Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

2019        09         12                                    136

 

 

А-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч З-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00844 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З-д холбогдох,

4.235.422 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч З-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, хариуцагч З-, хариуцагчийн өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Х- гэж хүнээр дамжуулж 2018 оны намар З-тай танилцсан. Х- нь Эрдэнэт хотод Амвэй-ын бүтээгдэхүүнүүдийг анх оруулж ирсэн хүн ба З-, Х- нар хамтрагч байсан. Х- хөдөө орон нутгаар бүтээгдэхүүн танилцуулахаар явдаг байсан учраас З- компанийн төв оффис болох Амгалан Оршихуй төв дээр байдаг. Ингээд би З-ын Хаан болон Хас банкны данс руу 14.638.440 төгрөгийг шилжүүлж Амвей брэндийн гэр ахуйн бараа авахаар тохирсон боловч 10.403.018 төгрөгийн бараа өгөөд үлдэгдэл 4.235.422 төгрөгийн барааг 12 сараас одоог хүртэл өгөхгүй байна. Иймд З-аас миний үлдэгдэл барааны мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х- нь Амвэй-ын бүтээгдэхүүнийг Эрдэнэт хотод анх оруулж ирсэн хүн биш юм. Анх би түүний дор нь орж ажиллаж эхэлсэн. Харин ч би Х-эс авах ёстой бараагаа авч чадахгүй байгаа учраас түүнд холбогдуулан шүүхэд хандаж байгаа. Би түүнд цалин гаргуулахын тулд 21 хүнтэй вип үүсгэж тэдгээр хүмүүсийн нэр дээр захиалгыг хийж байж А-д цалин бодогдсон. Бараа ирэхэд нь А- хүлээж авдаг байсан. Тиймээс түүний нэр дээр захиалга ховор хийсэн байсан гэдэг тайлбар үндэслэлгүй юм. Сая шүүхэд гаргаж өгсөн баримт болон өмнө прокурорт өгсөн бараа захиалгын хуудаснууд нь хоорондоо огт зөрдөггүй бөгөөд уг захиалгын хуудсыг Амвэй-ын албан ёсны сайтаас гаргаж өгсөн. Би А-д итгэж бараагаа өгсөн боловч эргээд намайг ингэж муухай гүтгэж байгаад үнэхээр гомдолтой байна. Дүү нь хүртэл ирж намайг дарамталж ажил хийлгэхгүй байгаа, дүү нь ирж юу гэж ярьж байсан бичлэг ч надад байгаа. 2018 оны 10 сарын 26-ны өдөр 1.948.000 төгрөг шилжүүлж уг мөнгөний бараагаа 11 сард нь авч энэ тооцоо дууссан. Дараа нь 2018 оны 12 сард 5,5 сая төгрөгөөр нийт 10 сая төгрөг шилжүүлсэн, уг мөнгөний бараагаа авсан. Гэхдээ 537.000 төгрөгийн бараа үлдсэн, тээврийн зардал өгөөгүй учраас би одоогоор өгөөгүй байгаа. Дараа нь 2019 оны 01 сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлж мөн л бараагаа 2019 оны 02 сард авч тооцоо дууссан. Ийм байхад надаас 4 сая төгрөг нэхэмжилж байгааг нь огт ойлгохгүй юм. Тиймээс түүний нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00844 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3-т заасныг баримтлан хариуцагч З-аас 2.053.582 /хоёр сая тавин гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.181.840 /хоёр сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.720 /наян хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З-аас улсын тэмдэгтийн хураамж 49.130 /дөчин есөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч З- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний гаргаж өгсөн баримт, А-гийн захиалгын хуудас зөрөөгүй бөгөөд А-гийн хэлж байгаа мөнгөний захиалга нь зөвхөн 2018 оны 12 дугаар сарын тооцоо бөгөөд энэ тооцооноос 537.000 төгрөгийн бараа олгогдоогүй байгаа бөгөөд А-гийн эрүүгийн хэрэг үүсгэгдэхээс татгалзсан материалаас судлуулах нотлох баримтаар 2019 оны 12 дугаар сарын 11, 12 сарын 18-нд нийт 10.000.000 төгрөгийн бараа захиалснаас 537.000 төгрөгийн бараа үлдсэн байгаа. Энэ тооцоо нь А-гийн өөрөө надруу бичиж явуулсан чат, гар бичмэл миний бичсэн тооцоо бүртгэлтэй таарч байгаа. Гэтэл шүүх үүнийг огт анхаарсангүй. Надад шүүх хуралдаанаас өмнө А-гийн судлуулахаар хүссэн материалыг танилцуулаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд ч гэсэн ямар баримт судалсан талаар тодорхой бичээгүй байгаа.Шүүхийн шийдвэр нотлох баримтыг тал бүрээс нь судлаагүй, 1 талыг барьж шийдвэр гаргасан. Миний тайлбарыг огт хүлээн аваагүй нь миний мэтгэлцэх боломжийг хязгаарлалаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А- хариуцагч З-д холбогдуулан барааны төлбөр 4.235.422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “...2018 оны 10 сарын 26-ны өдөр 1.948.000 төгрөг шилжүүлж уг мөнгөний бараагаа 11 сард нь авч энэ тооцоо дууссан. Дараа нь 2018 оны 12 сард 5,5 сая төгрөгөөр нийт 10 сая төгрөг шилжүүлсэн, уг мөнгөний бараагаа авсан. Тиймээс түүний нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна. 

Шүүх хариуцагч З-аас 2.053.582 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.181.840 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх“, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй“ гэж заасан ба хариуцагч З- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй ба нэхэмжлэгч А-д хэдэн удаа, хэчнээн төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн талаарх тооцоо баримт байхгүй байна.

Шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгч болон хариуцагч нарт адил хэмжээгээр хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн дүү н.Баярмагнайгийн данснаас шилжүүлсэн 1701.600 төгрөг, хариуцагчийн эзэмшлийн данс биш өөр дансанд шилжүүлсэн 480.000 төгрөг нийт 2.181.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барааны үлдэгдэл төлбөр 2.053.582 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан “...шүүх хуралдаанаас өмнө А-гийн судлуулахаар хүссэн материалыг танилцуулаагүй. шүүх хуралдааны тэмдэглэлд ч гэсэн ямар баримт судалсан талаар тодорхой бичээгүй, шүүхийн шийдвэр нотлох баримтыг тал бүрээс нь судлаагүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан. Миний тайлбарыг огт хүлээн аваагүй нь миний мэтгэлцэх боломжийг хязгаарлалаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00844 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч З-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.860 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ