Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0693

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Мөнхчулууны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Мөнхчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн

Нэхэмжлэгч: Ч.Мөнхчулуун

Хариуцагч: Дотоодын цэргийн командлагч

Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0704 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох ” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0704 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Мөнхчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0301/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Мөнхчулуун нь “Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

Цагдаагийн ерөнхий газрын даргаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 01/825 дугаартай албан бичгийн хоёрдугаар хавсралтад “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажил албан тушаал”-ыг нэмж өөрчлөлт оруулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгах,

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурлаас 2021 оны жилийн эцсийн ажлын үр дүн гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн түвшингийн үнэлгээ 2019, 2020, 2021 онуудад тогтмол “А” үнэлгээтэй дүгнэгдсэнийг үнэлж Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох журмын код-909.5.1-ийн 9-д зааснаар “Албаны болон штабын даргын нөөцөд бүртгэх”-ээр шийдвэрлэсэн саналыг хэрэгжүүлж Ч.Мөнхчулууныг албаны болон штабын даргын нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0704 дүгээр шийдвэрээр “Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Мөнхчулуунаас Дотоодын цэргийн командлагчид холбогдуулах гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0704 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох.  

3.1. Миний бие Цагдаагийн байгууллагад бэлтгэгдсэн Төрийн жинхэнэ алба хаагч бөгөөд Замын-Үүд сум дэх Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Дадлага, сургалтын төв, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар. Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудад хэлтсийн даргаас дээш ажил албан тушаалд тасралтгүй 20 жил ажиллах хугацаандаа Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2022 онд "Цэргийн гавьяаны улаан туг"-ын одон, 2017, 2018 онд "Цэргийн гавьяаны хошой одон"-оор. ХЗДХСайдын тушаалаар 2012 онд "Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан" цол тэмдэг, "Цагдаагийн алдар хүндэт тэмдэг, ЦЕГ-ийн даргын тушаалаар 2004 онд "Цагдаагийн гавьяат хүндэт тэмдэгээр тус тус шагнагдаж Зэвсэгт хүчиний жанжин штабын даргын тушаалаар хурандаа цол хүртэж, ажил хөдөлмөрөө нэр төртэй гүйцэтгэж сүүлийн гурван жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт тогтмол "А" үнэлгээтэй дүгнэгдэн ирсэнээс гадна миний ажиллаж байх хугацаанд Дотоодын цэргийн 805 дугаар анги 2017 онд "Тэргүүний анги". Дотоодын цэргийн 05 дугаар анги 2021 онд "Тэргүүний анги"-иар шалгарч байсан юм.

3.2. Гэтэл намайг Дотоодын цэргийн 05 дугаар ангид штабын даргаар ажиллаж байх хугацаанд 2022 оны 07 сарын 21-ний өдөр ЦЕГазрын дарга Дотоодын цэргийн командлагчийн Б/53 тоот тушаалаар хувь тэнцүүлэн тэтгэвэрт шахаж гаргасан юм. Би энэхүү шийдвэрийг үл зөвшөөрч ЦЕГ-ийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл, Терийн албаны төв зөвлөл зэрэг байгууллагуудад хандан улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 128/ШШ2023/0704 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүхийн энэхүү шийдвэр нь нэг талын ашиг сонирхолд хэт автагдан ЦЕГ-ын даргын эрх ашигт нийцүүлсэн нь шудрага бус бөгөөд хуулийг ноцтой зөрчиж буруу хэрэглэсэн үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Энэ шийдвэр гарч байх үед би ажлын байран дээрээсээ алба хаагчдаасаа Цар тахал/Ковид-19/ өвчиний халдвар авч ХӨСҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд үүнийг хууль зөрчсен үйл ажиллагаа байна гэж Төрийн албаны зөвлөл дүгнэсэн юм. Хамгийн гол нь би хэдийгээр 52 нас хүрсэн боловч хуульд заасан болзол, шаардлагыг хангаж 25 жил ажиллаагүй байхад гадуурхан хавчиж эрх, мэдлээрээ бярдан надад шудрага бус хандсанд нь гомдолтой байна. Цагдаагийн байгууллагад 20 жил ажиллахдаа даалгасан үүрэг бүхнийг нэр төртэй биелүүлж, хариусан ажил албандаа амжилт гаргаж ирсэнийг надад олгосон гавьяа шагнал гэрчлэх билээ. Би Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдлагад хуулийн болзол шаардлагын дагуу 25 жилээ гүйцээж алба хаах хүсэлтээ удаа дараа тавьж байсан юм. Гэвч сонсгол хийсэн нэрийдлээр хуурамч баримт бүрдүүлэн 1 талын ашиг сонирхолоор захиргааны зүгээс онцгой эрх эдэлж тухайн албан тушаалаас намайг чөлөөлсөн нь хууль дүрэм, хүн чанар, шудрага ёсны шаардлагад нийцэхгүй юм.

3.3. Шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэхдээ удаа дараа тавьсан хүсэлтийг минь хүлээн аваагүй нь ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хот, хөдөөгүй ажиллаж өгсөн үүрэг даалгавар болгоныг нь биелүүлж байсан намайг 805 дугаар ангийн штабын даргаар ажиллаж байхад буюу 2018 онд үндэслэлгүйгээр албан тушаал бууруулан цалин хөлс, сэтгэл санаа, нэр төрөөр минь хохироож байсан нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон билээ. Гэтэл ЦЕГ, Дотоодын цэргийн штабын удирдлагууд шудрага ёсны төлөө явж эрх ашгаа хамгаалуулсанд өширхөж намайг ийнхүү хохироолоо. 805 дугаар ангид ажиллаж байгаад цалин хөлсөөрөө хохирсоныг шүүхэд хандан эрх ашгаа хамгаалуулсаныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх 2023 онд шийдсэн шийдвэрээс харж болно. Өөрөөр хэлбэл 2018 онд 3 шатны шүүхээр Албан тушаалд эргүүлэн томилж, цалингийн зөрүү олго гэж шийдсэн шийдвэр одоог хүртэл хэрэгжээгүй байгаа юм. Үүнээс гадна Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн Хоногийн тушаалаар Хүч нэмэгдүүлсэн хамгаалатанд шуурхай удирдлагын бүлгийг ахлан жилийн 365 хоногт тасралтгүй 24 цаг үүрэг гүйцэтгэж, ямар их дарамт шахалт үзүүлж байсныг харуулахаар шинжээчээр үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ч анхан шатны шүүх хэрэгсээгүй юм. Ингэж тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн түүх Монголын түүхэнд байтугай дэлхийн түүхэнд ч байхгүй гэдгийг та бүхэн тэрхүү тушаалаас харах боломжтой тул 2020-2022 оны Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн хоногын тушаалыг " нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх хүсэлтэй байсан ч миний хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй юм. Мөн 2016 онд ОХУ-д сургууль төгсөн ирэхэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй удаан хугацаагаар ажилд томилохгүй чирэгдүүлсэн, орон сууцны дарааллаас хассан, албан тушаал бууруулсан, үндэслэлгүй сахилгын шийтгэл оногдуулсан, 805 дугаар ангид ажилуулах шүүхийн шийдвэртэй ч шийдвэр биелүүлээгүй, зэрэг хавчлага, хэлмэгдүүлэлтийн олон бэрхшээлийг би давсан билээ Өнөөдөр Цагдаа. Дотоодын цэргийн байгууллагад нас нь 60 хол давсан хүмүүс ч ажил албаа гүйцэтгэж байна. Энэ бүхнийг шалгаж асуудалд бодитой хандаач гэсэн миний хүсэлтийг шүүх огт анхаарч үзээгүй юм. Монгол улсын иргэн, Монгол төрийн жинхэнэ мэргэжсэн албан хаагч, цагдаагийн хурандаа цолтой, 4 дээд сургууль төгссөн мэргэжил, мэргэшил, боловсрол, туршлага, ур чадвараараа зохих шаардлагын түвшинд ажилласан над шиг хүмүүс цагдаагийн байгууллагын удирдлагад тоотой байгааг би мэдэх юм.

3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 128/ШШ2023/0704 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн шүүхэд гаргасан гомдолдоо:

4.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ЗХШХШТ хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан, шүүх Ч.Мөнхчулууны гаргасан нэхэмжлэлийн шаардлагад бодитой дүгнэлт хийгээгүй, энэ хэргийн эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэт тогтоогоогүй байна. Шүүх ЗХШХШТ хуулийн 34-р зүйлийн 34.1, 34 2, 34.3-т заасныг болон мөн хуулийн 106-р зүйлийн 106.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 60-р зүйлийн 60.1.2, Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.4 дэхь хэсэг, ДЦАТХ-ийн 2-р зүйлийн 2.1, ЦАХЭБТ хуулийн 5-р зүйлийн 5.1.5 дахь даалт 6-р зүйлийн 6.3 дахь заалтуутыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий болоогүй юм. Үүнд:

4.3 “...Ч.Мөнхчулуун 2002 оноос эхлэн цагдаагийн байгууллагад ажиллаж, замын цагдаагийн газрын байцаагчаас эхлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэв журмын тасгийн дарга. НЦГ-ийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, ИАТээврийн цагдаагийн хэлтсийн дарга, ЦЕГ-ийн Дадлага, сургалтын төвийн дарга зэрэг ажлуудыг хийж байгаад ОХУ-д цагдаагийн академид 2013-2016 онуудад суралцаж төгсөөд 2017 оноос ДЦ-ийн 805-р анги болон 05-р ангийн захирагчийн 1-р орлогч, штабын даргаар хорин жил тасралтгүй ажилласан юм. Ч.Мөнхчулууны хөдөлмөр бүтээлийг Төр засгаас өндрөөр үнэлэн Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны хошой одон, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Цагдаагийн алдар, Цагдаагийн гавьяа хүндэт тэмдэг, Цагдаагийн байгууллагын 100-н жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90, 100-н жилийн ойн медалиудаар тус тус шагнажээ. Түүнчлэн 2019, 2020, 2021 онуудад гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 3-н жил дарааллан "А" үнэлгээ авч 91-95 хувиар дүгнэгдэн ирсэнээс гадна, түүний ажиллаж байсан ДЦ-ийн 805- р анги 2017 онд "Тэргүүний анги". ДЦ-ийн 05-р анги 2021 онд мөн улсын хэмжээнд тэргүүний ангиар тус тус шалгарч МУ-ын Засгийн газар ХЗДХ яам, ЦЕГ-аас дэвшүүлсэн зорилго зорилтын хэрэгжүүлж, өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь мэрэгжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд тодорхой хувь нэмрээ оруулж ажилласан байна. Түүний хөдөлмөрийг МУ-ын ЗХЖШтабын даргын 2022.03.16-ны Өдрийн 257-р тушаалаар "Хурандаа" цол олгож шагнасны гадна МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 2022.07.09-ны өдөр Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулж ажил албаа нэр төртэй гүйцэтгэж ирсэн, эрхэлсэн ажил албан тушаалыхаа шаардлагыг бүрэн хангаж ажилласан болохыг нь харуулж байгаа юм. ДЦэргийн 05-р ангийн захирагчийн 1-р орлогч штабын даргаар ажиллаж байхдаа 2021-2022 онуудад Дэлхий нийтийн хамарсан Ковид цар тахал хэмээх халдварт өвчин Монгол улсад ч дэгдэж байсан тэр онцгой нөхцөл байдалд улсын онц чухал обьектийн харуул хамгаалалтын ажлыг байнгийн тасралтгүй удирдлагаар хангаж, гэмт хэрэгтэй тэмцэх таслан зогсоох талаар вөрийн мэргэжлийн мэдлэг чадварыг ашиглан ажиллахдаа Ямар ч амралт челеегуй, едер шенегүй ажиллаж байсан тэр үедээ Короно вируст Ковид өвчний халдвар авч, хунд хэлбэрийн оноштойгоор халдвар судлалын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан уедн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЦЕГ-ийн дарга ДЦК-ийн Б/53-р тушаал гарч захиргааны санаачлагаар ажлаас нь чөлөөлж, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргасныг хууль бус болсон гэж үзэж дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар ЗХШүүхэд хандсан явдал нь хууль зөрчөөгүй. Гэтэл ЗХШ түүний нэхэмжлэлийг үндэсгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль болоод шударга ёсонд нийцэхгүй ээ.

4.4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий болоогүй. Хуулийг буруу хэрэглэж буруу тайлбарласан тухайд:

4.5. Шүүхийн шийдвэрийн ундэслэл хэсгийн 1-рт Түүний эрхэлж байсан ДЦ-ийн 05-р ангийн захирагчийн 1-р орлогч штабын даргын албан тушаал нь цэргийн албаны тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-т зааснаар Цэргийн алба, ДЦ-ийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-т зааснаар ДЦ-ийн алба, Төрийн албаны тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.4-т зааснаар Төрийн тусгай албан тушаал гэж тодорхойлсон байгаа нь ойлгомжгүй. Учир Ч.Мөнхчулуун өөрийн эрхэлсэн ажил албан тушаалын талаар маргаагүй. Нэхэмжлэлийн шаардалагад ийм зүйл байхгүй бөгөөд Ч.Мөнхчулууны эрхэлж байсан ДЦ- ийн 05-р ангийн захирагчийн 1-р орлогч Штабын даргын ажил албан тушаал нь Цэргийн алба болон Дотоодын Цэргийн Алба мөн эсэх эсхүл Төрийн Тусгай албан тушаал мөн бишийг тогтоолгох талаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд энэ талаар хариуцагч байгууллага маргаагүй байхад анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлд хамааралгүй ач холбогдолгүй зүйлд дүгнэлт хийж байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй..." гэсэн хуулийн хатуу шаардлагыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Энэ байдлаас харахад шүүгч Д.Халиун нь эрх мэдэлтэн, албан тушаалтанд тал засч түүнд давуу байдал олгож, дан ганц хариуцагчийн талд үйлчилж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.6. Мөн энэ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ч.Мөнхчулууныг 1972 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болох нь тогтоогдсон. Тэрээр 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 52 нас хүрсэн" гэж түүний насыг тогтоогоод офицерийн алба хаах насны дээд хязгаар хэтэрсэн гэж дүгнээд байгаа нь ч ойлгомжгүй байна. Ч.Мөнхчулуун нас тогтоолгох талаар гомдол гаргаагүй бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Ингэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй зүйлүүдээр тухайн нэхэмжлэлийн шаардлагаас гадуурх асуудлаар дүгнэлт хийгээд байгаа нь тухайн хэргийн үнэн зөв эргэлзээгүй талаас нь бүрэн бодитойгоор шийдээгүй болохыг харуулж байна.

4.7. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ЦАТ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 22.1.5 Төрийн албаны тухай хуулийн 46-р зүйлийн 46.2.2,  46.2.3-т заасан хуулийн зохицуулалтуудыг хэрэглэхдээ дээрх хуулийн заалтууд нь ЦЕГ-ийн дарга, ДЦК-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/53-р тушаалын үндэслэл мэтээр дүгнэлт хийсэн нь үндэсгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй. ЦЕГ-ийн дарга ДЦК-ийн Б/53-р тушаалын үндэслэлд дээрх хуулиудын аль ч заалтыг хэрэглээгүй байхад ийм дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй.

4.8. Энэ маргааны зүйл нь ЦЕГ-ийн дарга ДЦК-ийн Б/53-р тушаал юм. Энэ тушаалыг үндэслэх хэсэгт цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 -т заасныг үндэслэл болгон Ч.Мөнхчулуунийг ажлаас нь чөлөөлж цэргийн албаны хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргаж байгаа нь үндэслэлгүй болсон. Учир нь ЦАТ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “... 25-аас доошгүй жил цэргийн алба хаасан эрэгтэй цэргийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж эрхийг нь баталгаажуулсан хуулийн заалт байдаг. Тэгээд ч хуулийн Энэ заалт нь цэргийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг хууль зүйн үндэслэл биш юм.

4.9. ЦЕГ, ДЦК-ийн Б/53-р тушаал нь холбогдох хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн байхад шүүх анхаарч үзээгүй. Тухайлбал уг тушаалд ЦАХ-ийн Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг баримталсан. Энэ заалт нь Цэргийн албан хаагч эрэгтэй 25 жил ажилласан нөхцөлд тэтгэвэр тогтоолгох эрх олгосон зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Мөнхчулууныг ажилласан жилийн болзол хангаагүй байхад нь ажилласан жилийн болзол тогтоосон хуулийн заалтаар ажлаас нь чөлөөлж байгаа явдал нь өөрөө хууль зөрчсөн хууль бус асуудал юм. Үүнийг шүүх анхаараагүй, анхаарахыг хүсээгүй. Түүнчлэн дээрх тушаалд Төрийн албаны тухай 51 дүгээр зүйлийг үндэслэл болгон ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэтэл энэ нь төрийн албан хаагчийг шагнах тухай хуулийн зохицуулалт байдаг. Зөвхөн энэ үүднээс л авч үзхэд Б/53-р тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байдаг ЦЕГ-ийн дарга болон ДЦК ийн тайлбар болон шүүхийн шийдвэрт “...дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн асуудал” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Хуулиас давсан эрх хэмжээтэй, дарга албан тушаалтан гэж байх ёсгүй. Ийнхүү эрх мэдлээрээ далайлган бусдын амьдрал хувь заяаны асуудлыг үзэгний үзүүрээр шийдвэрлээд байх ёстой юм бол хууль, шүүх гэж байхын шаардлагагүй биз ээ. Ингэж хууль зөрчсөн даргын тушаалыг хууль болгон зөвтгөн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь өөрөө хууль бус болсон гэж үзэж байна. Энэ байдалд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна.

4.10. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “Эрүүл мэндийн шалтгаантай эмнэлэгийн чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь ажлын байр хадгалах” заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан “ажил олгогчын санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны болоогүй. Өөрөөр хэлбэл Ч.Мөнхчулуун Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцлуулах ямар ч зөрчил дутагдал гаргаагүй учир түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг захиргааны санаачлагаар цуцлах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “... Донорын үүрэг гүйцэтгэх эсхүл энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад тохиолдолд эруул мэндийн шалтгаанаар эмнэлэгийн магадлагаатай бол ажилтаны ажлын байрыг хэвээр хадгална” гэсэн заалт байдаг. Ингэж шүүх хуулийн нэг заалтыг нөгөө заалтаар сөргүүлэн тавьж үгүйсгэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн хууль бус бүдүүлэг алдаа юм.

4.11. ЦАТ хуулийн 83 дугаар зүйлийн... -д "... Цагдаагийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдана гэж заасан байдаг бол, ТАТ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “төрийн улс төрийн албан хаагчаас бусад албан хаагчийн насны дээд хязгаар 65 нас байна” гэж заасан заалтыг шүүх үгүйсгээгүй.

4.12. ДЦТ-хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т "Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1-т заасан чин үүргийг хэрэгжүүлж байгаа ДЦ-ийн алба хаагчид ЦАТ хуулийн цагдаагийн алба хаагчид олгосон баталгaa нэгэн адил үйлчилнэ гэж заасан байдаг. Тэгвэл ЦАТ хуулийн 11-р зүйлийн 11.1-т " Улсын онц чухал обьектийг хамгаалах чиг үүрэгтэн гэсэн хуулийн зохицуулалтаар дотоодын цэргийн алба хаагчид нь цагдаагийн алба хаагчдын баталгаагаар нэгэн адил хангагдах эрхийг эдлэнэ" гэж энэ хуульд зохицуулан заасан байна. Тэгвэл Ч.Мөнхчулуун энэ хуулиар олгогдсон эрхийг цагдаагийн алба хаагчийн нэгэн адил эдлэх эрхтэй юм. ЦАТ хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т “... Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар цагдаагийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгож тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т “Цагдаагийн ахлах цолтой алба хаагч 55 нас” гэж тогтоосон хуулийн зохицуулалтыг энэ хэрэг дээр хэрэглэх байсныг шүүх эс анхаарч Ч.Мөнхчулууныг 52 настай байхад нь насны дээд хязгаарт хүрсэн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд хууль ёсны болоогүй гэж үзэж байна.

4.13. Иймд Давж заалдах шатны шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг үндэслэн дээрх бүхий л нөхцөл байдлуудыг тал бүрээс нь туйлын анхааралтайгаар хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шйидвэрийг хүчингүй болгож, Ч.Мөнхчулууны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул нэхэмжлэгч Ч.Мөнхчулуун, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч Ч.Мөнхчулуунаас Дотоодын цэргийн командлагчид холбогдуулан “Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд,

2.2. Маргаан бүхий Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар ... Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 19 дүгээр зүйлийн 19.2, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.1, Дотоодын цэргийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 3 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Чадраабалын Мөнхчулууныг алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор ажлаас чөлөөлжээ.

2.3. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад Цэргийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

2.4. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд төрийн албанаас чөлөөлнө”, 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл ...хугацаа сунгуулж ажиллах хүсэлтээ гаргана. ...төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Офицерын албыг ...ахлах офицер 52 нас хүртэл ...хаана”, 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно”, 22 дугаар зүйлийн 22.1.5-д “алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлнө” гэж нарийвчлан зохицуулсан байна.

2.5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Мөнхчулуун нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 52 нас хүрсэн бөгөөд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн тоо бүртгэл хариуцсан офицер ахмад Г.Баттулга 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Ч.Мөнхчулуунд “Цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл цэргийн алба хаах хугацаа сунгуулах хүсэлт”-ээ гаргахыг мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч Ч.Мөнхчулуун 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дотоодын цэргийн штабын даргад “цаашид офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгуулах хүсэлт гаргасныг тус ангийн Хүний нөөцийн хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/104 дүгээр мэдэгдэх хуудсаар “алба хаах хугацааг Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу хянаж үзээд сунгаагүй тул цэргийн тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгджээ.

2.6 Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Ч.Мөнхчулуун цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгах хүсэлтээ тогтоосон хугацаанд гаргаагүй тул эрх бүхий албан тушаалтнаас цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгаагүй, цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн, мөн захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийхэд “миний бие өвдсөн тул утсаар ярих боломжгүй байна” гэж тайлбарласан” гэжээ.  

 2.7. Ч.Мөнхчулуун цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгах хүсэлтээ хугацаандаа гаргаагүй, захиргаанаас түүнийг Цэргийн албаны тухай хуулийн 22.1.5 дахь хэсэгт зааснаар цэргийн тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг удаа дараа мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан, тэрээр хүсэлтээ гаргаагүй тул Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хүний нөөц хариуцсан ахлах офицер Б.Ариунжаргал 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дахин сонсох ажиллагаа явуулж, Ч.Мөнхчулууныг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгаа талаар танилцуулсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

2.8. Түүнчлэн анхан шатны шүүхийн “...цэргийн алба хаах нас хэтэрсэн үндэслэлээр албанаас чөлөөлсөн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарахгүй, ...мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь “эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байх хугацаанд ажлын байр хадгалагдах” заалт мөн адил энэ тохиолдолд хамааралгүй...” гэх дүгнэлт үндэслэлтэй.

2.9. Нэхэмжлэгчээс  Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь” 91.1.3-т “Цагдаагийн ахлах цолтой албан хаагч 55 нас” гэж зааснаар 55 нас хүртэл ажиллах боломжтой гэж маргасан.

2.10. Гэтэл нэхэмжлэгч Ч.Мөнхчулуун нь Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Дотоодын цэргийн албаны тухай хуулийн 4.1.1-д зааснаар цэргийн албан хаагч бөгөөд Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна” гэж зааснаар цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох харилцааг Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар зохицуулах боломжгүй.

3. Цагдаагийн ерөнхий газрын даргаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 01/825 дугаартай албан бичгийн хоёрдугаар хавсралтад “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажил албан тушаал”-ыг нэмж өөрчлөлт оруулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:

3.1. Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Дотоодын цэргийн албан хаагчийн улсын онц чухал объектын харуул хамгаалалтад ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцохоор заасан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 01/825 дугаартай албан бичгийн хавсралтад дурдсан албан тушаалд Ч.Мөнхчулууны хашиж байсан “ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаал” нь хамаараагүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “...ажилласан хугацааг тооцоход улсын онц чухал обьектын харуул хамгаалалтад” гэснийг хасжээ.

3.2. Хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01/118 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуульд орсон өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх, “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг тогтооход ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох” тодруулга, чиглэл хүргүүлснээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас харьяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 01/484 тоотоор зөвлөмж хүргүүлсэн байна.

3.4. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх зарчимтай бөгөөд шийдвэр нь биелэгдэх боломжтой, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн хувьд эрх нь сэргэж болохуйц байх ёстой. Энэ тохиолдолд дээрх хуулийн заалтад өөрчлөлт орсноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж маргаж буй эрх ашиг сэргэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцнэ.

4. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурлаас 2021 оны жилийн эцсийн ажлын үр дүн гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн түвшингийн үнэлгээ 2019, 2020, 2021 онуудад тогтмол “А” үнэлгээтэй дүгнэгдсэнийг үнэлж Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох журмын код-909.5.1-ийн 9-д зааснаар “Албаны болон штабын даргын нөөцөд бүртгэх”-ээр шийдвэрлэсэн саналыг хэрэгжүүлж Ч.Мөнхчулууныг албаны болон штабын даргын нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгуулах” шаардлагын тухайд:

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж тус тус заасан.

4.2. Тодруулбал, нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг хариуцагч сонгох боломжийнхоо хүрээнд шийдвэрлэх эрхтэй бол шүүх тухайн акт гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй.

4.3. Өөрөөр хэлбэл Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн  зөвлөлийн хурлаар Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Ч.Мөнхчулууныг Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн 2.6-ийн “Е” заалтыг хангасан гэж “алба, нэгж хариуцсан даргын албан тушаалын нөөцөд бүртгүүлэх” саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн, уг саналын дагуу нөөцөд бүртгэх эсэх асуудал нь тухайн алба хаагчийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээ, сахилгын шийтгэл хүлээсэн эсэх зэргээс хамаарч эрх бүхий этгээдийн сонгох боломжийн хүрээнд шийдвэрлэх боломжтой бөгөөд анхан шатны шүүхээс “...сонгож шийдвэр гаргах эрхэд халдаж, алба нэгж хариуцсан даргын албан тушаалын нөөцөд бүртгээгүйн хууль зүйн үндэслэлийг дүгнэхгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 704 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН