Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 247

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, 

Нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч П.Болормаа,

Хохирогч  Ч.Баясгалан,

Шүүгдэгч М.Энхбаатар, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

Шүүгдэгч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2821 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29-215 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, ЧА73020178 дугаарын регистртэй, Баяжих овгийн Минжүүрийн Энхбаатар,

 

Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 29-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нуган-Ирэн” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 14-84 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ХО82062939 дугаарын регистртэй, Шадав овгийн Даваагийн Гантулга нарт холбогдох хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.Энхбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан төвийн 2 давхарт байрлах “Болор” нэртэй зоогийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Д.Гантулгыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний нүүрэн тус газар нь цохиж, түүний бие махбодид дээд эрүүний 11, 12 дугаар шүдний булгарал, буйлны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

 

Шүгдэгч Д.Гантулга нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан төвийн 2 давхарт байрлах “Болор” нэртэй зоогийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч М.Энхбаатар, Ч.Баясгалан нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, хохирогч М.Энхбаатарын бие махбодид доод уруулын няцарсан шарх, дух, сарвууны арьсны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Ч.Баясгалангийн бие махбодид тархи доргилт, зүүн хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би хохирогч Ч. Баясгалан, найз Энхбаатар нарын хамт Болор ресторан орж хоол идэж архи уусан. Баясгалан жолооч дуудсан, тэгээд гарах гээд тооцоо хийх гээд Баясгалан тек дээр очсон.Тек дээр Баясгалан Гантулга 2 маргалдсан, тэгсэнээ Баясгалан хэл үгээр доромжиллоод баруун гарынхаа тохойгоор Баясгалангийн зүүн чих рүү нь цохьсон. Би араас нь очоод яаж байгаа юм бэ гээд Гантулгыг таттал эргэж хараад бид хоёр хоорондоо барилцаж аваад зодолдсон. Гантулга миний биед хөнгөн гэмтэл учруулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би  Гантулгад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүгдэгч Д.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  Дархан төвийн Болор ресторанд найз Мандахын хамт орж хоол идэж, архи уусан. Миний утасны цэнэг дуусаад цэнэглэх гээд тек дээр зогсож байхад Баясгалан гэх ах ирээд янз янзын юм яриад миний бөөр рүү 2-3 удаа нударахаар нь би мангасдаад унагасан нь үнэн.Тэгтэл араас Энхбаатар тек дээр ирээд миний нүүр рүү цохьсон, би унасан, тэгсэн шүд унасан, би босоод Энхбаатартай зодолдсон. Надад Энхбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй, гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Ч.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан төвийн “Болор” ресторанд архи уусан. Төлбөр хийх гээд картаа андуурч уншуулсанаас болж Гантулгатай маргалдаж, Гантулга намайг тохойдсон, би тохойдуулаад унасан. Би Гантулгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

 

Хохирогч Ч.Баясгалан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед өөрийн найз М.Энхбаатар болон Энхбаатартай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан төвийн 2 дугаар давхарын Болор ресторанд орж, хоол идэн 1 шил 0.75 литрийн Болор архи хувааж уусан. Ойролцоогоор 2 цаг орчим хамт сууж байгаад Энхбаатар ажилтай боллоо гээд гараад явсан...Цаг орой болсон байсан учраас бид тооцоо хийн гарахаар болсон. Тухайн үед тооцоог би хийнэ гээд түрүүлээд тэкен дээр очиход өндөр, халзан залуу нэг грушиг пиво уугаад, бармен залуутай яриа өрнүүлж байх шиг байсан. Би тооцоо хийх гээд картаа өгсөн боловч бага зэрэг асуудал гараад удсан. Тэгтэл тэр халзан залуу “та нар уусан юм аа төлж чадахгүй байж энэ Москва хороололд архи ууж яадаг байнаа” гэсэн. Тэгэхээр нь би “энд яагаад ууж, идэж болдоггүй юм бэ” гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр залуу миний зүүн хүзүү, чих хэсэгт баруун гарын тохойгоор цохисон. Би хойшоо саваад унасан ба Энхбаатар тэр залуутай намайг өмөөрөн барьцалдаад авсан. Тэр 2 юу болж байгаа нь мэдэгдэхгүй ноцолдож байгаад тэр залуу унаад өгсөн...Би тооцоо хийх гээд буруу картаа өгсөн учраас картнуудаа нэг нэгээр уншуулж бага зэрэг удсан. Гэтэл тэр залуу биднийг удлаа гээд уурлаад байсан...гэжээ. /хх-14/,

 

Шүүгдэгч Д.Гантулга мөрдөн байцаалтанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байхад манай найз болох Нармандах бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай манайд ирсэн. Ойролцоогоор 2 цаг орчим юм яриж сууж байгаад гарсан. Бид гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан төвийн 2 давхарын Болор ресторанд орж хоол идэж, 0.75 литрийн 1 шил Алтан Чингис архи хувааж уусан. Нармандах нэлээн согтсон байсан ба би гар утсыг нь цэнэглүүлэхээр тэкен дээр очиж өгсөн. Тэгтэл  50 гаран насны намхан ах ирээд миний бөөр рүү гараараа хатгахад би тэр ахыг түлхээд “та зүгээр бай, тайван байлга” гэж хэлсэн...зогсож байтал нэг хүн миний ам руу гараараа цохисон. Миний утас тэр дороо газар унасан ба би тухайн үед миний шүд хугарсан, унасан талаар мэдээгүй. Амнаас цус гараад байсан, хэлээрээ тэмтрээд үзэхэд шүд унасан байсан...Надтай яагаад маргалдах болсон талаар огт мэдэхгүй байна. Гэнэт л намайг цохисон. Юу ч ойлгож амжаагүй шууд л хэрэлдээд эхэлсэн. Намайг гараараа нэг удаа цохисон. Цохилтоос болж нэг шүд хугарч, нэг нь мултарч унасан…гэжээ. /хх-16/,

 

Шүүгдэгч М.Энхбаатар мөрдөн байцаалтанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед найз Баясгалан, Энхбаатар нартай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан төвийн 2 давхрын Болор ресторанд орон хоол идэж, 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Ойролцоогоор 2 цаг сууж байгаад Энхбаатар ажилтай боллоо гээд гараад явсан. Баясгалан бид хоёр үлдээд...Цаг орой болсон учраас бид тооцоо хийн гарах болсон. Тооцоог би хийнэ гэхэд Баясгалан би хийнэ гээд түрүүлээд текэн дээр очсон. Тухайн үед өндөр, халзан залуу текэн дээр нэг грушиг пиво уугаад бармен залуутай яриа өрнүүлж байх шиг байсан...тэр халзан залуу Баясгалан 2  маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр залуу Баясгалангийн зүүн хүзүү, чихний хэсэгт баруун гарын тохойгоороо цохисон. Тиймээс би тэр залууг “чи яаж байна” гээд араас нь татаад авахад тэр залуу намайг цохин бид хоёр ноцолдож эхэлсэн... гэжээ. /хх-18/,

 

Гэрч Б.Мягмарсүх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

…Бид 3 үлдээд 0.75 литрийн 1 шил Болор архи захиалсан, би архинаас огт амсаагүй. Тэр 2 архиа дуусгаж чадаагүй, цаг орой болсон учраас тооцоо төлөн гарахаар болсон. Баясгалан ах надтай хамт текэн дээр очиход халзан, өндөр залуу ганцаараа 1 грушка пиво барьсан зогсож байсан. Баясгалан ах тооцоо төлөхөөр карт гаргаж ирээд уншуулахаар болоход карт нь удаад байсан ба үүнээс болж тэр залуу нь “Ямар уддаг юм, тооцоогоо хурдан төлөөч, ямар олон угтэй юм бэ” гэж хэлсэн. Баясгалан ах тэр залууд “Чамтай ах нь юм яриагүй, энэ танай ажилтан юм уу” гэж текний залуугаас асуусан. Тэгтэл тэр залуу нь “Миний хэн байх чамд ямар хамаатай юм, хурдхан зайл, ууж идчихээд мөнгөө төлж чадахгүй байна уу” гэж хэлсэн. Баясаа ах “Чи юу гээд байгаа юм бэ” гэх мэтээр маргалдаж эхэлсэн ба тэр залуу нь Баясаа ахыг мангасдаж түлхсэн, улмаар баруун гарын тохойгоороо толгойн зүүн хэсэгт нь цохисон. Баясаа ах хойшоогоо саваад унасан ба малгайн нь унасан. Би малгайг нь аваад эргээд харахад нөгөө залуутай Энхбаатар ноцолдож байсан...Хамгийн эхлээд Баясаа ахыг тэр халзан залуу тохойгоороо цохиж унагаасан, дараа нь Энхбаатар нь тэр залуутай хоорондоо ноцолдсон. Тэр 2 хоорондоо яаж цохисон, хаашаа цохисон талаар сайн хараагүй, хүмүүс дундуур нь орж салгасан...гэжээ. /хх-19/,

 

Гэрч Т.Баясгалан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 11 дүгээр 21-ны өдөр оройны 21 цагийн орчимд өөрийн найз Гантулга надруу залгаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дархан төв дээр хүрээд ир гэсэн. Би 22 цаг 36 минутын орчимд тус төвийн гадаа ирээд Баярцэнгэлтэй тааралдан Гантулга руу залгаад гараад ир гэж хэлэхэд Гантулгын гар утас газарт унах чимээ сонсогдон, цаана нь хэл амаар доромжлон хараах чимээ сонсогдсон. Би гүйгээд 2 дугаар давхрын Болор ресторанд ороход Гантулгын нэг үүдэн шүд нь хугарсан, нэг шүд нь тэр доороо унасан, амнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан. 50 орчим насны 2 эрэгтэй хүн цаана нь зогссон байдалтай байсан...гэжээ. /хх-20/,

 

 Гэрч Г.Батболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би Дархан төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Болор ресторанд ажиллаж байсан...21 цагийн үед 11 дүгээр ширээний үйлчлүүлэгч нар текэн дээр ирж тооцоо хийхээр болсон. Намхан 50 орчим насны ах буруу картаа өгөөд бага зэрэг удсан. Тэр ах намайг хурдлахыг шаардсан боловч шар айраг ууж байсан залуу тэр ахыг хоргоож эхэлсэн. Тэр залуу “хөгшин өвгөчүүл зөв согтоно шүү, тооцоогоо хийж чадахгүй юм байж яах гэж ууж идсэн юм” гэж өдөж эхэлсэн. Намхан ах ч гэсэн өөрийгөө өмөөрөн маргалдсан ба халзан залуу тэр ахыг мангасдсан. Тэгтэл тэр ахын малгай унаж, хойш савсан. Тэгтэл намхан ахтай явж байсан 50 орчим насны өндөр ах нь халзан залууг зүүн гараараа цохисон. Халзан залуу дайвалзан доош суусан ба “шүд уначихлаа” гээд босч ирэхэд цус гоожсон байсан. Баясгалан гэгч нь тооцоогоо хийж байх үед надтай юм яриж байсан Гантулга гэгч нь тэр ахыг өдсөн байдалтай харьцаж эхэлсэн. Үүний улмаас тэд хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл болсон...гэжээ. /хх-23-24/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 16296 тоот акт. Дүгнэлт:

1.Ч.Баясгалангийн биед тархи доргилт, зүүн хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал, сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…гэжээ. /хх-29/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 16031 тоот акт. Дүгнэлт:

1.Д.Гантулгын биед дээд эрүүний 11,12 шүдний булгарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө …гэжээ. /хх-31/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 16032 тоот акт. Дүгнэлт:

1.М.Энхбаатарын биед доод уруулын няцарсан шарх, дух, сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…гэжээ. /хх-35/,

 

Гэрч М.Нармандах мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

…Би 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед багын найз Гантулгынд очоод 20 цаг 30 минутын үед гэрээс нь гараад намайг хүргэж өгөхөөр болсон. Бид 3, 4 дүгээр хорооллоос гараад Москва хорооллын зүг явсан. Бид манай гэрт орохоос өмнө хоол идээд нэг нэг грушиг пиво ууя гэж ярилцаад Дархан төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Болор нэртэй зоогийн газарт орсон. Бид 1 дугаарын ширээнд суугаад Баясгалан, Баярцэнгэл нарыг дуудсан. Би тасраад нэг сэрэхэд тухайн ресторанд нэлээн юм болчихсон, Гантулга амаа дарчихсан, цус гарчихсан байсан ба шүд хугарчихлаа гэж хэлж байсан...Тухайн өдөр юу болсон талаар би сайн мэдэхгүй байна...гэжээ. /хх-82/,

 

Гэрч Ж.Гэрэлт-Од мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

2016 оны 11-р сарын 21-ний орой 21 цагийн үед ресторанд 2 өөр ширээнд үйлчлүүлж байсан 2 ах хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ 2 үйлчлүүлэгч хоёулаа ерөнхийдөө согтуу байсан. Миний харснаар намхан махлаг бор царайтай 50 орчим насны ах текний хажуу талд зогсож байсан өндөр нуруутай давхраатай нүдтэй, халзандуу толгойтой ахтай маргалдаж байгаад зүүн гараараа ам руу нэг удаа цохисон тэр үед өндөр, давхраатай нүдтэй халзан ахын амнаас цус гараад 1 шүд нь газар унасан...гэжээ. /хх-83-85/,

 

Шүүгдэгч М.Энхбаатар, Д.Гантулга нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дархан төвийн 2 давхарт байрлах “Болор” нэртэй зоогийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч Д.Гантулга нь М.Энхбаатар, Ч.Баясгалан нарыг зодож, хохирогч М.Энхбаатарын бие махбодид доод уруулын няцарсан шарх, дух, сарвууны арьсны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Ч.Баясгалангийн бие махбодид тархи доргилт, зүүн хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, шүүгдэгч М.Энхбаатар нь Д.Гантулгын нүүрэн тус газар нь цохиж, түүний бие махбодид дээд эрүүний 11, 12 дугаар шүдний булгарал, буйлны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Ч.Баясгалангийн ”…тооцоог би хийнэ гээд түрүүлээд тэкен дээр очиход өндөр, халзан залуу нэг грушиг пиво уугаад, бармен залуутай яриа өрнүүлж байх шиг байсан. Би тооцоо хийх гээд картаа өгсөн боловч бага зэрэг асуудал гараад удсан. Тэгтэл тэр халзан залуу “та нар уусан юм аа төлж чадахгүй байж энэ Москва хороололд архи ууж яадаг байнаа” гэсэн. Тэгэхээр нь би “энд яагаад ууж, идэж болдоггүй юм бэ” гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр залуу миний зүүн хүзүү, чих хэсэгт баруун гарын тохойгоор цохьсон...” гэх /хх-14/ гэрч Б.Мягмарсүхийн ”…Баясгалан ах надтай хамт текэн дээр очиход халзан, өндөр залуу ганцаараа 1 грушка пиво барьсан зогсож байсан. Баясгалан ах тооцоо төлөхөөр карт гаргаж ирээд уншуулахаар болоход карт нь удаад байсан ба үүнээс болж тэр залуу нь “Ямар уддаг юм, тооцоогоо хурдан төлөөч ямар олон угтэй юм бэ” гэж хэлсэн. Баясгалан ах тэр залууд “Чамтай ах нь юм яриагүй, энэ танай ажилтан юм уу” гэж текний залуугаас асуусан. Тэгтэл тэр залуу нь “Миний хэн байх чамд ямар хамаатай юм хурдхан зайл, ууж идчихээд мөнгөө төлж чадахгүй байна уу” гэж хэлсэн. Баясаа ах “Чи юу гээд байгаа юм бэ” гэх мэтээр маргалдаж эхэлсэн ба тэр залуу нь Баясаа ахыг мангасдаж түлхсэн, улмаар баруун гарын тохойгоороо толгойн зүүн хэсэгт нь цохьсон...” гэх /хх-19/, гэрч Т.Баясгалангийн ”…Би гүйгээд 2 дугаар давхрын Болор ресторанд ороход Гантулгын нэг үүдэн шүд нь хугарсан, нэг шүд нь тэр доороо унасан, амнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан. 50 орчим насны 2 эрэгтэй хүн цаана нь зогссон байдалтай байсан...” гэх /хх-20/, гэрч Г.Батболдын ”…21 цагийн үед 11 дүгээр ширээний үйлчлүүлэгч нар текэн дээр ирж тооцоо хийхээр болсон. Намхан 50 орчим насны ах буруу картаа өгөөд бага зэрэг удсан. Тэр ах намайг хурдлахыг шаардсан боловч шар айраг ууж байсан залуу тэр ахыг хоргоож эхэлсэн. Тэр залуу “хөгшин өвгөчүүл зөв согтоно шүү, тооцоогоо хийж чадахгүй юм байж яах гэж ууж идсэн юм” гэж өдөж эхэлсэн. Намхан ах ч гэсэн өөрийгөө өмөөрөн маргалдсан ба халзан залуу тэр ахыг мангасдсан...Тэгтэл намхан ахтай явж байсан 50 орчим насны өндөр ах нь халзан залууг зүүн гараараа цохисон...” гэх /хх-23-24/, гэрч М.Нармандахын ”…Би тасраад нэг сэрэхэд тухайн ресторанд нэлээн юм болчихсон, Гантулга амаа дарчихсан, цус гарчихсан байсан ба шүд хугарчихлаа гэж хэлж байсан...” гэх /хх-82/, гэрч Ж.Гэрэлт-Одын ”…Миний харснаар намхан махлаг бор царайтай 50 орчим насны ах текний хажуу талд зогсож байсан өндөр нуруутай давхраатай нүдтэй, халзандуу толгойтой ахтай маргалдаж байгаад зүүн гараараа ам руу нэг удаа цохисон тэр үед өндөр, давхраатай нүдтэй халзан ахын амнаас цус гараад 1 шүд нь газар унасан...” гэх /хх-83-85/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.Баясгалан, Д.Гантулга, М.Энхбаатар нарын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №16296, 16031,16032 тоот акт, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд М.Энхбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан, Д.Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Энхбаатар, Д.Гантулга нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдний хувийн байдал,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Д.Гантулга, М.Энхбаатар нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.