Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00795

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 13 өдөр

     Дугаар 142/ШШ2019/00795

                        Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А-д холбогдох  

Гэм хорын хохирол 820,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, хариуцагч А, иргэдийн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Х нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6 микрийн Пирамидын явган хүний гарцан дээр өглөө 07 цаг 40 минутын үед хичээлдээ явж байтал ОРО14-09 дугаартай Приус 20 маркийн машины жолооч А-ийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж хөнгөн гэмтэл авсан бопно.

Хүү маань Эрдэнэт цогцолбор сургуулийн 4-р 10 жилийн 10б ангид суралцдаг, 16 настай болно. Хүү маань сургуулийнхаа сагс, волейбол, хаданд авиралтын шигшээнд явдаг байсан бөгөөд одоо гэмтлээс улбаалж тэмцээн уралдаандаа оролцохоо зогсоосон.

Н нь тархи доргилттой, нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөл хөхрөлттэй, тархи хавантай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Одоо хүү маань нуруу нь байнга өвдөөд байгаа учир байнгын хэвтэх шаардлагатай болсон, хичээл сургууль нь одоо тарах гэж байгаа болохоор байнга акт авах нь хүүхдэд минь хэцүү байна.

Биеийн тамирын хичээлдээ явж чадахгүй болсон. Гэвч хэвтэхгүй бол нуруу нь татаад явж чадахгүй байгаа. Мөн толгой нь таллаж өвдөх нь ихэссэн, зүүн гуяа дагаад өвдөөд байгаа тул хэвтэж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо.

Одоо яаралтай эмчилгээ хийлгэхээр Дэнжид байрлах “'Очир-Увдис ХХК хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр \ 2019. 05.20-ний өдрөөс эхлэн 10 хоног \ болж байна.

Хүү маань гэмтэл авснаас хойш 2019.04.01-ний өдөр Медипас эмнэлэгт бүсэлхий нугаламын рентгэн зураг, 30.000 төг, КТГ- толгойн зураг - 150.000 төг, 2019.04.03- иий өдөр МКI- толгойн зураг 240.000 төгрөг нийт 420.000 төгрөгний зардал гаргасан.

БОЭТ-ийн мэдрэлийн тасгийн их эмчийн үзлэгт ороод амбулаторийн картанд эмчилгээ бичигдсэн ба 50.000 төгрөгний эм тариа авч хэрэглсэн.

Иймд Агаас хүү Нын бүсэлхий нугаламын рентгэн зураг, 30.000 төг, КТГ- толгойн зураг - 150.000 төг, 2019.04.03-ний өдөр МН1- толгойн зураг 240 000 төгрөг нийт 420.000 төгрөг,Очир-Увидас хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 10 хоногийн 350.000 төгрөг, мэдрэлийн эмчийн бичиж өгсөн баримтын дагуу авсан 50.000 төгрөг эм тарианы зардал нийт 820.000 төгрөгийг нэхэмжилж байна.

А руу залгахаар утсаа авахгүй, утсаа авахаараа элдвээр хэлж доромжлоод байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандахаас өөр аргагүй болоод байна гэжээ

Хариуцагч А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А би Тын гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Би тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус хэрэгт зөрчлийн хэрэг чээж упмаар хүүхдийн биед гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад эхний удаа гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ба дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж гарсан бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журамд хөнгөн гэмтлийн зэрэг нь “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэх шалгуур үзлүүлэлттэй байх бөгөөд уүнээс үзвэл хөнгөн гэмтэл нь хэрэг гарсан өдрөөс хойш 4 долоо хоногт эдгэрэх гэмтэл байна.

Гэтэл хэрэг гарсан буюу хүүхэд хөнгөн гэмтсэн гэх өдөр нь 2019 оны 03 сарын 27-ны өдөр ба Гэмтлийн зэрэг тогтоох журмаас харвал энэ хэргийн улмаас хүүхдэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь 2019 оын 04 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө эдгэрсэн байх ёстой байна. Иймд би 2019.04.24-с хойш хийгдсэн гэх эмчилгээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тухай төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирол 820.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд “нэхэмжлэгчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хөнгөн зэргийн гэмтэл нь “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэх шалгуур үзүүлэлттэй байх бөгөөд үүнээс үзвэл хөнгөн гэмтэл нь хэрэг гарсан өдрөөс хойш 4 долоо хоногт эдгэрэх гэмтэл байна.

Гэтэл хэрэг гарсан буюу хүүхэд хөнгөн гэмтсэн гэх өдөр нь 2019 оны 03 сарын 27-ны өдөр ба гэмтлийн зэрэг тогтоох журмаас харвал энэ хэргийн улмаас хүүхдэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө эдгэсэн байх ёстой байна. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хийгдсэн гэх эмчилгээ болон мэнлэгт хэвтэн эмчлүүлэх тухай төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Тын хүү Н нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өглөө 07 цагийн үед хичээлдээ явж байхдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр, 6-р хорооллын Пирамид төвийн явган хүний гарцаар гарч яваад хариуцагч Агийн жолоодож явсан 14-09 ОРО улсын дугаартай Пруис 20 маркийн автомашинд мөргүүлж биедээ хөнгөн гэмтэл гэмтэл авч гэм хорын хохирол учирсан байна. Энэхүү үйл баримт болон хариуцагч А гэм буруугийн талаар талууд маргахгүй байна.

Орхон аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн хариуцагч Ад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан материалд Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаартай дүгнэлтээр Нын биед гэмтэл тогтоогдоогүй гэсэн байна.

Гэвч “Дахин шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай”Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор томилогдсон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 323 дугаартай дүгнэлтээр Нын биед тархи доргилт, зүүн гуя, цээжний зөөлөн эдийн гэмтэл үүсч байжээ. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт гарсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр энэхүү гэм хорын улмаас Нын биед тархи доргилттой, нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөл хөхрөлттэй, тархи хавантай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүү Н нуруу нь үргэлж өвдөх болсон тул байнгын хэвтэх шаардлагатай, хичээл сургуульдаа явж чадахгүй эмчийн магадлагаа байнга авах болжээ.

Нэхэмжлэгч нь “Хүү маань гэмтэл авснаас хойш 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Медипас эмнэлэгт бүсэлхий нугаламын рентген зураг 30.000 төгрөг, КТГ-т толгойн зураг авахуулахад-150.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр MRI толгойн зураг 240.000 төгрөг нийт 420.000 төгрөний зардал гаргасан. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэдрэлийн тасгийн их эмчийн үзлэгт ороод амбулаторын картанд эмчилгээ бичигдсэн ба 50.000 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн. Очир увидас хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 10 хоногийн 350.000 төгрөг, мэдрэлийн эмчийн бичиж өгсөн баримтын дагуу 50.000 төгрөг эм тарианы зардал нийт 820.000 төгрөг болсон” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Ийнхүү хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Нын эрүүл мэндэд хууль бусаар гэм хор учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс,түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах,нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас эмчилгээний зардал 820.000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа эм тариа, эмчилгээний зардал нь хэрэгт авагдсан нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, Медипас эмнэлэгийн дүрс оношлогооны тасгийн бүсэлхий нугаламын 2 байрлалын рентген зураг, MRI-толгойн зураг, КТГ-ийн  толгойн зураг, эмнэлгийн магадлагаа, Жист-эрд эмийн сангийн бичиг, Медипас эмнэлэгт төлбөр төлсөн баримт, Очир-Увидас эмнэлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлйин 505.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан Агаас 820.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тд олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24,230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,230 төгрөг, гаруулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.БЯМБАСҮРЭН

                     ШҮҮГЧИД                                        Б.ХИШИГДАВАА

                                                                            Р.ҮҮРИЙНТУЯА