Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 119

 

 

2019         08          29                                   119

 

 

“Ө” сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй хариуцагч Б-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00647 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Ө” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-т холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 202.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

Нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ө сууц өмчлөгчийн холбоо нь 2013 оноос хойш Орхон аймаг, Баян-өндөр сум, Баянцаагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Ө хороололд үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж хуульчилсан байдаг. Ө хороолол байгуулагдсан цагаас эхлэн хорооллын дундын өмчлөлийн зүйлийн хадгалалтыг хэрхэх талаарх асуудал оршин суугчид дунд чухал асуудал байсан. Мөн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараах эд хөрөнгө хамаарна гээд 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн хана, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэг дүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх олон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж дундын өмчлөлийн эд хөрөнгийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зорилго нь оршин суугчдыг ая тухтай орчинд амьдруулах, дундын өмчлөлийн эд зүйлс хулгайд алдагдах, элдэв халдлагаас хамгаалахад оршдог. 2013 оны 08-р сарын 26-ны өдрийн Ө сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын дугаар 2 тогтоол-ын дагуу 24 цагийн харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Үүний дараагаар 2016 оны 01-р сарын 30-ний өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас оршин суугчдын саналын дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын асуудлыг үргэлжлүүлэн тусгай харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн учир нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг оршин суугч хамгаалах боломжгүй, хулгайд алдах болон халдлагад өртсөн тохиолдолд хариуцах эзэнтэй байлгах болон оршин суугчдын аятай таатай нөхцөлд амьдруулах үндсэн зорилготой байдаг. Ө хорооллын 104 дүгээр байрны 40 тоот хаягт оршин суугч Б- болон Б.Дэлгэрцэцэг нар нь 2017 онд 90.000 төгрөг, 2018 онд 90.000 төгрөг, 2019 онд 90.000 төгрөг нийт 202.500 төгрөгийн харуул хамгаалалтын хөлсийг төлөх үлдэгдэл үүсээд байна. Харуул хамгаалалтын албаны хөлсийг айл бүрт ижил хэмжээгээр хувиарладаг учир нэг айл, нэг сард уг хөлсийг төлөөгүй тохиолдолд харуул хамгаалалтын албанд төлөх ёстой мөнгө хүрэхгүй нөхцөл байдал үүсч СӨХ-ны үйл ажиллагаанд ихээхэн хүндрэлтэй байна. Иймээс Н..Будаев болон Б.Дэлгэрцэцэг нараас Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хөлс болох 202.500 төгрөг гаргуулан Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Нямдугар овогтой Будаев нь Баянцагаан багийн Ө хотхоны 104-40 тоотод амьдардаг. 2016 онд дээрх орон сууцанд нүүж ирсэн ба тухайн үед харуул хамгаалалтын мөнгө авах тухай ярьж байсан. Бичгээр гэрээ байгуулаагүй. Мөн 2017 онд гадаа тавьсан машины баруун хойд гэрлийг мөргөж хагалсан байсныг камераар шүүж өгөхийг хүссэн ч шүүж өгөөгүй. 2019 онд дулаан гаржид тавьсан машины мөн ардаас нь мөргөсөн байсан ба камер мөн л шүүж өгөөгүй. Иймд дээрх шалтгааны улмаас харуул хамгаалалтын мөнгийг төлөх сонирхолгүй байна. Мөн хууль бус мөнгө татаж байна гэж яригдаж байгаа учраас төлөх боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00647 дугаар шийдвэрээр:  

Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1., 7 дугаар зүйлийн 7.2.7.-д заасныг баримтлан Б-аас 202.500 төгрөг гаргуулан Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6.730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 6.730 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б- давж заалдсан гомдолдоо:

“Ө” сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 заалтад заасны дагуу Ө хорооллын 104 дүгээр байрны 40 тоот хаягт оршин суух Б- болон Б.Дэлгэрцэцэг нар 2014 оны 10 сараас 2019 оны 05 сарыг хүртэлх хугацаанд ус, цахилгаан ашиглалтын зардалтай Сууц өмчлөгчдийн холбооны зардал болох 7.946.97 төгрөгийг сар бүр төлсөөр ирсэн. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг оршин суугч хамгаалах боломжгүй, хулгайд алдах болон халдлагад өртсөн тохиолдолд хариуцах эзэнтэй байлгах болон оршин суугчдын аятай таатай нөхцөлд амьдруулах үндсэн зорилготой байдаг. Уг хурлаар шийдвэрлэгдсэн асуудлын дагуу 2016 оны 01 сарын 30-ний өдрийн “Ө сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тогтоол №1 гарсан. Уг тогтоолоор харуулын албаны хөлсийг айл бүрт ижил тэгш хэмжээгээр хувиарлан үргэлжлүүлэн нэг сарын 7.500 төгрөгөөр буюу өмнө нь мөрдөж байсан хэмжээгээр тогтоосон байдаг гэсэн нь дээр дурдсанаар оршин суугчдын саналын дагуу гэдэг нь Б-, Б.Дэлгэрцэцэг нараас санал асууж, гэрээ байгуулж байгаагүй бөгөөд оршин суугчдын аятай таатай нөхцөлд амьдруулах үндсэн зорилготойгоор ажилладаг нь 104 байрны 2 орцонд 2014 оноос хойш өдийг хүртэл засвар хийж байсан удаагүй, орцны хаалга эвдэрснээс хойш маш чанга дуутай хаагддаг болсон, 2017 онд автомашины гадна зогсоолд байршиж байсан манай машины баруун хойд гэрэл хагарсан, 2019 онд автомашины дулаан зогсоолд машины ар талд будаг хуурсан байхад камер болон харуул хамгаалалтын талаас ямар ч үйлдэл хариуцлага, хэрэгжүүлсэн ажил хийгдээгүй гэх мэт СӨХ зардалд сар бүр 7947.97 төгрөг төлж байхад дахин нэмэлтээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын хөлсийг нэхэмжилж байгаа нь шударга бус үйлдэл гэж үзэж байгаа тул Б-, Б.Дэлгэрцэцэг нар гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, даргалагч шүүгч Б.Бямбасүрэн нарт Ө сууц өмчлөгчийн холбооноос нэхэмжилж буй дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын хөлс 202,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг дахин шүүж шийдвэрлэхийг хүсье гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Ө” СӨХолбоо нь хариуцагч Б-т  холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын хөлс 202.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хариуцагч Б-аас 202.500 төгрөг гаргуулан Ө Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ө СӨХолбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн харуул хамгаалалтын хөлсийг сард 7.500 төгрөг байхаар тогтсон ба хариуцагч Б- нь харуул хамгаалалтын сар бүр төлөх төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зохицуулагдсан байна.

Хариуцагч Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...тухайн үед харуул хамгаалалтын мөнгө авах тухай ярьж байсан. Бичгээр гэрээ байгуулаагүй. Мөн 2017 онд гадаа тавьсан машины баруун хойд гэрлийг мөргөж хагалсан байсныг камераар шүүж өгөхийг хүссэн ч шүүж өгөөгүй, харуул хамгаалалтын мөнгийг төлөх сонирхолгүй байна” гэж тайлбарлаж байх боловч тэрээр шүүхэд гаргасан тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй байна.

Хариуцагч Б-ын гаргасан “...СӨХолбооны зардалд сар бүр 7.947.97 төгрөг төлж байхад дахин нэмэлтээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын хөлсийг нэхэмжилж байгаа нь шударга бус үйлдэл гэж үзэж байгаа тул хамгаалалтын хөлс 202.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг дахин шүүж шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн  оролцогчийн эрхийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.725 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ