Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0594

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... овогт ... Нямдулам /РД: .../,

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

            Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогоо, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэчимэг, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэцэгсүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 1055 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

 1.2.Иргэн Д.Нямдуламд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 2-р байрны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 м.кв талбай дээр 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 м.кв газар дээр нэмж, 329 м.кв газар Д.Нямдуламд эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар шүүх хуралдаан дээр тодорхойлсон болно.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.Анх иргэн  Д.Нямдулам 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан “...2000 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Батлан хамгаалах яамны 2 дугаар байрны баруун талд байрлалтай хүнсний мухлаг ажиллуулж...25х30 газрыг миний нэр дээр захирамж гаргаж өгөх...” хүссэн өргөдлийг[1] кадастрын[2] болон схем зураг[3], Баянзүрх дүүргийн газрын албаны газар хүссэн газар дээр төлөвлөлт хийгдээгүй болох тодорхойлолт[4], иргэний үнэмлэхний хуулбар зэргийн хамт хавсарган өгчээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга дээрх өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг судлан үзээд 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 164 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 2 дугаар байрны хойд талд 120 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”[5] олгож, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 тоот шийдвэрээрээ[6] иргэн Д.Нямдулам дээрх газар эзэмших эрхийн хугацааг сунгасан[7] байна.

Энэ хугацаанд иргэн Д.Нямдуламын хувьд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[8]-нд заасны дагуу газрын төлбөр тооцоог бүрэн төлж байжээ[9].

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамж[10] гарган тус дүүргийн 19 дүгээр хорооны зүүн талд байрлалтай нэгж талбарын 18648312431142 дугаар бүхий 1055 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ[11] олгосон байна.

Энэхүү шийдвэрийг иргэн Д.Нямдуламаас эс зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан “...А/554 дүгээр захирамжаар миний эзэмшиж байсан газрыг хууль бусаар дээрэмдэж 1053 м.кв газрыг давхардуулан олгож, гарах гарцгүй болгож, өөрийнхөө тамгын газарт олгож миний эрх ашгийг хөндсөн...”[12] гэж, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад хандан  “...иргэн миний нэр дээр үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 449 м.кв газрыг зохих журмын дагуу захирамж гаргаж өгнө үү...”[13] гэж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан “...БЗД-н засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчин өөрийн тамгын газартаа 2013 оны А/554 тоот захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэн намайг эдийн засаг болон материаллаг байдлаар ноцтой хохироож байна...”[14] гэж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд хандан “...“...манай үйлдвэрлэл үйлчилгээ явуулах гарц орцыг хааж газрын талбайг давхцуулан газар олгосон болохыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/3606 тоот албан бичгээр бидний эрх ашиг хохирсон гэдгийг мэдсэн...Иймд 2013 оны А/553 тоот захирамжаа хуульд нийцүүлэн иргэн Д.Нямдуламд 449 м.кв, БЗД-н Засаг даргын тамгын газарт 861 м.кв болгон кадастрын хэмжээг өөрчилж холбогдох хууль журмын дагуу захирамж гаргаж бидний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү...” [15] хэмээх  гомдол хүсэлтийг гаргаж байсан.

Харин эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас иргэн Д.Нямдуламаас гаргасан дээрх гомдол, өргөдөл, хүсэлтэд Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/3606 тоот албан бичгээр “...Д.Нямдуламын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...”[16], Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/3363 тоот албан бичгээр “...асуудлыг судлан үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллана уу...”[17],  Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13/1927 тоот албан бичгээр “...дүүргийн Засаг даргын 2013 оны А/554 дугаар захирамжаар 1055 м.кв газрыг дүүргийн Засаг даргын тамгын газарт эзэмшүүлсэн байна...”[18], Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/828 тоот албан бичгээр “...Д.Нямдуламын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, 2017 онд газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон...”[19], Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 13/334 тоот албан бичгээр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар таны гаргасан газар эзэмших хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна...”[20], Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/1088 дугаар албан бичгээр “...танай үйлчилгээний объект байрлуулсан газар нь Тамгын газрын эзэмшил талбайд байрлаж байх тул эд хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх...”[21] , Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Дүүрэг хариуцсан зохион байгуулагч Ш.Дашдуламаас “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар та газар эзэмших эрх бүхий этгээд биш байна...”[22] гэх хариуг тус тус өгч байжээ.

Улмаар  иргэн Д.Нямдуламын өөрийн хүссэн үр дүнд хүрээгүй тул 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн тодорхойгүй шаардлагыг тодруулах байдлаар шүүхээс нэг удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэгч Д.Нямдуламаас гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/554 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт эзэмшүүлсэн 1053 м.кв газрын холбогдох заалтыг хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгч Д.Нямдуламд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 2-р байрны ард байрлах 1053 м.кв талбайг эзэмших захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус, үүний улмаас Д.Нямдуламын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, уг газрыг Д.Нямдуламд эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7279 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “Нэхэмжлэгч Д.Нямдуламд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 2-р байрны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 м.кв талбай дээр 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 м.кв газар дээр нэмж 329 м.кв газар Д.Нямдуламд эзэмшүүлэхийг даалгах” тухай гэж өөрчилсөн[23] бол 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/554 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт эзэмшүүлсэн 1053 м.кв газрын холбогдох заалтыг хүчингүй болгох, нэхэмжлэгч Д.Нямдуламд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 2-р байрны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 м.кв талбай дээр 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 м.кв газар дээр нэмж, 329 м.кв газар Д.Нямдуламд эзэмшүүлэхийг даалгах” гэж нэмэгдүүлсэн[24] болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Нямдулам нь Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 2-р байрны ард 2000 оноос хойш хүнсний мухлаг ажиллуулж байсан болох нь Д.Нямдуламын 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Мөнх-Очирт хаягласан 500 м.кв газар хүссэн өргөдөл, гэрч Э.Санжаагийн “тухайн үед дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд хоёр зохион байгуулагчийн нэгээр ажиллаж байхад Д.Нямдулам, нөхөр Б.Цогоогийн хамт дэлгүүр ажиллуулдаг байсныг мэднэ” гэх мэдүүлэг, 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүүргийн Засаг даргын А/164 дүгээр захирамжаар 120 м.кв газар эзэмшүүлсэн зэрэг нь нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Нямдулам Баянзүрх дүүрэг, 19-р хороо 2-р байрны ард өөрийн хүнсний дэлгүүрийн эргэн тойрон дахь 1310 м.кв талбайн хог хаягдал, овоолсон хогтой газрыг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, цементэлсэн. Хүүхдийн талбайн зориулалтаар өөрийн хөрөнгөөр тохижуулсан болох нь түүний тайлбар, гэрч Э.Санжаагийн “хог хаягдлын овоолго байсан газар 2003 он гэхэд хүүхдийн талбай болгосон байсан гэх мэдүүлэг, 2001 оны 03 дугаар сард батлагдсан “Тоглоомын талбай тохижуулах төлөвлөгөө” гэх баримтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажилтан Э.Санжаа гэж хүн гарын үсэг зурсан зэргээр нотлогдож байна.

Цэвэрлэсэн газраа иргэн өөрөө эзэмших эрх гэдэг нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт цэвэрлэсэн газрыг тухайн иргэнд эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Уг заалтыг зөрчөөд газрыг нь өгсөнгүй гэж нэхэмжлэгч Д.Нямдулам гомдож байгаа.

Д.Нямдуламаас удаа дараа өргөдөл, гомдол өгч байсан бөгөөд 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж авсан гэх өргөдөл, гомдол бүртгэлийн хяналтын картад 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “түр хойшлуулав” гэсэн цохолттой байдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд “30 хоногийн дотор иргэний өргөдлийн хариу өгнө” гэж заасан ч хариу байхгүй. Ингээд эс үйлдэхүй гаргаж, энэ өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа.

2014 онд энэ газрыг шийдэж өгөхгүй болохоор нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан мөн л гомдол гаргасан байдаг. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/4606 тоот албан бичгээс энэ А554 дүгээр захирамж гараад, түүний хүссэн газрыг өөр газарт олгосон байна гэдгийг мэдэж авсан. Үүний дараа Д.Нямдулам нь газар давхардуулж олгосон гэж гомдол гаргахад 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас “...Иргэний энэ өргөдлийн дагуу судалж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ ав” гэх албан тоотыг Баянзүрх дүүргийн өмчийн харилцааны газарт ирүүлдэг. Баянзүрх дүүргийн өмчийн харилцааны газар шийдвэрлэж өгнө гэсэн боловч шийдвэрлээгүй.

Хэрэгт авагдсан баримтууд болон тухайн захиргааны байгууллагаас ирүүлсэн албан тоотоор нэхэмжлэгч байнга өргөдөл, хүсэлт гаргаж байсан гэдэг нь нотлогддог бөгөөд захиргааны байгууллагаас эс үйлдэхүй үзүүлдэг. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт өгснийг мэдээд Д.Нямдулам нь Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй гаргаж буйг ойлгон шүүхэд хандсан.

2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Засаг даргын тамгын газар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А/554 дугаар захирамжийг гаргасан байдаг. Энэ үед иргэн Д.Нямдулам нь тухайн газарт дэлгүүрээ ажиллуулж, ашиглаж байсан болох нь гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшихийг хүссэн өргөдөл зэргээр нотлогдож байх бөгөөд уг А/554 дугаар захирамж гарахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалтыг зөрчиж гаргасан.

Мөн уг захирамжийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31, 33 дугаар зүйлд заасныг удирдлага болгон гаргасан атлаа мөн л хууль зөрчсөн.

Захирамжид дурдсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу шийдвэр гаргана.” гэх заалтыг дурдсан. Гэтэл хавтаст хэрэгт тамгын газарт зайлшгүй хэрэгцээний газар байсан гэх нотлох баримт нэг ч байхгүй. Тухайн жилийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ерөнхий болон жилийн төлөвлөгөө нь хувийн хэрэгт байхгүй. Иймд Тамгын газар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь хууль зөрчсөн байна.

Тамгын газар нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар “Засаг даргын ажлын алба мөн.” гэж заасан бөгөөд Засаг даргын ажлын алба нь мөн хуулийн 67 дугаар зүйлд заасан 8 чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэхүү 8 чиг үүрэгт аж ахуй эрхлэх эрх хуулиар олгогдоогүй. Гэтэл тамгын газарт өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээнд “аж ахуйн зориулалтаар олгов” гэж бичсэн байгаа.

Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д “... иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах” үүрэгтэй гэж заасан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээр үл барам иргэдийн цэвэрлэсэн газрыг албан үүргийнхээ журмаар мэдэж авч, өөрийн харьяа байгууллага болох газар зохион байгуулалтын албаар хууль бус гэрчилгээг тамгын газрын нэр дээр аж ахуй эрхлэх зорилгоор авч байгаа нь хууль бус. Энэ талаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох” Тамгын газрын даргыг зургаан жилийн хугацаатай томилно..., ...тамгын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана, ...тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас ашиглана.” гэж хуульчилсан. “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авна, газар эзэмших гэрчилгээ авч болно” гэсэн үг энэ хуулийн заалтад байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өргөдөл дээр газрын хэмжээ заагаагүй гэж маргасан. Гэтэл 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл дээр 25*20 м.кв газар гэж заасан байгаа.

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас Засаг даргад хандан “үүнд арга хэмжээ авч хариу өгнө үү” гэж өргөдлийг хүлээж аваад, албан тоот хүргүүлээд байхад үүнийг ч биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан нь нотлогдож байна. Иргэний өгсөн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй байгаагаас харахад дээд шатны захиргааны байгууллагаас ирүүлсэн албан тоотыг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаснаа өөрөө нотоллоо. Ашиглаж, эзэмшиж байгаа гэж хуульд заасан болохоос, заавал гэрчилгээтэй байна гэсэн үг байхгүй гэдгийг анхаарч үзээсэй.

Нөхөн сэргээсэн дүгнэлт байхгүй гэж байгаа тайлбарын тухайд гэрч мэдүүлэхдээ “…тухайн үед газрын алба гэж байгаагүй, сүүлд байгуулагдсан. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тохижилт, үйлчилгээг хариуцдаг байсан юм...” гэж мэдүүлдэг.

2001 оны 03 дугаар сард гэрч Э.Санжаагийн гарын үсэгтэй “хүүхдийн тоглоомын талбай тохижуулах төлөвлөгөө” гэж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд гомдол гаргахдаа өөрсдөө тохижуулсан гэдгээ нотолж өгсөн.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт тамгын газрыг эрх хэмжээ, гэрчилгээтэй байх эсэхийг тодорхой хуульчилсан байна. Засгийн газраас баталсан загварын дагуу тамга, албан бланк хэрэглэнэ гэсэн байгаа. Манайх ганцаараа тийм байдаг биш, бусад тамгын газар хуулийн этгээдийн гэрчилгээтэй байдаг гэж яриад байгаагийн тухайд хэлэхэд чиг үүрэгт нь тийм зүйл байхгүй, аж ахуйн зориулалтаар газар эзэмших гэрчилгээг тамгын газартаа олгоно гэж байхгүй байна...” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 2-р байрны ард байрлах 1053 м.кв газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын нэр дээр байгаа боловч тус хорооны өрхийн эмнэлэгт дүүргийн Засаг даргын 2013 оны А/554 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Мөн нэхэмжлэгчийн хэлж байгаачлан нийгмийн шилжилтийн үед тухайн газрыг цэвэрлэж, арчилж байсныг үгүйсгэхгүй. Шилжилтийн үе буюу тухайн цаг хугацаанд нийтийн өмчид хүн болгон өөриймсөг хандаж, хамгаалж байсан. Миний зүгээс гэрчид хандан “та үүрэг даалгавар өгч, бизнес эрхэлж байгаа үүднээс тэр газрыг цэвэрлэ, тохижуул гэсэн байна. Түүний хүрээнд тэр газрыг бүхэлд нь эсхүл тодорхой хэмжээний газрыг эзэмшинэ гэж заасан уу” гэж асуухад “үгүй” гэж хариулсан. Тухайн үед цэвэрлэсэн газраа хүн болгон эзэмшинэ гэвэл Монгол улсад эзэмшилгүй газар бараг үлдэхгүй болж таарна гэж миний зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

3.4. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивт хадгалагдаж буй нэхэмжлэгч Д.Нямдуламын газрын хувийн хэргийг үзэхэд тус дүүргийн 19 дүгээр хороо, 2 дугаар байрны хойд талд газар эзэмших хүсэлтийг анх 2006 онд гаргасан байдаг.

Улмаар Засаг даргын 2006 оны 164 дүгээр захирамжаар 19 дүгээр хороо, 2 дугаар байрны хойд талд 120 м.кв талбай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж 2012, 2022 онуудад тус газрын эзэмших хугацааг сунгасан байдаг.

Нэхэмжлэгч нь уг газрыг ашиглаж байсан бөгөөд 2001 онд тухайн үеийн Засаг дарга Е.Сүхбаатартай гэрээ байгуулсан гэх боловч тус гэрээ нь 2007 онд хийгдсэн Ахуйн хог хаягдал, цуглуулах, тээвэрлэх, тэдгээрт хяналт тавих тухай гэрээ бөгөөд 2008 онд уг гэрээний хугацаа дуусгавар болсон. Мөн 2006 онд гаргасан хүсэлтдээ хэдэн м.кв газар эзэмших талаар дурдаагүй байдаг.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч 2000 оноос 19 дүгээр хороо, 2 дугаар байрны хойд талд 1053 м.кв газар эзэмшиж байсан нь тогтоогддоггүй.

Мөн нэхэмжлэгч Д.Нямдулам нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа хандаж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас “хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэх агуулгатай бичгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт ирүүлсэн.

Газрын тухай хуульд Нийслэлийн өмчийн харилцааны газар нь газрыг хэнд эзэмшүүлэх, хэрхэн даалгах талаар Засаг даргад үүрэгдэх эрх, үүрэг байхгүй. Газрын тухай хуулиар газрын асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн Засаг даргын эрх хэмжээ байдаг.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс би өөрөө энэ газрыг тохижуулсан, цэвэрлэсэн гэдэг. Тэр газрыг цэвэрлэсэн, арчилсан гэдэг маань түүнийг хууль ёсоор эзэмшсэн гэсэн үг биш. Түүнийг хууль ёсоор ашигласан гэсэн үг биш.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно.” гэж зааснаар Д.Нямдулам манайд хүсэлтээ өгч байсан. Би газар эзэмшье гэдэг хүсэлтээ өгч байсан болохоос биш, би үүнийг нөхөн сэргээсэн юм гэх дүгнэлтээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

Нэмж хэлэхэд, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж маш тодорхой заасан. Аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ, гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж, ашиглах боломжгүй, үүнийг хуулиар хориглоно. Үүнээс үзэхэд газар давхцуулан олгосон гэх үндэслэл байхгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

4.2.Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дугаар захирамжаар гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хорооны байрны зүүн талд 1055 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.[25]

4.3.Энэхүү шийдвэрийг үндэслэн тус дүүргийн Газрын албанаас 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 000434604 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгожээ[26].

4.4.Гэвч гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон дээрх газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дууссан байх бөгөөд тус газраас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, сунгасан Засаг даргын шийдвэр гараагүй байна.

4.5.Хэдийгээр гуравдагч этгээдээс газар эзэмшүүлэх хугацаа сунгах хүсэлтээ хүргүүлсэн хэмээн тайлбарлан, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/668 дугаар албан бичиг,[27] 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар захирамжийг үндэслэн олгосон 0000053691 дугаар төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг[28] нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн ч тэдгээр баримтууд нь газрын байршил, нэгж талбарын дугаар болон гэрчилгээ дугаар зөрүүтэй буюу тус маргааны үйл баримтад хамааралгүй аж.

4.6.Тиймээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т ”Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзвэл маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хорооны байрны зүүн талд 1055 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмших эрхгүй, 2019 онд газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзнэ.

4.8.Энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дугаар захирамж эрх зүйн үр дагаваргүй болсноор түүнийг хүчингүй болсон утгаар ойлгож болох юм.

4.9.Нөгөөтэйгүүр хариуцагч байгууллагаас маргаан бүхий газар болох тус дүүргийн 19 дүгээр хороо, хорооны байрны зүүн талд иргэн Д.Нямдуламын газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13/1927 албан бичгээр “...та дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжсэн санал албан ёсоор авсан үед шийдвэрлэх боломжтой байна...”[29] хэмээн үндэслэлгүйгээр хуулиар олгосон үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан байна.

4.10.Тодруулбал, иргэн Д.Нямдуламын хүсэлттэй холбогдуулан гуравдагч этгээд дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон газар баталгаажуулалтын хувийн хэрэг болон бусад баримтуудыг нягтлан шалгаж үзэлгүйгээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй орхигдуулсан.

            4.11.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтээ гаргаж буй байршилд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т  заасан “...газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан...”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Д.Нямдуламын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “…эс үйлдэхүй” буюу иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулжээ.

4.12.Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бус татгалзал болон эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ...гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг...., дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Нямдуламын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “...захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах...”-аар мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг тодорхойлон гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 1055 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Д.Нямдуламд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 2-р байрны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 м.кв талбай дээр 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 м.кв газар дээр нэмж, 329 м.кв газар Д.Нямдуламд эзэмшүүлэхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг баримтлан Д.Нямдуламын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 1055 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Д.Нямдуламд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 2-р байрны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 м.кв талбай дээр 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 м.кв газар дээр нэмж, 329 м.кв газар Д.Нямдуламд зохих журмын дагуу эзэмшүүлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

[1] 1 хавтас хэргийн 53 хуудас

[2] 1 хавтас хэргийн 54 хуудас

[3] 1 хавтас хэргийн 55 хуудас

[4] 1 хавтас хэргийн 56 хуудас

[5] 1 хавтас хэргийн 59-68 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 86, 91 хуудас

[7] 1 хавтас хэргийн  59 хуудас

[8] 1-хавтас хэргийн 71-73-р хуудас

[9] 1 хавтас хэргийн 74 хуудас

[10] 2 хавтас хэргийн 85 хуудас

[11] 1 хавтас хэргийн 94-96 хуудас

[12] 1 хавтас хэргийн 14-15 хуудас

[13] 1 хавтас хэргийн 10 хуудас

[14] 1 хавтас хэргийн 16 хуудас

[15] 1 Хавтас хэргийн 23 хуудас

[16] 1-р х.х-ийн 33-р хуудас

[17] 1-р х.х-ийн 6-р хуудас

[18] 2-р х.х-ийн 75-р хуудас

[19] 2-р х.х-ийн 70-р хуудас

[20] 1-р х.х-ийн 24-р хуудас

[21] 1-р х.х-ийн 20-р хуудас

[22] 1-р х.х-ийн 21-22-р хуудас

[23] 1-р х.х-ийн 128-129-р хуудас

[24] 2-р х.х-ийн 145-147-р хуудас

[25] 2Хавтас хэргийн 85 хуудас

[26] 1 хавтас хэргийн 94 хуудас

[27] 1 хавтас хэргийн 88 хуудас

[28] 1 Хавтас хэргийн 91 хуудас

[29] 1 хавтас хэргийн 210 хуудас