Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 497

 

Х.Цэрэнпунцагт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

ялтан Х.Цэрэнпунцагийн өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгийн даргалж хийсэн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Цэрэнпунцаг, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.Цэрэнпунцагт холбогдох 201724000151 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Хадбаатарын Цэрэнпунцаг, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-4138в тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НФ95081019/,

Х.Цэрэнпунцаг нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 20 цаг 37 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Сади-констракшн” ХХК-ний урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ...-ын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 5.1-д заасан “Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохирохгүй” гэсэн заалтыг зөрчин “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Дамдинноровыг мөргөж амь насыг нь хохироон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн,

-дээрх зам тээврийн осол гаргаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/  тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Х.Цэрэнпунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Хадбаатарын Цэрэнпунцагийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Х.Цэрэнпунцагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Цэрэнпунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, Х.Цэрэнпунцагийн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Цэрэнпунцагт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Х.Цэрэнпунцагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Х.Цэрэнпунцаг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ойдовсамбуу нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах, зарлагын гүйлгээг хязгаарлах” тухай тогтоолыг, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урд буферийн доод хэсэгт байрлах нэмэлт гэрлийн таг хоёр ширхэг, толины суурь хугархай 9 ширхэг, гэрлэн дохионы хагархай олон ширхэг, урд буферны хагархай 5 ширхэг, толины хагархай 1 ширхэг зэргийг устгаж, Х.Цэрэнпунцагийн №931681 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа лицензийн төвд хүргүүлж,

Х.Цэрэнпунцагт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Х.Цэрэнпунцаг гаргасан давж заалдах гомдолдоо “...Миний буруутай хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж хохирогч Ц.Дамдинноровын амь нас хохирсонд их гэмшиж байна. Би өөрийн боломжийн хирээр хохирогчийн ар гэрт учирсан материаллаг хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хэрэг гарах үед талийгаач Ц.Дамдинноров гуай согтуу байсан нь хэрэг гарахад бага ч гэсэн нөлөөтэй байсныг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Би өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд дахин хэрэг төвөгт холбогдохгүй. Мөн миний ажил хөдөлмөр эрхэлж, тэтгэврийн насны эцэг, эхээ асрамжлан халамжилдаг байдлыг харгалзан үзнэ үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ойдовсамбуу тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Төрсөн аав Ц.Дамдинсүрэн минь 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд орж амь насаа алдаж бидэнд хүнд гарз хохирол учирсан. Шүүгдэгч Х.Цэрэнпунцаг нь гэм буруугаа ойлгож биднээс уучлалт гуйж зохих хэмжээгээр материаллаг болон сэтгэл санааны хохирол нөхөн төлсөн. Хохирогчийн ар гэрийнхэнээс одоо нэхэмжлэх зүйлгүй, дахин гаргах гомдол саналгүй тул түүнд оногдуулсан ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөрүүлж шийлвэрлэж өгнө үү. Бидний шүүхэс гаргаж буй хүсэлт нь шашны зан үйл болон хохирогчийн бидэнд хандаж байгаа хандлага, 22 настай залуу хүний амьдрал, талийгаачтай минь ойролцоо насны эцэг эхээ ажил хийж асрамжилдаг байдлуудыг харгалзан үзсэн юм.” гэжээ.

Ялтан Х.Цэрэнпунцагийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Х.Цэрэнпунцагт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсаныг тооцон үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт заасанд хамрагдуулан шийтгэсэн боловч хохирогчийн буруутай үйлдлийн талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй. Энэ байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэлгүй орхигдуулсныг өмгөөлөгчийн зүгээс учир дутагдалтай болсон гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2413 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт “Шинжилгээнд ирүүлсэн Ц.Дамдинноров 58н/эр гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Дамдинноров 58н/эр гэж хаягласан цусанд 1.8 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрч байгаа согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх, мөн 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 149 тоот шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “явган зорчигч Ц.Дамдинноров нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, мөн тухайн дүрмийн 3.9 дэх заалт “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хийхийг хориглоно. г/ өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж тодорхой дурдсан хуулийн шаардлага хангасан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Х.Цэрэнпунцагийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон буруутай үйлдлийг зөв гэж давж заалдах шатны гомдол гаргаж байгаа юм биш харин хэрэг учрал гарах болсон шалтгаант холбоо, гэм буруугийн сэдэлт дээр яллах тал, шүүх дүгнэлт өгч ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх эсэх дээр ялгамжтай хандах үндэслэл байсан талаар гомдолдоо дурдаж байгаа болно. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорууд энэ хэргийн хохирогчийн адил Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн хүнд, хөнгөн гэмтэл авсан хохирогчтой холбоотой хэргүүдийг прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгодог гэдгийг ажлын туршлагаас мэднэ. Харин хүний ам нас хохирсон тохиолдолд шууд яллах талыг барьдаг. Хүний амь нас үнэлж барамгүй зүйл боловч хуульчид тодорхой зүйл анги дээр хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд ялгамжтай шийдвэр гаргах нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар талд авагдсан Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 1414 дугаартай дүгнэлтийн 4 дэх хэсэгт “бусад эд зүйлүүд нь “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай автомашины эд ангитай зах ирмэг хэсгээрээ нэг бүхлийг үүсгэхгүй байна” гэж дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлт нь миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдлийг зөвтгөөгүй ч гэсэн түүний буруутай Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлтэй үйлдэл дээр өөр этгээд нэмж хохирогчид гэмтэл учруулсан байж болох талтайг харуулж байна. Иймд Х.Цэрэнпунцаг нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэгт анх удаа холбогдсон, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогчийн ар гэрт учирсан материаллаг болон сэтгэл санааны хохирлыг өөрийн боломжийн хэмжээгээр төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шинжээчийн дүгнэлтэд дурдаж байгаа ослын газраас олдсон хуванцар эд зүйлүүд зах ирмэгээр тохирохгүй байна гэснээс биш тухайн тээврийн хэрэгслийн эд анги биш гэсэн зүйл байхгүй. Гэхдээ эдгээр эд ангиуд нь тухайн “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай автомашины эд анги байна гэдэг нь тогтоогдсон. Явган зорчигч согтуу байсан тул Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж ярьж байна. Хэрэв зам тээврийн осол гаргасан жолооч буруугүй бөгөөд хохирогч согтуу байсан бол хэргийг хэрэгсэхгүй болгодог жишиг байдаг боловч энэ хэргийн хувьд Х.Цэрэнпунцаг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а, 5.1, 9.1 дэх заалтуудыг зөрчсөн. Х.Цэрэнпунцаг нь зам тээврийн осол гаргаад, осол гарсан газрыг санаатай орхиж, зугтаасан. Энэ ослын улмаас хүний амь нас хохирсон. Иймд шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ойдовсамбуу “Хэдийгээр хохирол төлбөр авсан боловч бид гомдолтой байна” гэж байсан. Шүүгдэгч Х.Цэрэнпунцаг зам тээврийн осол гаргаад зугтаасан үйлдлийн тухай шүүгчийн асуултад “Би мэдээгүй явсан” гэдэг байдлаар хариулж үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан тул хэргээ хүлээхгүй байна гэсэн үндэслэлээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Одоо шүүгдэгч хэргээ хүлээн, гэм буруугаа ойлгосон, хохирогч гомдол, саналгүй гэсэн учир шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсэхэд прокурорын зүгээс тодорхой санал байхгүй. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангажээ.

Х.Цэрэнпунцаг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ...-ын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 5.1-д заасан “Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохирохгүй” гэсэн заалтыг зөрчин 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 20 цаг 37 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Сади-констракшн” ХХК-ний урд замд “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Дамдинноровыг автомашинаар мөргөж амь насыг нь хохироон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн,

-улмаар уг зам тээврийн осол гаргаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/  тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-ялтан Х.Цэрэнпунцагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..би өөрийн эзэмшлийн бор саарал өнгийн “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон аав, ээж хоёрын хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хар хорин сум руу очих зорилгоор ертөнцийн зүгээр баруун урагшаагаа буюу зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр /яг хэдэн км цагийн хурдтай явсанаа мэдэхгүй/ явж байтал миний баруун гар тал нэг юм тас буугаад явчих шиг л болсон. Тэгтэл аав, ээж хоёр надаас “Яасан юу мөргөчихвөө” гэж асуухаар нь “Мэдэхгүй” гэж хэлээд зогсолгүй цаашаагаа явж байсан чинь Төв аймгийн Лүн сумын цагдаагийн постон дээр танихгүй цагдаа намайг дохихоор нь зогстол миний бичиг баримтуудыг шалгахаар нь осол гаргасан талаараа цагдаад хэлж хүлээн зөвшөөрсөн. Тэр үедээ цагдаад сандраад шон мөргөсөн гэж худлаа хэлсэн. Дараа нь айгаад үнэнээ хэлсэн юм. Улмаар тэр цагдаа төв рүүгээ мэдэгдэж, миний автомашиныг ачигч дуудаж ачуулаад, дараа нь надаас нэг цагдаа тус постондоо оруулж тайлбар авсан юм.” гэх мэдүүлэг /хх2, х11-12/,

-гэрч О.Борбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 3 дугаар сарын эхээр байх, өдрийг нь сайн санахгүй байна. Орой гэртээ харих зорилгоор Эрхүүд ХХК-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Хьюндай Портер” загварын 83-20 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодон Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвөөс Эмээлт рүү салаад ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байтал гэрлийн үзүүрт буюу нэгдүгээр эгнээнд хүн хэвтэж байгаа харагдахаар нь тухайн хүний зүүн гар талаар нь өнгөрөөд баруун гар тал руугаа замаа чөлөөлөөд зогссон. Тэгээд би автомашинаас буугаад тэр хүн рүү явж байтал надтай зэрэгцээд хоёр цагдаа ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө “88913646” гэх дугаараас 103 утсанд дуудлага өгчихөөд хоёр цагдаад хэлээд явсан. Намайг очиход тухайн хүн нь ухаантай, гэхдээ ямар нэгэн зүйл ярихгүй байсан ба ойр орчимд нь автомашины гэрлийн хагархай, тольны суурины хагархай эд зүйлүүд байсан санагдаж байна. Мөн тэр хүний хиймэл шүд нь зам дээр хэвтэж байсан. Өөр зүйл анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх1, х178/,

-гэрч Т.Хүрэл-Арслангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...зам руу алхаж байтал зам дээр нэг хүн хэвтчихсэн гар нь гозолзоод байсан ба очтол “Хьюндай Портер” загварын автомашин ирээд зогсчихсон. Тухайн автомашины жолооч гарч ирээд цагдаад дуудлага өгч байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг дуудахаар нь очоод харсан чинь миний таньдаг бололтой хүн байсан. Хамт эмнэлэгт очоод цагдаа зургийг нь үзүүлэхэд манай хадам аав мөн байсан.” гэх мэдүүлэг /хх1, х180-181/,

-гэрч Ц.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний хүү Х.Цэрэнпунцаг нь өөрийн эзэмшлийн бор саарал өнгийн “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би нөхрийнхөө хамт суугаад Өвөрхангай аймгийн Хархорин сум руу Улаанбаатар хотоос хөдлөөд явж байтал түс тас гэх чимээ гарахаар нь хүүгээсээ “юу болов оо” гэж асуутал юу ч дугарахгүй байснаа “мэдэхгүй” гэж хэлээд яваад байсан. Ингээд би хэсэг хугацаанд унтаад өгсөн. Тэгтэл Төв аймгийн Лүн сумын цагдаагийн постон дээр цагдаа манай автомашиныг зогсоочихсон байсан. Бид нараас цагдаа “та нар хаа хүрч байгаа улсууд вэ” гэж асуухаар нь би “ээжийн дүүгийн бие муудаад байгаа юм аа” гэж хэлсэн чинь манай хүүг цагдаа нар авч явсан. Автомашинаас буухад автомашины баруун гар талын эд анги эвдэрчихсэн байсан ба миний хувьд ямар ямар эд анги нь эвдрэлд орсон байсныг нь хэлж мэдэхгүй байна. Эвдрэх нь эвдэрчихсэн байсан. Дараа нь хотоос цагдаагийн автомашинтай цагдаа нар ирж бид гуравыг авч явсан. Харин хүүгийн автомашиныг ачигч дуудаж ачуулж Улаанбаатар хот руу явуулсан.” гэх мэдүүлэг /хх1, х186/,

-гэрч Ц.Хадбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний төрсөн хүү Х.Цэрэнпунцаг нь өөрийн эзэмшлийн бор саарал өнгийн “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би эхнэрийн хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бүрд сум явж байхад миний бие автомашины арын суудалд зүүрмэглээд явж байсан. Гэтэл түс тас гэх чимээ гарахаар нь би сэртэс хийгээд хүүгээсээ “яасан юу болсон бэ” гэж асуусан чинь “яагаачгүй” гэж хэлээд яваад байсан. Тэгэхээр нь би эргээд унтаад өгсөн. Тэгтэл нэг сэрсэн чинь Төв аймгийн Лүн сумын цагдаагийн постон дээр зогсчихсон байхаар нь хүүгээсээ “яасан юу болсон бэ” гэж асуусан чинь “ааваа би хүн дайрчихсан юм аа” гэж хэлэхээр нь “чи тэр үедээ зогсохгүй явсан юм бэ” гэж хэлсэн чинь юу ч хэлж чадахгүй сандарчихсан байдалтай яваад байсан. Улмаар тус сумын цагдаа нь манай хүүг авч яваад өрөөндөө тайлбар авсан. Дараа нь Улаанбаатар хотоос цагдаагийн алаг автомашин ирж бид гуравыг хот руу авч явсан. Харин миний хүүгийн автомашиныг ачигч дуудаад Улаанбаатар хот руу ачуулсан юм.” гэх мэдүүлэг /хх1, х188/,

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачид баруун дагз хэсгийн хуйхны цус хуралт, дагз ясанд баруун төв дайрсан хөндлөн хугарал, тархины 2 тал бөмбөлгийн чамархай, дагз, суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн дорхи тархмал цус хуралт, баруун чамархайн  суурь хэсэгт эдийн няцрал, зүүн 5, 6, 7, 8 дугаар хавирганы суганы ар шугамаар хугарал, баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь авто ослын үед мөргөгдөх, унах үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Эмнэлэгт эмчлэгдсэн тул согтолт үзсэнгүй. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх 534 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х194-195/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг автомашины урд бамбайн баруун булан цуурч хагарсан, баруун урд далбаа хонхойж зурагдсан гэмтэлтэй; салхины шил баруун талдаа цуурч хагарсан; баруун урд дохионы гэрэл асахгүй, хагарсан; баруун гадна толь хагарч хугарсан зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй, баруун их гэрэл асахгүй, хойд дугуйн тоормос барихгүй, хурд хэмжигч ажиллахгүй байна. Урд бамбайн баруун булан цуурч хагарсан, баруун урд далбаа хонхойж зурагдсан гэмтэлтэй; салхины шил баруун талдаа цуурч хагарсан; баруун урд дохионы гэрэл асахгүй, хагарсан; баруун гадна толь хагарч хугарсан зэрэг эвдрэл, гэмтлүүд ослын үед үүсэх боломжтой, хурд хэмжигч ажиллахгүй гэмтэл ашиглалтын явцад үүсэх тул осолд нөлөөлөхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материалд хэргийн газарт авсан гэрэл зургийн үзүүлэлтгүй, бүдүүвч зурагт “тоормосны мөр” гэж зурагдаагүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тоормосны мөрний талаар тэмдэглээгүй, туршилтаар хойд дугуйн тоормосны мөр зам дээр үүсээгүй, зориулалтын багажаар тоормосны хүч, идэвхижилт, гэрлийн тусгал, чадлыг шалгаж тодорхойлоогүй зэрэг шалтгаан нөхцөлөөс тоормосны систем, гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагаа зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай автомашин шингэн дамжуулгатай, ABS системээр тоноглогдсон. Туршилтаар урд, хойд дугуйн тоормос харилцан адилгүй байна. Өвлийн улиралд бетон зам дээр урд дугуйн тоормосны чирэгдсэн мөр үүснэ, хойд дугуйнуудаас тоормосны мөр үүсэхгүй байв. Туршилт, оношлогоогоор шалгахад хянах самбар дээр байрлах спидометрийн зүү зааж ажиллахгүй, энэ гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ, осолд нөлөөлөх үндэслэлгүй.” гэх 1413 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х216-218/,

“...Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материал, тээврийн хэрэгсэл 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвөөр “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зориулалтын багажаар тоормосны хүч идэвхижилтийг шалгасан үзүүлэлтийг үндэслэн хойд тэнхлэгийн тоормос ажиллахгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй. Зүүн, баруун их гэрлийн хүчний хэмжилтүүд 0,0cd (candel), зүүн хойд ойрын гэрлийн тусгал доошилсон, баруун талын их гэрэл асахгүй, дохионы гэрлийн чийдэнгийн спираль утас тасарсан зэрэг нь харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан үед орчноо гүйцэт харах боломж хангагдахгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй. Зам тээврийн осол хэрэг нь гэрэлтүүлэггүй замд харанхуй үед үйлдэгдсэн байх магадлалтай тул гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагаа осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй. “Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай автомашины баруун талын эвдрэл гэмтэл, баруун урд далбааны гэмтлийн байршилын өндөр хохирогчийн баруун хөлний бэртэл гэмтэл зэрэгт үндэслэн автомашин, явган зорчигч нарын мөргөлдөх үеийн байрлал нь автомашины баруун урд тал, явган зөрчигчийн баруун гар талаар мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.” гэх 1823 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х242-244/,

“...Ниссан Санни” загварын 31-17 УНР улсын дугаартай автомашины жолооч Х.Цэрэнпунцаг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно. Мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил” 5.1 “Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй”, Мөн дүрмийн 2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/  тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” зэрэг заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Дамдинноров нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” мөн дүрмийн 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно.” г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах. гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал тогтоогдохгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх2, х75-76/,

-Авто тээврийн үндэсний төвийн “...Уг автомашиныг тэнхлэг болон тоормос шалгагч EWJ94060 төхөөрөмж дээр туршилт хийж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,30кH, баруун талдаа 2,00кH, зөрүү нь 13,04% (стандарт <20%) буюу стандартын шаардлагыг хангаж байна. Хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,60кH, баруун талдаа 0,60кH, тоног төхөөрөмжин дээр хэмжилт хийхэд зогсоогүй, тоормос бариагүй. Зогсоолын тоормос ажиллагаатай байсан. Автомашины урд их гэрлийг БНСУ-д үйлдвэрлэсэн гэрэл шалгагч MQD-3C багажин дээр хэмжилт хийхэд зүүн гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0,0cd (стандарт 10000.0-225000.cd) буюу гэрлийн тусгалын тохиргоо алдагдаж, тусгал нь доошоо болсон тул стандартын шаардлага хангахгүй байна. Харин баруун гар талын холын гэрэл асахгүй байсан тул хэмжилт хийгдээгүй. Мөн зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдаж, тусгал нь доошоо болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх1, х229-231/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х2/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х5-8/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х9/,

Цогцост үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х10-12/,

Ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх1, х15/,

Ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х18-19/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Х.Цэрэнпунцагийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Гэвч ялтан Х.Цэрэнпунцаг нь одоо 22 настай, болгоомжгүй хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ойдовсамбууд хохирол төлбөр төлж барагдуулсан, яллах дүгнэлт үйлдсэн улсын яллагчийн зүгээс “Х.Цэрэнпунцагт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахад татгалзах зүйлгүй” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ойдовсамбуу нь “Хохирогчийн ар гэрийнхэнээс одоо нэхэмжлэх зүйлгүй, дахин гаргах гомдол саналгүй тул оногдуулсан ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөрүүлж шийлвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд ялтан Х.Цэрэнпунцаг, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Хадбаатарын Цэрэнпунцагт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоон, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай” гэсэн нэмэлтийг,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Хадбаатарын Цэрэнпунцагт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Х.Цэрэнпунцаг нь 38 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                            Д.ГАНСҮХ

                                                                                         Ц.ОЧ