Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Х.Цэрэнпунцаг, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ойдовсамбуу нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000151 хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1041Д тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, НФ95081019 регистрийн дугаартай, Боржгон овгийн Хадбаатарын Цэрэнпунцагт холбогдох хэргийг 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Х.Цэрэнпунцаг нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 20 цаг 37 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Сади-констракшн ХХК-ний урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол...-ын гэрлүүд асахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт: Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл техникийн зөрчил 5.1-д заасан “Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохирохгүй” гэсэн заалтыг зөрчин Ниссан Санни маркийн 31-17 УНР улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Дамдинноровыг мөргөж амь насыг нь хохироон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн, дээрх зам тээврийн осол гаргаад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

  

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч   Х.Цэрэнпунцаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж  байхад ээж ирээд ахын бие   муу байна гээд би, аав, ээж бид нар Өвөрхангай аймаг Хархорин орохоор Ниссан Санни маркын 31-17 УНР улсын дугаартай авто машиныг жолоодон 22-ын товчоо орох гээд явж байхад гэнэт түс хийх чимээ гарсан. Би цаашаа нилээн явж байгаад машинд эвдрэл учирсан байсныг, өөрөөр хэлбэл  баруун талын толь байхгүй, урьд салхины шил цуурсныг мэдсэн. Тэгээд Төв аймаг Лүн сум ороход замын цагдаагийн ажилтан зогсоож юу болсон талаар асууж байцаалт авсан гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ойдовсамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Талийгаач нь миний аав байсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Оршуулгын зардал бүрэн төлөгдсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч Х.Цэрэнпунцагаас  нийт 11.880.000 төгрөг төлж өгсөн гэв.

 

Хохирогч Д.Ойдовсамбуу мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Миний аав төлөв даруу, нийтэч, шударга зантай хүн байсан. Хааяа нэг архи уудаг байсан, гэхдээ байнга архи уугаад байдаггүй байсан юм. Гомдолтой, оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх болно…гэжээ. /1хх-170-171/,

 

Гэрч О.Борбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…2017 оны 03 дугаар сарын эхээр байхаа өдрийг нь сайн санахгүй байна... Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвөөс Эмээлт рүү салаад ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 50 орчим км/ц-ийн хурдтай явж байтал гэрлийн үзүүрт буюу нэгдүгээр эгнээнд хүн хэвтэж байгаа харагдахаар нь тухайн хүний зүүн гар талаар нь өнгөрөөд баруун гар тал руугаа замаа чөлөөлөөд зогссон. Тэгээд би машинаас буугаад тэр хүн рүү явж байтал надтай зэрэгцээд хоёр цагдаа ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 88913646 гэсэн дугаараас 103-т дуудлага өгчихөөд хоёр цагдаад хэлээд яваад өгсөн юм. Намайг очиход тухайн хүн нь ухаантай, гэхдээ ямар нэгэн зүйл ярихгүй байсан ба ойр орчимд нь машины гэрлийн хагархай, тольны суурины хагархай тус тус эд зүйлүүд байсан санагдаж байна. Мөн тэр хүний хиймэл шүд нь зам дээр хэвтэж байсан. Өөр зүйл анзаараагүй. Ямар нэгэн машин байхгүй байсан. Ямар ч л байсан харанхуй болчихсон, гэгээ тасарсан байсан ба 20 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тухайн үед би эхнэр, хүүгийнхээ хамт явж байсан. Замын гэрэлтүүлэггүй, цаг агаарын байдал тогтуун, үзэгдэх орчин хэвийн, цас бороо ороогүй, хальтиргаа гулгаагүй, хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ асфальтан зам байсан. Зам эвдрэлгүй байсан…гэжээ. /1хх-178/,

 

Гэрч Г.Хүрэл-Арслан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…2017 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна тэр өдөр 20 цаг өнгөрч байхад би ажлын байрандаа кино үзээд сууж байтал манай хашааны нохой хуцаад байхаар нь гарсан чинь хүн орилоод байхаар нь…зам руу алхаж байтал зам дээр нэг хүн хэвтчихсэн гар нь гозогноод байсан ба очтол Хьюндай Портер маркийн машин зогсчихсон тухайн машинаас эрэгтэй хүн гарч ирээд цагдаад дуудлага өгч байсан. Тэгтэл нээх удалгүй цагдаа ирээд намайг дуудахаар нь очоод харсан чинь миний таньдаг бололтой хүн байсан...цагдаа нар ирж ослын газарт хэмжилт, хэргийн газарт үзлэг хийгээд явсан. Замын ертөнцийн зүгээр баруун талд баруун урагшаа харсан байдалтай баруун хажуугаараа хэвтчихсэн байдалтай байсан юм...Ойр орчимд машины гэрлийн хагархай бусад зүйлүүд байх шиг байсан...Манайх ямар нэгэн камер байхгүй…гэжээ. /1хх-180-181/,

 

Гэрч М.Цэцэнсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…2017 оны 03 дугаар сарын 02-ны орой 18 цаг 40 минут орчимд би 3-н хүүхэдтэйгээ хамт гэртээ байж байтал талийгаач хадам аав Ц.Дамдинноров нь ганцаараа орж ирээд цай уучихаад, нэг тамхи ороож аваад 19 цагийн орчимд харилаа гээд гараад явсан. Тэгтэл 21 цагийн орчим нэг цагдаа манай гэрийн замын баруун талд байдаг манаачтай хамт орж ирэх гэхээр нь би ганцаараа гарч очсон чинь тэр цагдаа утсан дээрээ зураг дарчихсан юм лавлаж байсан. Утсан дээрхи зургаа үзүүлэхээр нь энэ хүн нь манай хадам аав байна гэж хэлээд ар гэрийнхэндээ мэдэгдчихээд ослын газарт очиход талийгаач аавыг маань түргэн тусламж аваад явчихсан байсан. Ослын ойр орчимд талийгаач аавын маань малгай, машины толь, гэрлийн хагархайнууд байсан...Хадмынх манайхаас баруун тийшээгээ ойролцоогоор 2 км зайд байдаг…гэжээ. /хх-183-184/,

 

Гэрч Ц.Тунгалаг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа очиж цэвэрлэгээгээ хийж дуусаад даргаасаа хэд хоногийн чөлөө аваад гэртээ 19 цагийн орчимд очсон. Улмаар миний хүү Х.Цэрэнпунцаг нь өөрийн эзэмшлийн бор саарал өнгийн Ниссан Санни маркийн 31-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би нөхрийнхөө хамт суугаад Өвөрхангай аймгийн Хархорин сум руу Улаанбаатар хотоос хөдлөөд явж байтал түс тас гэх чимээ гарахаар нь хүүгээсээ “юу болов оо” гэж асуутал юу ч дуугарахгүй байснаа “мэдэхгүй” гэж хэлээд яваад байсан. Ингээд би хэсэг хугацаанд унтаад өгсөн. Тэгтэл Төв аймгийн Лүн сумын цагдаагийн постон дээр цагдаа манай машиныг зогсоочихсон байсан...Машинаас буухад машины баруун гар талын эд анги эвдэрчихсэн байса...Би машины жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Миний хүүгийн машин нь баруун гар талдаа жолооны хүрдтэй. Нөхөр маань арын суудалд сууж явсан. Осол болох үед явган зорчигч нь хаанаасаа аль чиглэлтэй явсаныг анзаараагүй, мэдэхгүй байна. Жолооч талд буюу зүүн гар талд гэнэт л түс тас гэх чимээ гарсан. Энэ үед миний хүү машинаа зогсоогоогүй. Ослоос хойш Төв аймгийн Лүн сумын цагдаагийн пост орох хүртэл замдаа зогсолт хийгээгүй...гэжээ. /1хх-186/,

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №534 тоот дүгнэлтэнд:

  1. Талийгаачид баруун дагз хэсгийн хуйхны цус хуралт, дагз ясанд баруун төвгөр дайрсан хөндлөн хугарал, их тархины 2 тал бөмбөлгийн чамархай, дагз, суурь хэсийн зөөлөн бүрхүүлийн дорхи тархмал цус хуралт, баруун чамархайн суурь хэсэгт эдийн няцрал цусан хураа, баруун духны суурь хэсгийн тархмал тархины эдийн няцрал, зүүн 5,6,7,8 дугаар хавирганы суганы ар шугамаар хугарал, баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мөргөгдөх, унах үед үүсгэгдэх боломжтой.
  3. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.
  4. Эмнэлэгт эмчлэгдсэн тул согтолт үзсэнгүй.
  5. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй...гэжээ. /1 хх-195/,

 

 

 

 

Шинжээч эмч  Б.Ариунзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Гэмтлүүдийг харахад талийгаач Ц.Дамдинноров нь босоогоос мөргөгдөж унах үед үүсгэгдэх боломжтой болно. Гавал тархины гэмтэл нь хүнд учраас эмчилгээ нь үр дүн муутай байсан тул амь  насыг аврах боломжгүй… гэжээ. /1хх-197/,

 

          Шүүхийн криминалистикийн шинжээчийн №1414 тоот акт Дүгнэлт:

 1. Шинжилгээнд ирүүлсэн 1-9 гэж дугаарласан хар хуванцарууд хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхэл үүсгэж байна. Харин бусад эд зүйлүүд хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхэл үүсгэхгүй байна.

 2. Шинжилгээнд ирүүлсэн нэг бүхэл үүсгэсэн хар хуванцарууд, нэмэлт гэрлийн тагнууд зэрэг нь Ниссан Санни маркийн автомашины хажуугийн толь, урд бамбайн нэмэлт гэрлийн таг байна. Бусад эд зүйлүүдийг ямар маркийн автомашины эд ангийн хагархайнууд болохыг тогтоох боломжгүй байна.

 3. Шинжилгээнд ирүүлсэн 1-9 гэж дугаарласан хуванцарууд автомашины баруун хажуугийн тольны хугархайтай өөр хоорондоо хагарлын зах ирмэг хэсгээрээ нэг бүхлийг үүсгэж байна. Мөн 15,16 гэж дугаарласан нэмэлт гэрлийн таг, 17 гэж дугаарласан гэрлийн хагархайнууд нь автомашины урд бамбайн нэмэлт гэрлийн баруун зүүн суурьтай, баруун урд талын дохионы гэрлийн суурьтай тус тус хэлбэр хэмжээгээрээ таарч байна.

 4. Бусад эд зүйлүүд нь Ниссан Санни маркийн 31-17 УНР улсын дугаартай автомашины эд ангитай зах ирмэг хэсгээрээ нэг бүхлийг үүсгэхгүй байна…гэжээ. /1хх-210/,

Шүүхийн криминалистикийн шинжээчийн №1413 тоот акт Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Ниссан Санни маркийн 31-17 УНР улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
  2. Уг автомашины урд бамбайн баруун булан цуурч хагарсан, баруун урд далбаа хонхойж зурагдсан гэмтэлтэй; салхины шил баруун талдаа цуурч хагарсан; баруун урд дохионы гэрэл асахгүй, хагарсан; баруун гадна толь хагарч хугарсан зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй, баруун их гэрэл асахгүй, хойд дугуйн тоормос барихгүй, хурд хэмжигч ажиллахгүй байна.
  3. Урд бамбайн баруун булан цуурч хагарсан, баруун урд далбаа хонхойж зурагдсан гэмтэлтэй; салхины шил баруун талдаа цуурч хагарсан; баруун урд дохионы гэрэл асахгүй, хагарсан; баруун гадна толь хагарч хугарсан зэрэг эвдрэл, гэмтлүүд ослын үед үүссэх боломжтой, хурд хэмжигч ажиллахгүй гэмтэл ашиглалтын явцад үүсэх тул осолд нөлөөлөхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материалд хэргийн газарт авсан гэрэл зургийн үзүүлэлтгүй, бүдүүвч зурагт “тоормосны мөр” гэж зурагдаагүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тоормосны мөрний талаар тэмдэглээгүй, туршилтаар; хойд дугуйн тоормосны мөр зам дээр үүсээгүй, зориулалтын багажаар тоормосны хүч, идэвхижилт, гэрлийн тусгал, чадлыг шалгаж тодорхойлоогүй зэрэг шалтгаан нөхцөлөөс тоормосны систем, гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагаа зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.
  4. Шинжилгээнд ирүүлсэн Ниссан Санни маркийн 31-17 УНР улсын дугаартай автомашин шингэн дамжуулгатай,  АВS системээр тоноглогдсон. Туршилтаар урд, хойд дугуйн тоормос харилцан адилгүй барина.
  5. Өвлийн улиралд бетон зам дээр урд дугуйн тоормосны чирэгдсэн мөр үүснэ, хойд дугуйнуудаас тоормосны мөр үүсэхгүй байв.
  6. Туршилт, оношлогоогоор шалгахад хянах самбар дээр байрлах спидометрийн

зүү зааж ажиллахгүй, энэ гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ, осолд нөлөөлөх үндэслэлгүй…гэжээ. /1хх-216-224/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

  1. Уг автомашиныг тэнхлэг болон тоормос шалгагч EWJ94060 төхөөрөмж дээр хэмжилт хийж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,30кН, баруун талдаа 2,00кН, зөрүү нь 13,04% /стандарт <20%/ буюу стандартын шаардлагыг хангаж байна. Хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,60кН, баруун талдаа 0,60кН, тоног төхөөрөмжин дээр хэмжилт хийхэд зогсоогүй, тоормос бариагүй. Зогсоолын тоормос ажиллагаатай байсан. Автомашины урд их гэрлийг БНСУ-д үйлдвэрлэсэн гэрэл шалгагч MQD-3C багажин дээр хэмжилт хийхэд зүүн гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0,0cd /стандарт 10000.0-225000.Оcd/ буюу гэрлийн тусгалын тохиргоо алдагдаж, тусгал нь доошоо болсон тул стандартын шаардлага хангахгүй байна. Харин баруун гар талын холын гэрэл асахгүй байсан тул хэмжилт хийгдээгүй. Мөн зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдаж, тусгал нь доошоо болсон байна…гэжээ. /1хх-229-232/,

 

            Шүүхийн криминалистикийн шинжээчийн №1823 тоот акт Дүгнэлт:

            1.Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материал, тээврийн хэрэгсэл, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвөөр Ниссан Санни маркийн 31-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зориулалтын багажаар тоормосны хүч, идэвхижилтийг шалгасан үзүүлэлтийг үндэслэн хойд тэнхлэгний тоормос ажиллахгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Зүүн, баруун их гэрлийн хүчний хэмжилтүүд 0,0 cd /candel/, зүүн хол ойрын гэрлийн тусгал доошилсон, баруун талын их гэрэл асахгүй, дохионы гэрлийн чийдэнгийн спираль утас тасарсан зэрэг нь харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан үед орчноо гүйцэт харах боломж хангагдахгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй. Зам тээврийн осол хэрэг нь гэрэлтүүлэггүй замд харанхуй үед үйлдэгдсэн байх магадлалтай тул гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагаа осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй.

  2.Ниссан Санни маркийн 31-17 УНР дугаартай автомашины баруун талын эвдрэл гэмтэл, баруун урд далбааны гэмтлийн байршилын өндөр, хохирогчийн баруун хөлний бэртэл гэмтэл зэрэгт үндэслэн автомашин, явган зорчигч нарын мөргөлдөх үеийн байрлал нь автомашины баруун урд тал, явган зорчигчийн баруун гар талаар мөргөлдсөн байх үндэслэлтэй байна…гэжээ. /1хх-243-244/,

 

Техникийн шинжээчийн №149 тоот акт дүгнэлт:

           1.Ниссан Санни маркын 31-17 УНР улсын дугаартай автомашины жолооч Х.Цэрэнпунцаг нь МУ-ын ЗХД-ийн 9.1. заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно.

Мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил” 5.1. “Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй”, мөн дүрмийн 2.5 заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх зэргийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Ц.Дамдинноров нь МУ-ын ЗХД-ийн 3.4 заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, мөн дүрмийн 3.9. заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно”...г/ өөрийгеө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах. гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал тогтоогдохгүй байна…гэжээ. /2хх-76-77/,

             Зам тээврийн осол хэргийн газрын гэрэл зураг, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-2, 5-6/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх-3-4/, Ниссан Санни маркийн 31-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-8/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-12/, ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын схем зураг /1 хх-15-19/, ял шалгасан хуудас /2хх-39/, бусад бичгийн болон эд мөрийн баримт зэрэг болно.

                                                                                                                                        

Шүүгдэгч  Х.Цэрэнпунцаг 2017 оны 03 дугаар сарын 2-ны өдөр 20 цаг 37 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Сади-констракшн ХХК-ний урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол...-ын гэрлүүд асахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт: Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл техникийн зөрчил 5.1-д заасан “Гэрлиин тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохирохгүй” гэсэн заалтыг зөрчин Ниссан Санни маркийн 31-17 УНР улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Дамдинноровыг мөргөснөөс амь нас нь хохирсон, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн гэрч О. Борбаатарын “...ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 50 орчим км/ц-ийн хурдтай явж байтал гэрлийн үзүүрт буюу нэгдүгээр эгнээнд хүн хэвтэж байгаа харагдахаар нь тухайн хүний зүүн гар талаар нь өнгөрөөд баруун гар тал руугаа замаа чөлөөлөөд зогссон...Намайг очиход тухайн хүн нь ухаантай, гэхдээ ямар нэгэн зүйл ярихгүй байсан ба ойр орчимд нь машины гэрлийн хагархай, тольны суурины хагархай тус тус эд зүйлүүд байсан...” гэх /1хх-178/, гэрч Г.Хүрэл-Арслангийн ”…зам руу алхаж байтал зам дээр нэг хүн хэвтчихсэн гар нь гозогноод байсан...Замын ертөнцийн зүгээр баруун талд баруун урагшаа харсан байдалтай баруун хажуугаараа хэвтчихсэн байдалтай байсан...Ойр орчимд машины гэрлийн хагархай, бусад зүйлүүд байх шиг байсан юм...” гэх /1хх-180-181/, гэрч М.Цэцэнсайханы ”…гэртээ байж байтал талийгаач хадам аав Ц.Дамдинноров нь ганцаараа орж ирээд цай уучихаад нэг тамхи ороож аваад 19 цагийн орчимд “харьлаа” гээд гараад явсан...Ослын ойр орчимд талийгаач аавын маань малгай, машины толь, гэрлийн хагархайнууд байсан ба мөн ослын машин нь байхгүй байсан...” гэх /хх-183-184/, гэрч Ц.Тунгалагийн “…миний хүү Х.Цэрэнпунцаг нь өөрийн эзэмшлийн бор саарал өнгийн Ниссан Санни маркийн 31-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би нөхрийнхөө хамт суугаад Өвөрхангай аймгийн Хархорин сум руу Улаанбаатар хотоос хөдлөөд явж байтал түс тас гэх чимээ гарахаар нь хүүгээсээ “юу болов оо” гэж асуутал юу ч дуугарахгүй байснаа “мэдэхгүй” гэж хэлээд яваад байсан. Ингээд би хэсэг хугацаанд унтаад өгсөн. Тэгтэл Төв аймгийн Лүн сумын цагдаагийн постон дээр цагдаа манай машиныг зогсоочихсон байсан...Машинаас буухад машины баруун гар талын эд анги эвдэрчихсэн байсан...Осол болох үед явган зорчигч нь хаанаасаа аль чиглэлтэй явсаныг анзаараагүй, мэдэхгүй байна... Зүйрмэглээд л явж байсан. Энэ үед чимээ гарахаар нь цочиод сэрсэн...” гэх /1хх-186/, шинжээч эмч Б.Ариунзулын “…гэмтлүүдийг харахад талийгаач Ц.Дамдинноров нь босоогоос мөргөгдөж унах үед үүсгэгдэх боломжтой болно...” гэх /1хх-197/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн № 534,1413,1414,1823 дугаартай дүгнэлтүүд, техникийн шинжээчийн № 149 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд  шүүгдэгч Х.Цэрэнпунцагийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-д  зааснаар  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Цэрэнпунцаг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ойдовсамбуу гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар урд буферийн доод хэсэгт байрлах нэмэлт  гэрлийн таг хоёр ширхэг, толины суурьны хугархай 9 ширхэг, гэрлэн дохионы хагархай олон ширхэг, урд буферны хагархай 5 ширхэг, толины хагархай 1 ширхэг зэргийг устгахаар шийдвэрлэлээ.