гаргуулж, бусад шүүгдэгч буюу Л.Д-, Ж.О-, Ц.Н- нараас 9.700.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна. Мөн шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон боловч шүүгдэгч Ц.Д-, Ц.Н-, Л.Д- нарын Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч Ж.О-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэх заалтыг зөрчиж хэт өргөн хүрээгээр тогтоосон алдаа гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд “оршин суух газар”-ын хамгийн бага нэгж нь Аймаг, сумдад баг, дүүрэгт хороо байхаар зохицуулсан байх тул шүүгдэгч нарын зорчих эрх хязгаарлах ялын хүрээг баг, хороонд гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Д-, О.Б-, Ц.Б-, Л.Д-, Ц.Н-, Ж.О- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Д- нь Ховд аймгийн Алтай сумын Халзан гэх газраас улсын тусгай хамгаалалтай газар нутгаас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд ховор амьтан болох нэг тооны хуланг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл болох хулан гэх амьтны махыг өөрийн эзэмшлийн “Хурд” нэртэй мотоциклоор тээвэрлэж, гэрийн гаднах түлээний хашаандаа махыг нь хадгалсан, шүүгдэгч Ж.О- нь дээрх хулангийн махыг тээвэрлэсэн, хадгалсан, харин шүүгдэгч Л.Д- О.Б-, Ж.О-, Ц.Б- нар нь хамтран хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж хайж олборлосон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүх Ц.Д-, О.Б-, Ц.Б-, Ж.О- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоожээ.

Мөн шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид эрх зүйн дүгнэлт хийж Ц.Д-, Ж.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ц.Б-, О.Б-, Л.Д-, Ж.О- нарын үйлдлийг мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Харин ховор амьтан болох хуланг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, хадгалсан Ц.Д-ын гэмт хэргээс тусдаа буюу тодорхой хугацаа өнгөрсний дараагаар тухайн хулангийн махыг тээвэрлэж бусдад дамжуулж өгсөн Л.Д-, Ц.Н- нарын үйлдлийг хууль бусаар ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэрэг бол амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг багтаасан ойлголт юм.   

Ц.Н-, Л.Д- нарын хувьд ховор амьтан агнаагүй, хууль бусаар ан агнасан үйлдэлд хамтран оролцоогүй, харин Ц.Д- агнасан хулангийн махаа хадгалж байсныг олж мэдсэнээр түүнтэй холбогдон Ц.Н- нь богино зайд тээвэрлэн Л.Д-д дөхүүлсэн, улмаар Л.Д- нь дамжуулан тээвэрлэж Ж.О-д хүргэж өгөхдөө хэн аль нь ямар нэгэн хувийн ашиг орлого олох гэсэн санаа зорилго агуулаагүй, гагцхүү хүнсэнд хэрэглэх мах хэрэгтэй байна гэсэн Ж.О-гийн хүсэлт, гуйлтыг хариу төлбөргүй гүйцэлдүүлсэн талаар баримт мэдээллүүд хэрэгт авагджээ.

Өөрөөр хэлбэл, ховор амьтан болох хулангийн мах гэдгийг мэдсэн боловч сэдэл, санаа зорилгын хувьд амьтны аймагт хор уршиг учруулах, эсхүл ашиг олох бодолгүй бусдад дамжуулан хүргэсэн Ц.Н-, Л.Д- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, тухайн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учруулаагүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Ж.О-гийн тухайд хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд мах олох хэрэгцээ байгаа талаараа Л.Д-д хэлж, түүнчлэн ховор амьтны болох хулангийн мах болохыг мэдэж “Л.Д-гийн хамт тээвэрлэсэн,” улмаар уг махыг хадгалсан, мөн хүнсний зориулалтаар хэрэглэж байсан үйл баримт тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Д-, Ж.О- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Улаанбаатар хот, Ховд аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Иймд шүүгдэгч Ц.Д-ын оршин суугаа газар буюу Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Ж.О-г Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Д-, Ж.О-, О.Б-, Ц.Б- нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, тус үйл ажиллагааны нөлөөгөөр газрын хэвлийд 303,709 төгрөгийн хохирол учруулсан гэж экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцон хохирлыг төлүүлсэн нь  хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, гэм буруутай этгээдээр экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх шаардлагатай бөгөөд Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч Ц.Д-, Ж.О-, О.Б-, Ц.Б- нарын газрын хэвлийд учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлж 607,715 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан “…миний үйлчлүүлэгч ховор амьтны мах гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн прокуророос Ц.Н-, Ц.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.”,

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ыг оршин суугаа газар буюу Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд, шүүгдэгч Ж.О-г Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хязгаарласугай.”,

3. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Д-, Ж.О-, О.Б-, Ц.Б- нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд учруулсан хохирол 303,709 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 607,418 төгрөгөөр тогтоож, дээрх шүүгдэгч нараас 151,854.5 төгрөгийг тус бүр гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.

4. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Б.Хосбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                     Б.БАТЦЭРЭН

                                      Б.ЦОГТ

                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН