Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0676

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Байдолда

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хоорондын Орон сууц худалдан авахад зарцуулсан 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 төгрөгийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус тул олгох захиргааны акт гаргахыг даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Байдолда, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 төгрөгийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус, олгох захиргааны акт гаргахыг Баянгол дүүргийн Татварын хэлтэст даалгуулахаар маргаж байна.

2. Нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Татварын ерөнхий газарт “ ... Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дүгээр зүйлд Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна гэж заасны дагуу Орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 төгрөгийг олгож өгнө үү гэх” гомдол гаргажээ.

3. Татварын ерөнхий газар 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05/557 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр “... иргэн таны тэтгэврийн орлого нь хуулийн дагуу албан татвараас чөлөөлөгдөх бөгөөд тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олж, улмаар хуулийн дагуу төлсөн албан татварыг буцаан олгох журмаар хөнгөлөлт эдлүүлдэг болно. ... Дээрх зохицуулалтын дагуу тухайн орон сууцыг худалдан авахдаа борлуулагч этгээдээс суутгаж, төсөвт шилжүүлсэн 2 хувийн албан татвар нь таны өөрийн албан татварын төлөлтөд хамаарахгүй тул төлсөн татварыг буцаан олгох үндэслэлгүй”  гэх хариуг өгсөн.

4. Нэхэмжлэгч Х.Байдолда нь Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 төгрөгийг олгох захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан.

5. Нэхэмжлэгч Х.Байдолда нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

5.1 “Х.Байдолда миний бие гавьяаны амралтад байгаа. Анх удаа 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр  31 м2 талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036661 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001039944 гэрчилгээ авсан . Тус орон сууц нь Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, одоо 25-р хороо 10-р хороолол, “Голден парк” хотхон Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 22 тоот хаягийн байршилд байдаг.

Анх удаа орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 /дөчин гурван сая/ төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэхээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулсан байна.

Х.Байдолда би амьдран суух зориулалтаар анх удаа, зөвхөн хувьдаа орон сууц худалдан авсан учраас тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн борлуулалтын орлогын нийт дүн 43.000.000 /дөчин гурван сая/ төгрөгийн 2 хувиар буюу 860.000 /найман зуун жаран мянган/ төгрөгийн татвар төлөгдсөн. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой татварыг худалдагч тал хариуцна” Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дугаар зүйлд  “үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан орлогын албан татварыг худалдагч тал хариуцна” гэж тус тус заасны дагуу төлөгдсөн бөгөөд энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон.

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж Татварын ерөнхий газарт хандсан боловч анх удаа үл хөдлөх эд хөрөнгө борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувийн хөнгөлөлт эдлүүлэхэд тодорхой бус, эргэлзээтэй хариу өгсөн. Мөн Баянгол дүүргийн Татварын хэлтэст амаар хүсэлт гаргаж бичгээр хариу авсан бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Энэхүү нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч миний анх удаа орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 /дөчин гурван сая/ төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуульд заасан бөгөөд Татварын алба өргөдлийг хууль ёсоор шийдвэрлээгүй, захиргааны акт гаргахаас татгалзсан учраас татварын хөнгөлөлт авч чадахгүйд хүрч Х.Байдолда миний баталгаатай татварын  хөнгөлөлт эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэж гэж үзэж байгаа.

Иймд орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 /дөчин гурван сая/ төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг олгох захиргааны акт гаргуулахыг Баянгол дүүргийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү?” гэжээ.

5.2. Нэхэмжлэгч Х.Байдолда шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа “Голомт банканд 43.000.000 /дөчин гурван сая/ төгрөгийн борлуулалтын орлогын 2 хувь буюу 860.000 /найман зуун жаран мянган/ төгрөгийн татварыг МТА-нд татвар гэж тушаасан төлбөрийн баримтыг нягтлан үзэхэд Баянгол дүүргийн Татварын албанд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Х.Байдолда миний үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татвар төлсөн баримтаар нотлогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж тодорхойлсон хуулийн зохицуулалттай байгаа учраас Баянгол дүүргийн татварын алба хариуцагч байх хуулийн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дугаар зүйлд “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ” гэж заасан. Үүнээс үзвэл үл хөдлөх хөрөнгө Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрладаг учраас Баянгол дүүргийн Татварын хэлтсийг хариуцагч гэж үзэхээр байна.

Татварын Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05/557 дугаар албан бичигт “...борлуулагч этгээдээс суутгаж, төсөвт шилжүүлсэн 2 хувийн  албан татвар нь таны өөрийн албан татварын төлөлтөд хамаарахгүй тул уг төлсөн татварыг буцаан олгох үндэслэлгүй” гэх хариуг өгсөн. Үүнийг би хоёрдмол утгатай гэж анх нэхэмжлэлдээ бичсэн байгаа. Миний өөрийн албан татварт хамаарахгүй гэдэг нь зөв, суутгаж төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Хуульд заасны дагуу суутгаж төлөх ёстой.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/507 дугаар албан бичигтээ “албан татвар ногдуулсан орлого олоогүй бол татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй болно" гэсэн хариу нь үндэслэл бүхий, хууль ёсны шийдвэр биш болох нь илт байгаа гэж үзэхээр байна. Учир нь эдгээр хоёр шийдвэрийг Баянгол дүүргийн Татварын хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Х.Байдолда миний Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татвар төлсөн баримтаар нотлогдож байна.

Үүнийг дүгнэж хэлэхэд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/507 дугаар албан бичиг, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/863 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын 2023 он 03 дугаар сарын 20-ний өдрийн 05/557 дугаар албан бичгүүд нь үндэслэл бүхий хууль ёсны шийдвэр биш болохыг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгэр зүйлийн 39.1.3 дугаар зүйлд заасны дагуу “Хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэсэн хориглосон зүйлийг зөрчсөнөөр нотлогдож, өгсөн хариунууд үгүйсгэгдэж байгаа гэж үзэхээр байна. Иймд Х.Байдолда миний Орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 /дөчин гурван сая/ төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг олгох захиргааны акт гаргуулахыг Баянгол дүүргийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу  тайлбартаа:

6.1. “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, албан татварыг холбогдох төсөвт төлнө", Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар баталсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын 2.2 дахь хэсэгт “Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 28.1-д заасны дагуу холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, батлагдсан маягтаар татварын тайланг үйлдэнэ", 2.3 дахь хэсэгт " Татварын тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна.", 2.7 дахь хэсэгт "Татвар төлөгчийн цахим хэлбэрээр тушаасан тайлан, хавсралт мэдээ нь "Цахим баримтыг тодорхойлох, түүнд тавих шаардлагыг тогтоох, цахим баримтыг хадгалах журам"-д заасан шаардлага болон дараах шалгуурыг хангасан байна", 2.7.1 дэх хэсэгт "татварын тайлангийн тоон үзүүлэлт нь түүний Хавсралт мэдээ болон холбогдох бусад татварын тайлангийн тоон үзүүлэлттэй тохирч байх" гэсэн хуулийн зохицуулалттай.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно", Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар баталсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын 2.11 дахь хэсэг “Татвар төлөгч нь татварын тайлан тушаах хуулийн хугацаанд тайланг засварлаж болох бөгөөд хамгийн сүүлд илгээсэн хугацаагаар тайлан тушаасан хугацааг тодорхойлно" гэж заасны дагуу татварын тайлан залруулах хүсэлтээ гарган, тайлангаа залруулан илгээх боломжтой. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох асуудлыг Татварын ерөнхий газрын ТХУАГ-ын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтэс шийдвэрлэдэг болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Х.Байдолдагаас тус шүүхэд хандаж “...Орон сууц худалдан авахад зарцуулсан 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 төгрөгийг олгохгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус тул олгох захиргааны акт гаргахыг Баянгол дүүргийн Татварын хэлтэст даалгуулах”-аар маргаж байна.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:

- Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороо, 10-р хороолол, "Голден парк" хотхон Энхтайвны өргөн чөлөө гудамж, 107 байрны 22 тоот хаягт орших 31 м2 талбай бүхий орон сууцыг 43.000.000 төгрөгөөр худалдан авсан,

- Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036661 дугаарт бүртгэгдэж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001039944 тоот гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч болсон нь нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ж.Сэдэдтэй байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон Х.Байдолдагаас ирүүлсэн ХААН банкны төлбөрийн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн гаргасан “...татварын хөнгөлөлт олгож өгнө үү” гэх хүсэлтэд Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/507 дугаар албан бичгээр “...тухайн тайлант хугацаанд албан татвар ногдуулах орлого олоогүй бол татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй” гэж, Татварын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05/557 дугаар албан бичгээр “...иргэн таны тэтгэврийн орлого нь хуулийн дагуу албан татвараас чөлөөлөгдөх бөгөөд тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олж улмаар хуулийн дагуу төлсөн албан татварыг буцаан олгох журмаар хөнгөлөлт эдлүүлдэг болно, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар суутган төлөгч буюу худалдан авагч нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын нийт дүнгээр татвар ногдуулах орлогыг тодорхойлж 2 хувиар албан татварыг суутган ногдуулж холбогдох төсөвт шилжүүлэх үүрэгтэй, дээрх зохицуулалтын дагуу...борлуулагч этгээдээс суутгаж төсөвт шилжүүлсэн 2 хувийн албан татвар нь таны өөрийн албан татварын хөнгөлөлтөд хамаарахгүй тул уг төлсөн татварыг буцаан олгох үндэслэлгүй” гэх хариуг тус тус өгчээ.

10. Нэхэмжлэгч эдгээр татгалзлыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...эдгээр нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёрдмол утгатай, Төрийн албаны тухай хуулийн хориглосон зохицуулалтыг зөрчсөн...” гэж тодорхойлон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...татварын тайлан залруулах хүсэлтээ гаргаад тайлангаа залруулан илгээх боломжтой” гэж маргасан, нэхэмжлэгч нь тухайн үйл баримтыг нотлохоор үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос 860 000 төгрөгийн суутган татвар төлсөн гэх баримтыг нэмж ирүүлсэн болно.

11. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого...-оор амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа...орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна” гэж, 23.13-т “Албан татвар төлөгч энэ хуулийн 23.3, 23.4-т заасан хөнгөлөлтийн аль нэгийг сонгон эдэлнэ” гэж, 23.15-д “Энэ...хуульд заасан хөнгөлөлт эдлүүлэх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж тус тус заажээ.

12. Хуулийн, дээрх заалтуудаас үзвэл хариуцагчаас өгсөн “...тухайн тайлант хугацаанд албан татвар ногдуулах орлого олоогүй бол татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй” гэх хариу нь хууль зүйн үндэслэлгүйн дээр Татварын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05/557 дугаар албан бичигтэй агуулгын хувьд зөрчилтэй, өөрөөр хэлбэл “..борлуулагч этгээдээс суутгаж төсөвт шилжүүлсэн 2 хувийн албан татвар нь таны өөрийн албан татварын хөнгөлөлтөд хамаарахгүй” гэсэн нь нэхэмжлэгчийн хүсэлтэд өгсөн үндэслэлгүй татгалзал гэж үзэхээр байна.

13. Өөрөөр хэлбэл Хувь хүний орлогын албан татварын хуулийн дээр дурдсан заалтуудаар хувь хүн өөрийн албан татвар ногдсон орлогоор амьдран суух зориулалтаар, зөвхөн хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан тохиолдолд уг худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр тухайлан заасан, энэхүү нөхцөл болзлыг нэхэмжлэгчийн тухайд хангаж байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Х.Байдолда уг хуульд заасан албан татварын хөнгөлөлтийг эдлэх эрх бүхий субъект мөн юм.

14. Түүнчлэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Энэ хуулийн 22.1.2, 22.1.4, 22.1.7, 23.1-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно” гэж заасан ба нэхэмжлэгч Х.Байдолда нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татвар-01010108” 860000 төгрөг төлсөн нь Монголын татварын албаны татвар төлсөн баримт №2221101402725-аар тогтоогдсон.

15. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан өдрөө суутган төлөгчийн үүргээ биелүүлсэн ба хэдийгээр Х.Байдолда нь татварын тайлан гаргаж харьяа татварын албанд хүргүүлээгүй боловч ийнхүү татварын тайлан хүргүүлээгүй нь нэхэмжлэгчид татварын хөнгөлөлт үзүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй, хуульд энэ талаар зохицуулаагүй тул “...тухайн тайлант хугацаанд албан татвар ногдуулах орлого олоогүй бол татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй” гэх хариуцагч захиргааны байгууллагын татгалзал хууль бус.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр...нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн татварын хөнгөлөлт эдлүүлж өгнө үү гэх хүсэлтэд хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/507 дугаар албан бичгээр өгсөн татгалзал хууль бус, уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Х.Байдолдад хуулиар тусгайлан олгосон боломжийг олгож уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад зарцуулсан 43 000 000 төгрөгийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй:

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Байдолдагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уртнасанд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн, хариуцагчаас хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Байдолдагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Орон сууц худалдан авахад зарцуулсан 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/507 дугаар татгалзал хууль бус болохыг тогтоож үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад зарцуулсан 43 000 000 төгрөгийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтэст даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН