Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00301

 

                                                                              Б.Алимаагийн нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00844 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 136 дугаар магадлалтай, 

Б.Алимаагийн нэхэмжлэлтэй,

Б.Золжаргалд холбогдох, 

4,235,422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Золжаргалд 14.638.440 төгрөгийг Хаан болон Хас банкных нь дансруу шилжүүлж Амвей брэндийн гэр ахуйн бараа авахаар тохирсон. Тэр 10.403.018 төгрөгийн бараа өгөөд үлдэгдэл 4.235.422 төгрөгийн барааг өгөхгүй байна. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Золжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Би түүнд цалин гаргуулахын тулд 21 хүнтэй вип үүсгэж тэдгээр хүмүүсийн нэр дээр захиалгыг хийж байж Б.Алимаад цалин бодогдсон. Бараа ирэхэд нь Б.Алимаа хүлээж авдаг байсан. Сая шүүхэд гаргаж өгсөн баримт болон өмнө прокурорт өгсөн бараа захиалгын хуудаснууд нь хоорондоо огт зөрдөггүй бөгөөд уг захиалгын хуудсыг Амвэй-ын албан ёсны сайтаас гаргаж өгсөн. Би Б.Алимаад итгэж бараагаа өгсөн боловч эргээд намайг ингэж муухай гүтгэж байгаад үнэхээр гомдолтой байна. 2018 оны 10 сарын 26-ны өдөр 1.948.000 төгрөг шилжүүлж уг мөнгөний бараагаа 11 сард нь авч энэ тооцоо дууссан. Дараа нь 2018 оны 12 сард 5,5 сая төгрөгөөр нийт 10 сая төгрөг шилжүүлсэн, уг мөнгөний бараагаа авсан. Гэхдээ 537.000 төгрөгийн бараа үлдсэн, тээврийн зардал өгөөгүй учраас би одоогоор өгөөгүй байгаа. Дараа нь 2019 оны 01 сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлж мөн л бараагаа 2019 оны 02 сард авч тооцоо дууссан. Ийм байхад надаас 4 сая төгрөг нэхэмжилж байгааг нь огт ойлгохгүй юм. Тиймээс түүний нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00844 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Золжаргалаас 2.053.582 /хоёр сая тавин гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алимаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.181.840 /хоёр сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.720 /наян хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 49.130 /дөчин есөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Алимаад олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 136 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00844 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Золжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.Золжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.860 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Золжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.Золжаргал миний бие Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 136 дугаар магадлалыг мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгч болон хариуцагч нарт адил хэмжээгээр хүлээлгэхээр зохицуулсан р хуулийн заалтыг зөвхөн хариуцагчид хамааруулж, нэхэмжлэгчийн өөрийн гараар бичиж өгсөн баримтыг үндэслэн Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3 заасныг баримтлан 2053582 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Учир нь дээрх Шүүхийн дүгнэлтээс харахад талууд Амбэй брэндийн бараа бүтээгдэхүүн захиалуулахаар тохиролцсон гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх заалтыг хэрэглэхгүй мөн хуулийн 492.1, 492.3 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлтээр Прокурорын газраас ирүүлсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1. 40.2-т заасан албан ёсны эцэслэн тогтоосон нотлох баримт хэмээн дүгнэсэн нь мөн талуудын хооронд мөнгөн хөрөнгийг шилжүүлээд аль хэсэгт бараа дутсан эсэх үйл баримтыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь, мөн хамтран ажиллах явцад маргаан үүсэх болсон шалтгаан нь барааны тээврийн зардлын асуудал яригддаг бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэж, дүгнэсэн нь тодорхойгүй байгаа нь хэргийг бодит байдалд нийцүүлэн, үнэн зөв эргэлзээгүй, нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх үүргээ шүүх биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Б.Алимаа нь Б.Золжаргалаас 4,235,422 төгрөг шаардахдаа үндэслэлээ ...амвэй брэндийн бараа авахаар 14,638,440 төгрөг шилжүүлж 10,403,018 төгрөгийн бараа авсан, үлдэгдэл барааг өгөөгүй тул мөнгийг нь гаргуулна... гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2,053,582 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...нотлох баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн үнэлээгүй гэсэн агуулга дурджээ.  

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Алимаа нь амвэй брэндийн бүтээгдэхүүн авахаар Б.Золжаргалын дансанд 4 удаа нийтдээ 12,456,840 төгрөг шилжүүлж, 10,403,018 төгрөгийн бараа хүлээн авсан нь тогтоогджээ /хэргийн 10-13, 57 дугаар тал/.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв боловч зохигчийн хооронд үүссэн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж чадаагүй, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж зөвтгөөгүй байна.  

Талуудын хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр үүрэг үүссэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хэн аль нь үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.  

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.  

Б.Золжаргал зарим барааг өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж үнийг буцааж шаардсан байхад шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.  

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангана.  

2.Хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна.  

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай гомдол үндэслэлгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 136 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00844 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1, 492.3... гэснийг ...205 дугаар зүйлийн 205.1., 243 дугаар зүйлийн 243.1.,... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 49,859 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН