Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

2019        09         04                                    125

 

 

Х-гийн нэхэмжлэлтэй хариуцагч

Н-, Г-, Э-

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00801 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н-, Г-, Э- нарт холбогдох,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамж, 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Н-, Э- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2017 оны 12 дугаар сард Э-ээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг худалдан авсан. Уг газрыг өмчлөх эрх улсын бүртгэлийн Г-2101016764 дугаарт миний нэр дээр бүртгэгдсэн. Өөрийн өмчлөлийн газрыг шинээр хашаажуулах зорилгоор 2018 онд газрын кадастрын зургийн дагуу холбогдох мэргэжилтнээр хэмжүүлж цэг хатгуулан шон зоосон. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын сүүлчээр дай мод бэхэлж банзаар хашаа барих гэсэн боловч Н-, түүний нөхөр гэх Эрдэнэбулган нар нь хашаа бариулахгүй бид энэ газрыг авах ёстой гэх мэтээр дураараа аашлаад зогсохгүй надад газраа зар гэх мэт шаардлагыг тавьж дайрч доромжилсон. Газар маань эзэнгүй байсан тул хөдөөнөөс нүүж ирсэн Л гэх айлыг өмчлөлийн газар дээрээ 6 сард буулгасан боловч Н-, Э, Г- нар нь Л-ийг хэл амаар доромжлон газраас нүүхээс өөр аргагүй байдалд оруулан нүүлгэсэн. Мөн дээрх газрын нийтийн эзэмшил рүү нэвтрэх хэсэг буюу хаалга гарах хэсгийг бүхэлд нь төмөр хашаагаар үргэлжлүүлэн хаасан байгаа ба уг төмөр хашааг буулгаж авах талаар шаардлага тавьсан боловч хашааг барьсан эзэн болох Н-, Э нарын хүүхэд болох Г- нь хашааг буулгалгүй байсаар өдийг хүрээд байна. Ийнхүү надад бусдын хашааг буулгах эрх байхгүй төдийгүй өөрийн өмчлөлийн уг газрыг ашиглах, хашаажуулах зэргээр өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамж, 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг Н- түүний нөхөр Эрдэнэбулган, Г- нарт даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г-, Н-, Э- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Газрын албаны ажилтны хэмжиж, тэмдэглүүлж өгсний дагуу Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн одоогийн Хабитатын 9 -1а, б хаягт байрлах газрын нүүрэн талыг битүүлж 2017 оны 7 сарын 1-нд төмөр хашаа барьсан. Тухайн үед газрын гэрчилгээгээ гаргуулах болоход Хабитатын 9-1а байрлалд иргэн Э-т өмчлөх хүсэлт гаргаагүй очерт ороогүй байхад Баян-Өндөр Сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот захирамжаар 15 жилээр газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн байсан. Нэхэмжлэгч Х- нь 2017 онд хууль бус газрын наймааны талаар маргаан үүссэнээс хойш 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг бөгөөд төмөр хашаагаа ав гэсэн шаардлагыг тавьж байгаагүй, түрүү жил ч тавиагүй шууд шүүхэд хандсан. Бид нэхэмжлэгчийг хэл амаар доромжлоогүй, нэхэмжлэгч Х- нь удаа дараа зөвхөн газар зарах сонирхлоо илэрхийлдэг. Хариуцагч нарын зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна. Нэхэмжлэгч Х-д газар зарсан Э-т газар олгосон шийдвэр нь илт хууль зөрчсөн, авилга өгсөн талаараа ил цагаан илэрхийлж байсан учраас шалгуулах хүсэлтээ 2017, 2018 онуудад холбогдох дээд шатны удирдлагад гаргасан боловч ямар нэг шийд гараагүй учраас 2019 оны 04 сарын 03-нд аймгийн Засаг даргын орлогч Батжаргалд шалгуулах хүсэлт гаргаснаар Баян-Өндөр сумын Засаг дарга н.Ганцогтод албан бичиг явуулж, хариуцагч Э-, Б. Нэргүй нарын гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд материал ирүүл гэсний дагуу нэхэмжлэгч Х-гийн газрын материалыг аймгийн захиргаа татан авч одоо шалгаж байгаа юм. 2019 оны 04 сарын 29-нд Орхон аймгийн Засаг дарга Батлутад гомдол гаргасны дагуу хуулийн хэлтсийн ажилтан Баттүвшин холбогдох баримт материалыг татаж мөн шалгаж байна. Газрыг зориулалтын дагуу хэрэглээгүй , хашаа ч хатгаагүй 2 жил болсон, Газрын тухай хуулийн дагуу хураагдах хугацаа нь болсон. Нэхэмжлэгч Т. Хишигсүрэн 2019 оны 4 сарын 29-нд анх хамар хашааны талыг татаж эхэлсэн. /Зураг хавсаргав./ Нэхэмжлэгч Хишигсүрэн нь 2018 оны 6 сарын 20-нд дур мэдэн хашааны хаалга, цоож, жорлонгийн цоожийг эвдэлж, төрийн өмчийн газар дээр Онцгой байдлын ажилтан Лхагвадоржийнхыг буулгаснаар, ил задгай бие засах, угаалгын машин ажиллуулж шууд урсгах зэргээр хөрс, орчин бохирдуулж амьдарч байгаад Цагдаагийн байгууллагын шаардлагаар 2018 оны 9 сарын сүүлээр нүүж явахдаа дахин хашааны хэсгээс эвдэлж төмрийг нь ширхэг ширхгээр нь салгаж орхиод нүүж явсан. Бид 500000 төгрөгөөр гагнуулахад хүрч бидэнд ч эд материал, санхүүгийн хохирол учруулсан. Бид хэзээ ч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүй. Л-ийг буухаас өмнө цэг тавьсан зүйл байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр 15 жилээр эзэмшүүлэх гэрчилгээ өгсөн байна гэдгийг бид мэддэг. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр надад газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00801 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х-гийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м2 газрын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг хариуцагч Г-, Н-, Э- нарт даалгаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м2 газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г-, Н-, Э- нараас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н-, Э- нар давж заалдсан гомдолдоо:

Тус шүүхийн 2019 оны 06-р сарын 17-ны өдрийн 801 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд бидний барьсан хашаа Х-гийн өмчлөлийн газрын кадастрын зургийн хил заагаас 1 м зайд өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар дээр байрлаагүйг, мөн Х- нь хашаагаа бариагүй хаалга үүд гаргаагүй байгааг шүүгч Дэлгэрцэцэг газар дээр нь очиж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу үзлэг хийж зураг авч баримтжуулсан мөртлөө нотлох баримтын хүрээнд үнэлээгүй, 2018 оны 07 сарын 30-нд шүүх хурал болсон Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар Н- хариуцагчтай хэргийн материалыг хариуцагчийн зүгээс нотлох баримтаар авч үзэх хүсэлтийг шүүхэд гаргасныг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй нь нэхэмжлэгч хариуцагчийн хүсэлтийг тэнцвэргүй хангасан, 2018 оны Г.Хишигсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэргийн материалд Х-гийн худалдаж авсан газрыг анх олгосон шийдвэр илт хууль бус байгааг шалгуулахаар өргөдөл хүсэлт гаргасан нотлох баримтыг үзээгүй нотлох баримт байхгүй гэж үзсэн юм. Аймгийн засаг даргын тамгын газраас Х-гийн худалдаж авсан газрын анх олгосон шийдвэрийг авилгын шинжтэй гэж цагдаад шалгуулж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Н-, Г-, Э нарт холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум 17 дугаар баг Хабитатын 9 дүгээр гудамж 1а тоот хаягт байрлах 877 м2 газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж, газрын нүүрэн талын 21,27м2 газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Х- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Хабитат 9 дүгээр гудамж 1а тоотод байрлах хашаа газрын өмчлөгч болох улсын бүртгэлийн 000513190 тоот гэрчилгээнд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Х- нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Эрдэнэцэцэгтэй газар худалдах худалдан авах гэрээ байгуулж дээрх маргаан бүхий газрыг 1.500.000 төгрөгөөр худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөгч болсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Х-гийн худалдаж авсан уг газар нь анхнаасаа Э-т газар олгосон шийдвэр нь хууль бус илт хууль зөрчсөн, авилга өгсөн талаар холбогдох газарт өргөдөл гомдол гаргаж шалгуулж байгаа, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, 2 жил газар дээрээ хашаа хатгаагүй гэсэн тайлбар гарган маргаж буй боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх зохигчдын хүсэлтээр газарт үзлэг хийсэн боловч үзлэгийг хуульд заасан шаардлагын дагуу хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх зохигч оролцогчдын хүсэлтээр үзлэг хийх бөгөөд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан энэ тухай тэмдэглэл үйлдэж тэмдэглэлд ямар ажиллагааг хэн хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн, дууссан цаг, ажиллагаанд оролцсон болон байлцсан хүний нэг бүрийн овог нэр, хаяг түүнчлэн ажиллагааны дараалал явц илэрсэн нөхцөл байдлыг тодорхой бичих ёстой.

Шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн тухай тэмдэглэлд тусгасан байгаа боловч хэрэгт авагдсан гэрэл зургуудыг үзлэгийн явцад бэхжүүлж авсан эсэх нь тодорхойгүй, шүүхийн ямар нэг тайлбаргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхцөл байдлыг гэрэл зургаар буулгасан гэж үзэх боломжгүй, маргааны зүйл болоод байгаа төмрөөр хашаалсан гэх газар хэний эзэмшил эсвэл өмчлөлийн газар дээр баригдсан болох нь тодорхойгүй үзлэгийн тэмдэглэл шаардлага хангаагүй байх ба нөгөө талаар зохигчдын маргаж буй газар хэн нэгний өмчлөлийн газар эсвэл нийтийн эзэмшлийн газар гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлд нийцээгүй байна.

Маргаан бүхий газрыг хэний эзэмшил эсвэл өмчлөлийн газар болохыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосны дараа эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Н-, Э- нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

         ШҮҮГЧ                                                                     С.УРАНЧИМЭГ