Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1732

 

МАГАДЛАЛ

2019.09.23                                                Дугаар 1732                                     Улаанбаатар хот

 ХХМТГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны  06 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01888 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ ХХМТГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,

4 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н Г.Ч

Хариуцагчийн төлөөлөгч: З.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай 151 дүгээр тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь ХХЗХ-оос жил бүр тогтоосон хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800 000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 57 тоот тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 000 000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 500 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65 тоот тогтоолоор 2014 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ Улаанбаатар хотод    1 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56 тоот тогтоолоор 2015 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 130 000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Б ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 07 дугаар сарын 08-ны 23 дугаар тогтоолоор (IPS) 2009-2012 оны хооронд тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2009-2012 оны 4 200 000 төгрөгийн авлага үүсээд байна. Дээрх хувь хэмжээний дагуу Баянголкүкжэ ХХК-аас 2011 оны 04 дүгээр сарын 25 өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот албан бичгийн дагуу тус тус хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэх шаардлагыг нэхэмжлэлийн хамт хүргүүлсэн. Шаардлагыг хүргүүлснээс хойш өнөөг хүртэл тус компани нь хөрөнгөө төвлөрүүлээгүй байна. Баянголкүкжэ ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 09 дүгээр сарын 28-ны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байдаг. Иймд “Б” ХХК-иас нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2005 онд Авто засвар, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлээр үүсгэн байгуулагдаж 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай Улаанбаатар хот БНСУ-ын Илсан хот хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэн /карго/ явуулах эрхийн тусгай зөвшөөрлийн Харилцаа холбооны зохицуулах хорооноос авч тусгай зөвшөөрлийн /Б/IPS/24 дугаар гэрээг байгуулсан. Энэ гэрээнд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлбөр төлөх ямар нэг үүрэг хүлээх тухай заалт байхгүй бөгөөд Харилцаа холбоо, мэдээлэлийн техналогийн газар болон сантай ямар нэг гэрээ байгуулах талаар зохицуулалт байхгүй байдаг. Хэрэв дээрх зохицуулалт байсан бол тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах 3 жилийн хугацаанд бүх нийтийн үүргийн санд төлбөр төлүүлэх талаар шаардах, гэрээний дагуу ямар эрх үүрэг хэнд хэрхэн үүсч байгаа талаарх эрх зүйн орчинг тайлбарлан мэдүүлэх зэрэг эрх үүрэг нь тус хороонд байсан ч хожим 7 жилийн дараа ийм асуудал тавьж байгаа нь ойлгомжгүй байдлыг бий болгож шаардах эрхийг үгүйсгэж байна. Нэхэмжлэгч тал нь манай компанид 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9.347 тоот албан бичиг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7.849 тоот албан бичгээр шаардлага хүргүүлсэн гэх боловч Харилцаа холбоо, мэдээлэл технилогийн газар болон, Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан бичиг болон мэдэгдэх хуудас хүлээн авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 4 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 82 150 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2. “энэ хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;” гэж заасныг баримтлан шийдвэрлэжээ. Гэтэл Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2.-т заасан зохицуулалтаар хариуцагч тал нь Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулснаас өөрөөр шуудангийн үйл ажиллагааныхаа талаар төрийн аливаа байгууллага тэр тусмаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газартай гэрээ байгуулаагүй байхад шүүх талуудын эрх үүргийг тодорхойлсон нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага өмнө нь хариуцагч талд мэдэгдэж байгаагүй, хариуцагч нь нэхэмжлэгч талын өмнө хүлээсэн эрх үүрэггүй, төлбөрийг хэрхэн төлөх талаар мэдэгдээгүй нь хариуцагч тал шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үндэслэл болохгүй юм. Мөн талуудын эрхийн харилцааг нэхэмжлэгч тал тодорхойлж нотлох үйл ажиллагаа явуулахад энэхүү харилцааны хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаар хариуцагч тал татгалзаллаа хуулийн дагуу гаргах боломжтой талаар шүүхэд тайлбарласаар байхад шүүх үндэслэх хэсэгтээ хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу гардаж авахаар хариуцагчийн өмгөөлөгч миний бие тус шүүхэд хандсан боловч шүүхийн ажилтан өмгөөлөгчид гардуулахгүй гэж тодорхойгүй шалтгаанаар татгалзаж шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн өмгөөлөгчийн нэрийг Б. Даваасүрэн гэж огт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн нэрийг бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг      бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь, хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 4 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “бүх нийтийн үүргийн сангийн дагуу 4 200 000 төгрөгийг гаргуулах гэж, хариуцагч байгууллага нь “7 жилийн дараа ийм асуудал тавьж байгаа нь ойлгомжгүй, мэдэгдэл хүлээн авч байгаагүй” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллага нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23 тоот тогтоолоор шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, мөн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 51 тоот тогтоолоор “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.3-т заасныг” тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх эрх хэмжээ Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэд хамаарна” гэж зааснаар хариуцагч байгууллагаас 4 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч байгууллага шуудангийн үйл ажиллагаа эрхлэн явуулж     байсан нь Харилцаа холбооны тухай хуульд хамаарах тул хууль болон Засгийн газрын 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журамыг 151 тоот тогтоолоор баталсан журмын дагуу төлөх үүргийг сайн дураараа хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тодруулбал, хариуцагч нь дээр дурдсанаар шуудангийн үйл ажиллагаа явуулж байсан хугацааг тооцон нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь үндэслэлтэй.

Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаагаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 3 жилийн хугацаа өнгөрсөн тул төлөхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01888 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 82 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н. БАТЗОРИГ

              ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

                                                                 М.НАРАНЦЭЦЭГ