Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1798

 

МАГАДЛАЛ

2019.10.16                                                    Дугаар 1798                                    

                                                                      Ц.Б-ын нэхэмжлэлтэй                                                                           иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02189 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Л-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Л-тай 1990 онд танилцаад хамтран амьдарч байгаад 1996 онд гэрлэлтээ бүртгүүлсэн ба дагавар хүү (үрчилж авсан) Б.А-ын хамт гэр бүл болж амьдарч байгаад 2007 оноос хойш 3 удаа цус харваж, хөдөлмөрийн чадвараа 79 хувиар байнгын алдсан. 2014 оноос эхлэн эхнэр С.Л-аас салж одоо 4 жил гаруй тусдаа амьдарч байна. Эхнэр С.Л одоо өөр хүнтэй сууж хамтран амьдарч байгаа. Намайг хөдөлмөрийн чадвараа алдсан байхад орхиж, одоо өөр хүнтэй амьдарч байгаад би гомдож явдаг. Бид хоёрын дундаас охин төрсөн боловч тэр охин маань нас барсан. Миний өргөж авсан хүү Б.А нь 1987 онд төрсөн. Одоо насанд хүрсэн тул тусдаа амьдарч байгаа. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63/2 байрны 29 тоот байрыг хотын захиргаа надад сайн ажилласны шагнал болгон өгсөн бөгөөд одоо энэ байрнаас өөр орон байр байхгүй. Өнөөдрийн байдлаар би энэ байрандаа амьдрахгүй гудамжинд шахуу амьдарч байна. Насны эцэст одоо байгаа ганц байрандаа амар жимэр амьдармаар байна. Иймд эхнэр С.Л-аас гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө хувааж авах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Л гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа юм байна. Гэрлэгчдийн дундын хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар хуваарьт хөрөнгө гэж үзэж байна. Учир нь уг байрыг Ц.Б, С.Л, Б.А нар өмчлөлд авахдаа С.Л Н.Б гэдэг хүнээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байдаг учир түүний хуваарьт хөрөнгө гэж үзэн, орон сууцыг С.Л-ийн өмчлөлд үлдээх нь зөв гэж үзэж байна. Мөн хэрэв шүүх гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзсэн тохиолдолд, нэхэмжлэгч Ц.Б нь гэрлэгчдийн дундын хөрөнгө болох 6 280 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг захиран зарцуулсан байдаг бөгөөд, үүнийг нь хариуцагч С.Л аваагүй, ашиглаагүй учир энэ зардалд нь оруулж тооцох боломжтой гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбарт:

Б.А би гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 63-2-29 тоот 2 өрөө орон сууцыг миний ээж С.Л-ийн төрсөн дүү болох С.Т нь бэлэглэсэн бөгөөд, уг эд хөрөнгийг би өөрийн ээжийн хуваарьт хөрөнгө гэж бодож байна. Иймд Ц.Б-аас гаргасан нэхэмжлэлийн дагуу тухайн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шүүхээс үзвэл өөрт ногдох хэсгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн хэдийгээр би өргөмөл хүүхэд боловч аав, ээжийгээ өөрийн төрсөн эцэг, эхээ гэж бодож явдаг бөгөөд, гэрлэлтээ битгий цуцлаасай, битгий салж сарниасай гэж хүсч байна. Энэ асуудлаар аав, ээж хоёртой биечлэн уулзаж, ярилцах хүсэлтэй байна. Учир нь аав одоогоор ОХУ-д байгаа учир холбоо барьж чадахгүй байна. Бид бүхэн дээрх асуудлуудаар эвлэрэн хэлэлцэж болох байх гэж бодож байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын иргэн Шань овогт Цэрмаагийн Бадамбазар, Монгол улсын иргэн Бэрсүд овогт Сундуйпүрэвийн Лида нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ү-2205022284 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 63-2 дугаар байрны 29 тоот дахь 47,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг С.Л, Б.А нарын өмчлөлд үлдээж, гэр бүлийн нэг гишүүнд оногдох хэсэг буюу 23 133 333 төгрөгийг С.Лгаас гаргуулан Ц.Бт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 490 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 343 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг оролцуулаагүй бөгөөд энэ нь хэргийн оролцогч шүүх хуралд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь гуравдагч этгээд Д.Анхбаяр шүүх хуралд оролцсоноор маргаан бүхий орон сууц /Баянгол дүүргийн 2 дугаар хороо. 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 63-2 дугаар байрны 29 тоотод байрлах 47,6 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууц/-ны өмчлөлийн асуудал тодорхой болох байсан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн дундын хөрөнгө мөн эсэх, эсхүл ганц миний үйлчлүүлэгч С.Л-ийн хувиарт хөрөнгө эсэх талаар тодруулах зайлшгүй шаардлага байсан юм. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр С.Л-д түүний төрсөн ах болох С.Т бэлэглэсэн үйл баримт тогтоогддог бөгөөд уг хөрөнгийг бий болгох, олж авахад нэхэмжлэгчийн оролцоо, үүрэг тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцыг С.Төмөрсүхээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ бэлэг хүлээн авагч хэсэгт дан ганц С.Л-г бичсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 -т зааснаар С.Л-ийн хувиарт хөрөнгө гэж үзэж байгаа тул Ц.Б-т ногдох хэсгийг гаргуулах үндэслэлгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий орон сууцнаас Ц.Б-т холбогдох хэсгийг тодорхойлж, түүнд 23 133 333 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч түүний гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс зөвшөөрөлгүй захиран зарцуулсан Тоёото приүс маркын авто машины үнэ болох 6 280 000 төгрөгийн ногдох хэсгийг гаргуулах төлбөрөөс хасаагүй байна. Уг авто машиныг худалдан борлуулж С.Л-д ямар нэг мөнгөн хөрөнгө өгсөн зүйл байхгүй гэдэгт талууд маргадаггүй. С.Л нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулахад С.Б-тай ижил эрхтэй байхад шүүх түүнийг анхаараагүй байна. Мөн Иргэний Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт мөн зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн хөрөнгөд оруулсан хөдөлмөрийн оролцоог харгалзан олгогдох хөрөнгийн хэмжээг багасгах, олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болохоор заасан байна. Маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч С.Б-ын хөдөлмөр, хөрөнгийн оролцоо огт байхгүй байх тэл хөрөнгөөс ногдох хэсгийг багасгаж шийдвэрлэж өгнө үү. Гомдолыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч С.Л-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “С.Л-аас гэрлэлтээ цуцлуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 63-2 дугаар байрны 29 тоот, 47,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хувийг гаргуулах гэж үндэслэсэн боловч хариуцагч нь “гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, дээрх орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө тул нэхэмжлэгчид ногдох хэсгийг гаргуулж өгөх нь үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нар нь тусдаа амьдардаг, гэрлэлт цуцлуулах шаардлагын хүрээнд маргаагүй болно. Харин маргааны зүйл болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 63-2 дугаар байрны 29 тоот 47,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр Ц.Б, С.Л, Б.А нарын 3 хүний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдож байна. /хх10/

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б, С.Л нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ү-2205022284 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 63-2 дугаар байрны 29 тоот 47,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө байх тул гэр бүлийн гишүүнд ногдох хэсэг болох 23 133 333 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-т хариуцагч С.Л-аас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “тоёото приус маркийн ****УБЦ автомашины үнийг хасуулах” гэсэн боловч уг автомашиныг талууд хамтын амьдралтай байх хугацаанд худалдан борлуулсан үйл баримт байх тул нэгэнт хамтын амьдралтай байх хугацаандаа эд хөрөнгөө 6 280 000 төгрөгөөр худалдаж, өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан мөнгөн хөрөнгийг хуваан гаргуулах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/09/02189 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 816 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ