Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 02477

 

 

 

 

2019 оны 09 сарын 18 өдөр          Дугаар 101/ШШ2019/02477          Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:   “Д Э ББСБ” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Б овогт Н.Б /РД: /-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 28,860,689 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ДЭ ББСБ ХХК-ийн захирал Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д Э ББСБ” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Н.Бтай зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг сарын 4 %, жилийн 48%-ийн 12 сарын хугацаатай байгуулсан. Хариуцагч Н.Б зээлийн хугацаа дуусахад нийт 31,000,000 төгрөгийг төлсөн. Бид зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэхэд 2017 оны 12 дугаар 20-ны өдрийг хүртэл 10,000,000 төгрөгийг төлсөн. Н.Б аав хүндээр өвчилсөн, миний бизнес эрсдэлд орсон гэх мэтээр шалтаг зааж төлбөрийг төлөөгүй болно. Бид шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хоцорч ирсэн тул нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж гарсан байдаг.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 19,104,604 төгрөг, үндсэн зээлийн хүүд 8,778,947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 977,138 төгрөг нийт 28,8690,689 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Б “Д Э ББСБ” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг жилийн 48 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай барьцаа хөрөнгө барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусдаг. Зээлийн гэрээний хугацаанд Н.Б хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байна. Зээлийн гэрээ дууссанаас хойш 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10,000,000 төгрөг төлсөн. Энэ төлсөн төлөлтийг хэрхэн бодсон нь тодорхойгүй. Яагаад гэвэл зээлийн гэрээ дууссанаас хойш талууд гэрээг сунгаагүй байдаг. Н.Б нийт нэхэмжлэгч талд 41,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Зээлийн гэрээг сунгаагүй атлаа 8,778,947 төгрөг нэхэмжлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 19,000,000 төгрөгийг төлөөгүй талаар надаа хэлээгүй. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д Э ББСБ” ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,8690,689 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний хугацаа дууссан, дахин гэрээг сунгаагүй зээлийн хүүг нэхэмжлэж байгаа нь тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Н.Б нь “Д Э ББСБ” ХХК-тай харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 4 хувь, жилийн 48 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 60,000,000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Төв аймгийн Зуун мад сумын 6 дугаар баг, Баруун Зуунмод 43 дугаар байрны 01 тоотод байрлах 0000000 нэгж талбарын дугаартай 00 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн     Ү-000000 дугаарт бүртгэгдсэн 00.мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь иргэн болон хуулийн этгээд хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн, барьцаа нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”,189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 156 дугаар зүйлийн 156.2 “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ...” гэсэн хуулийн зүйл, заалтуудад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болно./хх-ийн 8-16 дугаар талууд/

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн үүргийг шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ нь дээр дурдсанчлан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь зээлдэгч Н.Б буюу нэг иргэний өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгч хуулийн этгээд нь зээлийн буюу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь хуулийн этгээдийн дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна./хх-ийн 6-7, 17-24 дүгээр талууд/

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлийн гэрээг бичгээр байгуулна.” гэж тус тус заажээ.

 Зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байх бөгөөд талууд гэрээг дахин сунгаагүй, хариуцагч гэрээгээр хүлээсэн хугацаанд 31,000,000 төгрөгийг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Н.Б нь 10,000,000 төгрөгийг нийт 41,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч  гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй болно.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ”, 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөгдсөн 10,000,000 төгрөгийг үндсэн зээл 60,000,000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.

Зохигчид хэн аль зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотолж чадаагүй, хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг 30 хоногийн 4 хувиар хүүг тооцож 760,000 төгрөгийг /зээлийн гэрээний хугацаа буюу 2015 оны 11,12 дугаар сар/ 60 хоногт 1,520,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй гэж үзэхэд 304,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэв.

Иймд зээлийн үүрэг гүйцэтгээгүй хугацааны нийт хүү 1,520,000 төгрөг, үүний нэмэгдүүлсэн хүү /үндсэн зээл/304,000 төгрөг, үндсэн зээл 19,000,000 төгрөг нийт 20,824,000 төгрөгийг хариуцагч Н.Б-с гаргуулж нэхэмжлэгч “Д Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Н.Б /РД:0/-аас 20,824,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,036,689 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 262,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ГАНЧИМЭГ