Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2032

 

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/02032

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.П

Хариуцагч: Н.Э

Өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х, өмгөөлөгч Г.Тамир, хариуцагч Н.Э, өмгөөлөгч Ж.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.П нь ээж Н.Х хамт 2008 онд Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Баруун Ард Аюуш 1 дүгээр гудамж 3 а тоот хаягт байршилтай, 18640312377146 нэгж талбарын дугаартай 565 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчилж авсан. Ээж нь нас барсан тул 2014 оны 04 дүгээр сарын 01-нд өмчлөгч өөрчлөгдөж нэг өмчлөгчтэй Г.П болсон. Г.П газар дээрээ 2000-2001 оны хооронд авто гараж барьж, гаражыг Н.Э 2006 оноос эхлэн түрээслэсэн. Түрээслэх хугацаандаа эхний үед өвлийн 3 сардаа 2.000.000 төгрөг өгчихдөг байсан. Зуны улиралд 200.000 орчим төгрөг өгдөг байснаа явцын дундаас 2009 оноос эхлэн түрээсийн мөнгөө өгөхөө больж янз янзын шалтаг хэлэх болсон. Н.Э сахиул маягаар эхнэр хүүхдүүдийн хамт гаражыг ажиллуулж байгаад сүүлдээ гаражыг чөлөөлж өгөхгүйгээс болж одоо цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа. Бөөн юм болж Н.Эээс гаражыг чөлөөлж авч өөр хүмүүст түрээслэсэн. Гэтэл Н.Э гаражыг түрээслэж байхдаа Г.Пийн өмчлөлийн газар дээр жижиг байшин хууль бусаар бариад тэндээ орогноод нүүж өгөхгүй нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа. Хариуцагч хариу тайлбартаа Г.П 1.000.000 төгрөг өгнө эсвэл гэр авч өгнө гэж бичсэн байсан боловч ийм тохиролцоо нэхэмжлэгч байхгүй гэдэг. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хариуцагч Н.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2005 оны 09 дүгээр сараас хойш 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл би гаражын түрээслэгч биш манаачаар ажиллаж байсан. Түрээслэсэн гэдгийг нотлох гэрээ байхгүй. Би анхнаасаа ажилчин нь байсан. Нэхэмжлэгчид хар дэвтэр байдаг. Хар дэвтэртээ өгсөн мөнгөө сар болгон тэмдэглэдэг. Би эхний үед 2.000.000 төгрөгөөс дээш орлого өгдөг байсан. Гэтэл намайг түрээслэгч гээд байна. Г.П орой болгон өөрөө ирээд мөнгөө аваад явдаг. Эхний үед намайг цалинжуулж байгаад сүүлдээ тэдэн машины мөнгийг ав гэдэг болсон. Би мөнгө аваад тог усны мөнгийг төлдөг байсан. Г.П өнгөрсөн жил гаражаа хүнд түрээслэж би тэр дор нь султгаж өгсөн. Би хойд талынх нь газрыг чөлөөлж өгч болно гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Н.Эт холбогдох өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Баруун Ард Аюуш 1 дүгээр гудамж 3 а тоот хаягт байршилтай 000000000000 нэгж талбарын дугаартай 565 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Г.П болох нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагч гэр авч өгөх юм уу, 1.000.000 төгрөг өгвөл газрыг чөлөөлж өгч болно гэж тайлбарлан маргасан боловч Н.Пүрэвсүх маргаан бүхий газрын өмчлөгч, тэрээр хуульд зааснаар өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Н.Э нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 565 мкв газарт байшин барьсан болохоо зөвшөөрсөн, хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан кадастрын зурагт Г.Пийн өмчлөлийн 565 мкв талбайтай газрын зүүн хойд хэсэг 6,75 ба 10.53 гэсэн хэмжээстэй 1, 2 гэсэн дугаартай газарт хариуцагч байшингаа барьсан нь талуудын тайлбар, нэгж талбарын 000000000, ХНТ 0000000000 дугаартай, зургийн 1:250 масштаб бүхий кадастрын зураглалаар нотлогдож байна.

Иймд хариуцагч Н.Эт холбогдох Г.Пийн өмчлөлийн Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Баруун Ард Аюуш 1 дүгээр гудамж 3а тоот хаягт байршилтай 565 мкв газрын Н.Эийн эзэмшиж буй газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс газрын кадастрын зураг гаргуулахаар шүүх хуралдаан хойшлогдсон боловч нэхэмжлэгч өөр кадастрын зураг байхгүй гэснээр хариуцагч энэ хүсэлтээс татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 00000000000000000 тоот хаягт байршилтай 565 мкв газрын хариуцагч Н.Эийн эзэмшиж буй газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Эээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Пт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА