Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

2019       09         19                                     140

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б, С нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00942 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б, С нарт холбогдох,

Орон сууцанд амьдарсан хөлс 2.616.667 төгрөг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-05 тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-иас 14.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнгөнцэцэг нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Х” ХХК нь Б, С нартай 2016 оны 08 дугаар сарын 13-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах 32 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр худалдан авагч нар нь компанийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7 хорооллын 8-р байрны 05 тоот хаягт байрлах орон сууцны гэрээгээр тохирсон үнэ 55.000.000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч нарт хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Бд хүлээлгэн өгсөн. Б нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өдийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Компаний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй юм. Иймд Бтэй 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсан. Б нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш өдийг хүртэл компанийн орон сууцанд амьдарсаар байна. Б нь орон сууцны үнэ 55.000.000 төгрөг төлөх байснаас 17.000.000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү 17.000.000 төгрөгийг гэрээний 4.5-д зааж тохиролцсон ёсоор орон сууцанд амьдарсан нийт хугацаагаар тооцон төлсөн суутган авсан. Харин компанийн байранд амьдарсан хугацааны төлбөрийн зөрүү 2.616.667 төгрөг болж байгаа болно. Иймд Б, С нараас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 2.616.667 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 байрны 05 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б, С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б би 2016 оны 08 дугаар сарын 13-нд “Х” ХХК-ийн 8-5 тоотод орох гэрээ хийж урьдчилгаа 31 хувийг тусламж 8 сая төгрөг болон цалингийн зээлээр төлсөн юм. Бид гэрээ хийх үедээ байрны зээлийн 70 хувийг ипотекийн зээлд хамруулж өгнө гэсэн энэ гэрээ одоо хүртэл хийгдээгүй. Миний түрүүчийн зээл төлж дуусаагүй учир дараагийн зээл авах эрх нээгдээгүй. Мөн би өвчилсөн тул 2 удаа 2 сараар ажил хийгээгүй тул цалин багассан. Ийм шалтгаанаар өнөөдрийг хүртэл мөнгө төлөөгүй нь үнэн боловч энэ нь гэрээ цуцлах шалтгаан биш юм. Бид байрыг бусдад дамжуулсан юм уу эсхүл эд ангийг нь сүйтгэсэн тохиолдолд уг асуудал яригдах ёстой. Миний бие ажлаасаа бууж ирээд гэртээ орох гэж яваад бороонд норж гантиг шатан дээрээс халтирч унан шагайгаа гэмтээж ажлын чадвараа алдсан. Энэ тухайгаа компаний ажилтан н.Доржпагмад хэлсэн боловч нөхөн төлбөр гаргаж өгөөгүй хэрүүл хийгээд өнгөрсөн. Иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар ямар ч ажил хийгээгүй. Манай байранд суулт өгч хана хагарсан салхинд ванны өрөөний лампиран тааз хуурч унасан. Эдгээрийг засаж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч засварчин байхгүй гэдэг. Миний бие нь уг байрнаас гарах бол төлсөн 31 хувийн мөнгөө авна. Яагаад гэвэл хэлсэн гэрээгээ анх зөрчсөн нь энэ компани юм. Би хятад эзэнд нь өргөдөл өгсөн. 2019 оны 05 дугаар сараас урьд өр төлөгдөж дараа нь зээлд хамрагдаж болно гэж банкныхан хэлж байна. Тэр үед төлье гэж хэлсэн. Одоо болохоор бид нарыг зөвшөөрөөгүй талаар яриад байна. Компани зөвхөн өөрт ашигтай Монголд хортой гэрээ зохиожээ. Манай эзэн өөрийнхөө хувийн мөнгөөр байр барьж өгсөн гэдэг юм байна лээ. Уг нь манай улсын комисс хүлээж авсан юм гэсэн. Иймд бидний асуудлыг шударгаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б, С нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манайх тус компаний 8-5 тоот хаягтай 40 мкв байранд 2 жил 8 сар амьдарсан. Уг байрыг худалдаж авах гэхээр төлбөрөө төлөх цалин хүрэлцэхгүй учир тус байранд амьдарсан хугацааны үнэ 576.000 төгрөг, засварт 924.000 төгрөгийг төлж үлдэгдэл 14.000.000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Энэ нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь би тус компанид урьдчилгаа 31 хувь буюу 16.500.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш түрээсийн мөнгө 576.000 төгрөг, засварт 924.000 төгрөг суутгуулах юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нар нь “Х” ХХК-иас 14.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Б, С нартай компани нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б, С нарыг орон сууцанд оруулсан бөгөөд тэд компаний өмчлөлийн орон сууцанд 2018 оны 12 дугаар сар хүртэл амьдарсан. Одоогоор орон сууцны үнийг төлж чадахгүйд хүрсэн тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн болно. Гэрээний дагуу орон сууцны үнийг худалдан авагч тал болох Б.Батцэнгэп, С нар нь хавсралт 1-д заасан дагуу төлж сүүлийн төлөлтийг буюу гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хугацаа 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлж дуусгах байсан боловч дээрх үүргээ биелүүлээгүй болно. Харин худалдан авагч тал 17.000.000 төгрөг төлсөн бөгөөд энэ үнийн дүн дээр компаний зүгээс маргах зүйл байхгүй болно. Уг 17.000.000 төгрөгийг компанийн зүгээс буцаан Б, С нарт олгох боломжгүй юм. Учир нь гэрээнд заасны дагуу суутган авсан. Зөрүү буюу орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 2.616.666 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Орон сууц захиалга хөрөнгө оруулалтын гэрээг Б, С нартай харилцан тохиролцож байгуулсан бөгөөд гэрээний хавсралт 1, 2 -ыг хүлээн зөвшөөрсөн. Мөн уг гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэрээ тул гэрээгээр талуудын тохиролцсон тохиролцоог шүүх анхаарч үзэх үндэстэй гэж байна. Ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон 2.616.666 төгрөгийг Б, С нараас гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гаргасан тайлбартаа:

Хариуцагч нараас нэхэмжлэгч компани нь 2.616.667 төгрөг гаргуулж орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцанд 32 сар амьдарсан. Энэхүү орон сууцанд амьдарсан хугацааны асуудал дээр хариуцагч тал маргадаггүй бөгөөд сөрөг нэхэмжлэлдээ мөн энэ талаар тодорхой дурьдсан байна. Б, С нарын орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийн гэрээгээр тохиролцсон ёсоор нэг сарын төлбөрийг 500.000 төгрөгөөр тооцвол 16.000.000 төгрөг болж байгаа юм. Дээрх 16.000.000 төгрөг дээр гэрээгээр тохиролцсон орон сууцыг шинэчлэн засварлах засварын материалын үнэ, ажлын хөлс нийт 6.500.000 төгрөгийг нэмж тооцвол 22.500.000 төгрөг болох ба үүнээс компанид төлсөн 17.000.000 төгрөгийг хасч 5.500.000 төгрөг гарч байна. Энэхүү 5.500.000 төгрөг нь хариуцагч нараас нэхэмжлэх үнийн дүн бөгөөд үүнээс 2.616.666 төгрөгийг нэхэмжилсэн болно. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцыг шинэчлэн засварлах засварын зардлыг 2.751.000 төгрөг байхаар тогтоосон байх ба нийт амьдарсан хугацааны төлбөр 16.000.000 төгрөг дээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2.751.000 төгрөгийг нэмж тооцвол 18.751.000 төгрөг. 18.751.000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 17.000.000 төгрөгийг хасхад 1.751.000 төгрөг гарч байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2.616.666 төгрөгөөс 865.666 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа 1.751.000 төгрөг болгон багасгаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Б, С нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр татгалзаж байна. Хариуцагч нар нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа чөлөөлсөн байна. Ийнхүү хариуцагч нар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч зөвшөөрч биелүүлсэн гэх үндэслээд татгалзаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/0942 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б, С нарт холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 5 тоотод байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б, С нар хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б, С нараас 1.751.200 /нэг сая долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Х” ХХК-аас 965.467 /есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөг гаргуулж хариуцагч Б, С нарт олгож, нэхэмжлэгч “Х” ХХК-аас 13.034.533 /арван гурван сая гучин дөрвөн мянга таван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Б, С нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.020 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б, С нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 27.721 төгрөг гаргуулж хариуцагч Б, С нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийн өмчлөлийн орон сууцанд 2 жил 8 сар буюу 32 сарын хугацаанд амьдарсан. Үүнийг нотлох баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр хуралдааны тэмдэглэл, 942 дугаартай шийдвэрийн 3 дахь хуудасны эхний догол мөрөнд “…Манайх тус компаний 8-5 тоот хаягтай 40 мкв байранд 2 жил 8 сар амьдарсан...” гэх тайлбар, шүүхийн шийдвэрийн 5 дахь талын дээрээсээ 2 дахь догол мөрөнд хариуцагчийн төлөөлөгч Ж.Мөнгөнцэцэгийн “...2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрээ хийж 2 хоногийн дараа анх байранд орж 2019 оны 01 дүгээр сарын 25, 26-ны үеэр байрнаас гарсан...“ гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр шууд өөрийн санаачлалаар 2016 оны 08 дугаар сарын 13- ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 2 жил 2 сар 17 хоногоор тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно, 40 дүгээр зүйлийн 40.1 шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, гэж тус тус заасныг анхан шатны шүүх бүрэн хэрэгжүүлээгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 942 дугаартай шийдвэрт хариуцагч нараас 1.751.200 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Х” ХХК нь Б, С нараас орон сууцанд амьдарсны хөлс 2.616.667 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум цагаан чулуут баг 7-08-05 тоотод байрлах 3 өрөө байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэгч “Х” ХХК-иас 14.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч нар зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр татгалзаж, орон сууцанд амьдарсан хөлс 2.616.667 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 865.666 төгрөгөөр бууруулж 1.751.000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн байна.

Зохигчдын хооронд 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 032 дугаартай /орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 1-р орц 05 тоотын 40м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1м2 талбайг 1.375.000 төгрөгөөр тооцож худалдах үнэ 55.000.000 төгрөг үүний урьдчилгаа төлбөр 16.500.000 төгрөг төлж үлдэгдэл 38.500.000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч Б, С нар нь орон сууцны үнийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал орон сууц ашигласны төлбөрийг 1 сард 500.000 төгрөгөөр тооцож төлүүлэх, урьдчилгаанд өгсөн 17.000.000 төгрөгийг амьдран суусан 2 жил 2 сар 17 хоногийг гэрээгээр тохирсон 500.000 төгрөгөөр тооцон суутгах, зөрүү 1.751.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй орон сууцанд амьдарсан 1 хоногийн түрээсийн мөнгө 4.500 төгрөгөөр бодож 180.000 төгрөг төлж зөрүү 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа боловч орон сууцыг ашигласан тохиолдолд сард 500.000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохиролцсон, үүнийг няцаах нотлох баримтыг гаргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нараас орон сууцанд амьдарсны хөлс 1.751.000 төрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хариуцагч нар амьдарсан хугацааны төлбөрт 16.034.533 төгрөг төлөх ёстойгоос 17.000.000 төгрөг төлсөн тул илүү төлсөн 965.467 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/0942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.721 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                     С.УРАНЧИМЭГ