Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 126/2017/0025/з |
Дугаар | 209 |
Огноо | 2018-05-02 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 209
Ж.Д-ын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын
даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс миний өргөдлийг шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан намайг ажилд эгүүлэн тогтоохыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт даалгах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах”
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0080 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан О Ж-ийн Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох”-ыг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас хохирол 548784,5 /таван зуун дөчин найман мянга долоон зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутган тооцож гаргуулж нэхэмжлэгч Ж.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д олгохоор шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0080 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг баримтлан “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс миний өргөдлийг шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан намайг ажилд эгүүлэн тогтоохыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах” шаардлага бүхий Ж.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Төрийн албанаас хуульд заасан үндэслэлээр түр чөлөө авсан миний бие түр чөлөө авсан шалтгаан арилсан тул 2016 оны 2 дугаар сараас хойш ажилдаа буцаж орох талаар хөөцөлдсөөр эгүүлэн томилуулж чадалгүй туйлдаа хүртэл хөөцөлдөж, хөдөлмөрлөх эрхээ түр чөлөө авсан шалтгаан арилснаас хойш 2 жил гаруй хугацаанд зөрчүүлж байгаадаа маш их гомдолтой байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0080 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 80 дугаар зүйлийн 80.1, 80.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэн надад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1,5 жил хүртэл хугацаагаар үүрэгт ажлаас нь түр хугацааны чөлөө олгож шийдвэрлэсэн үйл баримтад талууд маргаагүй. Энэ тушаал нь өнөөдөр ч хүчин төгөлдөр байна.
5. Иймд дээрх тушаалаар ажил олгогч миний албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг хүлээсэн байна. Тухайн шийдвэр гаргах үеийн талуудын тохиролцоо, ажил олгогчийн өөрийн нь зөвшөөрөл, шийдвэрийг шүүх хуулийн бусад зохицуулалтаар нөхцөл байдлыг өөрчлөн дүгнэх эрх зүйн боломжгүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлээс давсан, түүнд хамаагүй хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзэхээр байна. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үндэслэл нь дээрх тохиролцоонд хамааралгүй юм. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгална”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т зааснаар хууль заасан бусад тохиолдолд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авахаар зохицуулалтыг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй. Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн а)-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасны дагуу нэхэмжлэгч миний түр чөлөөний хугацаа дуусмагц ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг ч ажил олгогч мөн хүлээж байна. Энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй орхижээ.
6. Нэхэмжлэгч миний бие ажил олгогчийн зохих зөвшөөрөл, шийдвэрээр 1,5 жил хүртэл хугацаагаар чөлөө авсан, чөлөө авсан шалтгаан арилсны дараа /хэзээ ч арилж болно/ 1,5 жилийн хугацаан дотроо ажилдаа орох эрхтэй болохыг үгүйсгэх үндэслэлгүйг шүүх анхаарсангүй.
7. Захиргааны хэргийн шүүхийн үндсэн үүрэг нь төрийн албан хаагчийн хууль бус ажиллагаанаас иргэдийг хамгаалах, хууль бус, үйлдэл эс үйлдэхүйг тогтоох ёстой атал эсрэгээрээ ажил олгогчийн тушаал шийдвэрт хэрэглээгүй хууль хэрэглэн ажилтны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан нь язгуур үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч тухайн үед буруу тушаал гаргасан бол хариуцлагыг ажил олгогч хүлээх болохоос ажилтан хүлээх учиргүй. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэлт баталгаагаар миний биеийг хангагдсан гэж үзнэ.
8. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэсэн тухай Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд шүүгч өөрөө татгалзан гарах үүргийг тодорхойлжээ. 84 дүгээр зүйлийн 84.1.6 дахь хэсэгт “... давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” бол өөрөө татгалзан гарахаар заасныг зөрчсөн байна. Тухайлбал, энэ хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, 221/МА2017/0261 дүгээр магадлал гаргасан. Гэтэл дээрх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр давж заалдах шатны журмаар дахин хянан хэлэлцэхэд шүүгч Д.Баатархүү даргалж, Б.Тунгалагсайхан, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, шийдвэрлэснээр Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нар өөрсдөө татгалзан гараагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.
9. Шүүх хэрэгт авагдаагүй үйл баримтыг дүгнэсэн тухай: Давж заалдах шатны шүүхээс З.Н нь шинээр бий болсон албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүйгээс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Ж.Д-ын ажиллаж байсан Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоонд З.Н-ийг түр, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд С.Э-ийг жинхлэн томилсон. С.Э нь тэтгэвэр гарсан боловч түүний ажиллаж байсан албан тушаалд тавигдах шаардлагыг Ж.Д хангаагүй байсан учир төрийн албаны зөвлөлөөс өөр этгээдийн нэрийг дэвшүүлж томилсон нь тогтоогдож байгаа гэсэн нь хэрэгт цугларсан баримтаас зөрүүтэй, өөрөөр хэлбэл, дээрх дүгнэлтэд шууд хамааралтай баримт хэрэгт байхгүй болно. Энэ нь нэхэмжлэгч миний биеийг түр чөлөө авсны дараа хуулиар хадгалагдаж байгаа миний ажлын байранд дээр З.Н-ийг тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр томилсон байна. /хх-27/ Өнөөдөр ч гэсэн түр томилгоотой хэвээрээ байгаа. Энэ нь миний ажлын байр хадгалагдаж байгааг нотолно.
10. Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/2470 тоот албан бичгээр Баянзүрх сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний ажлын байрны захиалга ирээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо зарлагдаагүй талаар тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байхад шүүх “С.Э-ийн ажиллаж байсан албан тушаалд тавигдах шаардлагыг Ж.Д хангаагүй байсан учир төрийн албаны зөвлөлөөс өөр этгээдийн нэрийг дэвшүүлж томилсон” гэж хийсвэр дүгнэлт хийж, нотлох баримтын үнэлгээний суурь зарчим зөрчсөн.
11. Нэхэмжлэгч Ж.Д, гуравдагч этгээд З.Н, С.Э нарын ажлын байрны тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг хэрэгт авагдаагүй байхад “тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг Ж.Д хангаагүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийх боломжгүй.
12. Магадлалын үндэслэх хэсэгт: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Учир нь, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргаас нэхэмжлэгч миний биеийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн аливаа тушаал, шийдвэр гаргаагүй, энэ талаар ямар ч баримт хэрэгт байхгүй нөхцөлд дээрх дүгнэлтийг хийсэн нь шүүгч хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
13. Иймд гомдолд дурдсан нотлох баримтанд буруу үнэлэлт өгсөн, шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа ноцтой зөрчсөн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0080 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
15. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Чөлөө олгох тухай” Б/43 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.2, 35 дугаар зүйлийн 35.1.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.Д-ыг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1.5 жил хүртэл хугацаагаар үүрэгт ажлаас захиргааны түр чөлөө олгохоор шийдвэрлэжээ.
16. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” нөхцөлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлд хамаарах бөгөөд мөн зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн... төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэжээ.
17. Захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн Ж.Д хуулийн дээрх зохицуулалтын дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байгаа тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.2-т “...төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэсэн заалт үйлчлэх бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий этгээдээс нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх захиалгаа харъяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд ирүүлснээр нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэн томилох боломжтой юм.
18. “С.Э нь тэтгэвэрт гарсан боловч түүний ажиллаж байсан “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд тавигдах шаардлагыг Ж.Д нь хангахгүй байсан учраас төрийн албаны зөвлөлөөс өөр этгээдийн нэрийг дэвшүүлж томилсон, харин Ж.Д-ын ажиллаж байсан албан тушаалд З.Н томилогдон ажиллаж байх тул тэднийг хууль бусаар чөлөөлж, Ж.Д-ыг томилох боломжгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.
19. Нэхэмжлэгч нь “хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэсэн тухай” хяналтын гомдолдоо дурдсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0261 дүгээр магадлалаар өөр шаардлага бүхий нэхэмжлэлтэй өөр хэргийг хянан шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.6-д заасны нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй.
20. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0080 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН