Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

 

 

 

2019        09         04                                   124

 

 

С.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй

хариуцагч П.Ариунзаяад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00795 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Ариунзаяад холбогдох,

Гэм хорын хохирол 820.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч П.Ариунзаяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Тэгшжаргал, хариуцагч П.Ариунзаяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч С.Тэгшжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний хүү Ууганбаяр овогтой Анхбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6 микрийн Пирамидын явган хүний гарцан дээр өглөө 07 цаг 40 минутын үед хичээлдээ явж байтал ОРО14-09 дугаартай Приус 20 маркийн машины жолооч П.Ариунзаяагийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж хөнгөн гэмтэл авсан. Хүү маань Эрдэнэт цогцолбор сургуулийн 4-р 10 жилийн 10б ангид суралцдаг, 16 настай болно. Хүү маань сургуулийнхаа сагс, волейбол, хаданд авиралтын шигшээд явдаг байсан бөгөөд одоо гэмтлээс улбаалж тэмцээн уралдаандаа оролцохоо зогсоосон. У.Анхбаяр нь тархи доргилттой, нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөл хөхрөлттэй, тархи хавантай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Одоо хүү маань нуруу нь байнга өвдөөд байгаа учир байнгын хэвтэх шаардлагатай болсон, хичээл сургууль нь одоо тарах гэж байгаа болохоор байнга акт авах нь хүүхдэд минь хэцүү байна. Биеийн тамирын хичээлдээ явж чадахгүй болсон. Гэвч хэвтэхгүй бол нуруу нь татаад явж чадахгүй байгаа. Мөн толгой нь таллаж өвдөх нь ихэссэн, зүүн гуяа дагаад өвдөөд байгаа тул хэвтэж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Яаралтай эмчилгээ хийлгэхээр Дэнжид байрлах 'Очир-Увдис ХХК хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр \ 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10 хоног \ болж байна. Хүү маань гэмтэл авснаас хойш 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Медипас эмнэлэгт бүсэлхий нугалмайн рентген зураг, 30.000 төгрөг, КТГ- толгойн зураг - 150.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр МКI- толгойн зураг 240.000 төгрөг нийт 420.000 төгрөгийн зардал гаргасан. БОЭТ-ийн мэдрэлийн тасгийн их эмчийн үзлэгт ороод амбулаторийн картанд эмчилгээ бичигдсэн ба 50.000 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн. Иймд П.Ариунзаяагаас хүү У.Анхбаярын эм тарианы зардал нийт 820.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.Ариунзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус хэрэгт зөрчлийн хэрэг нээж улмаар хүүхдийн биед гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад эхний удаа гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ба дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж гарсан бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журамд хөнгөн гэмтлийн зэрэг нь гэмтэл, түүнээс үүссэн  эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур үзүүлэлттэй байх бөгөөд үүнээс үзвэл хөнгөн гэмтэл нь хэрэг гарсан өдрөөс хойш 4 долоо хоногт эдгэрэх гэмтэл байна. Гэтэл хэрэг гарсан буюу хүүхэд хөнгөн гэмтсэн гэх өдөр нь 2019 оны 03 сарын 27-ны өдөр ба гэмтлийн зэрэг тогтоох журмаас харвал энэ хэргийн улмаас хүүхдэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө эдгэрсэн байх ёстой. Иймд би 2019 оны 04 дүгээр сарын 24-с хойш хийгдсэн гэх эмчилгээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тухай төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00795 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан П.Ариунзаяагаас 820.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Тэгшжаргалд олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24.230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24.230 төгрөг, гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Ариунзаяа давж заалдсан гомдолдоо:

Миний бие Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 795 дугаартай шийдвэрийн 820.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Тэгшжаргалд олгож гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь тус хэрэгт зөрчлийн хэрэг нээж улмаар хүүхдийн биед шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилоход хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Хөнгөн зэргийн гэмтэл нь 4 долоо хоногт бүрэн эдгэрэх боломжтой гэж үзэж байна. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 24-с хойш хийгдсэн гэх эмчилгээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Тэгшжаргал, хариуцагч П.Ариунзаяагаас гэм хорын хохиролд 820.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч П.Ариунзаяа шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч С.Тэгшжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өндөр сум Согоот баг 6 микрийн Пирамид төвийн ойролцоох явган хүний гарцаар гарч явсан хүү н.Анхбаярыг хариуцагч П.Ариунзаяа нь приус 20 маркийн машинаар мөргөн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч П.Ариунзаяа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгч эхэндээ гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хөнгөн зэргийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хэрэг гарсан өдрөөс хойш 4 долоо хоногт буюу 2019 оны 04 дүгээр сарын 24-нөөс өмнө эдгэрсэн байх ёстой. Иймд үүнээс хойш хийгдсэн эмчилгээний төлбөрийг хариуцахгүй гэж тайлбар гарган маргажээ.

Хариуцагч П.Ариунзаяа нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 07 цагийн үед приус 20 маркийн авто машин жолоодон явахдаа Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар микро Пирамид төвийн ойролцоох явган хүний гарцаар гарч явахад нь н.Анхбаярыг мөргөн түүнд тархины доргилт, нурууны зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөлөнд хөхрөлт үүсгэсэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэсэн үндэслэлээр хариуцагчаас нэхэмжилсэн 820.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна. Иргэний хуулийн 497.2.-т зааснаар “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай”.

Хариуцагч П.Ариунзаяа нь гэм буруугүй болохоо нотолж чадаагүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан завж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Ариунзаяагийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч П.Ариунзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

         ШҮҮГЧ                                                                     С.УРАНЧИМЭГ